Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/165

 

                  

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан

Улсын яллагч Н.Д

Хохирогч Г.Б

Гэрч С.Э

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Жд холбогдох эрүүгийн 2025000000439 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Х овогт С.Ж

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Жыг Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонго бүжгийн клубийн үүдэнд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Б зүүн мөрөн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч С.Жы мэдүүлсэн “Би 2020 оны 07 дугаар сарын эхээр 13 цагийн үед “Солонго” бүжгийн клуб дээр очоод хүн харчихаад гаръяа гэтэл Г.Б хаалга таглачихаад намайг оруулаагүй. Би Г.Бт хандаж та нар манай бүжгийн клубд ордог биз дээ гэж хэлчихээд явсан.Би Болорцэцэгийг сайн танихгүй. Надад зодож, цохьсон асуудал байхгүй.Би хүн зоддог хүн биш.7 сарын 4,5-ны үед очсон. Би гэм буруугүй,Болорцэцэгийг зодоогүй,ямар ч гэм хийхгээгүй гэсэн  ” гэх мэдүүлэг,

- хохирогч Г.Бийн мэдүүлсэн “Тэр өдөр Чимэддулам ажиллаад өгөөч гэж гуйсан тул би клубт очсон.Жорж ирсэн, архи ууж улайсан байсан.Би “согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оруулахгүй гэхэд “чи ямар сонин юм “гээд мөр рүү цохисон,элдвээр хэлсэн.Би цагдаа дуудна гэхэд шат руу хальт гишгээд явсан.Би тэр дороо Ч-д мөрөө харуулахад хавдаж улайсан байсан.тэгээд 2-3 өдөр цайгаар шавшаад хавдар нь буусан тул яваад л байсан.Тэгээд оройдоо янгинаад байхаар нь зургаа авахуулахад шөрмөс нь гэмтсэн байна гэсэн.Хот руу явж үзүүлэхэд шөрмөс урагдсан гэсэн.Ингээд Ж-тай уулзах гэж клуб дээр нь очсон.Эхлээд хөөгөөд байсан сүүлдээ мөнгө өгье хэдэн төгрөг авах вэ гэсэн.Би эмчилгээ 270,000 төгрөг болсон,гэхдээ чи 130,000 төгрөгл өгчих гэхэд “өгнө” гэсэн.Гэтэл 10 сард Ж нь би мөнгө өгч чадахгүй,чи шүүх цагдаагаараа яваарай гэсэн тул би гомдол гаргасан.270,000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

гэрч С.Эийн мэдүүлсэн: Энэ явдал 7 сарын 4,5-ны үед болсон.Наадмын үеэр Болорцэцэг нь манай клубт орж ирж байсан.9 сарын сүүлээр ирж Жтай уулзсан. Болорцэцэг нь Жд “эмнэлгээр явсан, 130,000 төгрөг өгчихвөл асуудалгүй гээд байсан...”гэх мэдүүлэг,

  Хавтаст хэргээс яллах болон цагаатгах талын шинжлэн судалсан:

-Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэнСолонго бүжгийн клубын үүд хэсгийг цэвэрлээд зогсож байхад зүс таних Ж архи уучихсан ирээд би танай клубд орж хүн харах гэсэн юм гэхэд нь би “архи уусан хүн оруулахгүй” гэж хэлснээс хойш бид хоёр хоорондоо маргалдахад Ж баруун гараараа миний зүүн мөр хэсэг рүү 2 удаа цохисон...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жд цохиулсаны дараа гайгүй байх гэж бодоод цагдаад хандаагүй юм. Мөн Ж надад эм тарианы мөнгө өгнө гэж хэлж байсан болохоор итгэж байсан.2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ж-ы ажиллуулдаг бүжгийн клуб дээр очиж Ж-тай уулзаж байх үед хажууд Э эгч, Ё ах нар байсан. Тэр хүмүүс Ж бид хоёрын дунд болсон яриаг сонссон. Би Ж-аас 270 000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг..." гэх мэдүүлэг / хх-ийн 14-15,16-р хуудас/

-Гэрч С.Эийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Ж гаднаас орж ирээд Болорцэцэгтэй маргалдчихлаа тэдний бүжгийн клуб руу орох гэхэд оруулахгүй байхаар нь хэрэлдээд ирлээ гэж хэлсэн. Тэрнээс өөр ямар нэгэн зүйл яриагүй. Энэ үйл явдпаас болж 2-3 сарын дараа Г.Б манай бүжгийн клуб дээр ирээд Жтай уулзаад мөнгө нэхээд байсан, хоорондоо тохиролцох талаар яриад байх шиг байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/

 

-Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Г.Б 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр над руу ярихдаа Жагаа гэх хүнд зодууллаа гэж ярьсан. Тэрнээс өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 67-р хуудас/

 

-Гэрч Б.Чимэддуламын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2020 оны 7 сарын сүүлээр манай клуб ажиллахаар болсон...Тэр өдөр Г.Б над дээр ирээд С.Ж архи уучихсан ирээд би хүн хармаар байна. Миний харах гэж байгаа хүн энд байгаа гэхээр нь би оруулахгүй гэж хэлэхэд миний зүүн талын гар руу цохьсон. Би мөчөөгөө өгөөгүй бас цохьсон гэж хэлээд зүүн талын мөр хэсгээ үзүүлэхэд бага хэсэгт хавдаад, цэнхэр өнгийн туяа үүсчихсэн байсан....” гэх мэдүүлэг / хх-ийн 17-р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 749 дугаартай  “...Л.Б биед зүүн гарын эргүүлэгч булчингийн шөрмөсний бүрэн тасраагүй урагдал үүссэн, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлийг хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/

 

-Шүүгдэгч С.Жы яллагдагчаар мэдүүлсэн “...2020 оны 07 дугаар сарын эхээр Солонго” бүжгийн клуб дээр очоод орох гэтэл Г.Б хаалга таглачихаад намайг оруулаагүй. Би Г.Бт хандаж та нар бүжгийн клубд ордог биз дээ гэж хэлчихээд явсан. Түүнээс зодож, цохьсон  асуудал байхгүй. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан...7 сарын эхээр наадмаас өмнө шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 3-4-р хуудас/

 

-Хохирогч Л.Болорцэцэгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд, амбулторын картын хуулбар /хх-ийн 37-61, 91-97-р хуудас/ зэрэг нотлох баримтууыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Үйл баримт: Шүүгдэгч С.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин баг “Солонго” бүжгийн клубт орохоор очиход үүдний хэсэгт нь ажиллаж байсан Л.Болорцэцэг “согтуу хүн оруулахгүй” гэж оруулаагүйгээс маргалдаж улмаар Л.Б зүүн мөрөн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн гарын эргүүлэгч булчингийн шөрмөсний бүрэн тасраагүй урагдал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч С.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хувийн шинжтэй харилцаанд үл ойлголцсоноос Л.Б биед халдаж эрүүл мэндэд нь гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Л.Б...би архи уусан хүн оруулахгүй гэж хэлснээс хойш бид хоёр хоорондоо маргалдахад Ж баруун гараараа миний зүүн мөр хэсэг рүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Чимэддуламын “...Л:Б над дээр ирээд С.Ж архи уучихсан ирээд би хүн хармаар байна гэхээр нь би оруулахгүй гэж хэлэхэд миний зүүн талын гар руу цохьсон. Би мөчөөгөө өгөөгүй бас цохьсон гэж хэлээд зүүн талын мөр хэсгээ үзүүлэхэд бага хэсэгт хавдаад, цэнхэр өнгийн туяа үүсчихсэн байсан....” гэх мэдүүлэг, гэрч С.Эийн “...Ж гаднаас орж ирээд Болорцэцэгтэй маргалдчихлаа тэдний бүжгийн клуб руу орох гэхэд оруулахгүй байхаар нь хэрэлдээд ирлээ гэж хэлсэн. Энэ үйл явдпаас болж 2-3 сарын дараа Г.Б манай бүжгийн клуб дээр ирээд Жтай уулзаад мөнгө нэхээд байсан, хоорондоо тохиролцох талаар яриад байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэчимэгийн “..Г.Б 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр над руу ярихдаа Жагаа гэх хүнд зодууллаа гэж ярьсан. Тэрнээс өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг,шинжээчийн 749 дугаартай “ ... Л.Б биед зүүн гарын эргүүлэгч булчингийн шөрмөсний бүрэн тасраагүй урагдал үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэсэн дүгнэлт, шүүгдэгч С.Жы ”...Намайг бүжгийн клуб дээр очиход Л.Болорцэцэг хаалга таглаад оруулахгүй болохоор нь та нар бүжгийн клуб ордог биз дээ гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй,хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Шүүгдэгч С.Ж гэм буруугаа хүлээгээгүй, мөн “7 сарын эхээр болсон” гэж мэтгэлцсэн боловч түүний мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

 Шүүгдэгч С.Жы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч С.Ж 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ”Солонго” бүжгийн клубт иргэн Л.Б биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хохирлыг гаргуулах гэсэн санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Үйл явдал хэзээ болсон нь тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлэг ерөнхий шинжтэй байна. Шууд гэрчилсэн гэрч байхгүй, өвчний карт бусад нотлох баримтыг шалгаагүй, ганц хохирогчийн мэдүүлгийг үндэслэж байна. Эмчээс тодруулж мэдүүлэг авах байсан. Шүүгдэгчийн үйлдэл нотлогдоогүй тул хэргийг прокурорт буцаах гэсэн санал тус тус гаргаж мэтгэлцсэн ба шүүгдэгч гэм буруугаа хүлээхгүй байна.

 

Шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Солонго бүжгийн клубт очоод хүн харчихаад гаръяа гэтэл Г.Б хаалга таглачихаад намайг оруулаагүй. Би та нар бүжгийн клуб ордог биз дээ гэж хэлээд явсан” гэж мэдүүлсэн нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт ”Солонго” бүжгийн клубт очиход нь Л.Болорцэцэг түүнийг оруулаагүй үл ойлголцол үүссэн болох үйл баримтыг баталсан бөгөөд энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлгээс зөрүүгүй байна.Мөн дээрхи үйл явдлын дараа хохирогч Г.Б нь С.Жы бүжгийн клуб дээр очиж Жтай уулзаж хохирол учирсан тул төлбөр авах тухай ярилцсан талаархи хохирогчийн мэдүүлгийг  гэрч С.Эийн “... Энэ үйл явдпаас болж 2-3 сарын дараа Г.Б манай бүжгийн клуб дээр ирээд С.Жтай уулзаад мөнгө нэхээд байсан, хоорондоо тохиролцох талаар яриад байх шиг байсан... гэх мэдүүлэг баталсан ба шүүгдэгч уулзсан талаар үгүйсгэж няцаагаагүй.Иймд С.Ж нь Г.Бийгцохиж хөнгөн гэмтэл учруулсан гэх үйл баримт дээрхи байдлаар эргэлзээгзүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...”Үйл явдал хэзээ болсон нь тогтоогдоогүй,гэрчүүдийн мэдүүлэг ерөнхий шинжтэй байна.Өвчний карт бусад нотлох баримтыг шалгаагүй,картанд “суудлын мэдрэл”гэсэн байна гэж мэтгэлцсэн. Шинээчийн дүгнэлтэд эмнэлгийн бичиг баримтад дурьдагдсан эмч нарын үзлэгийн оношуудыг үндэслэсэн ба үүнд, рентген зурганд...ясны хальсны бүтэц алдагдсан/ясанд үеэлсэн хэсэг байна/..гэж, мөрний ЭХО-д “зүүн талд /эргүүлэгч булчин/шөрмөсний үзүүр,ирмэг хэсгээр хэсэгчлэн урагдсан” гэж,мэдрэлийн мэс заслын эмчийн үзлэгт “мөрний эргүүлэгч булчингийн шөрмөсний урагдал” гэж тус тус онош тогтоосон байна.Иймд хохирогчид учирсан хохиролыг гэмтлийн гаралтай бус гэж мэтгэлцсэн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Шүүгдэгч С.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл болон хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ,шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Л.Болорцэцэг нь эрүүл мэнддээ учирсан хохирлын эмчилгээний төлбөр 270,000 төгрөг нэхэмжилснээс баримтаар 245 171 төгрөг нэхэмжилснийг гаргуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографикийн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хохирогчид буцаан олгож, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Жд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жаас 270,000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Болорцэцэгт /Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгай 1-14 тоот, ГН73041604/ олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 1 ширхэг, эмнэлэгийн баримт 3 хуудас зэргийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ