Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/166

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Э.Цнарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар Зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц холбогдох эрүүгийн 2125000000434 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Э.Ц

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Э.Ц 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-25-р байрны гадаа согтуурсан үедээ М.М нүүрэн тус газарт гараараа цохиж “тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:  шүүгдэгч Э.Ц мэдүүлсэн,тэр өдөр тэмцээнд орж хожигдоод найзын хамт бааранд орсон.Тэгээд тэр 2 хүнтэй танилцах гэж очсон. Гэтэл учир зүггүй цохиж нэгтэй нь цохилцож байхад Мөнхтуяа нь дундуур ороод ирэхээр нь нэг удаа цохичихсон. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Дахин ийм зүйлээс хол байна. Холбооноос сахилгын шийтгэл хүлээсэн. Хохирогчид 1,350,000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

-Хохирогч М.М мөрдөн байцаалтад мэдүүлсэн...”Намайг цохисон хүнээ хэн гэдгийг нь мэдэхгүй байсан. Маргааш нь босож чадахгүй бие өвдөөд, тэгээд Улаанбаатар хотод ажилтай байсан учир ирээд цагдаад хандана гэж бодоод явчихаад Эрдэнэтэд ирсэн өдрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Манай найз Мягмарнаран тэр залууг сайн харсан байсан. Тэгээд фейсбүүкээр зодооны хэрэгт орсон гээд мэдээлэл гарсан байсан. Намайг цохисон залуу боксчин юм байна гэж хэлсэн. Тэгээд нэрийг нь мэдсэн юм. Бас тэр үед дээгүүр хувцасаа тайлахад нь цээжиндээ шивээстэй байсныг нь харсан. Фейсбүүк дээр тавигдсан зураг дээрх залуу мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/,

-Гэрч Г.М-гийн мэдүүлсэн...Манай найз Мөнхтуяа дундуур нь ороод салгах гэсэн чинь тэр цохисон залуу чи цаашаа бай гээд түлхэж байснаа өмсөж байсан саарал өнгийн футволкоороо гараа ороож байгаад Мөнхтуяаг 1 удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь манай найз ухаан алдаад газар уначихсан. Удалгүй цагдаа ирээд Мө-гаас гомдол санал байна уу гэхэд нь гомдолтой гэсэн чинь харилцан зодолдсон учраас нэг, нэг хүн авч явна гээд байсан юм. Мөнхтуяагийн найз залуу нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг болохоор маргааш ажилтай одоо яанаа гээд байсан чинь Мөнхтуяа за за гомдолгүй гэж хэлээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

-Гэрч О.М-ны мэдүүлсэн...”Намайг очиход Ц гэгч нь дээгүүрх хувцасаа бүгдийг нь тайлсан. Цээж нүцгэн уруул хэсэг нь жаахан цус болсон байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу байсан. Өөрөө Мөнхтуяаг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд уучлалт гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 787 дугаартай ...М.М биед тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... ” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/

-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн...Тархи доргилт нь 4 долоо хоногийн дотор эдгэрдэг хөнгөн зэргийн гэмтэл байдаг. Эмнэлэгийн бичиг баримтаас үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гавал тархины компьютерт томографикийн шинжилгээгээр тархины бор цагаан бодисын ялгарал буурсан, аалзавч бүрхүүл доорхи зай дух хэсэгт өргөссөн зэрэг өөрчлөлт гарсан байгаа. Эдгээрээс үзэхэд тархи доргилт нь шинээр үүссэн гэмтэл байна. 2020  оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-51-р хуудас/

Хохирогч М.М “Медипас” эмнэлэгт үзүүлсэн тухай үзлэгийн хуудас /хх-ийн 56-р хуудас/

 -Шүүгдэгч Э.Ц яллагдагчаар мэдүүлсэн...Тэгээд л гэнэт хажуу талаас уг өндөр залуу нь баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь уначихаад босож ирээд чи яаж байгаа юм бэ гэхэд найз охин нь гэх уг хоёр охины намхан нь намайг зайлаа чи л зайлчих гээд байсан. Тухайн үед намайг зүгээр байж байхад цохисон болохоор уг өндөр биетэй залуугийн хувцаснаас бариад хүзүүнээс нь заамдаж барихад хажуу талаас нь нөгөө намхан найз охин гэх эмэгтэй дундуур орохоор нь би уг эмэгтэйг түлхээд унагаасан юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/зэрэг нотлох баримтыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Э.Цнь 2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн орчим архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-25-р байрны гадаа гудамжинд тааралдсан үл таних хүмүүсийг өдөж зохисгүй үгээр маргаан үүсгэж эмэгтэй М.М нүүрэн тус газарт гараараа цохиж унаган тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

         Шүүгдэгч Э.Ц үйлдлийн улмаас М.М биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.М мэдүүлэг,гэрч Г.Мягмарнарангийн...Манай найз Мөнхтуяа дундуур нь ороод салгах гэсэн чинь тэр цохисон залуу чи цаашаа бай гээд түлхэж байснаа өмсөж байсан саарал өнгийн футволкоороо гараа ороож байгаад Мөнхтуяаг 1 удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь манай найз ухаан алдаад газар уначихсан...”гэх мэдүүлэг,гэрч О.Мөнхсайханы ....Намайг очиход Ц гэгч нь дээгүүрхи хувцасаа бүгдийг нь тайлсан. Цээж нүцгэн уруул хэсэг нь жаахан цус болсон байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу байсан. Өөрөө Мөнхтуяаг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг, ...М.М биед тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цус хуралт нь шүүх эмнэлэгийн гэмлтийн зэрэг тогтоох жрумын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

          Бусдын биед шалтгаангүйгээр халдаж хохирол учруулсан шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-25-р байрны гадаа согтуурсан үедээ М.М нүүрэн тус газарт гараараа цохиж “тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

      шүүгдэгч шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, ялын тухайд саналгүй” гэж санал дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Э.Ц хохирогч М.Мцохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд хуульд заасан торгох ялаар шийтгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Мшүүх хуралдаанд оролцоогүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд “1,350,000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Ц оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

4. Шүүгдэгч Э.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

        

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ