Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1421

 

М.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00724 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Отгонжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн газрын албанд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 135 476 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Отгонжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Нийслэлийн Газрын албанд 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилд орж, 2009 онд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2012 онд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2012 оны 1096 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 696 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2012 оны 657 дугаар тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгож, магадлалыг өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ "М.Отгонжаргал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн найруулж шийдвэрлэсэн. Хэдийгээр миний бие 2012 оны 11 дүгээр сард ажилдаа эргэн орж ажиллаж байсан боловч 2016 оны 10 дугаар сард мөн бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагдсан. Ажлаас халагдсан талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсч хянагдаж байна. Үндсэн хуулийн 50.2-т "Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" гэж заажээ. Гэтэл Нийслэлийн газрын алба нь уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр барахгүй миний биеийг удаа дараа үндэслэлгүйгээр ажлаас халж, хохироож байна.

Ажилгүй байсан хугацааны цалин 17 135 476 төгрөг нэхэмжилсэн нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цалингаа бодсон. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 15 018 464 төгрөг нэхэмжилж байна. 2012 онд Баянгол дүүргийн газрын албанд ажиллаж байхдаа цалингаа авах талаар удаа дараа хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Миний 2012 онд гаргаж байсан өргөдөл архивт байхгүй байна. 2013 оны өргөдлүүд архиваас гарч ирсэн. Миний цалин гаргуулах талаар гаргаж байсан өргөдлүүд байхгүй.

2009 оноос 2012 онд ажилгүй байсан. Шүүхийн шийдвэрээр энэ хугацаанд ажилгүй байсан гэдгийг тогтоосон. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн газрын албанаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжингийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.Отгонжаргал нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар 2012 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1096 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд М.Отгонжаргал нь давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаар магадлалаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд М.Отгонжаргал хяналтын гомдол гарган, Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны 657 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэсэн юм. Шүүхийн дээрх шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш М.Отгонжаргал нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/167 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Газрын албаны архив, бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй 5 жил болсон байна. Мөн нэхэмжлэлд дурдагдсан 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх нийт 12 сарын цалин буюу 2 530 585 төгрөгийг манай байгууллага хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно.     

Г.Отгонжаргал нь төрийн үйлчилгээний албан тушаалд ТҮ-5-1-д хамааран, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан тул Иргэний хуулийн 75.2-1-д зааснаар "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил" гэж хөөн хэлэлцэх тусгай хугацааг үйлчлэхээр заасан тул 2017 онд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан М.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Нийслэлийн газрын албанд холбогдох "Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 17 135 476 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Отгонжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч М.Отгонжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гурван сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээний талаар, хөдөлмөрийн гэрээний улмаас талуудын дунд зөрчил үүссэн талаар маргаагүй. Харин нэхэмжлэл гаргах хугацааны тухай маргаан үүссэн болно. Иймд нэхэмжлэл гаргах хугацааны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийг бус, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д "Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна" гэж тусгайлан заасан зохицуулалтыг хэрэглэх байжээ.

Энэхүү заалт нь тухайн шаардлага үндэслэлтэй талаар нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр гарсан бол энэ шаардлагын талаарх дагавар аливаа нэхэмжлэлийг арван жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болох агуулгатай бөгөөд энэ тохиолдолд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 657 дугаар тогтоолоор М.Отгонжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд эгүүлэн тогтоосон, улмаар дагалдах шаардлагыг нэхэмжлэх эрхтэй болохыг зааж өгсөн тул "ажилгүй байсан хугацааны нөхөх олговор нэхэмжлэх хугацаа арван жил байхаар байна. Нэхэмжлэгч талаас тухайн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан байтал шүүхээс үүний талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үүнийг үгүйсгэх үндэслэл бүхий тайлбар өгөөгүй тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын    хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч М.Отгонжаргал нь хариуцагч Нийслэлийн газрын албанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 018 464  төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

Нийслэлийн газрын албаны даргын 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай тушаалаар М.Отгонжаргал нь Багануур дүүргийн Газрын албанд нягтлан бодогч, бичиг хэргийн эрхлэгчээр, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 131 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Газрын албаны архив, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажилгүй болсон байна.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1096 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Отгонжаргалын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Отгонжаргалыг өмнө нь гүйцэтгэж байсан нягтлан бодогч, бичиг хэргийн эрхлэгчтэй адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Нийслэлийн газрын албанд даалгаж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлгүй тул түүний ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 657 дугаар тогтоолоор уг магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын "... мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлгүй тул түүний ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг "М.Отгонжаргал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай" гэж өөрчлөн найруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу М.Отгонжаргалыг Нийслэлийн газрын алба Баянгол дүүргийн Газрын албаны архив, бичиг хэргийн эрхлэгчээр 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс томилон ажиллуулсан үйл баримт хэрэгт авагдсан Нийслэлийн газрын албаны даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/167 дугаар тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй./хх-41/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасны дагуу М.Отгонжаргал нь ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй байна. Тэрээр энэ талаарх нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговрын талаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дах хэсэгт дурдсан харьяалалд нийцсэн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэжээ.

 

М.Отгонжаргал Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 657 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш мөн ажил олгогчийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/167 дугаар тушаалын дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилогдсон буюу ажилгүй байсан 2009 оноос 2013 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны 17 135 472 төгрөгийн олговрыг олгох талаар хуульд заасан хугацаа болох 3 сарын дотор шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх  шаардлагыг зөрчөөгүй болно. Шүүх талуудын хоорондын маргааны шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг илүү нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа үйлчлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон, сэргээсэн талаар нотлох баримт авагдаагүй болно.

 

Нэхэмжлэгч М.Отгонжаргалын "Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах, давж заалдах гомдолд дурдснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байгааг зөвтгөн, хууль хэрэглээний хувьд “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг” гэснийг “69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг” гэж өөрчилж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн            2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00724 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...129 дүгээр зүйлийн 129.1 ...” гэснийг “... 69 дүгээр зүйлийн 69.1 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 042 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                             ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ