| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хантөгс,
улсын яллагч Э.Нямбилэгт,
хохирогч*******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт Х-н Б-д холбогдох эрүүгийн 2117000000064 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Г аймгийн С сум дугаар баг, дүгээр байрны .... тоотод түр оршин суух, Г аймгийн Б сумын баг, ....... дугаар байрны ........ тоотод албан ёсны бүртгэлтэй, /одоо Г аймгийн С сум ............. гэх газар нутаглах/ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И овогт Х-н Б /РД:............,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 14-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хүрийн ногоон гэх газар иргэн*******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг алгадах, үстэх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хүрийн ногоон гэх газар хохирогч*******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг алгадах, үстэх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шат болон өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:
2021 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 14 цагийн үед хөдөө гэртээ ирээд байж байсан. Манай хадам ээж манай хар шүдлэн үхэр байхгүй байна гэж ярьсан. Тэгээд Хүрийн Ногооны баруун талын нууранд нэг хар юм харагдсан. Тэр байж магадгүй гэж ярилцаад нөхөр С-гийн хамт нууран дээр ирсэн чинь манай хар шүдлэн үхэр хамар нь усанд дүрэгдсэн байдалтай үхчихсэн байсан юм. Тэгээд нөхөр бид 2 нуурнаас татаж гаргаад шавар байхгүй байхад яагаад үхчихдэг юм бол гэж бодоод гадны ямар нэг нөлөө байна даа гэж бодсон. Тэгээд буцаж ирээд ээжид хэлээд саахалтын Т-ынхаас асууя энэ айл юу гэж хэлэх нь үү мэдэж байж магадгүй гээд Т-ынд 17 цагийн үед ирсэн. Манай хадам ээж Я, манай нөхөр С бид 3 очсон. Т-ынд ирэхэд гадаа нь 5-7 насны 2 эрэгтэй хүүхэд тоглож байсан. Гэрт нь нөхөр бид 2 түрүүлээд орсон чинь Б эгч байсан. Өөр нэг эрэгтэй хүүхэд хажуу орон дээр нь унтаж байсан. Тэгээд хадам ээж араас орж ирсэн. Тэгээд мэнд ус мэдээд манай нөхөр бяруу сураглаж явна гэсэн чинь гадаа байсан 2 хүүхэд гаднаас орж ирээд хар бяруу, хар бяруу гээд яриад байсан. Тэгэхээр нь би тэр 2 хүүхдийг яасныг харсан байж магадгүй гэж бодоод тэр 2 хүүхдээс та 2 харсан юм уу гэсэн чинь харсан гэсэн яасан юм бэ та 2-ыг очиход амьд байсан юм уу гэсэн чинь амьд байсан урагшаа гарах гээд байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм гэсэн чинь Н ах очоод сүүлнээс нь дараад доош нь суулгасан гэж хэлсэн. Тэгээд алчихсан юм уу гэсэн чинь тийм гэж тэр 2 хүүхэд хэлсэн чинь Б эгч хүүхдээр юу яриулах гээд байгаа юм бэ хүүхэд чинь харснаа хэлнэ шүү дээ гээд уурласан. Тэгэхээр нь би харин тиймээ хүүхэд чинь харснаа хэлнэ шүү дээ гэж хэлсэн чинь өөдөөс Б эгч хүүхэд шалгаалаа гээд уурлаад байхаар нь би хүүхэд чинь өөдөөс харснаа ярьж байна гэж хэлсэн тэр үед гаднаас Б эгчийн бэр Х ороод ирэхээр нь би өчигдрийн болсон явдлаа аав, ээждээ хэлсэн үү тэр явдлаас болоод манай үхрийг алчихсан юм уу гээд тулгаад асуучихсан юм. Тэгсэн чинь бэр нь юу яриад байгаа юм танай мал өчигдрөөс хойш Хүрийн Ногооны хажуугаар байгаад байгаа гэж хэлсэн. Тухайн үед Б нь уурлаад бэрийнхээ өмнүүр ороод энүүгээр зөндөө мал явдаг биз дээ өөрсдөө малаа харахгүй гээд маргалдаж байгаад уурлаад Б намайг чи айлын бэр болж ирчихээд юу ч мэдэхгүй байж гар зайл чи эд нарын өмнөөс юу ярьдаг юм бэ гэхээр би та дуугүй байж бай л даа би бэртэй чинь юм яриадахъя гэсэн чинь битгий олон юм яриад бай гээд босоод ирсэн. Ер нь бол намайг нилээд удаан гар зайл гэж хэлсэн. Тэгээд миний урд тулж ирээд гараараа чичлээд шүлсээ үсчүүлээд над руу орилоод байсан. Тэгээд намайг заамдаад босгож ирэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь буцаад над руу дайраад ирсэн чинь ээж нөхөр 2 салгах гээд зууралдаж байх хооронд Б нь намайг баруун нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний нүд тухайн үед халуун оргиод юм харахгүй бүрэлзэхээр нь би хавдчихлаа гэж бодсон. Тэгээд тэр үед нүд цохиод хавдчихлаа ш дээ гэж би хэлсэн. Тэгээд Б надаас зуураад тавихгүй байсан чинь манай нөхөр ирж салгаад намайг гэрээс гаргасан. Тухайн үед миний цамц урагдсан байсан. Араас хадам ээж гарч ирээд нөхөр араас гарч ирсэн. Тэгээд бид 3 машиндаа суугаад машинаа асаасан чинь Б нь араас гарч ирээд манай машины хаалга нээх гээд машины бариулаас чанга чанга угз татаад машин цохиод байсан. Тэгээд утсаа оролдоод байхаар нь бид хэд машинтайгаа хөдөлсөн чинь Б нь манай машины бариулаас бариад зогс гээд байсан. Тэгээд хөдлөөд нээх хол яваагүй унаад өгсөн. Тэгээд бид нар цонхоор харсан чинь Б унасан байсан босоод ирсэн. Тэгээд бид хэд яваад өгсөн. Гэрт хадам ээжийг хүргэж өгөөд буцаад ирсэн чинь Б эгчийн хүү нь гадаанаа байж байсан. Нөхөр бид хоёрт мөрөөрөө байхад та нар давраад байх юм гээд хараагаад бид 2 дээр ирсэн. Ирээд сайн байна уу гэж мэнд мэдээд намайг занаад байсан. Нөхөр бид 2 цагдаа ирэхээр уулзаад явна гээд хүлээгээд байсан чинь цагдаа ирэхгүй байхаар нь цагдаа руу залгаад Хүрийн Ногооноос дуудлага өгсөн үү гэсэн чинь тиймээ ирээд уулз гэхээр нь цагдаа дээр ирж уулзаж мэдүүлэг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
1.3. Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай ач охин даахиа авхуулсан юм. Би тэр үед оторт явж байгаад ирээд гал тогооных нь ажилд туслах санаатай ирсэн юм. Өдөр аягаа угаагаад сууж байтал манай саахалт айлын М-гийн эхнэр Я бэртэйгээ цуг ороод ирсэн. Би орж ирэхэд нь мэнд усыг нь мэдчихээд, аяганд цай хийгээд тавагтай чихэр зэрэг зүйлүүдийг гаргаж ирээд ширээн дээр тавиад сууж байтал, С манай нэг үхэр алга болчихоод байна гэхээр нь би үхрээ хайж яваан байх гэж бодсон. Тэгэхээр нь би гэртээ байхгүй байж байгаад сая л ирлээ гэхэд Б манай 2 хүүхдээс малдаа явж байгаа юу? хаагуур малаа хариулж байгаа вэ? манай үхэр шаварт орчихсон байсан уу? зэрэг асуултуудыг асууж байсан. Тэгж асуухад нь манай 2 хүү тиймээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад 2 жоохон хүүхэд чинь юугаа мэдэх юм бэ чи хүүхдээс юу асуугаад байгаа юм гэхэд Б манай танайхаас өөр ямар айл байгаа юм гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Би тэгэхээр нь манай гэрээс дуугүй гар гэхэд Б ерөөсөө гарахгүй байгаад байсан. Намайг Б та чимээгүй зүгээр тэнд сууж бай гэхээр нь би гэртээ байж чамаар дуугаа хориулахгүй гэж хэлсэн. Би өөдөөс нь манай гэрээс зайл гэж хэлэхэд та миний нүүр лүү чичиллээ гээд намайг алгадахад нь би эргүүлээд алгадсан. Хамгийн гол нь би энэ хэргийн үнэн зөвийг нь л шийдүүлмээр байна гэв.
1.4. Гэрч Г.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүмбэр сумын 4-р баг, Хүрийн ногоон гэх газар гэртээ байж байсан. 16 цагийн үед манай саахалтын Я эгч хүү бэр хоёртойгоо манай хадам аавынд ирсэн. Тэгээд намайг гэртээ байхад дуудаж байна гэхээр нь аавынд ороод очиход хадам ээж Б, манай хүү 6 настай Э, хүү 8 настай Б, 10 настай Н, Я эгч, хүү, бэр 2-той байсан. Намайг ороод очиход өчигдрийн болсон явдлыг ээждээ хэлсэн үү гэж Я эгчийн бэр хэлэхээр нь би хэлсэн гэж хэлсэн. Өмнөх нь намайг тугалсан үхрээ аваад гэр лүүгээ явж байхад Я эгчийн бэр над дээр ирээд ямар үхэр аваад явж байна, манай үхрээс хулгай хийсэн үгүйг шалгах гэж ирлээ гээд намайг загнаад байсан. Тэр талаар би хадам ээждээ хэлж байсан. Тэр талаар ярьсан байх. Тэгээд тэр асуудлаас болоод манай үхрийг шаварт хийсэн юм уу та нар гээд гэрт байсан хүүхдүүдээс асуугаад байсан. Манай хүү Э агаа бид 2 татаж гаргах гээд дийлээгүй гэж хэлсэн. Тэгээд та нар хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал үзүүллээ гээд маргалдаж байтал Я эгчийн бэр нь намайг алнаа гэж хэлсэн. Тэгсэн хадам ээж Б уурлаад бэрийг нь манайхаас зайл гэсэн чинь гарахгүй хэрэлдээд байгаад байсан. Хадам ээж Б гар зайл гэж зөндөө хэлсэн. Гарахгүй байхаар нь хадам ээж Б босож ирээд бэрийнх нь дэргэд тулж очоод зайл гээд гараараа чичилсэн чинь бэр нь чичилдэг чи хэн бэ гээд алгадсан. Тэгээд тэр 2 зууралдаад хадам ээж Б-г бэр нь үстээд авсан чинь хадам ээж Б намайг утас аваад бичлэг хий гэхээр нь утсыг нь авах гэсэн чинь Я эгч цонхон дээр байсан утсыг булааж аваад бичлэг хийлгээгүй. Би Я эгчээс утсаа авах гээд нэхээд байж байсан чинь бэр нь манай хадам ээжийн хамрыг нь цохичихсон байсан. Би яг цохиж байгааг нь хараагүй. Я эгчийн хүү нь эхнэрээ боль гээд салгаж байсан. Ээжийг харсан чинь хамар нь хөхөрчихсөн намайг энэ цохичихлоо гээд Я эгчийн бэрийг хэлж байсан. Тэгээд Я эгч бэр хүү хоёртойгоо гараад явсан. Манай хадам ээж араас нь гараад би араас нь гараад очсон чинь Я эгч хүү бэр хоёртойгоо машинд суучихсан байсан. Манай хадам ээж машиных нь бариулаас тавихгүй дагаад гүйгээд байсан. Машин эхлээд зөөлөн явж байгаад хурдаа нэмсэн чинь ээж унаад өгсөн. Машин зогсохгүй чигээрээ яваад өгсөн. Машиныг Я эгчийн хүү жолоодож байсан. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Би ээжийг унасан газраас очиж авсан. Удалгүй Я эгчийн хүү эхнэртэйгээ буцаад ирсэн. Я эгч байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
1.5. Гэрч Х.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мал дээрээ байж байсан чинь орой 17 цагийн үед байхаа манай бэр Х над руу утсаар яриад ээж хүнд зодуулчихлаа гэсэн чинь яасан юу болсон гээд асуусан чинь саахалт айлын М-гийн эхнэр Я, хүү бэр 2-тойгоо ирээд бэр нь болох Б ээжийг зодсон гэж хэлсэн. Тэгээд би нээх удаагүй гэртээ ирсэн чинь манай эхнэр Б-гийн хамар нүд нь хавдсан байсан. Манай эхнэр надтай хамт оторт явж байгаад тэр өглөө хүүхдийн үс авах ажилтай гэртээ харьсан байсан юм. Өглөө явахдаа хамар нүд нь зүгээр байсан. Надад хэлэхдээ Я хүү бэр 2-тойгоо ирээд хэрүүл өдөөд жаахан хүүхдүүдээс үхэр шаварт хийсэн гэж загнаад хэрүүл хийгээд манай бэр Хийг ална гэж загнасан гэсэн. Тэгэхээр нь манай эхнэр уурлаад гар зайл гэж хөөсөн чинь гараараа нүүрэн тус газар нь цохисон гэж хэлсэн. Бас гадаа гараад машиндаа суучихаар нь явах нь гэж бодоод машинынх нь хаалганы бариулаас нь бариад авсан чинь хөдлөөд бариулаас нь тавьж болохгүй дагаж гүйж байгаад унаад өгсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
1.6. Гэрч М.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үхэр дутуу байгааг мэдэж байгаад Хүрийн Ногооны нууранд нэг том юм харагдсан. Эхнэр Б-ын хамт нууран дээр ирэхэд манай хар шүдлэн үхэр хамар нь усанд дүрэгдсэн байдалтай хажуу талаараа хэвтээд үхчихсэн байсан. Эхнэр бид 2 нуурнаас татаж гаргаад шавар байхгүй байхад яагаад үхчихдэг юм бол гадны нөлөө байна гэж бодоод гэртээ очиж ээжид хэлсэн. Тэгээд саахалт айл Т-ынхаас асуухаар ээж Я, эхнэр Б бид 3 явсан. Т-ынд очиход гадаа нь 5-7 насны 2 хүүхэд гадаа тоглож байсан. Гэрт нь Б эгч байсан. Өөр нэг эрэгтэй хүүхэд орон дээр унтаж байсан. Би нэг бяруу сураглаж явна гэсэн чинь би хараагүй оторт явж байгаад ирлээ гэсэн. Тэгсэн 2 хүүхэд нь гаднаас орж ирээд хар бяруу гээд яриад байсан. Эхнэр та хоёр хар бяруу харсан юм уу гэсэн чинь тэр нууранд байсан гэсэн. Яасан та 2-г очиход амьд байсан уу гэхэд амьд байсан урагшаа гарах гээд байсан. Н ах очоод сүүлнээс нь дараад доош нь суулгасан гэсэн чинь Б эгч хүүхдүүдээр юу яриулах гээд байгаа юм хүүхэд чинь харснаа хэлнэ шүү дээ гээд уурласан. Б эгч хүүхэд шалгаалаа гээд уурлаад хөөгөөд байсан. Б эгчийн бэр Х ороод ирсэн чинь манай эхнэр өчигдрийн болсон явдлаа аав ээждээ хэлсэн үү тэр явдлаас болоод манай үхрийг алчихсан юм уу гээд асуухад бэр нь юу яриад байгаа юм танай мал өчигдрөөс хойш Хүрийн Ногооны хажуугаар байгаад байгаа гэж хэлсэн. Тэгээд Б эгч уурлаад бэрийнхээ өмнүүр ороод бид нар юу гэж буянт мал алж байхав дээ. Энүүгээр зөндөө мал явдаг биз дээ. Өөрсдөө малаа харахгүй гэж маргалдаж байгаад уурлаад Б эгч манай эхнэрийг айлын бэр болж ирчихээд юу ч мэдэхгүй байж гар, зайл, чи эд нарын өмнөөс юу ярьдаг юм бэ гэсэн чинь манай эхнэр та дуугуй байж байлдаа, би бэртэй чинь юм яриадахъя 2 юм асуучихаад гарлаа гэсэн чинь битгий олон юм яриад бай гээд Б эгч босоод ирсэн. Тэгээд манай эхнэрийн урд тулж зогсоод заамдаад босгоод ирсэн чинь манай эхнэр өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь манай эхнэрийг Б эгч цохичихсон. Тэгэхээр нь ээж бид 2 салгах гээд зууралдаад арай гэж салгаад эхнэрийг гэрээс нь гаргасан. Араас нь ээж гараад, би араас нь гараад машиндаа суугаад машинаа асаасан чинь Б араас гарч ирээд манай машины хаалга нээх гээд машины бариулаас татаад машин цохиод байсан. Тэгээд утсаа оролдоод байхаар бид хэд машинтайгаа хөдөлсөн чинь Б манай машины бариулаас бариад зогс хаалгаа нээ гээд байсан. Тэгээд хөдлөөд нээх хол яваагүй унаад өгсөн. Тэгээд бид нар зогсоод цонхоор харсан чинь Б нь ойчсон байсан. Тэгээд босоод ирсэн. Тэгээд бид хэд яваад өгсөн. Гэрт ээжийг хүргэж өгөөд цагдаа дуудсан байх, учраа олно гээд буцаад ирсэн чинь Б эгчийн хүү нь гадаанаа байж байсан. Эхнэр бид 2-г хараагаад байсан. Эхнэр бид 2 цагдаа ирэхээр нь уулзаад явна гээд хүлээгээд байсан чинь цагдаа ирэхгүй байхаар нь Хүрийн Ногооноос дуудлага өгсөн юм гэсэн чинь тийм ирээд уулз гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
1.7. Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдөр малдаа яваад 17 цагийн үед байх гэртээ буцаад ирсэн чинь манай ээж Б-гийн хамар нь хавдаад хөхөрчихсөн байсан. Яасан гээд ээжээс асуухад саахалт айлын М-гийн эхнэр Я хүү бэр 2-тойгоо орж ирээд бэр нь болох Б нь намайг зодсон гэж хэлсэн. Манай эхнэр бас энэ талаар хэлсэн. Яагаад зодсон юм гэсэн чинь үхэр шаварт унагааж алсан гээд гэрт орж ирээд гэрт байсан хүүхдүүдийг загнаад, ээж уурлаад гар гээд хөөгөөд гарахгүй муудалцаад гарахдаа ээжийг цохисон гэж хэлсэн. Бас цагдаа дуудаж учраа олно гээд ээж явуулахгүй гээд машиных нь хаалганаас барьтал машин хөдлөөд явсан чинь ээж тавьж чадахгүй бариулаас барьж гүйж байгаад ойчсон гээд намайг малаас ирэхэд гэрийн нилээд урдаас манай эхнэртэй хамт алхаад ирж байсан. Намайг гэртээ ирээд байж байхад саахалт айлын С 50-55 ГСО гэсэн машинтайгаа ирсэн. Тэгэхээр нь би С-тэй юм ярих санаатай айл саахалт хүмүүс байж яагаад ингээд байгаа юм бэ гэхэд эхнэр нь намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би юм яриагүй яваад өгсөн. Тэгээд цагдаагаас ээжийг ирж уулз гэж байна гээд ээж цагдаа руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
1.8. Насанд хүрээгүй гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би хэзээг нь мэдэхгүй байна. 2 дүүгийн хамт гадаа тоглож байсан чинь манай гэрээс урд байдаг шавартай нууранд нэг үхэр орчихсон байхаар нь 5 настай Э-ийн хамт очоод татаж гаргах гээд дийлээгүй гэртээ харьсан. Эмээ өвөө 2 хөдөө отроор явсан байсан. О ах малдаа явсан байсан. Хатнаа эгч усанд явсан. Гэрт том хүн байгаагүй юм. Тэгээд тоглож байгаад хэлэхээ мартсан байсан. Маргааш нь гэртээ унтаж байсан чинь М гээд манай өвөөгийнтэй саахалт нутагладаг ахын эхнэр нь хүү бэр 2-тойгоо ирсэн. Эмээ Х эгчтэй муудаад шуугилдаад би сэрсэн чинь эмээ Х эгчийг утсаа аваад бичлэг хий, цагдаа дууд гэсэн чинь М ахын эхнэр нь утсыг булааж аваад өгөөгүй. Тэгээд М ахын бэр нь манай эмээ Б-тай хэрэлдэж байгаад толгой руу цохиод үстээд байсан чинь М ахын эхнэр хүү 2 салгаад аваад гарсан. Эмээ гэртээ үлдээд тэд нарын араас гарсан. Би эмээгийн араас гүйгээд гарсан чинь тэд нар машиндаа суусан байсан чинь манай эмээ гүйж очоод бариулаас нь бариад авсан чинь машин хөдлөөд, эмээ машинаас чирэгдэж байгаад унаад өгсөн. Нөгөө машин тэр чигтээ яваад өгсөн. Х эгч эмээг очоод босгосон. Би араас нь гүйгээд очиход эмээгийн хамар хавдсан байсан. Тэгээд эмээ бид нар гэртээ очоод байж байсан чинь нөгөө хүмүүс дахиад ирсэн. Гэрийн гадаа зогсоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
1.9. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 05 дугаар сарын 14-ний 17 цаг 10 минутад манай ажил дээр ******* гэж эмэгтэй ирж үзүүлсэн байна. Би өөрийнхөө бичсэн эмчилгээний картыг бичгийг харж байж санаж байна. Тус эмэгтэй 16 цагийн үед бусдад зодуулсан гэсэн асуумжтай ирсэн. Биед нь үзлэг хийхэд зүүн нүдний доод зовхи хэсгээр бага хөхрөлттэй, дагз хэсэг нь маш бага хавантай байсан. Өөр ил харагдаж шарх гэмтэл байгаагүй. Тэгээд би урьдчилсан оношоо тархи доргилттой байх магадлалтай гэж үзээд толгойд компьютер оношилгоо хийлгэх шаардлагатай гэж үзээд эмчилгээ хийлгэх зөвлөгөө өгсөн. Бас 14 хоногийн дараа ирж үзүүлээрэй. Тархи доргилт нь компьютер оношилгоогоор нотлогддог юм. Тэгээд Б нь 14 хоногийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирж үзүүлэхэд нүдний хөхрөлт арилсан, толгойн арын дагз хэсэгт бага хаван хэвэндээ байсан. Бид компьютер оношилгоо хийлгэх шаардлагатай гэж хэлээд эмчилгээ бичиж өгсөн. Компьютер оношилгоо хийлгээд надад дүгнэлтээ үзүүлэх ёстой байдаг юм. Гэхдээ надад ирж үзүүлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
1.10. Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б нь нүүр толгой өвдөж байна гэсэн зовиуртай ирж үзүүлсэн. Тэгээд асуумж авахад 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдөр нүүр лүүгээ хүнд цохиулсан гэж хэлсэн. Тэгээд үзлэг хийхэд хамар хянга орчимд хөхрөлттэй, хамрын зүүн тал бага зэрэг хавантай байсан. Би рентген зураг авхуул гээд явуулсан. Удалгүй зургаа авхуулаад буцаад ирсэн. Зургийг нь уншихад хамрын жим нарийсаад хамрын таслав ч ялимгүй баруун тийш мурийсан байсан ба духны хэсгээрээ хуруу дардасны шинж тэмдэг сул илэрнэ гэсэн онош гарсан байсан би энэ тухай картан дээр нь бичиж өгөөд хамраа янзлуулах шаардлагатай гээд явуулсан юм. Тэгээд маргааш нь ирээд надаар хамраа янзлуулсан. Би хамрын мурийсан таславчийг янзалж зүүн талын бага зэрэг суусан ясыг нь өргөж янзалж эмчилгээ бичиж өгсөн. Мөн хамрын гэмтэл заСан тухай картан дээр нь тэмдэглэгээ хийсэн. Би эмчилгээний төлбөр 80 000 төгрөг авсан бичиг хийж өгсөн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
1.11. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ц.Б-гийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын таславчийн мурийлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нурууны цус хуралт нь зүүн шууны цус хуралт нь зүүн сарвууны цус хуралт гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэгт хамааралгүй.*******гийн биед учирсан тархи доргилт хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь хэрэгт болсон гэх хугацаанд 2021 оны 05 дугаар сарын 14-нд үүСэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
1.12. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 166 дугаартай дүгнэлтэд:
- Ц.Б-гийн биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд, зүүн шуунд, зүүн сарвуунд цус хуралт гэмтлүүд учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/,
1.13. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 169 дугаартай дүгнэлтэд:
- *******-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 47 дугаар хуудас/,
1.14. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 169-н дугаартай дүгнэлтэд:
- *******-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.
-2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Мэс заслын эмч Б.Нн үзлэгийн тэмдэглэлд тархи доргилт гэх онош нь үзлэгээр нотлогдоогүй тул дүгнэлтэд тусгах боломжгүй байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 53 дугаар хуудас/,
1.15. Хохирогч*******-гийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 67-71 дүгээр хуудас/,
1.16. Хохирогч*******-гийн гаргасан хохирлын баримт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “...Би хохирогч*******-г цохиж зодоогүй. Б нь өрөө хэрүүл хийсэн. Намайг цохисон. Зууралдаж байгаад салахад хамар нь гурвалжлаад хөхөрсөн байсан. Би энэ хүнийг уурлахаараа ийм болдог юм болов уу гэж бодсон. Хохирогч*******-гийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг би үнэхээр мэдэхгүй байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр цохисон гэж прокурорын яллах дүгнэлтэд бичсэн байгааг би ойлгохгүй байна. Яагаад намайг буруутгаж яллаад байгааг сайн ойлгохгүй байна...” гэж хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч ******* нь хохирогч*******-гийн эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд, зүүн шуунд, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч*******-гийн “...би Б-ын өмнө тулж очоод гараараа гар гээд чичилсэн чинь битгий чичлээд байж гэж хэлээд миний зүүн хацар дээр нэг удаа алгадсан. Би зөрүүлээд Б-ыг баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгтэл Б намайг үстээд авсан. Би хувцаснаас нь зуураад бэрдээ хандаад зургийг нь ав гээд орилсон. Тэгсэн чинь манай бэр болон С, Я нар боль боль гээд салгасан. Я миний утсыг манай цонхон дээрээс аваад зураг авуулаагүй гэсэн. Тэгээд тэд нар гарах гэж байгаад Б надад нэг юм хэлээд миний хамар хэсэг рүү гараараа цохичхоод гараад явсан...” гэх мэдүүлэг,
гэрч Г.Хийн “...хадам ээж Б-г бэр нь үсдээд авсан чинь хадам ээж Б намайг утас аваад бичлэг хий гэхээр нь утсыг нь авах гэсэн чинь Я эгч цонхон дээр байсан утсыг булааж аваад бичлэг хийлгээгүй. Би Я эгчээс утсаа авах гээд нэхээд байж байсан чинь бэр нь манай хадам ээжийг хамрыг нь цохичихсон байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Х.Т-ын “...Тэгэхээр нь манай эхнэр уурлаад гар зайл гэж хөөсөн чинь гараараа нүүрэн тус газар нь цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Т.О-ын “...Яагаад зодсон юм гэсэн чинь үхэр шаварт унагааж алсан гээд гэрт орж ирээд гэрт байсан хүүхдүүд загнаад, ээж уурлаад гар гээд хөөгөөд гарахгүй муудалцаад гарахдаа ээжийг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч М.Н-ын “...М ахын бэр нь манай эмээ Б-тай хэрэлдэж байгаад толгой руу цохиод үсдээд байсан чинь М ахын эхнэр хүү 2 салгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг болон Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч******* нар нь мал аж ахуйгаас болж хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,
2.2. Шүүгдэгч *******-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 76-79 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүдэгч ******* нь гэм буруугийн асуудлаар маргасан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Хохирогч******* нь эмчилгээ болон эм тариа, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн зардал болох 292 450 /хоёр зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч *******оос нэхэмжилснийг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос 292 450 /хоёр зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч*******-д олгох нь зүйтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Х-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос 292 450 /хоёр зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч*******-д олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ