| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/172 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т холбогдох эрүүгийн 2025003630191 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овгийн Д.Т
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Тыг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-аас Ц.Э “архи аваад ир” гэж өгсөн виза картнаас 400.000 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Д.Тын мэдүүлсэн “Улаанбаатар хот явах гээд цүнхтэй зүйлээ таксинд өгчихөөд байж байсан. Эрдэнэбат над дээр ирээд шагийн архи олдох уу гэхээр нь олдох байх гэхэд надад картаа өгсөн. Холбооны урд талын Хаан банкны АТМ дээр очоод хэд хэдэн удаа мөнгө авсан.Учраа хэлэх гэтэл Эрдэнэбат ална гээд хөөхөөр нь зугатаад таксид 120,000 төгрөг өгөөд хот явсан.Хөдөө ажиллаж байгаад хохирлоо төлөх гэхэд хөл хорио тогтоосны улмаас мөнгө өгч чадахгүй байж байгаад Дарханд ирээд хохирогчтай уулзаад мөнгийг нь өгсөн” гэх мэдүүлэг, Хавтаст хэргээс: -Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/ -Хохирогч Ц.Энхбатын эзэмшлийн 5094648581 дугаартай ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 19-р хуудас/ -Хаан банкны АТМ-ын хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 20-23-р хуудас/ -Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 24-25-р хуудас/ -Хохирогч Ц.Энхбатын...Би 2020 оны 06 сарын 26-ны өдөр ногоон өнгийн бэлтгэлийн хувцастай үл таних хүнд ХААН банкны виза картаа өгч явуулан данснаасаа 400.000 төгрөг алдсан. Тухайн залууд картаа өгөхдөө нэг шил архи аваарай, өөр мөнгө нэмж авч болохгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу миний ХААН банкны виза картыг авч яваад данснаас мөнгө уншуулж аваад удалгүй миний картыг шидчихээд зугтаасан ....Би Хаан банкны 5094648581 дугаартай данснаасаа алдсан 400,000 төгрөгийг Д.Таас хүлээн авсан тул ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..." гэх мэдүүлэг. /хх-ийн 29-31р хуудас/ -Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар срын 05-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-58-р хуудас/ -Сум дундын 4-р шүүхийн “Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 59-60-р хуудас/ - Гэрч В.Гүрсэдмаагийн мэдүүлсэн “...Би Эрдэнэбат гэх хүнийг эртнээс таньдаг юм. Манай Завхан аймгийн харьяат хүн бөгөөд гэр нь Зэст багийн нутаг дэвсгэрт байдаг. Ц.Э нь архи согтууруулах ундаа хэрэгпэдэг тухайн өдөр манай дэлгүүрийн 19 цагийн орж ирээд 9500 төгрөгийн худалдан авалт хийсзн. Танихгүй нэг залуутай явж байсан. Дараа нь манай дэлгүүр хааж байхад 21 цагийн үед орж ирээд буцаж гараад дэлгүүр хаасны дараа “чи миний данснаас 100.000 төгрөг авчихлаа” гээд над руу дайраад байсан. Би дансныхаа хуулгыг аваад манай пос машины нэр гарч ирэх нүү хар гээд хэлээд хөөгөөд явуулсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34-р хуудас -Шүүгдэгч Д.Тын яллагдагчаар өгсөн...Би Ц.Э эзэмшлийн Хаан банкны картаас 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-өндөр сумын Зэст багийн Холбооны байрны Хаан банкны АТМ-ээс 100 000 төгрөгөөр 2 удаа, 200 000 төгрөгөөр 1 удаа тус тус зарлагын гүйлгээ хийсэн. АТМ-ын бичлэгийг үзлээ, уү АТМ-ын хяналтын камерын бичлэг дээр миний хажууд зогсож байгаа хүн нь Улаанбаатар хот явах таксины жолооч байгаа юм. Таксины жолооч эрэгтэй бичлэг дээр АТМ-ээс мөнгө авч байгаа нь миний Улаанбаатар явах зардлын мөнгийг авч байгаа юм. Би жолоочийг огт танихгүй, таксины тээврийн хэрэгслийн дугаарыг мэдэхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үйл баримт: Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМаас Ц.Э “архи аваад ир” гэж өгсөн виза картнаас 400,000 төгрөгийг нь зөвшөөрөлгүй авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Д.Т нь, бусдын итгэмжлэн өгсөн ХААН банкны виза картаас 400,000 төгрөгийг өөрийн эзэмшилд авч үрэгдүүлсэн энэ үйлдэл хохирогчид учирсан 400.000 төгрөгийн хохиролтой шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-аас Ц.Э “архи аваад ир” гэж өгсөн виза картнаас 400.000 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэж, -шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа” гэж тус тус санал дүгнэлт гаргажээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ц.Энхбат нь өөрт учирсан хохирлоо хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д овгийн Д.Т-ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаан / цагаар эдлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр шийдвэрийг хүчингүй болгож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ