Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 708

 

                                                                                                                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

         С.Эд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч Н.Намжилцогт, С.Оюунцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 734 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр С.Эд холбогдох эрүүгийн 201601000176 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тайж овгийн Саранхүүгийн С.Э, 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /;

 

С.Э нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод түр оршин сууж байхдаа БНСУ-ын иргэн Ким гэгчийн орхиж явсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 19 грамм, MDMA /экстаз/-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг завших аргаар хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 4-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын 430 дугаар байрны 93 тоотод болон өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ардын эрх” сонины байрны авто зогсоол дээр яллагдагч Э.Бас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын автомашинд давтан үйлдлээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 264 дүгээр тогтоолд “...шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 149 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай хяналтын шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаар тогтоолд /хх-37/ тусгагдсан заалт бүрэн биелэгдээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх С.Эд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн...” гэжээ. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаар магадлалын шүүгдэгч С.Эд холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд буцаасугай...” гэжээ.

Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан Э.Баасанжаргал нарт холбогдох эрүүгийн ... дугаар хэргээс С.Эд холбогдох хэргийг зохих журмын дагуу тусгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэж, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч, мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна.

Яллагдагч С.Э нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд С.Э нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ял эдлэх хугацаа дуусч суллагдсан байх тул түүнд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 734 дугаартай захирамж нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 264 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаар магадлалын шүүгдэгч С.Эд холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд даалгасан байтал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Эд холбогдох хэргийг Э.Баасанжаргал, Г.Ганболор, С.Э, Б.Тамир нарт холбогдох эрүүгийн 201601000176 дугаартай хэргээс тусгаарлах талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр шүүхийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг бүхэлд нь хэлэлцүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Мөн шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт: “эрүүгийн 201601000176 дугаартай хэргийг ...хянан хэлэлцэв”, Тодорхойлох хэсэгт: “Э.Баасанжаргал нарт холбогдох эрүүгийн ... дугаар хэргээс С.Эд холбогдох хэргийг зохих журмын дагуу тусгаарлаж”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг удирдлага болгон “Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Саранхүүгийн С.Эд холбогдох нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус прокурорын газарт буцаасугай” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг, мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дараах зүйлийг тусгана”, 1.4 дэх заалтад “хэргийн дугаар” гэж заасныг, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг тусгана гэснийг тус тус ноцтой зөрчсөн. Учир нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн хэрэг нь захирамжийн удиртгал хэсэгт дурдсанаар Э.Баасанжаргал нарт холбогдох эрүүгийн 201601000176 дугаартай хэрэг байх боловч тодорхойлох хэсэгтээ Э.Баасанжаргал нарт холбогдох хэргийн дугаар тодорхойгүй хэргээс С.Эд холбогдох хэргийг тусгаарлахаар зааж захирамжлах хэсэгтээ С.Эд холбогдох ямар асуудлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байна. Мөн хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг буюу “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зохицуулсан заалтыг барьсан, прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс нэг жилийн хорих ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч ялаа бүрэн эдлээд 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр суллагдсан. Гэтэл Улсын Дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр С.Эгийн асуудлыг хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүл гэсэн. Хүнд нэг удаа ял оногдуулах ёстой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолд заасны дагуу хэргийг буцаасан байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийг буцаасан нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн байна гэж ойлгосон” гэв.

                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

С.Э нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод түр оршин сууж байхдаа БНСУ-ын иргэн Ким гэгчийн орхиж явсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 19 грамм, MDMA /экстаз/-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг завших аргаар хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 4-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын 430 дугаар байрны 93 тоотод болон өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ардын эрх” сонины байрны авто зогсоол дээр яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын автомашинд давтан үйлдлээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Э.Баасанжаргал, С.Э, Г.Ганболор, Б.Тамир нарт холбогдох 201601000176 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор тус тус хянан шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор “...Харин шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 149 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай хяналтын шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаар тогтоолд /хх-37/ тусгагдсан заалт бүрэн биелэгдээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх С.Эд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

Тухайлбал, шүүгдэгч С.Эгийн гэрээс хураагдсан 19 гр мөс, 0.7 гр экстаз гэх мансууруулах бодисыг тэрээр хэрхэн олж авсан үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийхдээ С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “уг мансууруулах бодисуудыг шатны хонгилоос санамсаргүй олж авсан, эсхүл Ким гэх солонгос хүний орхиж явсан цүнхнээс олж авсан...” гэх илтэд зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг “завших” аргаар олж авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлд зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Эд холбогдох мансууруулах бодисыг “завших” аргаар олж авсан үйл баримт тогтоогдсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мансууруулах бодисыг хууль бусаар гэртээ “хадгалсан” үйлдэл, холбогдлыг хамтад нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Эгийн хувьд олон удаагийн хэрэглээг хангах мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг гэртээ хадгалж, уг бодисноос хэрэглэж байсныг нотлох баримт болох Д.Мөнхцэцэг, Б.Сайнзаяа нарын энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн “С.Э-гийн байрыг нүүлгэлцэж өгөөд мөс гэх бодисноос 3-4, 4-5 удаа сорсон” гэх /хх-70, 76/, мөн Д.Мөнхсайханы яллагдагчаар өгсөн “…Дашчойлон хийдийн орчим машин дотор сэрэхэд С.Э гадаа хүнтэй уулзаад зогсож байсан, машины голын хайрцаг дээр байсан соруултай хуванцар сав байхаар нь …соруулаар нь 2 удаа сорсон” /6хх-214/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Эгийн мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар бусдад хэрэглүүлэх зорилгоор шилжүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан…”, эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан…” гэмт хэргийн шинжийг хангасан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч С.Э, Э.Баасанжаргал нарын холбогдсон ижил төстэй үйлдэлд Эрүүгийн хуулийг өөр өөрөөр, буруу тайлбарлан хэрэглэжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах бодисыг борлуулах” гэсэн хууль зүйн ойлголт нь мансууруулах бодисыг дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт болохыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолд албан ёсоор тайлбарласан бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр борлуулсан гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцож, хууль хэрэглэх талаар урьд нь С.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаар тогтоол /хх-37/-д дурдсаныг анхаарах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч С.Эд холбогдох хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй...” гэж тодорхой дүгнэлт хийжээ.

Үүнээс үзэхэд Улсын Дээд шүүхийн 264 дүгээр тогтоолоор шүүгдэгч Э.Баасанжаргал, С.Э, Г.Ганболор, Б.Тамир нарт холбогдох 201601000176 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан болох нь тодорхой ойлгогдож байх ба анхан шатны шүүхийн шүүгчийн 734 дүгээр захирамжаар 201601000176 дугаартай эрүүгийн хэргийг бүхэлд нь прокурорт буцааж байгаа асуудал биш байна. Иймд Прокурорын байгууллага Улсын Дээд шүүхийн 264 дүгээр тогтоолыг үндэслэн шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн дугаар олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэж, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу бичмэл нотлох баримтыг хуулбарлан авах ажиллагааг хийж тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар яллах дүгнэлт үйлдэн шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг баримталсан нь үндэслэлгүй болжээ. Гэвч прокурорын эсэргүүцэлд дурдсан энэхүү үндэслэл нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдаж байна.  

Иймд прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 734 дүгээр захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 734 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

         Д.МЯГМАРЖАВ