Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Д-н Г-д холбогдох эрүүгийн 2117000000073 хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгад продюсер ажилтай,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Г аймгийн С сум 1 дүгээр баг, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Г овогт Д-н Г /РД:........./,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч *******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Эко Сүмбэр хотхоны ойролцоо 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчим иргэн Б.А-ын 68-18 УНУ улсын дугаартай Тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудал дээр суун зорчиж явахдаа Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн эгэм, цээжний зүүн тал зэрэг газар луу гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь зүүн эгэм, цээжний зүүн талаас цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч *******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Эко Сүмбэр хотхоны ойролцоо 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчим хохирогч Б.А-ын 68-18 УНУ улсын дугаартай Тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудал дээр суун зорчиж явахдаа Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн эгэм, цээжний зүүн тал зэрэг газар луу гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь зүүн эгэм, цээжний зүүн талаас цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч *******мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Б.А нь миний охин Ү-тай хэрүүл маргаан үүсгээд хэл амаар доромжлоод байсан учраас би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А-ын 68-18 УНУ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр А-ын хамт Ү дээр “Сүмбэр Алт” зочид буудлын үүдэнд очиж уулзсан. Тэгээд уулзаж байгаад А бид 2 буцаад дэнж чиглэлтэй хөдлөөд явсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэгээд би “Эко Сүмбэр” хотхоны харалдаа зам дээр А-ын машин дотор сууж яваад А-тай юм ярьж байгаад А-ын зүүн эгэм хэсэгт өөрийн зүүн гартаа барьсан байсан цагаан өнгийн Iphone-7 маркийн гар утсаар 2-3 удаа цохисон юм. Тухайн үед би цохиж зодох санаа зорилго байгаагүй юм ярьж явах үедээ л санамсаргүй хүрчихсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

1.3. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би Г гэх хүнтэй хамт “Сүмбэр Алт” зочид буудлын урдаас хөдөлсөн. Тэгээд 4 замын уулзвараар дээшээ дэнж чиглэлтэй явж байх үед “Эко Сүмбэр” хотхоны ойролцоо урд зам дээр нь Г гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн миний хажууд тээврийн хэрэгслийн урд зорчигчийн суудал дээр сууж яваад надтай юм ярьж байгаад миний зүүн эгэмний яс руу өөрийн зүүн гартаа барьсан байсан цагаан өнгийн гар утсаараа 2-3 удаа цохисон. Тэр үед нь цохисон хэсэгт нь их өвдөлт мэдрэгдсэн. Тэгээд бид 2 цагдаа дээр ирчихээд салаад явцгаасан. Тэгээд тэр өдрөөс 2-3 хоногийн дараа тухайн хэсэгт улайгаад хөхрөөд эхэлсэн. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

1.4. Гэрч Г.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд “Сүмбэр Алт” зочид буудалд байх өөрийн ажилдаа ирэх үед үл таних нэг эрэгтэй хүн миний хувцасны ханцуй хэсгээс зулгаагаад чи энд ажиллаж байгаа юм уу гэхээр нь би гайхаж хэн бэ гэхэд чи надаас авсан 3 сая төгрөгөө өг гэж хэлсэн. Тэгээд тэр хүнд хандан би юун 3 сая төгрөг вэ гэхэд би чамайг өмнө жил IT найзаараа яриулаад 3 сая төгрөг Е баримтаас хожуулж өгсөн. Тэрийгээ авъя гээд нэхээд байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Е баримтаас 3 000 000 төгрөг хожсон юм. Тэгээд надаас мөнгө нэхэж байгаад намайг буудалд ажилладаг гээд янхан, биеэ үнэлэгч пиздаа зэргээр олон удаа харааж доромжилсон. Тэгээд А нь өөрийн 68-18 УНУ улсын дугаартай саарал өнгийн Приус-10 маркийн машин руугаа зугтаагаад яваад өгсөн. Тэгээд машинтайгаа буцаж ирээд надад чамайг энэ буудалд ажилласаар байвал би чамайг гадуур биеэ үнэлэгч гэж тараана гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн. Тэр өдрөөс хойш би ажил дээр камераа хараад сууж байх үед шөнийн 3 цагт хаалгаа түгжсэн байхад ирээд хаалга татаж байсан. Мөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим манай аав Г над руу залгаад ажлын чинь үүдэнд байна, нэг хүнтэй уулзах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд би гараад очиход А-ын машин байсан. Би тухайн машины хойно ороод суух үед манай аав Г мөн А гэх хүн байсан. 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай ажил дээр ирж надаас мөнгө нэхэж доромжлоод байсан хүн мөн байсан. Машинд суухад А манай аав Г руу би энэ охиныг чинь танихгүй хүн андуурчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд хандан угаасаа танихгүй гэхэд А охин чинь танихгүй гэж байхад би таньдаг болоод яах юм гэж хэлсэн. Тэр үед манай аав А-ыг манай охиныг яг яах гээд байгаа юм, одоо манай охиноос уучлалт гуй гэхэд А гэх хүн над руу хараад уучлаарай хэхэ гээд инээгээд байсан. Тэгээд А манай аав руу танай охин чинь шөнө залуучуудтай ажлаасаа гарч яваад үүрээр ирдэг, биеэ үнэлж байгаад ирдэг, би дандаа хараад байж байдаг юм гэж хэлсэн. Тэр үед манай аав Г миний охин хэзээ ч тэгэхгүй, тэгж явсан ч чамд хамаагүй, чи яаг яах зорилгоор ингээд байдаг юм гэж хэлсэн. А би танай охинтой үерхдэг байсан. Е баримтаас мөнгө хожуулсан, тэр мөнгөө авна гэж хэлсэн. Тэр үед манай аав чамтай үерхэнэ гэж юу байхав дээ, тэр мөнгийг нь шалгадаг газраас нь шалгуулна гэхэд А аавыг ажил руу нь хүргэж өгье гээд хамт явсан. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орой 19 цагийн үед би өөрийн ээж болох Ундрахын хамт машинтай дэнж төмөр зам орчимд явж байхад А машинтайгаа урд зогсоод оруулахгүй дуут дохио өгөөд 10-15 секунд орчим зогссон. Ээж бид 2 дуут дохио өгсөн чинь А аймар удаан яваад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэхээр дагаж хурдан яваад бид 2-г явуулахгүй байсан. Тэгээд тэр өдөр ерөнхийдөө л дагаад сигналдаад салахгүй яваад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

1.5. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд надтай хамт ажилладаг Ү гэх хүн АТМ ороод ирье гээд гараад явсан. Тэр хооронд нь 2 суга таягтай А гэх хүн манай ажлын газар дотор ороод ирсэн. Орж ирэх үед нь би Аад хандан сайн байна уу, яах гэж байгаа билээ гэхэд А над руу Үүрээ байна уу гэж асуусан. Би Аад та юу нь билээ гэхэд би найз нь байна гэж хэлсэн. Тухайн хүнд би Үүрээ байхгүй байна гэж хэлэхэд тухайн хүн гараад явсан. Тухайн үед А-ын араас гарах үед Ү зөрж орж ирээд тэр хоёр таарсан. А Ү-ын зүүн гарнаас нь татаад авсан. Тэр үед нь би А-ын гарыг түлхээд холдуулсан. Тэр үед А Ү руу 3 000 000 төгрөг өг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи юу болоод хүүхдээс мөнгө нэхээд байгаа юм гэхэд А наадах чинь угаасаа буудлын янхан, чамайг хүмүүст буудлын янхан гичий гэж хэлнэ за юу, би наадхыг чинь өөрийнхөө найзад хэлж байгаад е баримтаас 3 сая төгрөг хожуулсан гээд хэл амаар доромжлоод байсан. Тэр үед би А-ыг чи наанаа байж бай, би чамайг цагдаа дуудаж өгнө гэхэд гараад яваад өгсөн. Тэгээд машиндаа суугаад ажлын газрын үүдээр явахдаа Ү чи угаасаа буудлын янхан гичий гэж хэлнэ гээд машиныхаа цонхоор орилчихоод яваад өгсөн. Тэгээд орой нар шингэж байхад би цагийг нь мэдэхгүй байна А ажлын газрын хаалганы завсраар би аавтай чинь уулзаад хэлчихсэн гэх зүйлсийг хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

1.6. Гэрч Х.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12-13 цагийн орчим надтай хамт ажилладаг Ү гэдэг эмэгтэйг нэг эрэгтэй хүн Үүрээ байна уу гээд манай ажил болох “Сүмбэр Алт” зочид буудлын үүдний өрөөнд орж ирсэн. Тэр үед би өрөөндөө байсан учраас царайг нь хараагүй. Ямартай ч эрэгтэй хүний хоолой байсан. Тэгж асуух үед Ү АТМ явсан байсан. Үүдэнд манай ажлын тогооч болох О байсан. Тэр эрэгтэйд Үүрээ гараад явсан байна, чи хэн билээ гэж асуухад би Үүрээгийн найз нь байна гэж хэлсэн. Тэр үед би гараад очиход 2 суга таягтай эрэгтэй хүн зогсож байсан. Тэр үед Ү гаднаас орж ирж таараад тэр хүний хажуугаар зүгээр гарахад тухайн залуу хувцаснаас нь татаж зулгаагаад Ү-д мөнгөө авъя, хүнээс мөнгө авчихаад өгөөч гэж хэлж байсан. Ү тухайн залууд хандах та юун мөнгө яриад байгаа юм бэ гэхэд тухайн залуу 3 сая төгрөгөө авъя гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу гарч яваад үүдээр машинтайгаа Ү руу би чамайг энд ажлаад байвал биеэ үнэлэгч гэж бодно гэж байсан. Гэхдээ би муу сонссон. Ямартай ч биеэ үнэлэгч гэж хэл амаар доромжилж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

1.7. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн үед А, Г нар нь ирж уулзсан. Намайг жижүүрээс дуудаж тухайн 2 иргэнтэй уулзуулсан. Тухайн үед би тэр иргэдтэй уулзаж асуух үед Г нь манай охиныг айлгаж доромжилсон, Е баримтаас мөнгө хожуулж өгсөн дарамталсан гэх асуудлыг А үгүй, би тэгээгүй гэх асуудлыг ярьж байсан. Тэгээд би тухайн 2 иргэнээс шалгуулах хүсэлтэй байвал одоо өргөдөл бич гэхэд тухайн 2 иргэн өөрсдөө за бид 2 хоорондоо ярилцаад ороод ирье гээд гараад явсан. Ямар нэгэн зодсон цохисон гэх зүйл яриагүй. Охиныг доромжилсон, доромжлоогүй гэх зүйл яриад байсан. Мөн тухайн Е баримтын талаар яриад байсан. Хэрэв цохисон зодсон талаар ярьсан бол би шинжээч эмчид үзүүлэх зэргээр арга хэмжээ авах байсан. Тэгээд 01, 02-ны өдөр болоод 03-ны өдөр нэг дэх өдөр болоход тухайн А гэх хүн би 05 дугаар сарын 31-ний өдөр зодуулсан гэж гомдол гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

1.8. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/,

1.9. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

1.10. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаартай дүгнэлтэд:

- Б.А-ын биед зүүн эгэм, цээжний зүүн талаар цус хуралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 10 дугаар хуудас/,

1.11. Шинжээч Б.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.А-ын биед учирсан зүүн эгэм, цээжний зүүн талаарх цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн цус хуралт нь 2 тусдаа биш нийлсэн хэмжээгээр нь хэмжигдсэн учраас нэг л цус хуралт гэж үзнэ. Гар утас нь мохоо зүйлийн гэмтээгч төрөлт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

1.12. Хохирогч Б.А-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг болно.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Г-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч *******нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэн хохирогч Б.А-тай маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч Г.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний аав Г нь их тайван дөлгөөн, хүмүүстэй хэл амаа амархан ололцдог, хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, уур уцаар багатай, гэрт байх үедээ бухимдаад байдаггүй, хэнтэй ч юу ч ярихаа больчихдог тийм хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

2.2. Гэрч Ц.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний нөхөр Г нь өөрөө хөгжимчин, урлагийн хүн болоод ч тийм юм уу их тайван дөлгөөхөн хүн байгаа юм. Хүн амьтантай хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хэл амаа амархан олдог, их зөөлөн хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

2.4. Шүүгдэгч Д.Г-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт  гаргасан хүсэлт /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *******нь мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын шатанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн боловч түүний холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн 2117000000073 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн iphone-7 маркийн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Д.Г-д олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

         

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Д-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн 2117000000073 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн iphone-7 маркийн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Д.Г-д олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ