| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0096/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн 2125000420117 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, А овогт О.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.Быг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 256-1 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эгчийн хүү 10 настай Н.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч О.Бын “манай Баярмагнай дүү надтай гэртээ үлддэг юм.Ганц нэг шоглосон.2-3 удаа зодсон.Ээж аавдаа хэлбэл ална шүү гэсэн нь үнэн гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11-р хуудас/
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 12-14-р хуудас/
-Насанд хүрээгүй хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Манай ээжийн дүү болох Батбаяр ах манай гэрт бид нартай хамт амьдардаг байсан бөгөөд ээж аавыг ажилдаа явсан үед Батбаяр ах бид нартай хамт үлддэг байсан юм ... Хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна ээж ажилтай гараад явчихсан байхад ах намайг гэрийн ажлаа хий гэхээр нь би бага зэрэг удаан хийгээд байсан тэр үед гэрийн ажлаа хурдан хийхгүй бол ална шүү гээд байсан, намайг гэрийн ажлаа удаан хийлээ гээд гараараа цээж хэвлий хэсэг рүү цохисон, тавчиктай хөлөөрөө нуруун дээр дэвсээд, нүүр лүү өшиглөөд, цохиод байсан. Манай ах О.Б нь намайг нийтдээ 3-4 удаа зодсон, зодохдоо гараараа болон хөлөөрөө цохидог байсан. О.Б ах намайг зодоод миний нүдийг хөхрүүлчхээд орой ээжийгээ ирэхээс өмнө наад нүднийхээ хөхөрснийг арилгасан нь дээр шүү гөлөг минь, ээж аавдаа хэлбэл алчихна шүү гэдэг байсан. О.Б ахад зодуулснаа ээждээ хэлэх гэхээр би ахаасаа айгаад байдаг байсан, нэг удаа ээж санаандгүй байж байгаад миний чих хөхөрсөн байсныг харчихсан, тэгээд ахаас асуухад би зодоогүй гэж хэлж байсан, үүнээс хойш 2-3 хоног ах унтаагүй, ахыг унтаагүй болохоор нь ээж намайг дахиад зодож магадгүй гээд унтаагүй гэж хэлж байсан. О.Б ах бид нартай нээх яриад байдаггүй, намайг зодсоноос хойш огт юм яриагүй байгаа юм .... Ах намайг зодоод миний бие, нүүр хөхөрчихсөн байсан нь эдгээд бүгд арилчихсан. Миний биед өвдөж байгаа зүйл байхгүй байна. Би ахдаа гомдоогүй, харин айгаад байна.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д-гийн мэдүүлсэн...”Ер нь биеийн толгой нүүр цээж болон бие гуя суга нь гээд хөхөрч няцраагүй газар байхгүй, бие нь тэр чигтээ хөхөрч няцарсан байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 57 дугаартай “.. Н.Бн биед нүүр, баруун чихний дэлбээ, цээж, хэвлий, нуруу, хоёр гарын бугалга, шуу, бугуй, хоёр хөлийн гуя, шилбэнд маш олон тооны цус хуралт үүсжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн
зэрэгт хамаарагдана ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “магадлуулагч О.Б нь тархины өвчин гэмтэл үйлийн шалтгаант, бие хүний ба зан үйлийн органик эмгэг /F07.8/ сэтгэцийн эмгэгтэй байна. О.Бын энэ өвчин нь гэмтлийн шалтгаант олдмол өвчин. Энэ өвчин нь сэдрэл өгөөгүй үед үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. О.Бын энэ өвчин нь үзлэг хийх үед засрал сайжралын үед байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэх чадварт нөлөөлөхгүй буюу хэрэг хариуцах чадвартай... гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/
-насанд хүрээгүй хохирогч Н.Бн нас тоолсон тухай Намсрайжав овогтой Баярмагнай нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11 нас 5 сар 17 оногтой байсан байна гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 42-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн дахин мэдүүлсэн:...”Миний хүү Н.Б нь манай дүү болох О.Бт зодуулснаас хойш нэг хэсэг О.Баас айгаад байна, мөн биед нь хөхрөлт үүссэн байсан нь 6-7 хоноод арилсан. Бие нь ямар нэгэн зовиургүй болсон. Миний болон манай хүүгийн зүгээс О.Баас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/
Шүүгдэгч О.Бын яллагдагчаар мэдүүлсэн:“... 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би эгчийн гэрт боорцог хийж байсан, тухайн үед манай дүү Н.Б надад туслахгүй, 1 нас гаруйтай дүүгээ ч саатуулчихгүй, зурагтын дуу чангалаад үзээд суугаад байсан юм. Тэгэхээр нь би хажуудаа байсан тоглоомыг Н.Б руу аваад шидсэн, дүү чинь халуун тос руу орчихвол яах вэ, дахиад ингээд байвал хохь чинь шүү гээд түүнийг чимхчихсэн юм. Би боорцог хийж дуусаад орой нь би цуйван хийх гээд махаа хөшиглөөд, гурилаа бэлдэж байсан, тухайн үед бас л Н.Б дүүгээ саатуулахгүй, зурагт үзээд байхаар нь би дээр үеийн төмөр хоолны жижиг тавгаар Н.Бн толгой дээр нь тогшоод цохисон, түүнээс болж толгой нь хавдаад, нүд рүүгээ хавдар нь орчихсон юм байна лээ. Би үүнээс өөрөөр цохиж зодоогүй ээ, хэзээ нь билээ дүүгийн хөл рүү нь өшиглөсөн юм. Тэгээд хөл нь хөхөрчихсөн юм шиг байна лээ. Би дүүгээ нээх айхтар цохиж зодсон асуудал байхгүй. Манай дүү Н.Б нь хүний үгэнд орохгүй, дүүгээ ч харахгүй, надад туслахгүй болохоор нь би уурлаад түүнийг цохичихсон юм ... Би өөрийн гэм буруугаа мэдэж байгаа, би дүүгээ зодож цохисон нь миний буруу ..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас /зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Үйл баримт: Шүүгдэгч О.Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 256-1 тоотод өөрийн төрсөн эгчийндээ амьдарч байхдаа 10 настай Н.Б “дүүгээ саатуулсангүй үгэнд орсонгүй “гэж шалтаглан гараараа цохих,нуруун дээр нь дэвсэх, өшиглөх зэргээр зодож нүүр, баруун чихний дэлбээ, цээж, хэвлий, нуруу, хоёр гарын бугалга, шуу, бугуй, хоёр хөлийн гуя, шилбэнд маш олон тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч О.Бын бага насны хүүхдийн биед халдсан үйлдлийн улмаас 11 настай төрсөн эгчийн хүү болох Н.Бн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11-р хуудас/, шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 57 дугаартай “.. Н.Бн биед нүүр, баруун чихний дэлбээ, цээж, хэвлий, нуруу, хоёр гарын бугалга, шуу, бугуй, хоёр хөлийн гуя, шилбэнд маш олон тооны цус хуралт үүсжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт, насанд хүрээгүй хохирогчийн ....”Хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна ээж ажилтай гараад явчихсан байхад ах намайг гэрийн ажлаа хий гэхээр нь би бага зэрэг удаан хийгээд байсан тэр үед гэрийн ажлаа хурдан хийхгүй бол ална шүү гээд байсан, намайг гэрийн ажлаа удаан хийлээ гээд гараараа цээж хэвлий хэсэг рүү цохисон, тавчиктай хөлөөрөө нуруун дээр дэвсээд, нүүр лүү өшиглөөд, цохиод байсан. Манай ах О.Б нь намайг нийтдээ 3-4 удаа зодсон, зодохдоо гараараа болон хөлөөрөө цохидог байсан. О.Б ах намайг зодоод миний нүдийг хөхрүүлчхээд орой ээжийгээ ирэхээс өмнө наад нүднийхээ хөхөрснийг арилгасан нь дээр шүү гөлөг минь, ээж аавдаа хэлбэл алчихна шүү гэдэг байсан...”гэх мэдүүлэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон,хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.
Шүүгдэгч О.Бын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насных гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.Б нь өөрийн төрсөн эгчийн хүү 10 настай Баярмагнайг удаа дараа зодсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна гэж,
-шүүгдэгч: прокуророос өөр саналгүй гэж санал дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч гэр бүлийн орчинд бага настай хүүхдийн биед санаатай халдаж гэмтэл хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх уда тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Насанд хүрээгүй хохирогч Н.Б, түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдүүлсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогт О-Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаан/ цагаар эдлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр шийдвэрийг хүчингүй болгож ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ