Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Жэд холбогдох эрүүгийн 2125000000159 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт С.Ж

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Жийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.Э өмчлөлийн “Ниссан Нөүт” загварын 06-51 ОРА улсын дугаартай автомашиныг Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 18-9 тоот хашаанд байхад нь завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:  шүүгдэгч С.Жийн мэдүүлсэн “                                            Харамсаж байна. Гэм буруугаа хүлээж байна. 2 сая гаруй төгрөг хохирол төлбөрт өгсөн. Үлдсэн төлбөрийг төлөх болно” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн... “Авчирсан 750 грамм архи бид гурав хувааж уугаад би унтаад өгсөн юм. Харин Жигдэнбэрх, Намхай хоёр суугаад үлдсэн. Намайг унтаж байхад хүн цохиод эхэлсэн, босоод хартал нэг танихгүй 30 гаран насны туранхай залуу байсан. Би хамрынхаа цусыг угаачихаад гадаа гартал хашааны үүдэнд байсан миний “Ниссан Нөүт” загварын 06-51 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Би буцаж орж ирээд үүдэнд өлгөөтэй байсан куртикны халаасанд машины түлхүүрээ үзтэл байхгүй байсан. 7035102 руу залгаж машин алга болсон талаар дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. Цагдаагийн машинаар миний машиныг хайсан боловч олдоогүй. ......Буцаж Намхайгийн гэрт очоод унтсан. Шөнө унтаж байхад Жигдэнбэрх гаднаас орж ирээд надад хандан “машиныг чинь замын хашлага мөргүүлчихлээ” гэж хэлсэн. ...Шинжээчийн 1530 дугаартай дүгнэлтэд миний 06-51 ОРА улсын дугаартай Ниссан Нөүт тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн зардал, янзлуулахад орох хөлс мөнгийг тодорхой гаргаад ирсэн байгаа. Нийтдээ 3.090.000 төгрөг болсон. Одоо би 2.790.000 төгрөгийг Жигдэнбэрхээс нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад нийтдээ 178.000 төгрөг, болон журмын хашаанаас 06-51 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан авахад 100.000 төгрөг зэргийг Жигдэнбэрх төлсөн. Миний нэхэмжилсэн 2.790.000 төгрөгийг Жигдэнбэрх төлж барагдуулах юм бол би шүүх хуралд суух шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 12-р хуудас/,

-Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Ц.Э эзэмшлийн “Ниссан Нөүт” загварын 06-51 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Намхайнямбуугийн хашааны гаднаас Ц.Э зөвшөөрөлгүйгээр Жигдэнбэрх унаж явсан. Тухайн үед Жигдэнбэрх архи уучихсан согтуу байсан. Намайг хүргэж өгөх зорилгоор Ц.Э эзэмшлийн машиныг унаж явсан. Түүнээс өөрөөр хулгайлах санаа бодол байгаагүй байх. Жигдэнбэрх машин бариад Баянцагаан багт байх замаар дээшээ өгсөөд явж байтал цагдаагаас Жигдэнбэрх рүү машин явч явсан байна гэж ярьсан. Тэгээд бид хоёр буцаж эргээд явж байгаад замын хажууд байх төмөр хашлага мөргөсөн. Манай эхнэр намайг ирж аваад БОЭТ-ийн хүлээн авах руу явсан. Харин Жигдэнбэрх ганцаараа үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

-Гэрч Б.Намхайнямбуугийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... Жигдэнбэрх Соронзонболд хоёр гараад явсан. Удалгүй араас нь гартал Ц.Э машин байхгүй байсан. Тэгээд цагдаа нарт дуудлага өгсөн. Цагдаа нартаа хайж байгаад Энхбат буцаж ирээд унтсан. Энхбат ахын машиныг Жигдэнбэрх барьж явж байгаад Баянцагаан багийн нутаг дэвсгэрт замын хашлага мөргөчихсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

-Гэрч Ч.Жавхланхангайгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...”Манай нөхөр Соронзонболд намайг очиход нүүр нь шалбарчихсан цус гарсан байдалтай байж байхаар нь би “юу болсон юм бэ, хэн машин барьж явсан юм бэ?” гэхэд Жигдэнбэрх ах барьж явсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-Гэрч П.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлсэн...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би жижүүрийн мөрдөгчийн ээлжийн ажилтай байсан. Тухайн үед 7035102 дугаарын албаны утас руу нэг дугаараас миний машиныг манай ах согтуу унаад  явчихлаа гэж дуудлага өгсөн.Тухайн үед хөдөлгөөнт эргүүлийн цагдаа очиход миний машиныг зөвшөөрөлгүйгээр хулгай хийгээд унаад явчихлаа гэсэн. Тэгээд машиныг нь ойр орчимд хайж, захын цагдаа болон постод гарч байгаа алба хаагч нарт 05-61 ОРА улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Нөүт загварын тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж ажиллах үүрэг чиглэл өгсөн. Удалгүй Намхайнямбуу болон Энхбат нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

 - “Ашид билгүүн”   ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1530 дугаартай ...Автомашины техникийн үнэлгээний тайлан, Эвдрэл хохирлын үнэлгээ 3,090,000 төгрөг ” гэх дүгнэлт /хх-ийн 26-32-р хуудас/

-Ц.Э эзэмшлийн “Ниссан Нөүт” маркийн 06-51 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 88-р хуудас/

-Шүүгдэгч С.Жийн яллагдагчаар мэдүүлсэн...Соронзонболдын авч ирсэн архийг нь уугаад дуусч байгаад дахиад маргалдаад байж магадгүй гэж бодоод би Энхбатын машины түлхүүр түүний унтаж байсан орны урд хэсэгт уначихсан байхаар нь аваад Соронзонболдыг хүргэж өгөх зорилгоор Энхбатын Ниссан Нөүт” маркийн 06-51 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан... Би машиныг нь унаад Баянцагаан баг руу Соронзонболдыг хүргэж өгөх гээд явж байхад цагдаагаас ярьж байна гээд нэг хүн ярьсан. Тэгэхээр нь буцаад явж байгаад замын хашлага руу орчихсон юм. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Мөн шинэ цас орсон тул замын нөхцөл хальтиргаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/зэрэг нотлох баримтыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч С.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Намхайнямбуугийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хамт архи уусан Ц.Эыг унтаж байхад нь түүний өмчлөлийн “Ниссан Нөүт” загварын 06-51 ОРА улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч яван замын хашлага мөргөж 3,090,000 төгрөгийн эвдрэл гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

         Шүүгдэгч С.Ж нь архи ууж согтуурсан үедээ Ц.Э өмчлөлийн “Ниссан Нөүт” 06-51 ОРА автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч яван замын хашлага мөргүүлсний улмаас хохирогчид 3,090,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.Э ” ... Шөнө унтаж байхад Жигдэнбэрх гаднаас орж ирээд надад хандан “машиныг чинь замын хашлага мөргүүлчихлээ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Соронзонболдын...Ц.Э эзэмшлийн “Ниссан Нөүт” загварын 06-51 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Намхайнямбуугийн хашааны гаднаас Ц.Э зөвшөөрөлгүйгээр Жигдэнбэрх унаж явсан...замын хажууд байх төмөр хашлага мөргөсөн...”гэх мэдүүүлэг,гэрч Б.Намхайнямбуугийн...Жигдэнбэрх Соронзонболд хоёр гараад явсан. Удалгүй араас нь гартал Ц.Э машин байхгүй байсан. Тэгээд цагдаа нарт дуудлага өгсөн...гэх мэдүүлэг, “Ашид билгүүн”   ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1530 дугаартай ... Эвдрэл хохирлын үнэлгээ 3,090,000 төгрөг...”гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох  баримтаар нотлогдож тогтоогдсон, хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Будсын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван замын хашлага мөргүүлэн хохирол учруулсан шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанАвтотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч архидан согтуурсан үедээ бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван замын хашлага мөргөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлт санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хүний машиныг дур мэдэн авч яван эвдэлсэн буруугаа хүлээж байна. Хохирлыг хэсэгчлэн төлсөн үлдэгдлийг удахгүй төлнө. Би ажилтай учраас ажилтай минь байлгах боломжтой ял оногдуулна уу гэсэн санал тус тус гаргасан.

 

Шүүгдэгч С.Жийн үйлдэл Эрүүгийн хууль зөрчсөн болох нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирол төлбөрийн дийлэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй.

  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ц.Э шүүх хуралдаанд суух боломжгүй, өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Шүүгдэгч Ц.Эад учирсан хохирол болох 3,090,000 төгрөгийн хохирлоос нийт 2,360,000 төгрөгийн хохирлыг хэсэгчлэн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн байх тул үлдэгдэл 730,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт С.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Жэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

4. Шүүгдэгч С.Жэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жээс 730,000 төгрөг гаргуулан /Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун Дэнжийн 24-7 тоот Ц.Э/ ОЙ73070310/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

        

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ