Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

нарийн бичгийн дарга Б.Хантөгс

улсын яллагч Т.Түмэнжаргал,

орчуулагч Т.А,

хохирогч М.Н, түүний өмгөөлөгч Б.Дима,

Хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын Тамгын газар болон хохирогч Д.У, Иргэний нэхэмжлэгч Билэгт Хайрхан Уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А  нарын өмгөөлөгч Ц.Монгол,

Иргэний нэхэмжлэгч Билэгт Хайрхан Уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А

шүүгдэгч Ц, Т, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н-н М нарт холбогдох эрүүгийн 201412000033 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын холбооны улсын иргэн, 19....оны 08 дугаар сарын 05-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Донеск мужийн Терез хотод төрсөн, эрэгтэй, 66 настай, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, “......... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт У хот, Х дүүргийн  дүгээр хороо, Н хотхон  түр оршин суух, Оросын холбооны улсын Эрхүү муж, Ангарск хот ............. дугаар хороо ................тоотод албан ёсны бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ц /РД: .........................../,

Оросын холбооны улсын иргэн, 19 оны 11 дүгээр сарын 05-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Челябинск мужийн Тройцка хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, машин механизмын техникч мэргэжилтэй, “А дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сумын дугаар баг, .......... дугаар байрны ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т  /РД: ...................../,

Монгол Улсын иргэн, 19 оны 05 дугаар сарын 19-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, М-н ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй гэх А овгийн Н-н М /РД:.............../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Яллагдагч Ц нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар магадлагаа хийлгэж зохих зөвшөөрөл авсан байна”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулна”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын “Хөтөл-Ус 2” гэх газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулж байсан карьерийн талбайд бүрэн бус техник, тоног төхөөрөмжийг /жижиг оврын пад тракторыг/ зориулалтын бусаар ашиглаж мэргэжлийн бус жолоодох эрхгүй хүн Б.Г жолоодож, осол гаргасны улмаас хохирогч О.Э-ын амь насыг хохироосон,

- Улмаар “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх” гэснийг зөрчиж байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг бүрэн хийгээгүйн улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Адил-Оч” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин Н.М нь тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулж, бригадын даргаар ажиллаж байсан М.Н-ын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан,

- 2012 оноос 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Хөтөл-Ус” гэх газар МҮ-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа “Билэгт Хайрхан Уул” ХХК-ийн ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай руу нэвтэрч хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 105 913 328 төгрөгийн хохирол учруулсан,

2. Яллагдагч Оросын Холбооны Улсын иргэн Т нь “Адил-Оч” ХХК-ийн жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт хэсгийн орлогч даргаар /бригадын даргаар/ ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын онцлогт нь тохируулж өгөөгүй, зөвхөн гарын үсэг зуруулсны улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах, үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин ажилтай Н.М нь тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулж улмаар бригадын даргаар ажиллаж байсан М.Нын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан,

3. Яллагдагч Н.М нь “Адил-Оч” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт жонш бутлагчаар ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчиж жонш бутлах тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулсны улмаас бригадын даргаар ажиллаж байсан хохирогч М.Н-ын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан түүний эрүүл мэндэд зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хяналтын прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх анхан шатны шүүхэд гаргасан урьдчилсан хуралдаан хуралдуулах тухай манай өмгөөлөгч Г.Баяржаргал хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энд миний илэрхийлж байгаа зүйлүүдийг бүгдийг нь оруулсан байгаа. Би тэрийгээ хавтаст хэрэгт хавсаргасан учир бүрэн уншмааргүй байна. Энэ бид нарын деталчилсан үг хэлэлцүүлэг байгаа юм байна. Гэхдээ би яллах дүгнэлттэй холбоотой өөрийн саналыг хэлмээр байна. Хамгийн амархнаас нь эхэлье гэвэл М.Нт тохиолдсон үйл  явдал юм байна. Тэр газар Чойр хэсгийн биеэ даасан том бааз юм. Энэ бол Адил Оч компанаас бие даасан тусгай хэсэг юм. Тус газарт нийт ажилчдын жагсаалтыг гаргачихсан байдаг. Тус газарт хэлтсийн дарга, ХАБ-ын инженер, ерөнхий инженер тусдаа бас 2 хэлтэстэй байсан. Тэр нь бол монтажийн хэсэг, нөгөө хэсэг нь засвар үйлчилгээний хэсэг гэж байсан. Тухайн үед засвар үйлчилгээний хэлтсийг мастер М.Н хариуцдаг байсан. Бүх ажилчид тухайн үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа авчихсан байдаг байсан. Мөн ажлын үүргийн зааварчилгаа авсан байдаг. Нямаа гэдэг хэлтсийн дарга болохоор, хэлтсийн журмын дагуу ажилладаг байсан. Тухайн үед М.Н нь ажил үүргийнхээ дагуу хэлтсийн даргадаа бүрэн захирагддаг байсан болохоор энэ хэрэгт андуурч холбогдсон. Тухайн үед мэргэжлийн хяналтын дүгнэлтийн дагуу 2 хүн нь үүргээ гүйцэтгээд явж байсан, тэр хоёр хүн нь хохирогч болсон мөн би ерөнхий захирал гэсэн утгаараа мэргэжлийн хяналтын дүгнэлтээр буруутай гэж тооцогдсон. Энэ дүгнэлт нь намайг яллах үндэслэл болсон. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр цаашид эрүүгийн хэрэг үүсгэх мөн яллах дүгнэлт гардуулах гээд хариуцлага тооцохоор болсон. Би энэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

2014 оны 02 дугаар сарын 13-нд болсон хүний амь нас хохирсон хэрэг дээр тус хэсэг нь ажилчдын орон тооны дагуу бүрэн гүйцэт хамрагдсан байсан. Эмч техникийн ажилчид энгийн ажилчдаар бүрдсэн байсан. Манай байгууллагын ажилчин биш хүний амь нас хохирсон. Тухайн үед тус хэсэгт хэсгийн дарга, уулын инженер, эмч байсан. Өрмийн мастер байсан хүн тэр машиныг жолоодож тухайн машиныг онхолдуулсан байсан. Тэр үйлдлийн улмаас манай компанийн бус ажилчин онхолдож нас барсан. Тус хэрэгт хариуцагчаар тасгийн дарга, уулын мастер, өрмийн машины мастерт хариуцлага тооцож энэ хэрэгт холбогдсон байсан. Одоогийн байдлаар энэ хэргийг надад тооцож тус шүүх хуралдаанаар хэлэлцэж байна. Тэр үйл явдал болоход би Монголд байгаагүй, би Оросод байсан. Энэ хэрэгт намайг буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн “Билэгт Хайрхан уул” ХХК-ийн газар дээр намайг хууль бус олборлолт явуулсан гэдэг зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Адил Оч гэх компанийг би 2011 оноос хойш удирдан явж байгаа. Тус компани хамтарсан гэдэг утгаараа биш зөвхөн Монгол компани гэсэн утгаараа 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан байдаг. 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хайгуулын ажил хийнэ гэсэн тусгай зөвшөөрөлтэй байсан. Тухайн үед тус газар 107 га талбайтай байсан. Маш том талбай эзэлж байсан. “Билэгт хайрхан уул” ХХК-ийн кадастрын газраас худалдаж авах үед нь маш жижиг газар тэр газраас нь худалдаж авсан байдаг. Тэнд 2 хүдрийн биет байдаг байсан. Геологи хайгуулын ажил хийгдсэн байсан. Яам дээр геологи хайгуулын ажил батлагдсан байсан. Тухайн үед яамны комисс томилогдоод, тушаал гаргаад зөвшөөрөл өгөөд энэ 2 хүдрийн биет дээр ажиллаж болно гэсэн зөвшөөрөл байгаа. Нөөц батлагдсан байсан. Тус нөөц нь албан ёсоор батлагдсан. Цаашид тус 2 биет дээр Техник эдийн засгийн үнэлгээ батлагдсан байдаг. Тухайн үед яам дээр Техник эдийн засгийн үнэлгээ батлагдаад порткол хөтлөгдөөд, тушаал гараад, тэр нь дээр 2 биет Х5976 мөн 6399 гэсэн лицензийн дагуу ажил олборлолт явуулж болно гэсэн дүгнэлт гарсан байдаг. 2008 онд бид нарт зөвшөөрөл олгочихсон байхад Нью Циа гэдэг компанид бас зөвшөөрөл олгосон байдаг. Хууль бусаар гэдэг нь яаж нотлогдож байна вэ гэхээр. Хавтаст хэрэгт болохоор манай өмгөөлөгчийн олон хүсэлт шаардлагууд байсан. Яагаад гэвэл тухайн үед нь кадастрын зураг дээрх газар Техник эдийн засгийн үнэлгээ батлагдсан, нөөц батлагдсан газар дээр давхар зөвшөөрөл өөр газарт олгох тийм эрх ерөөсөө байхгүй байсан. Тухайн үед хоёрдугаар биетийн тал хэсэг манайх дээр үлдсэн байгаа, нөгөө хэсэг нь өөр компанид худалдаалагдсан байсан. 2008 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Говь Хурах гэх компанид зөвхөн хайгуулын ажил хийх гэсэн лиценз гаргаж өгсөн байдаг. Олборлолт биш зөвхөн хайгуулын ажил хийх гэсэн зөвшөөрөл олгосон. Энэ газар нь ямар ч хайгуулын ажил хийгээгүй. 2008 оноос 2017 оныг хүртэл Билэг Хайрхан Уул энэ газрыг эзэмшээд аливаа нэгэн хайгуулын ажил хийгээгүй. Манайх А6399 гэсэн лицензийн дагуу манайх яг ямар хэсэгт олборлолт хийж болно гэснийг заасан байдаг. Билэгт Хайрхан Уул нь бас А гэсэн лицензийг авсан гэтэл тэрийг би яаж авсныг нь мэдэхгүй, бас ямар хэсэгт гэсэн зүйлийг заагаагүй байсан. А гэсэн лицензийг болохоор зөвхөн геологи хайгуулын лицензийн дагуу гаргасан нөөц болон Техник эдийн засгийн үнэлгээ батлагдсаны дараа А лицензийг олгодог. Билэгт Хайрхан компанид дүгнэлт байгаагүй. Үүний дагуу Билэгт Хайрхан Уул ХХК нь Техник эдийн засгийн үнэлгээ гараагүй байхад аливаа нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй. Энэ зүйлийн талаар нотлох баримт байгаа. 2003 оноос хойш бүх уулын баяжуулах төлөвлөгөө таны ширээн дээр байгаа. Бид нарт гомдол гаргах үед манай компани бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Одоог хүртэл манайх үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Билэгт Хайрхан Уул гэдэг компани нь шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Говь Эко гэх компанид хандсан байдаг. Говь Эко гэх газрын дүгнэлт дээр өөр нэг компанийн дүгнэлтийг хуулбарлаж оруулсан байсан. Энэ дүгнэлтийг би ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2013 оноос хойш Билэгт Хайран Уул компани нь манай компанийг буруутгаж хууль бусаар олборлолт явуулсан гэдэг утгаараа гомдол гаргаад яваад байгаа. Гэвч өөрсдөө 2017 оноос хойш зөвхөн олборлох лицензийг авсан байдаг. Гэвч яаж авснаа бид нарт нотолж чадахгүй байгаа. Энэ шүүх хуралдаанаар миний нэр хүнд болон манай компанийн нэр хүндийг шударгаар шийднэ гэдэгт би маш их итгэлтэй байна. Монгол гэх өмгөөлөгч өөрийн албан тушаалыг ашиглаад бид нарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдүүлэг өгч их гүтгэсэн. Би Монгол улсад 30 жил ажиллаж байна. Би ганц хөрөнгө оруулагч гэдэг утгаараа биш Монгол улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байгаа гэж бодож байна. Манайх зөвхөн олборлолт хийдэггүй, баяжуулалтыг бас давхар хийдэг. Жил болгон манайх 2000 гаруй вагон экспортод гаргадаг гэв.

1.2. Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.3.  Шүүгдэгч Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Намайг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт байх Адил-Оч ХХК-ний Чойр хэсгийн Ромашка комплексийн бригадын даргын ажил гүйцэтгэж байхад тэр газар үйлдвэрлэлийн осол гарсан юм. Энэ талаар би осол болсон газар ямар,ямар хашаа объект байдаг талаар тодорхой ярина. Та миний ярьсан зүйлийг дэлгэрэнгүй бичээрэй. Осол болох үед Адил-Оч ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр У томилогдон ажиллаад цалингаа авч байсан юм. Би Н-тай адилхан бригадын дарга ажилтай бөгөөд түүнд хийх ажлын талаар орос даргаас өгсөн даалгаврыг дамжуулж монголоор орчуулгыг нь хийж өгч байсан. Бригадын дарга ажилтай М.Н нь үйлдвэрийн дарга Н-ид үүргээ танилцуулдаг. Би болохоор Ромашка комплексийн дарга буюу буталалт ангилалтын мастерийн ажил гүйцэтгэдэг ажилтай. Говьсүмбэр аймагт ойролцоогоор хааш хаашаа 300х300 метрийн харьцаатай хашаан дотор жоншны нунтаг үйлдвэрлэдэг фабрик байгаа. Мөн 4 том машин ордогграж байгаа, мөн 10 вагон ордог төмөр зам бүхий татах тавих жигнэх цех байдаг юм. Мөн тэр хашаанд бутлах ялгах комплекс, ажилчдын гуанз, захиргаа байрладаг хоёр барилга байдаг юм. Захиргааны барилгаас бусад үйлдвэр цех тасгийг Н удирддаг юм. Шинээр угсарч байгаа Ромашка бол жоншийг жижиг томоор нь ялгах төхөөрөмж юм. Үүнийг бол Ц.В.П захирал удирддаг юм. Улаан том, цэнхэр дунд зэргийн, ногоон гэж жоншийг ялгадаг 3 төхөөрөмж байдаг юм. Энэ 3 төхөөрөмж дээр 3 ширхэг шигшүүр байдаг, энэ тоног төхөөрөмжүүд болохоор Н гэх хүн хариуцаж ажиллуулдаг юм. Энэ үйлдвэрийн дотор 4-н бригад байдаг юм. 1 дүгээр бригад буюу фабрикийн даргаар Бойбоков, 2 дугаар бригад буюу гражийн дарга М, 3 дугаар бригад буюу бутлуурын бригадын дарга нь Г гэж хүн байдаг. 4 дүгээр бригад буюу Ромашка комплексийн дарга нь би байгаа юм. Мөн М.Н даргатай засварын бригад байдаг юм. Оюунаа даргатай захиргаа аж ахуйн хэсэг гэж байдаг юм. Энэ бутлах бутлуурын төхөөрөмж дээр жоншоо бутлах ялгах үүргийг Н нь бутлуурын бригадын мастер Гэд чиглэл өгдөг. Тэнд гэмтэл гарвал Г нь Нид хэлэх үүрэгтэй. Харин Н нь М.Н-т мэдэгдэж засах даалгавар өгдөг юм. 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдөр надад манай захирал Ц утсаар үүрэг өгсөн юм. Надад цэнхэр төхөөрөмжийн шигшүүрний доор байдаг хавтгай төмрийг авхуулаарай гэсэн үүрэг өгсөн юм. Би энэ төмрийг авах талаар засварын бригадын дарга М.Н-т хэлсэн. Энэ өдөр мөн цэнхэр бутлуурын төхөөрөмжийг Н, Г хоёр засаж байсан юм. Би өөрөө бригадын даргаар ажилладаг учир М.Н-ын ажлын онцлогт тохирсон заавар өгөх үүрэггүй. Би ийм ажил хийгээрэй гэж хэлснийг дамжуулсан юм. Манай хувцас сольдог өрөөнд техникийн аюулгүй ажиллагаатай холбоотой заавар журмуудыг хананд өлгөсөн. Мөн ширээн дээр тавсан байдаг. Тэрнийг ажилчид хараад өөрсдөө гарын үсэг зурдаг юм. Манайд хөдөлмөр хамгааллын үүрэг гүйцэтгэдэг О, У гэж хүмүүс байсан. Тэр хүмүүс энэ заавар журмаа хариуцдаг юм. Би хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой сургалт яюуулах, мэдлэгийг нь шалгах,  зааварчилгаа өгөх үүрэг байхгүй. Тэгээд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр М.Нт тэр хавтгай төмрийг ав гэж хэлээд намайг Ромашка дээр байж байхад М.Н өөрөө лист төмрөө авах гэж байтал дээшээ авираад 7 метрт байх бутлуурын машины гинжинд гараа хавчуулсан гэдгийг хүнээс сонсоод дараа нь тэр газар нь очиж харсан юм. Тэр үед хүмүүс гүйгээд байсан юм. Тэгээд л мэдсэн юм... гэх мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 74-77 дугаар хуудас/,  

1.4. Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.5. Шүүгдэгч Н.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Гриша /Г.Н Т/-ын цэнхэр бутлуурын торыг сольж, бутлуурын ирийг томосгоод ажиллаарай гэсэн үүргийн дагуу Э, Б, Жанибек нарын хамт цэнхэр өнгөтэй бутлуурын машины торыг бид сольсон. Э, Б хоёр өөрсдийн рамашка руугаа яваад өгсөн. Жанибек бид хоёр бутлуур дээр очоод ирийг нь томосгож байтал Түвшинтөгс ирж туслалцаж ирийг нь томосголцож дууссан. Тэгээд би Жанибект “за хоёулаа шалгаж үзье” гэж хэлээд би шууд бутлуурын машины дамжуулах канверийн бутлуурын бункерийн хажуу талын тавцан дээр байх асаах ногоон товчийг дарахад /Жанибек доод талд байх бутлуурын асаах цэнхэр хайрцагтай шийдний хажууд, Түвшинтөгс мөн хажууд нь зогсож байсан/ шигшүүр дээр хүн орилох шиг болохоор нь шигшүүр дээр хүн гарчихсан байна гэж мэдээд унтраах кнопоо дарчихаад бутлуур дээгүүр дамнаад канвер дээгүүр дамжиж яваад шигшүүр дээр гараад хартал засварын бригадын дарга Н шигшүүрийн ирмэг дээр нэг гараа, нэг гараараа бугуйгаар нь барьчихсан орилоод зогсож байсан. Тэгээд манай ажлынхан ирээд Н-ыг ковшны шанагаар өргөж буулгаад эмнэлэг рүү авч явсан. Намайг харахад Н-ын зүүн гарын хуруунууд нь цус гойжоод арьсан дээрээ тогтож унжсан байдалтай байсан. Н бээлий өмсөөгүй байсан... гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 182-184 дүгээр хуудас/,  

1.6. Иргэний нэхэмжлэгч “Билэгт-Хайрхан Уул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А мэдүүлэхдээ:

Билэгт Хайрхан Уул компани Дундговь аймгийн Өлзийт суманд 113 544 гэсэн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Хуулийн дагуу хайгуул ажлаа хийгээд, тухайн газар ажлын байр бий болгоод явж байгаа компани юм. Манай эзэмшлийн хайгуулын талбай руу Адил Оч компани хууль зөрчиж дайрч орон маш их хэмжээний жонш олборлосон байдаг. Энэ буруутай үйлдлээ нуун дарагдуулах, буруу тайлбар гаргаж нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд бас тусгай зөвшөөрлийн талаар маргаан гаргасан байдаг. Сая бас тайлбартаа энэ бол манай талбай, бид нарын хайгуул хийж тогтоосон гэж ямар ч үндэслэлгүй тайлбарыг гаргаж байна. Энэ хэрэгтэй холбоотой бас Захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргаад тэр нь хэрэгсэхгүй болж эцэслэн шийдэгдсэн байдаг. Энэ нь манай талбай гэдэг нь зуун хувь нотлогдсон байгаа. Хууль зөрчиж их хэмжээний жонш олборлосноос болж компанийн үйл ажиллагаанд саад учирч их хэмжээний хохирол амсаж, тухайн нутгийн иргэд манай компанийг хариуцлагагүй гэж нэр хүндэд муугаар нөлөөлж компанийн үйл ажиллагаа тасалдсан. Манай компанийн хувьд маш их гомдолтой байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тухайн газарт маш том осол аваар гарах боломжтой том нүх үүссэн байгаа. Энэ нь нөхөн сэргээлт хийхгүй явснаас болж нинжа гэж нэрлэгддэг хүмүүс тэнд байнга очиж хулгайгаар жонш ухсаар байгаа. Энэ хэргийн улмаас болон шинжээчийн дүгнэлтээр гарсанчлан жоншны үнэ болох 1 169 294 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ хохирлыг манай компани нь нэхэмжлэх зүйтэй гэж үзэж байгаа. Мөн одоог хүртэл нөхөн сэргээлттэй холбоотой дүгнэлт дээр энэ том талбайг нөхөн сэргээлгэх ажилд гаргах зардал болох 105 913 328 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2014 оноос хойш өнөөдрийн Шүүх хурал болох хүртэл харуул хамгаалалтын хүмүүс гэр барьчихсан хүн амьтныг осол аюулаас хамгаалахаас сэргийлж хэргийг шийдэх хүртэл хамгаалалт гарсан байгаа. Тухайн зардлыг шүүхэд нотлох баримтын хамт гаргаж өгсөн. Тиймээс харуул хамгаалалтын зардал болох 336 000 000 төгрөг байгаа, дараагийн орон нутгийн харуул хамгаалалт одоог хүртэл ажиллаж байгаа. Тэдний төлбөр болох нийт 360 000 000 төгрөг болж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учирсан нэр бүхий хүмүүсээс энэ зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Буруутай этгээдийг тогтоож хариуцлага хүлээлгэж компанид учирсан хохирлыг барагдуулж гомдолгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Манай компани бол хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн компани. Адил Оч компанийн гаргаж байгаа тайлбар нийцэхгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй, өөрсдийн талбай дээр ч бас нөхөн сэргээлт хийж байх ёстой. Манай компанийн хувьд бол маш их гомдолтой байна гэв.

1.7. Хохирогч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Талийгаач нөхөр О.Э тракторт дарагдаж нас барсан. Би өмнө нь 2014 онд Дундговь аймгийн цагдаагийн газарт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгч байсан. Нөхөр маань Дундговь аймгийн Өлзийт суманд байсан уурхайд ажиллаж байгаад амь насаа алдсан. Ингээд тухайн уурхайн удирдлагаас мөн компаниас оршуулгын зардал болон нөхөн олговорт нийт 8 000 000 төгрөгийг гаргаж өгсөн. Тэр үед би өөрөө тухайн уурхайн удирдлагатай эвлэрлийн гэрээ гэж байгуулаад 8 000 000 төгрөгийн хохирол гаргуулж авсан. Түүнээс хойш 2 удаа шүүх хуралд Дундговь аймгийн шүүхэд оролцож байсан. Ахиж шүүх хуралд оролцоогүй, дахин мэдүүлэг өгч байгаагүй. Тухайн үед шүүх хурал дээр уурхайн компанийн захирал орос хүн өөрөө хэлэхдээ талийгаач Эын хүүхдийг 18 нас хүртэл тэтгэж тусалж байна гэж хэлж байсан. Түүнээс хойш надтай холбогдож тэтгэмж өгсөн зүйл байхгүй. Тэр хүн ярьснаараа надад болон миний хүүд тусалж дэмжих ёстой гэж би ойлгож байна... гэх мэдүүлэг /17-р хх-ийн 88 дугаар хуудас/,

1.8. Гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 02 дугаар сарын 13-ны өглөө би дарга Э, Б нараас ажил үүргийн хувиараа аваад ажилдаа гарсан надад дарга нар болон олборлогчийн ажлыг хийх талаар хуваарь танилцуулсан байсан. Өдөр 13 цагийн үед цайны цагаад би падын операторын ажилд томилогдсон ба би падыг Б гээд хуучин барьж байсан хүнээс нь хүлээж авсан. Хүлээлцэхэд эд анги бусад зүйлийг нь янзлуулаад хүлээж аваад ажилд гарсан. Би падыг жолоодоод хийн компрессор чирээд карер луу туслах С, Г, талийгаач нартай хамт явж байтал Д таараад падын тормозыг асуугаад тормозоо гишгэ гэхээр нь би гишгэсэн чинь чирч явсан компрессорын сэнс дамар 2 хавираад сэнс хэмхэрсэн. Тэгээд зогсож янзалхаар болсон. Тэгсэн талийгаач Э доошоогоо карер дотор орж засая карерын аман дээр хүйтэн байна гэхээр нь би Г-г чи падыг жолоодоод карерт ор гэсэн чинь Г зөвшөөрөөд падыг жолоодоод карерт орсон. Тэр үед ямар нэгэн зөрчил гараагүй. Тэгээд би буцаж падыг жолоодоод кемп дээр ирээд дарга нарт хэлэхэд гагнуул гэхээр нь би падын рамыг гагнуулсан. Удаагүй Б намайг падтай ир гэсэн байхаар нь би падыг асаагаад карерт ирэхэд Г, С 2 гараад явсан байсан ба талийгаач бид 2 кемп явж байхад Г, С 2 алхаад явж байхаар нь кемп орсон. Тэгээд падын сэнсийг янзлаад буцаад карер явах гэтэл Г буруу талаар хүрч ирээд падыг жолоодоод карер явсан. Тэгэхэд падын урд шанаган дотор С бид 2 суугаад Э мотор хэсэг дээр суугаад явсан. Карерын ам руу Г хүчтэй орсон ба карерын төв замаар явж байхад падын араа харжигнаад дуугарч байсан ба би нэг мэдэхэд падын шанаган доор дарагдсан хэвтэж байсан. Би падыг хүлээж авахдаа тормозыг нь янзлуулаад хийг нь гаргуулаад шингэнийг нь нэмэгдүүлээд авсан. Пад нь уруу газар өнхөрч асдаг ба астачер байхгүй. Би падыг жолоодох ёстой ба Г-г жолоод гэж хэлээгүй. Э, Б нар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Би эхэндээ Гар падыг хүнд юм чирэхээс айгаад бариулсан ба дараа нь Г өөрөө осол болох үед дур мэдэн барьсан. Ямар хурдтай явсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед архи уусан хүн байгаагүй бүгд эрүүл байсан. Би зөөлөн эдийн гэмтэл авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/,

1.9. Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөтөл-Ус гэх нэртэй жоншны уурхайд Г, талийгаач бид 3 үүргээ гүйцэтгэж байсан. Тэгэхэд карерт байх компрессорын сэнс эвдэрхээр нь падыг аваад ир гэж дуудуулсан ба ирэхгүй байхаар нь Г ах бид 2 сэнсээ аваад кемп рүү алхсан. Тэгэхэд талийгаач пад аваад карер дээр ирсэн юм байна лээ. Бид хоёртой зөрөөд явчихсан байсан. Тэгээд араас Цогоо гээд падын жолооч ирэхээр нь бид 4 кемп дээр хамт ирээд компрессорын сэнсээ янзалчихаад буцаад карер луу пад дээр дөрвүүлээ суугаад явсан. Тэгээд карерт ордог замаар явж байхад падын араа нь уруу газар мултрах шиг болсон. Тэгээд пад өөрөө уруу газар өөрөө хурдаа аваад хад мөргөх шинжтэй болохоор нь би үсрээд буусан. Тэгээд би газар унаад босоод харахад падын 4 дугуй дээшээ харчихсан Г ах талийгаачийг падын хойд талын хэсэгт дарагдсан байхад нь гаргах гэж оролдож байсан. Харин Цогоо ахыг би хараагүй. Тэгээд экскаватор байгаа харагдахаар нь хүн дуудаад онхолдсон падны доороос талийгаачийг гаргаж авсан. Тухайн үед Г ах падыг жолоодоод талийгаач падны хойд талын хүрээ төмөр дээр суусан. Цогоо бид 2 шанаганы 2 захад сууж явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/,

1.10. Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр карерын хойд талд жонш буталж байсан. Тэгээд манай ажилтан С гүйж ирээд карер дотор паданд хүн дарагдчихлаа босгоё гэхээр нь би экскаватороо жолоодоод осол болсон гэх газар очсон. Очиход пад дээшээ харсан байдалтай падны хажууд Г трос барьчихсан сандарсан байдалтай байсан. Талийгаач падны ар хэсэгт хамгаалалтын төмөрний доор байдалтай . Цогоо харагдахгүй байсан. Тэгсэн Цогоо падны шанаган дотор байсан юм билээ. Тэгээд осолд орсон падыг экскаватороор өргөж талийгаачийг падны доороос гаргасан. Би яаж осолдсон талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 30 дугаар хуудас/,

1.11. Гэрч Х.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би энэ уурхайд 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр жолооч албан тушаалтайгаар анх ажилд орсон. 2013 оны 11 дүгээр сарын дунд үеэс уурхайн механик буюу уурхайн авто машины засварын үйлчилгээг хариуцсан механик албан тушаалд томилогдоод өнөөдрийг хүртэл уг ажлаа хийж байна. Осол гаргасан пад нь уурхайд олборлогч нарын ялгасан жоншийг дахин ялгаж хураадаг энэ ажилд падны шанагыг нь хэргэлдэг байсан. Эвдрэл гэмтийн хувьд намайг механик ажилд томилогдох үед эвдрэл гараагүй бүх эд анги хэвийн ажиллаж байсан. Уг тэрэг нь осол гарахаас 2-3 хоногийн өмнө жонш ялгах ажилд гараагүй болохоор ажилд гарах өдөр нь буюу осол болсон өдөр тормоз, шанага зэргийг шалгаж үзсэн зүгээр хэвийн ажиллаж байхаар нь ажилд гаргасан. Уг падыг Ц гэдэг хүн жолоодох эрхтэй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/,

1.12. Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би “Адил-Оч” ХХК-ийн Хөтөл-Ус 2 уурхайн олборлогчийн ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хийж байна. Хөтөл-Ус 2 уурхайн дарга нь Э, уулын мастер нь Б нар юм. Э, Б нар өглөө бүр ажилд гарахад ажлын зааварчилгаа өгдөг байсан. Уурхайд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг тусгай ажилтан байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/,

1.13. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орой 17-18 цагийн үед надруу гар утсаар нярав яриад жоншны уурхай дээр осол гарсан нэг хүн бэртсэн уурхайн дарга, уулын мастер нар аймгийн төвөөс түргэн тусламж дуудсан байгаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би холбоо барихад түргэн ирсэн, бид нар замд таараад байж байна гэсэн. Сүүлд нь Б-тай дахиад яриахад уурхайн өрмийн мастер Г, шинээр ажилд орсон залуу, С нарын 4 хүн кемп дээрээс пад трактор унаж яваад карерийн аман дээрээс падаа алдаад хана мөргөөд осол гаргасан гэж хэлсэн. Талийгаач цагаан сарын амралтын дараа буюу 02 дугаар сарын 05-ны өдөр уурхайн ажилчид цугларч уурхайн хэсэг рүү явахад бүртгүүлж анх ажлд орсон. Манай байгууллага ажилтан авахдаа заавал туршилтын хугацаа өгдөг болохоор манай жинхэнэ ажилтан мөн гэж үзсэн. Уурхайн даргын үүрэг гүйцэтгэгчийг 2013 оны 08 дугаар сарын дундуур тушаал нь гарч ажиллаж байгаа. Урд өмнө нь манай уурхайн геологи уулын мастер албан тушаалд ажиллаж байсан юм. Уулын мастер, уурхайн дарга нарт зааварчилгаа өгч байх талаар хэлж байсан. Яг одоо энэ талаар хариуцсан тусгай ажилтан манай уурхайд байхгүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан авах гэхэд компаний шаардлагыг хангахуйц хүн олдоогүй, орос хэлтэй гэсэн шаардлага тавьсан юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,    

1.14. Шинжээч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг

…D1005090 арлын дугаартай дунд оврын уул уурхайн зориулалтаар ашиглагдах механизм нь улсын бүртгэлгүй, үзлэг оношлогоонд хамрагдаж байгаагүй байна. Уг механизмд хянах самбар хэмхэрсэн, хамгаалалтын төмөр хэмхэрсэн, копудны хэсэг цөмөрсөн, тос масло асгарсан зэрэг эвдрэл учирсан. Дээрх гэмтэл осол болоход учирсан бөгөөд осол болоход нөлөөлөхгүй. Уг тээврийн хэрэгслийг оношлогооны суурин тоног төхөөрөмжин дээр тормоз явах ангийг шалгаж үзэхэд явах эд анги хэвийн сайн, тормозны систем ажиллахгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй байна гэсэн дүгнэлтийг шинжээч томилох тогтоолд дурдсан асуултын дагуу гаргасан. Би цагдаагийн хэлтсийн хашаанд 2 удаа очиж уг осол болсон техникийг үзсэн. Би асаах шаардлага тавиад жолооч нь чадаагүй. Би үзлэг хийхдээ бүх эд ангийг бүрэн бүтэн эсэхийг үзсэн. Мөн түрүүлж байгаад тормоз гишгэж үзсэн. Данхраадаж байгаад 4 дугуйны тормозыг үзэхэд тормоз барихгүй байсан. Би оношлогооны тоног төхөөрөмж дээр авчирч үзэх хэрэгтэй юм байна гээд авчирч тос масло хийгээд асааж авчран тэнхлэг тус бүр дээр тормозыг нь шалгаж үзсэн. Тэгэхэд тормозны систем нь ажиллаагүй. Би тогтоолын дагуу дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

1.15. 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/092/06 дугаартай мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт:

            А. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад осолд өртсөн хүмүүс нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолд өртсөн байх тул Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордлоыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.5.1-д үйлдвэрийн осолд тооцох заалтанд “Ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсхүл гэрээ, хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа” гэж заасан тул үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэж байна.

            Б. Хэрэгт авагдсан баримтаар осолд өртсөн хүмүүс нь ажлын хувцас, хамгаалах хувцасыг бүрэн хэрэглээгүй, тухайн тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар болон бүрэн бус техник хэрэгсэл ашигласан зэрэг нь тогтоогдож байх тул осолд өртсөн хүмүүс “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх, мөн зүйлийн 18.2.3, 18.2.5, 18.2.8, 28.1.1, 28.1.4, 28.1.7 гэсэн заалтуудыг зөрсөн байна.

            В. Бүрэн бус техник хэрэгслийг /падыг/ зориулалтын бусаар ашигласан болон мэргэжлийн бус буюу жолоодох эрхгүй хүн падыг жолоодсон нь осол гарах хүчин зүйл, шалтгаан гэж дүгнэж байна.

            Г. Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 143, 147-д гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 45-47 дугаар хуудас/,

1.16. 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн 23 дугаартай ослын дүгнэлт:

 “Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт нүхтийн уурхай гэх газар жоншны уурхайд дунд оврын трактор осол гаргалаа” гэх тээврийн хэрэгсэлд ослын дүгнэлт гаргалаа

А. D1005090 арлын дугаартай дунд оврын уул урхайн зориулалтаар ашиглагдах механизм нь улсын бүртгэлгүй, үзлэг оношилгоонд хамрагдаж байгаагүй байна.

Б. Уг механизмд хянах самбар хэмхэрсэн, хамгаалалтын төмөр хэмхэрсэн, копудны хэсэг цөмөрсөн, тос, масло асгарсан зэрэг эвдрэл учирсан.

В. Уг тээврийн хэрэгслийг оношлогооны суурин тоног төхөөрөмжин дээр тормоз явах ангийг шалгаж үзэхэд явах эд анги хэвийн сайн, тормозны систем ажиллахгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/,

1.17. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 14 дугаартай акт.

- Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй

- О.Э нь архи согтуурауулах ундаа хэрэглээгүй байжээ.

- О.Э нь 1-р бүлгийн цустай байжээ.

- Үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

- Талийгаач нь амьсгалын дээд замын гадны биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас баржээ. Шинжээч эмч, цагдаагийн дэд ахлагч М.Б гэсэн дүгнэлт. /1 дүгээр хх-ийн хуудас/,

            Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Адил-Оч” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчөгдсөний улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажилтан М.Нослойбаяр жонш буталх төхөөрөмжийн шигшүүрийн гинжинд зүүн гарын сарвуу хавчуулагдан зүүн гарын сарвууны 2,3,4,5 дугаар хурууны тасрал бүхий хүнд зэргийн гэмтэл учуруулсан гэмт хэргийн талаар:

1.18. Хохирогч М.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:

...2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа очсон. Тэгээд 8 цагийн орчим цайндаа орчихоод ажлын хувцасаа өмсөөд ажилдаа гарсан. Ажилдаа гарахад Оросын холбооны улсын иргэн Гриша ирээд цэнхэр бутлуур дээр очоод сээтэг соль гэж хэлсэн. Тэгээд би Б, Б нарыг уг ажлыг хий гэж хэлсэн ба тэр хүмүүс ажлаа хийж дуусаад болчихлоо гэж хэлсэн. У бид 2 тухайн үед дугуйны суурь гагнуулаад сууж байсан. Тэгтэл Гриша ирээд бутлуурын шигшүүрийн сээтэгний дээд талд лист гагнасан байсан. Тэрнийг очоод салгаад ав гэхээр нь би одоо цайны цаг болж байна, цайны цагийн дараа авья гэхэд захирал П одоо наадхаа ав гээд байна гэхээр нь Б, Б, Э нарт наад багажнуудаа аваад хүрээд ир гэж хэлчихээд шигшүүр дээр гараад шинээр тавьсан сээтэгийг шалгасан. Тэгээд түүний доод талд байсан листийг яаж авах вэ гэж харж байгаад конверийн гинж рүү харсан чинь тасарсан юмуу мултарсан юм шиг харагдахаар нь очоод баруун гараараа конверийн их биенээс бариад зүүн гараараа гинжнээс барьтал араа гинж нь эргээд зүүн гарын 4 хуруу арьсан дээрээ тогтсон. Тэгээд Истана маркийн машинтай Н дарга, Б, У нар ирээд намайг эмнэлэгт авч явсан. Тэгээд эмнэлэгт зүүн гарын 4 хуруугаа тайруулж хагалгаа хийлгэсэн. …Би “ Ивэн” гэдэг эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Би тус эмнэлэгт үзүүлчихээд хэвтэж эмчлүүлэх гэсэн боловч мөнгө байхгүй бхолохоор нь 2 удаа кассын орлогын баримт тэр эмнэлгийн эмчээр бичүүлж “Адил-Оч” ХХК дээр очиж орлогын баримтаа үзүүлж танилцуулах гэсэн боловч компаний захирал, өмгөөлөгч нар нь гарч ирж уулзаагүй юм. Би тэгэхэд өмгөөлөгч Б хамт очсон. Тэр орлогын баримтыг үзүүлж мөнгө аваад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэж байсан юм... гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 24-25 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас/,

1.19. Гэрч Ж.О-ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Би анх 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий захирал Ц-ийн саналын дагуу “Адил-Оч” ХХК-ийн Чойрын салбарын гаалийн бүрдүүлэгч буюу няраваар томилогдож ирсэн. Тэгээд Чойрын салбарт хөдөлмөр хамгааллын инженер байхгүй байсан ба би өөрийн хариуцлагын үүднээс болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр ажилчдын ажиллах чиг үүргийг болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажилллагааны үүрэг өгч ажилд нь гаргадаг байсан. Яагаад ийм ажил хийсэн гэхэр манай нөхөр Чойр хэсгийн даргын ажил хийж байсан учраас тэгдэг байсан. Үүнийг захирал мэдээд цалин нэмж тушаал гаргаад хөдөлмөр хамгааллын инженерээр томилсон. Тэгээд тушаалын дагуу ажлаа хийж байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагч О та наад ажлаа хийж болохгүй технилогийн горим мэддэг хүн байх ёстой гэхээр нь би энэ ажлыг захиралд мэргэжлийн хүн хийх ёстой юм байна гэдгийг ойлгуулсан. Ингээд Улаанбаатар хотоос К томилогдож ирээд хэрэг гарахаас 3 сарын өмнө Улаанбааатар хотод өөр ажилд томилогдоод явсан. Түүнээс хойш Чойрт хөдөлмөр хамгааллын инженер байхгүй байсан ба удаагүй У гэх эмэгтэй томилогдсон. У хэрэг гарах үед Улаанбаатар хотод бичиг хэрэг дээр ажиллаж байсан. Уг төв байрны бичиг баримтыг цэгцэлж дуусахад нь Чойр хэсэгт хөдөлмөр хамгааллын инженерээр томилох гэж байсан юм. Тэр үеэр энэ хэрэг гарсан. Манай хэсэгт ОХУ-н инженерүүд, тасаг нэгжийн дарга нар өглөө бүр ажилчдын ажил үүрэг чиглэл, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гаргадаг байсан. Бригадын даргаар хохирогч Н ажиллаж байсан. Т бригадын даргадаа ажил үүргийг амаар өгч болно бичгээр зааварчилгаа өгдөг юм. Тухайн үед ямар ажил гарна бригадын даргыг дуудаж зааварчилгаа өгдөг байсан юм... гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,

1.20. Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Хохирогч Н нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тооцогдоно. Н-ын гарын 4 хуруу тайруулсан нь өөрөө өөртөө үйлчлэх, хөдөлмөрлөх үйл ажиллагаа нь хязгаарлагдсан болно. Н нь хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан. Эрүүл мэнд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/135 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 10/63-т нэг гар аль нэг түвшинд мухар гэж заасан байдаг. Н-ын зүүн гарын 4 хуруу тайрагдаж нэг гар мухар болсон. Энэ заалт нь 5-69 хувь буюу хугацаагүйгээр хөдөлмөр алдалтаар тогтоогдоно. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр групп тогтоолгосон. Хуруу гэдэг чинь чухал эрхтэн. Эд эрхтнээс хагацаасанд орно гэж үзэж байна... гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/,

1.21. Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 01 дугаартай бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлт:

            - А.У нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирал Ц.В.П-н 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 14/07/23 дугаартай тушаалаар 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр томилогдон гэрээг туршилтын 3 сарын хугацаатай байгуулан ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр хамгаалал аюулгүй аижллагааны зааврыг удирдлага болгон ажиллахаар тусгажээ. А.Угийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд “Адил-Оч” ХХК аль хэсэг нэгжид үүрэг гүйцэтгэхийг тусгаагүй байна.

            - Т.Г.Н нь ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн өдрийн хийгдэх ажлын онцлогт тохируулж өгдөггүй, зөвхөн гарын үсэг зуруулж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрмийн MNS 4969:2000 стандартын 4.16 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн “Адил-Оч” ХХК-ийн Ромашка бутлалт ангилалтын цогцолборын дарга Чойр хэсгийн тоног төхөөрөмжийн засварын мастерийн ажлын байрны тодорхойлолтын 2, 11 дэх заалтыг зөрчсөн байна.

            - Ц.В.П нь үйлдвэрийн зориулалтаар тоног төхөөрөмжийнхөө хөдөлгөөнт хэсэг, дохиоллын систем, бүрдэл хэсгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг , мөн тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар баталж мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтуудыг зөрчсөн байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай мэдлэг олгох сургалтыг зохион байгуулагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт болон Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/53 дугаар тушаалыг, Чойр хэсэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтангүй нь Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугар тушаалыг тус тус зөрчсөн байна.

            - М.Н нь туузан дамжуулга конвейрийн хүч дамжуулах гинжид нүцгэн гараараа үзлэг хийж өөрийгөө эрсдэлд оруулан осолдсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлйин 18.2.7 дахь заалтыг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт М.Н-н ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, аюулгүй ажиллагааны заавар бусад холбогдох заавар, дүрэм журам авагдаагүй байх тул дүрэм журам зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

            - Осол нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирал Ц В.П, “ Адил-Оч” ХХК-ийн Чойр хэсгийн бутлагч ажилтай Н.М, “Адил-Оч” ХХК-ийн Чойр хэсгийн бутлах, ялгах комплексийн дарга ажилтай Т.Г.Н, “Адил-Оч” ХХК-ийн бригадын дарга аижлтай М.Н нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэв. Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаа, Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Э, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Ариунаа гэх дүгнэлт /8 дугаар хх-ийн 61-63 дугаар хуудас/,

1.22.  Улсын Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04/078/28 дугаартай шинжээчийн дүгнэлт:

- “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирал Ц.В.П нь байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийнхөө хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн Машин механизм, тоног төхөөрөмжинд тавигдах шаардлага гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг, бригадын дарга Т.Г.Н нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын онцлогт тохируулж өгөөгүй зөвхөн гарын үсэг зуруулж байсан нь уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг зөрчсөн, засварчин Н.М нь тоног төхөөрөмжийг ямар ч зөвшөөрөлгүй ажиллуулсан нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюултай эрсдэл учруулахгүй байх/-ыг зөрчсөн байна. Харин хөдөлмөр хамгааллын инженер М.О, А.У нар тус хэрэгт ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэх талаар хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дүрэм, журам зөрчсөн эсэхийг хариулах боломжгүй байна.

- Осол гарсан шалтгаан нь цахилгаан тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийхдээ пайзын системийг мөрдөн ажиллаагүйгээс цахилгаан тоног төхөөрөмжийн удирдлагыг цахилгааны схемийн хүчдэлээс салгаагүй, хаалт, хамгаалалтгүй тоног төхөөрөмж ажиллуулсан, ажилтан нарыг аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулаагүй зэргээс болсон байна.

Уг осол нь ажлын байранд үүргээ гүйцэтгэж байхдаа гарсан нь хавтаст хэрэгт авагдсан материалаар нотлогдож байх тул Монгол улсын засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрмийн 1.5, 1.5.1 дэх заалтуудыг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй”. Дүгнэлт гаргасан Улсын мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн гэх дүгнэлт /7 дугаар хх-ийн 147-148 дугаар хуудас/,

1.23. “Адил-Оч” ХХК-ийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн

14/01/03/01 дугаартай Мөнхбаяр овогтой Н-ыг тус компанийн Чойр хэсэгт засварчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулсугай”, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14/05/28 дугаартай Тус компанийн Чойр хэсгийн засварчинаар ажиллаж байгаа М.Н-ыг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бригадын даргын үүрэгт ажилд шилжүүлэн томилсугай гэх тушаалын хуулбарууд /7 дугаар хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

            1.24. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар дүгнэлтэнд:

            - М.Н-ын биед зүүн сарвууны 2,3,4,5-р хурууны тасрал, зөөлөн эдийн урагдал гэмтлүүд учирчээ.

            - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            - Зүүн сарвууны 2,3,4,5-р хурууны тасрал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь тогтоох хүснэгтийн 15.93.4 дэх хэсэгт зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 45 хувь байх тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.

            - Цаашид хөдөлмөрийн чадварыг 45 хувь тогтонги алдуулна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч цагдаагийн дэслэгч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /7 дугаар хх-ийн 32-р хуудас/,

            1.25. Гэрч Х.Ж-н мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Гриша дарга Б, Э, М бид нарыг дуудаад бутлуурын ирийг шахсан. Тэгэхэд Түвшинтөгс засварчин ирж шахалцсан. Тэгээд ирийг шахаж дуусаад М асааж үзлээ гээд дээшээ гарсан. Тэгээд астал хүн хашгирах чимээ гарахаар нь харсан чинь Н шигшүүрэн дээр гараа барьчихсан зогсож байсан. Тэгээд Н-ыг машинаар эмнэлэг хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 28, 157-158, 229 дүгээр хуудас/,

            1.26. Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Тэр өглөө Гриша дарга болгоомжтой харьцаарай гэж амаараа хэлсэн. Зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зураагүй. Бид нар өглөө ажилдаа гарахдаа цагаа бүртгүүлээд гарын үсэг зурдаг байсан. Тийм тийм ажил гүйцэтгэнэ болгоомжтой харьцаарай гэж амаар хэлдэг. Түүнээс албан ёсны зааварчилгааны дэвтэр байдаггүй... гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 26, 159-160 дугаар хуудас/,

            Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус нэртэй газар уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Адил-Оч” ХХК нь 2012 оноос 2014 оны 06 сар хүртэлх хугацаанд зэргэлдээ орших “ Билэгт Хайрхан Уул” компанийн эзэмшлийн лицензтэй талбайд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас онц их хэмжээний хохирол учирсан  хэргийн талаар:

            1.27. “ЭкоТрэнд” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлтэнд:

Адил-Оч ХХК нь Билэгт Хайрхан Уул ХХК-ийн ашигт малтмал айх XV-13544 тусгай зөвшөөрлийн талбайд ил аргаар жонш олбордох үйл ажилагаа явуулсны улмаас  Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга  Ц.Эрдэнэбилэгээс ирүүлсэн гомдлын дагуу Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч албан тушаалтай хошууч Ж.Оюунтамирын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор XV-13544 тусгай зөвшөөрлийн талбайд Эко-Трэнд ХХК хээрийн хэмжилт, судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд доорх дүгнэлтийг гаргалаа.

            - Дундговь аймгийн Өлзийт сумын Хөтөл-Ус нэртэй газар байрлах Адил-Оч ХХК-ийн ашигт малтмал хайгуулын 5976Х, ашигт малтмал ашиглалтын 6399А тусгай зөвшөөрлүүд болон Билэгт Хайрхан Уул ХХК-ийн 13544Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байв.

            - Хээрийн хэмжилт судалгаа, суурин боловсруулалтын үр дүнд Билэгт Хайрхан Уул ХХК-ийн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн XV-13544 дугаартай талбайд Адил-Оч ХХК хууль бус олборлолт явуулж нийт 5.2 га газарт эвдрэл бий болгосон ба үүнээс 1.6 га талбайд 30м хүртэл гүнтэй, 285.909.5 м3 эзэлхүүнтэй ил уурхай 3.6 га талбайд хөрсний гадаад овоолго бий болгосон байв.

            - Адил-Оч ХХК нь Билэгт Хайрхан Уул ХХКийн зөвшөөрөлтэй газарт хэдэн тонн жонш олборлосон хэмжээг нарийвчлан гаргахын тулд Адил-Оч ХХК-ийн ашигт малтмал олборлосон журнал, гаалийн мэдээлэл хэрэгтэй байгаа тул 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хошууч Ж.О-т хүсэлт илгээж хариу хүлээж байгаа. Адил-Оч ХХК ил уурхайн олборлолтын болон хөрсний гадаад овоолго байгуулах явцад эдэлбэр газарт нь 1349.3 төгрөгийн, газрын хэвлий хөрсөн бүрхэвчинд 15.826.944 төгрөгний, ургамлан хөмрөгт 78.338.125 төгрөгний, нөхөн сэргээлтэнд 105.913.328 төгрөгний, байгаль орчинд 200.079.746 төгрөгний хохирол учруулсан байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг 2 хувилбараар тооцож үзсэн бөгөөд 2 дугаар хувилбарыг хавсралтын 1.1.1-ээс үзнэ.

            - Ил уурхайг нөхөн дүүргэх техникийн нөхөн сэргээлийн зардал 98.059.328 төгрөг, 1.6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхэд 3.432.000 төгрөг, хөрсний гадаад овоолгын 3.6 га талбайн биологийн нөхөн сэргээлтийн ажилд 4.422.000 төгрөг зарцуулагдана. 5.2 га талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн нийт зардал 105.913.328 төгрөг болно.

            - Адил-Оч ХХК нь байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжируулах, тохижуулах үүрэгтэй.

Үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу дээр тооцсон экологи-эдийн засгийн хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлж, улсын “Байгаль хамгаалах сан”-д оруулна. /9 дүгээр хх-ийн 20-67-р хуудас/,

 

1.28. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Тус эвдэгдсэн талбайд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээс хойшхи хугацаанд нэмж үйл ажиллагаа явуулаагүй байна.

2. Тус талбайд 2016 оноос хойш нэмж үйл ажиллагаа явуулаагүй байна.

3. Тус талбайн ойр орчинд ашигт малтмал /жонш/-н овоолго үүсгээгүй, хөрс хуулалт, хаягдал чулуулгийн 4 овоолго үүсгэсэн байна. Тэдний хэмжээ нь 60087,4м3, 7143,3м3, 4161,2м3, 8523,7м3 хэмжээтэй байна.

4. Асуултанд тусгагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.

Дүгнэлт гаргасан шинжээч: Нуман-Алтай ХХК-ийн захирал А.Цэнд-Аюуш /18-р хх-ийн 169-175 дугаар хуудас/,

 

1.29. Гэрч Х.Л-гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Би тус компанид 2014 оноос хойш ажиллаж байна. Миний ажил бол техник хэрэгслүүдийг засаж дээр нь сахиулын ажил хийгээд байж байна. Манай уурхай 2014 оны 12 сараас хойш огт ажлаагүй харин  өмнө нь гаргасан байсан жоншоо Говьсүмбэр аймагруу зөөвөрлөж байгаа. Жонш зөөвөрлөх зөвшөөрлийг Ц захирал өгсөн . Би уул уурхай олборлолтын талаар мэдэхгүй. 70 орчим тонн жонш 7 удаа зөөгөөд байна одоо зөөвөрлөж байгаа машин Говьсүмбэр аймагт явж байгаа. Би одоогоор сахиул хийгээд байж байна надаас өөр хүн одоогоор уурхай дээр алга байна уурхайн үйл ажиллагаа зогссон учир хүнгүй байна. Дээрх техник хэрэгслийг хариуцан үйлдлээ захиралд энэ талаар мэдэгдэж байна. Одоо жонш зөөх үйл ажиллагаа явагдахгүй гэдгийг ойлгож мэдлээ. Техник хэрэгслүүдийн бичиг баримт Говьсүмбэр аймагруу үзлэг тооллогод оруулахаар явуулсан дээрх техник хэрэгслүүд бүгд манай компанийх... гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 193-195 дугаар хуудас/,

1.30. Гэрч Д.Т-ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Би Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт геологи уул уурхайн техникийн хяналтын улсын ахлагч байцаагчаар ажилладаг бөгөөд миний хувьд “Адил-Оч” ХХК-тай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ажлыг шалгаад харин очиж байсан. Хийсэн шалгалтаар “Адил Оч ХХК-ны МҮ-006399 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд явуулж байгаа уулын ажлууд ашиглалтын талбайн хилээс гарч “Билэгт хайрхан уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нэвтрэх орсон нь тогтоогдсон. Мөн “Адил-Оч “ ХХК-ний нэг каръер нь шимт хөрсний болон сул чулуулгийн овоолготойгоо “Билэг хайрхан уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай талбай дээр байршсан байсан. Иймд хууль бусаар жонш олборлож эвдрэлд оруулсан талбай, овоолго үүсгэсэн талбай зэрэгт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийх төлөвлөгөөг холбогдох журмын дагуу боловсруулан аймгийн байгаль орчны газраар хянуулж баталгаажуулан, нөхөн сэргээлтийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны дотор бүрэн хийж гүйцэтгэсэн байхаар албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй үйл ажиллагаа нь зогссон байна... гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 195-196 дугаар хуудас/,

1.31. Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 596 дугаартай шийдвэрийн хуулбар, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийн хуулбар, 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6399А дугаартай Дундговь аймгийн Хөтөл-Ус 2 гэх газар 9011071064 тоот тусгай зөвшөөрлийг Адил-Оч ХХК-д олгосон, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн албан бичгийн хуулбар баримтууд /10 дугаар хх-ийн 1-18 дугаар хуудас/,

1.32. 2015 оны 01 дүгээр сарын 190 дугаартай Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн захирамжийн хуулбар /10 дугаар хх-ийн 100-103 дугаар хуудас/,

1.33. Гэрч С.Д-н мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 547 тоот шийдвэрээр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Хөтөл-Ус 1 нэртэй газар 107 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 5976Х дугаартай тусгай зөвшөөрлийг Адил-Оч ХХК-д анх олгосон байна. Уг талбайд онцгой эрхийнхээ дагуу 43 гектар талбайд Адил-Оч ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 6399А дугаартай тусгай зөвшөөрлийг 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 60 жилийн хугацаатай олгосон байна. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахь жилээ төлбөрөө төлөөгүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын 5976Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас өмнө сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын газарт гаргаагүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсоныг бүртгэсэн байна. Одоо ашигт малтмалын газарт 6933А ашигт малтмал олбордлох тусгай зөвшөөрөл нь бүртгэлтэй, тухайн ээлжит жилийн төлбөрийг төлж тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтанд хөдөлгөөний тэмдэглэл хйигдсэн байна. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сумдын нутгийг дамнасан нийт 29.548 га талбайд ашигт малтмалын 13544Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд “Билэгт Хайрхан Уул” ХХК-д олгосон байна. “Билэгт Хайрхан Уул” ХХК нь тухайн 13544Х тусгай зөвшөөрлийг эзэмших болсноос хойш хайгуулын ажлын тайланг хуульд заасан хугацаанд гаргаж тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлж бүртгүүлсэн байна. “Адил-Оч” ХХК-ийн 64 гектар талбай буюу 5679Х дугаартай 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон. Уг талбай нь “Билэгт Хайрхан Уул” ХХК-д олгосон 13544Х тусгай зөвшөөрөл бүхий талбайд багтаж олгогдсон байна. Энэ үйлдэл нь хуулийн дагуу олгогдсон үйлдэл байгаа юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах үүрэг нь Ашигт малтмалын хуулинд заасны дагуу эзэмшигч компанид хуулиар хүлээлгэсэн бөгөөд сунгуулаагүй тохиолдолд шууд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал дуусгавар болдог. Манай компани тусгай зөвшөөрөл дуусгавар болж байгаа талаар мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр 5976Х дугаартай хайгуулын талбайн тусгай зөвшөөрөл хүчингүй болж “Билэгт ХАйрхан Уул” ХХК-д олгогдсон тохиолдолд Адил-Оч ХХК-ийн эзэмшлийн талбай бус болсон учраас Адил-Оч ХХК нь жонш олборлох үйл ажиллагаа огт явуулж болохгүй юм. Адил-Оч ХХК нь ашигт малтмал ашиглалтын 6399А дугаартай талбайдаа жонш олборлох үйл ажиллагаа явуулах ёстой. Адил-Оч ХХК нь ашигт малтмал олборлолтын талбайгаасаа гарсан үйлдэл нь хууль бус юм... гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 199 дүгээр хуудас, 10 дугаар хх-ийн 51-52 дугаар хуудас/,

1.34.  Хохирогч Э.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

Би 201512000026 дугаартай хэрэгт орон нутгаа төлөөлөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/258 дугаартай албан бичгээр хохирогчоор томилогдон оролцож байна. Адил-Оч ХХК-ийн хууль бус үйл аижллагааны улмаар учирсан хохирлыг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү. Өмнө нь энэ хэрэгт хохирогчоор оролцож байсан Ганчимэг ажлаас чөлөөлөгдсөн тул би томилогдон оролцож байна... гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

1.35. Иргэний нэхэмжлэгч М.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Хөтөл-Ус гэдэг газарт орших манай Билэгт Хайрхан Уул ХХК-ийн эзэмшлийн лицензтэй талбайд Адил-Оч ХХК нь хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож удаа дараагийн үйлдлээр их хэмжээний жонш олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулан ямар нэгэн нөхөн сэргээлт хийлгүй хаясан. Энэ асуудалд Билэгт Хайрхан Уул ХХК-ний 2015 оны 01 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба мэргэжлийн хяналт болон холбогдох газрууд нь шалгасан. Дээрх компаний буруутай талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд гарсан. Мөн Захиргааны хэггийн Давж заалдах шатны шүүхээр Билэгт Хайрхан Уул ХХК-ний эзэмшлийн талбай болох нь эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иймд хууль бусаар манай эзэмшлийн талбайгаас олборлосон жоншны үнэлгээ, Говь ЭКО ХХК-ний гаргасан дүгнэлтээр 1.169.294.000 төгрөгний хохирол учруулаад байна. Иймд дээрх хохирлыг төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр тоооцогдон ажиллаж байна. Миний зүгээс манай компанид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгнө үү гэж хүсмээр байна. Мөн байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлж нөхөн сэргээлтийг хийлгэх шаардлагатай байна гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/,

1.36. Гэрч Э.Батцэцэг мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ:

Ашигт малтмал газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтнээр 2009 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж байна. Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7/5644 дугаар албан бичгийг би боловсруулж хариу хүргүүлсэн. Уг албан бичгийг боловсруулахдаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран зураг бусад шаардлагатай мэдээллийг гаргуулан хавсралтаар хүргүүлсэн.

Нэгдүгээр солбилцолын цэг буюу N 47° 438 50.1 E 107° 46,34.0 нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлаж байсан болохоор энэ цэг алдаатай байсан байх. Харин хоёрдугаар цэг N 45°16, 58.4 E 106°32, 30.3 нь “Адил-Оч” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 6399А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбай дотор 3-5 дахь солбилцолын цэгүүд нь “Билэгт Хайрхан Уул” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 20098А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбай дотор тус тус байрлаж байсан. “Адил-Оч” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 6399А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн захаас 3 дугаартай солбилцолын цэг хүртэл 63 метр, 4 дүгээр солбилцолын цэг хүртэл 140 метр, 5 дугаартай солбилцолын цэг хүртэл 115 метр зайтай байна. “Адил-Оч” ХХК-д ашиглалт малтмалын хайгуулын 5976Х дугаартай тусгай зөвшөөрлийг Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус-1 нэртэй газарт 64 гектар талбайд 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон. Ингээд 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Адил-Оч” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус-2 нэртэй газарт 43,06 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 6399А тусгай зөвшөөрөл авсан байна. Ашигт малтмалын төрөл нь жонш юм. “Билэгт Хайрхан Уул” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 13544Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан, Сайнцагаан сумын нутагт олгосон байна. “Билэгт Хайрхан Уул” ХХК-ийн ашиглалтын 20098А тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзий сумдын нутаг Хар тойром нэртэй газарт 23062.99 гектар талбайд олгосон байна.

“Адил-Оч” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2006.06.26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 6399А тусгай зөвшөөрлийнхөө талбай дээр хайгуул хийж нөөц тогтоож ТЭЗҮ-г хэлэлцсэн байх. Системээс гарч байгаа мэдээлэл дээр 5976Х дугаартай тусгай зөвшөөрөл Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл Ус-1 нэртэй 6399Х тусгай зөвшөөрлийн нэршил Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл ус-2 гэсэн нэртэй бүртгэгдсэн байна... гэх мэдүүлэг /16-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

1.37. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ашигт малтмал газрын тосны газарт 2006 оноос хойш 12 дахь жилдээ ажиллаж байна. Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/5999 дугаартай албан бичгийг би боловсруулсан бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран зураг бусад шаардлагатай мэдээллийг гаргуулж хавсралтаар хүргүүлсэн. “Адил-Оч” ХХК-д 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөтөл Ус-1 нэртэй 64 гектар талбайд 5976Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож улмаар 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5976Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл 64 га талбайгаас хэсэгчлэн 46 гектар талбайд Хөтөл ус-2 нэртэй MV-006399 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин үлдсэн 18 гектар талбайн 5976Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл 2006 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн сунгалт хийгдээгүй, сунгуулаагүй үндэслэлээр хуулийн дагуу цуцлагдсан байна. “Адил-Оч” ХХК нь 2009-2013 онуудад нэгдүгээр хүдрийн биет дээр ашиглалт явуулахаар уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан боловч тухайн жилүүдийн тайланг манайд ирүүлээгүй учир 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5-4278 тоот албан бичгээр 2009-2011 онуудын уулын ажлын тайланг ирүүлэх, нөөцийн хөдөлгөөн хийхийг сануулж байсан байдаг. Харин 2014 оны уулын ажлын төлөвлөгөөнд нэгдүгээр хүдрийн биет болон хоёрдугаар хүдрийн биетийг хамааруулан төлөвлөж тусгай зөвшөөрлийн хилийг сунгаж батлуулсан байсан учир 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5-5520 тоот албан бичгээр тус компанид 2009-2012 онуудын нэгтгэсэн тайлангаа худал мэдүүлсэн тул дахин залруулсан. Ажлын 5 өдөрт багтаан шинэчлэн ирүүлэхийг сануулан мэдэгдэж байсан байна. Хар тойром нэртэй HV-013544 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Билэгт хайрхан уул” ХХК-д 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр MV-020098 тоот нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 18-нд олгосон байна. Танайхаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан 4 солбилцол нь “Адил-Оч” ХХК-ийн 2014 оны уулын ажлын төлөвлөгөөнд багтсан байдаг. 106° 32 30.3 уртраг 45°16.58.4 өргөрөг гэсэн цэг нь “Адил-Оч” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд, бусад цэгүүд нь тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна байрлалтай байна. Хоёрдугаар хүдрийн биетийн нөөц нь “Адил-Оч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн гадна байгаа талаар албан бичигтээ дурдсан. Эрдэнэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр тухайн солбилцолын цэг бүхий газар дээр “Адил-Оч” ХХК нь 2003-2007 онд өөрийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил гүйцэтгэн нөөцийн тайлан боловсруулсан. 2008 онд Эрдэс Баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байдаг. “Адил-Оч” ХХК нь 2009-2013 онуудад хүдрийн биет нэг дээр буюу 6399А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ ашиглалт явуулахаар уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан байдаг. Уулын ажлын тайлан тухайн жилүүдийн тайланг манай шаардсанаар ирүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хилийн доош нь сунгасан байсан болохыг мэдсэн. Тийм учраас төлөвлөгөөг батлахдаа тусгай зөвшөөрлийн хилийн заагийг нарийн анзааралгүй батлаад явуулж байсан байдаг. Нөөцийн улсын бүтгэлд бүртгэн авч болох байх, харин бусдын зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж болохгүй... гэх мэдүүлэг /16-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

1.38. Гэрч Х.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний бие 2010 оноос хойш Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэст ашигт малтмалын баяжуулалтын техник технологи, бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Тухайн үеийн нэршлээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас тус компанид 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр MV-006399 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Тус компани нь 2009-2013 онуудад хүдрийн биет-1 нөөцийн блок дээр ашиглалт явуулахаар уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан боловч тухайн жилүүдийн тайлангаа манай газарт ирүүлээгүй. Иймд тайлан ирүүлээгүй учир олборлосон хүдрийн хэмжээ, ангилан ялгасан бүтээгдэхүүн болон худалдан борлуулсан бүтээгдэхүүний хэмжээг хэлэх боломжгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48.6-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уулын ажлын төлөвлөгөөг 12 дугаар сарын 01-нээс өмнө, уулын ажлын тайланг 02 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх үүрэгтэй. Хэрэв хуулийн хугацаанд ирүүлээгүй нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 7.11-д заасны дагуу торгууль ногдуулна. Тус компанийн аймагт байрлах баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ батлуулсан эсэх талаар Эрдэнэс баялагийн мэдээллийн технологийн төвийн архиваас материалыг нь авч үзээд дараа нь ирж мэдүүлэг өгье. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35.4-т улсын комисс ажилласан талаарх мэдээллийг УУХҮЯ-с мэдээлэл авах боломжтой. Харин Монгол орны хэмжээнд хайлуур жоншны хүдрээс 3 төрлийн флотацийн баяжмал, металлургийн баяжмал, гравитацийн баяжмал, бүтээгдэхүүнийг гарган авч байна. Тус компанийн хувьд уулын ажлын тайлангаа ирүүлээгүй учир ямар бүтээгдэхүүн гаргаж байгааг мэдэхгүй байна. Хайлуур жоншны хүдрийг батлах, ангилан ялгах процесс нь хайлуур жоншны ашигт агуулгыг нэмэгдүүлж байгаа учир хуулийн 4.1.7 дахь хэсэгт зааснаар ашигт малтмал баяжуулах, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа гэж үзнэ... гэх мэдүүлэг /18-р хх-ийн 162-163 дугаар хуудас/,

1.39. Шинжээч А.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай компани мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.М-н шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар баг, Хөтөл ус-2 гэх газарт “Адил-Оч” ХХК ашиглалтын талбайгаасаа хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан газарт олборлосон жоншны судалгааг хийж 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүгнэлт гаргасан юм. “Адил-Оч” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн явуулсан үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэгдсэн газрыг байршил тогтоогч багаж, талбай хэмжигч багаж, зургийг аппарат зэргийг ашиглан хэмжилт хийхэд 1.46 га хэтрүүлэн олборлолт явуулж 138.610 м3 хоосон орон зай үүсгэсэн болохыг тогтоосон. Тухайн эвдэгдсэн газрын хөрсний зузаан, хүдэр агуулсан давхаргын зузаан зэргийг хэмжсэн хэмжилтэд үндэслэн нийт эзлэхүүнээс хөрс хуулалт, агууламж багатай хүдэр зэргийг хасаж тооцоход 70 хувиас дээш агууламжтай хүдэр 6.186.7м3 эзлэхүүнтэй байсан. Эвдрэлд орсон газрын нийт үүсгэсэн хоосон орон зайн 17 хувийг ашиглаж үлдсэн 83 хувийг гадаад овоолго болгон гаргасан байсан. Уг хоосон орон зай үүсгэсэн газраас ашигласан 17 хувийн хүдрийн /жонш/ эзлэхүүнийг математикийн аргаар хүдэр хувийн жинд үржүүлж 16.704.2 тонн жинтэй хүдэр олборлосон болохыг тогтоосон. Тухайн үед уг компанийн талбай хэтрүүлэн олборлолт явуулсан газарт хөрс жоншны хүдэр байгаагүй, харин хөрс хуулалтын үргэлжилсэн овоолго үүсгэсэн байсан... гэх мэдүүлэг /18-р хх-ийн 165 дугаар хуудас/,

1.40. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар ажилладаг. 2015 оны 01 сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Миний албан тушаалтын чиг үүрэг бол Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох юм. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ашигт малтмалын тухай хуульд хяналт тавих эрх үүрэг хүлээхгүй. Дээр хэлсэнчлэн Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд хяналт тавьдаг. Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр “Адил-Оч” ХХК-д 2015, 2017, 2018 онуудад тус тус төлөвлөгөөт шалгалт хийж хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, машин механизм, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой бичиг баримт, ажлын байрыг хяналт шалгалтанд хамруулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж ажиллаж байсан. Тус компани нь жонш бутлах, ялгах, экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Баяжуулах үйлдвэр нь баригдаж байгаа... гэх мэдүүлэг /18-р хх-ийн 145 дугаар хуудас/,

1.41. Гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2014 оны 04 сараас Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. 2014-2015 онд Хэмжил зүйн тухай хуулийн хэрэгжилт, 2015 оноос одоог хүртэл Ашигт малтмал, Хэмжил зүй, Цөмийн энергийн тухай хууль, эдгээр төрлийн хуульд нийцүүлэн гаргасан дүрэм журам стандартын хэрэгжилтийг хангуулах. “Адил-Оч” ХХК-ийн хайлуур жоншны баяжуулах үйлдвэр нь анх 2008 онд баригдаж эхэлсэн боловч одоог хүртэл бүрэн ашиглалтанд ороогүй. Үйлдвэрийн барилгын улсын комисст хүлээлгэн өгөөгүй. Үйл ажиллагаа явуулаагүй шалтгаанаар Геологи уул уурхайн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаагүй. Тус үйлдвэр нь үйл ажиллагаа явуулах эрх үүсээгүй байгаа тул эрсдэлийн үнэлгээгээр төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шалгалтанд хамрагдаагүй. Манай байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийг шалгалтанд хамруулдаг. Жонш худалдан авсан тухай мэдээлэл надад байхгүй. Баяжуулах үйл ажиллагаа явуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгч байж үйл ажиллагаа явуулах эрх үүснэ... гэх мэдүүлэг /18-р хх-ийн 148 дугаар хуудас/,

1.42. Говь-ЭКО ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлт:

Адил-Оч ХХК нь өөрийн 6399А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн бусдын эзэмшлийн 1,46га буюу 14630,2м2 талбайд олборлолт явуулж 138610м3 хоосон орон зай үүсгэсэн байна. Энэ талбайд хөрс хуулалтын хэмжээ хамгийн зузаандаа 5м байсан учраас хөрс хуулалтыг 5м-ээр тооцвол 38904,86м3 хөрс хуулсан байна. Эндээс тооцоход хөрс хуулалтаас доош нийт хоосон орон зай нь 99705.8м3 байна. Ухашийн гүн дунджаар 24-24м, хөрс хуулалтаас доош 22м гүн хүртэл дунджаар 12-13м хооронд жонш агуулсан хүдэр үечлэн тогтсон ба уг хоосон орон зайн ойролцоогоор 7,4% буюу 7378.2м3, /19921.2тн/ жонш агуулсан хүдэр, тэрнээс доош 25м хүртэл дунджаар 7-8м хооронд жонш агуулсан хүдрийн эзлэх хувь нэмэгдэж хоосон орон зайн ойролцоогоор 29% нь буюу 29014.4м3, /78338.8тн/ жонш агуулсан хүдэр, нийт 36392.6м3, /98260.1тн/ хүдэр байна. Жонш агуулсан нийт хүдрийн судлуудаас үйлдвэрлэлийн агууламжтай буюу 70%-иас дээш агууламжтай хүдрийн судал нь ойролцоогоор 17% буюу 6186.7м3 /16704.2тн/ байх бөгөөд ийм хэмжээний жоншны хүдэр олборлосон гэж үзэж байна.

Үүнийг анхан шатны зах зээлийн дундаж үнэлгээ буюу Чойр, Бор-Өндөр дахь хүдэр авдаг ченжүүдийн дундаж үнэлгээгээр тооцоход, бага агууламжтай хүдэр буюу ФК80 хүдэр нь 2013 оны ханшаар 3 090 279 73 төгрөг (18500 төг/тонн), 2014 оны ханшаар 3 173 800 129 төгрөг (190000 төг/тонн) үнэ өртөгтэй болж байна.

Уурхай дээрх үнэлгээгээр тооцоход тухайн ашигт малтмалын үнэ нь 70000 төг/тонн байна. Энэ ханшаар тооцоход газар дээрх нийт үнэлгээ нь 1 169 294 000 төгрөг болж байна. гэх дүгнэлт /11 дүгээр хх-ийн 41-46 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 2002 оны Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох,

шүүгдэгч Т-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох,

шүүгдэгч А овгийн Н-н М-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэх дүгнэлтийг,

Хохирогч М.Н-ын өмгөөлөгч Б.Дима нь “хохирогч М.Н-ын зүгээс хиймэр гар хийлгэх 5 000 000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын цалинг 800 000 төгрөгөөр бодож 9 сарын цалингийн нөхөн олговор болох 7 200 000 төгрөг, хэрэглээний зээл 11 681 455 төгрөг нийт 23 881 455 төгрөгийг гэм буруутай хүмүүсээс нэхэмжилж байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын Тамгын газар болон хохирогч Д.У, Иргэний нэхэмжлэгч Билэгт Хайрхан Уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарын өмгөөлөгч Ц.Монгол нь “хохирогч Д.Угийн хохиролын тухайд түүний нөхөр О.Э нь пад тразторт даруулж нас барсан. Өмнөх өмгөөлөгч нь шүүгдэгч Ц-той 8 000 000 төгрөгөөр эвлэрлийн гэрээ гэж хууль бус юм хийсэн. Одоо хохирогч Д.Угийн зүгээс цалингийн зөрүү 21 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг, 18 нас хүртэл нь хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нийт 89 176 200 төгрөгийг шүүгдэгч Ц-оос нэхэмжилж байгаа,

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийн тухайд бол Дундговь аймгийн Өлзийт суманд учирсан хохирол болох 1 168 294 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн “Билэгт-Хайрхан Уул” ХХК нь нөхөн сэргээлтийн 105 913 328 төгрөгийг нэхэмжилж байгаа. Дээрх төлбөрийг шүүгдэгч Ц болон “Адил-Оч” ХХК-иас гаргуулж, “Билэгт- Хайрхан Уул” ХХК-иас харуул хамгаалалт хөлсөлсөн зардал болох 360 000 000 төгрөгийг жич нэхэмжлэхээр нээлттэй орхиж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгч Билэгт Хайрхан Уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь “Шүүгдэгч Ц-оос хохирол болох 1 168 294 000 төгрөг, нөхөн сэргээлтийн 105 913 328 төгрөгийг гаргуулж “Билэгт-Хайрхан Уул” ХХК-нд олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч Б.Батчимэг нь “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Мийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц, Т нарын өмгөөлөгч Г.Баяржаргал “шүүгдэгч Ц нь ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас О.Э-ын амь нас хохирсон, Ц, Т Г нарын ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч М.Н-ын биед гэмтэл учирсан, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэм буруугийн талаар огт дүгнэлт хийгээгүй, О.Э-ын амь нас хохирсон үйлдэлд холбогдуулж мөрдөн байцаалтын шатанд уурхайн дарга Л.Э, өрмийн мастер Б.Г, уулын мастер Б.Б нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролыг нөхөн төлсөн үндэслэлээр /2015 оны/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа энэхүү үйлдэлд Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай байна. Хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс А.Э, Б.Г, Б.Б нарыг энэ хэрэгт яллагдагчаар шалгаж, тэдний гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан байхад дээрхи ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд огт хийгээгүй.

Мөрдөн байцаалтын шатанд Говь Эко ХХК-иас гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна. Үүнийг дахин гаргуулах шаардлагатай байна гэж хүсэлт өгөхөд хүсэлтэд хариу өгөхгүйгээр оролцогч нарын эрхийг хууль бусаар хязгаарласан, мөн Улсын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатаас “хянахад яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл тогтоогдож байхад яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн байх тул прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорын газар буцаан хүргүүлж шийдвэрлэснийг мэдэгдье гэж хариу өгч байхад 18 сарын турш мөрдөн байцаалтанд шалгаж шүүхэл шилжүүлсэн. Яллах дүгнэлтийг шуудангаар явуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг бүдүүлгээр зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 Шүүхээс Ц, Т нарын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Ц нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захиралаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар магадлагаа хийлгэж зохих зөвшөөрөл авсан байна”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажлуулна”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг ажил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын “Хөтөл-Ус 2” гэх газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулж байсан карьерын талбайд бүрэн бус техник, тоног төхөөрөмжийг /жижиг оврын пад тракторыг/ зориулалтын бусаар ашиглаж мэргэжлийн бус жолоодох эрхгүй Б.Г жолоодож, ослын улмаас хохирогч О.Э-ын амь насыг хохироосон болох нь хохирогч Д.Угийн “Талийгаач нөхөр О.Э тракторт дарагдаж нас барсан... Нөхөр маань Дундговь аймгийн Өлзийт суманд байсан уурхайд ажиллаж байгаад амь насаа алдсан. Ингээд тухайн уурхайн удирдлагаас мөн компаниас оршуулгын зардал болон нөхөн олговорт нийт 8 000 000 төгрөгийг гаргаж өгсөн... гэх мэдүүлэг,

гэрч Э.Ц-ын “...Тэгэхэд падын урд шанаган дотор С бид 2 суугаад Э мотор хэсэг дээр суугаад явсан... Би падыг жолоодох ёстой ба Г-г жолоод гэж хэлээгүй. Э, Б нар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан... гэх мэдүүлэг,

гэрч С.С-ын “ ...Тэгээд карерт ордог замаар явж байхад падын араа нь уруу газар мултрах шиг болсон. Тэгээд пад өөрөө уруу газар өөрөө хурдаа аваад хад мөргөх шинжтэй болохоор нь би үсрээд буусан. Тэгээд би газар унаад босоод харахад падын 4 дугуй дээшээ харчихсан Г ах талийгаачийг падын хойд талын хэсэгт дарагдсан байхад нь гаргах гэж оролдож байсан... гэх мэдүүлэг,

гэрч Ц.Дын “2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр карерын хойд талд жонш буталж байсан. Тэгээд манай ажилтан С гүйж ирээд карер дотор паданд хүн дарагдчихлаа босгоё гэхээр нь би экскаватороо жолоодоод осол болсон гэх газар очсон... гэх мэдүүлэг,

гэрч Х.Л-гийн “...Уг тэрэг нь осол гарахаас 2-3 хоногийн өмнө жонш ялгах ажилд гараагүй болохоор ажилд гарах өдөр нь буюу осол болсон өдөр тормоз, шанага зэргийг шалгаж үзсэн зүгээр хэвийн ажиллаж байхаар нь ажилд гаргасан. Уг падыг Ц гэдэг хүн жолоодох эрхтэй... гэх мэдүүлэг,

гэрч М.М-ы “Би “Адил-Оч” ХХК-ийн Хөтөл-Ус 2 уурхайн олборлогчийн ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хийж байна... Уурхайд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг тусгай ажилтан байхгүй... гэх мэдүүлэг,

гэрч Б.Тийн “ ...Уулын мастер, уурхайн дарга нарт зааварчилгаа өгч байх талаар хэлж байсан. Яг одоо энэ талаар хариуцсан тусгай ажилтан манай уурхайд байхгүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан авах гэхэд компаний шаардлагыг хангахуйц хүн олдоогүй, орос хэлтэй гэсэн шаардлага тавьсан юм... гэх мэдүүлэг,

            2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/092/06 дугаартай мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн “..Хэрэгт авагдсан баримтаар осолд өртсөн хүмүүс нь ажлын хувцас, хамгаалах хувцасыг бүрэн хэрэглээгүй, тухайн тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар болон бүрэн бус техник хэрэгсэл ашигласан зэрэг нь тогтоогдож байх тул осолд өртсөн хүмүүс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх, мөн зүйлийн 18.2.3, 18.2.5, 18.2.8, 28.1.1, 28.1.4, 28.1.7 гэсэн заалтуудыг зөрсөн байна...” гэх дүгнэлт, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн 23 дугаартай ослын дүгнэлт, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 14 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ц нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байх” гэснийг зөрчиж, байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг бүрэн хийгээгүйн улмаас  2014 оны 08 дугаар сарын 21-ны өдөр “Адил-Оч” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин Н.М нь тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулж, бригадын даргаар ажиллаж байсан М.Н-н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан, түүний бие махбодид зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь,

шүүгдэгч Т “Адил-Оч” ХХК-ийн жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт хэсгийн орлогч даргаар /бригадын дарга/ ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасныг “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй аижллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын онцлогт нь тохируулж өгөөгүй, зөвхөн гарын үсэг зуруулсны улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт засварчин Н.М нь тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулж, бригадын даргаар ажиллаж байсан М.Н-н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан, түүний бие махбодид зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч М.Н-н “...Ажилдаа гарахад Оросын холбооны улсын иргэн Гриша ирээд цэнхэр бутлуур дээр очоод сээтэг соль гэж хэлсэн... Тэгээд түүний доод талд байсан листийг яаж авах вэ гэж харж байгаад конверийн гинж рүү харсан чинь тасарсан юмуу мултарсан юм шиг харагдахаар нь очоод баруун гараараа конверийн их биенээс бариад зүүн гараараа гинжнээс барьтал араа гинж нь эргээд зүүн гарын 4 хуруу арьсан дээрээ тогтсон...” гэх мэдүүлэг,

            гэрч Ж.О-ийн “Би анх 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий захирал Цийн саналын дагуу “Адил-Оч” ХХК-ийн Чойрын салбарын гаалийн бүрдүүлэгч буюу няраваар томилогдож ирсэн. Тэгээд Чойрын салбарт хөдөлмөр хамгааллын инженер байхгүй байсан ба би өөрийн хариуцлагын үүднээс болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр ажилчдын ажиллах чиг үүргийг болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажилллагааны үүрэг өгч ажилд нь гаргадаг байсан. Яагаад ийм ажил хийсэн гэхээр манай нөхөр Чойр хэсгийн даргын ажил хийж байсан учраас тэгдэг байсан... Т бригадын даргадаа ажил үүргийг амаар өгч болно бичгээр зааварчилгаа өгдөг юм. Тухайн үед ямар ажил гарна бригадын даргыг дуудаж зааварчилгаа өгдөг байсан юм... гэх мэдүүлэг,

            Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 01 дугаартай бүрэлдхүүнтэй шинжээчийн “...Т.Г.Н нь ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн өдрийн хийгдэх ажлын онцлогт тохируулж өгдөггүй, зөвхөн гарын үсэг зуруулж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрмийн MNS 4969:2000 стандартын 4.16 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн “Адил-Оч” ХХК-ийн Ромашка бутлалт ангилалтын цогцолборын дарга Чойр хэсгийн тоног төхөөрөмжийн засварын мастерийн ажлын байрны тодорхойлолтын 2, 11 дэх заалтыг зөрчсөн байна. Ц.В.П нь үйлдвэрийн зориулалтаар тоног төхөөрөмжийнхөө хөдөлгөөнт хэсэг, дохиоллын систем, бүрдэл хэсгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг, мөн тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар баталж мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтуудыг зөрчсөн байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай мэдлэг олгох сургалтыг зохион байгуулагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт болон Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/53 дугаар тушаалыг, Чойр хэсэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтангүй нь Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугар тушаалыг тус тус зөрчсөн байна... гэх дүгнэлт, Улсын Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04/078/28 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захиралаар ажиллаж байхдаа 2012 оноос 2014 оны 06 сар хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус гэх газар MY-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа “Билэгт Хайрхан Уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай руу нэвтэрч хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 105.913.328 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Одгэрэлийн “...Адил-Оч ХХК-ийн хууль бус үйл аижллагааны улмаар учирсан хохирлыг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч М.Агийн “...Говь ЭКО ХХК-ний гаргасан дүгнэлтээр 1.169.294.000 төгрөгний хохирол учруулаад байна. Иймд дээрх хохирлыг төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр тооцогдон ажиллаж байна. Миний зүгээс манай компанид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч Э.Батцэцэг, Д.Эрдэнэтунгалаг, Х.Лхагвабаатар, Б.Хурандаа, шинжээч А.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, Говь-ЭКО ХХК-ний гаргасан шинжээчийн “...Уурхай дээрх үнэлгээгээр тооцоход тухайн ашигт малтмалын үнэ нь 70000 төг/тонн байна. Энэ ханшаар тооцоход газар дээрх нийт үнэлгээ нь 1 169 294 000 төгрөг болж байна...” гэх дүгнэлт,

“ЭкоТрэнд” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...Адил-Оч ХХК нь Билэгт Хайрхан Уул ХХК-ийн ашигт малтмал айх XV-13544 тусгай зөвшөөрлийн талбайд ил аргаар жонш олбордох үйл ажилагаа явуулсны улмаас ил уурхайн олборлолтын болон хөрсний гадаад овоолго байгуулах явцад эдэлбэр газарт нь 1349.3 төгрөгийн, газрын хэвлий хөрсөн бүрхэвчинд 15.826.944 төгрөгний, ургамлан хөмрөгт 78.338.125 төгрөгний, нөхөн сэргээлтэнд 105.913.328 төгрөгний, байгаль орчинд 200.079.746 төгрөгний хохирол учруулсан..., Ил уурхайг нөхөн дүүргэх техникийн нөхөн сэргээлийн зардал 98.059.328 төгрөг, 1.6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхэд 3.432.000 төгрөг, хөрсний гадаад овоолгын 3.6 га талбайн биологийн нөхөн сэргээлтийн ажилд 4.422.000 төгрөг зарцуулагдана. 5.2 га талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн нийт зардал 105.913.328 төгрөг болно.” гэх дүгнэлт,

гэрч Д-н “...Уг талбайд онцгой эрхийнхээ дагуу 43 гектар талбайд Адил-Оч ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 6399А дугаартай тусгай зөвшөөрлийг 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 60 жилийн хугацаатай олгосон байна. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахь жилээ төлбөрөө төлөөгүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын 5976Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас өмнө сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын газарт гаргаагүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсоныг бүртгэсэн байна. ...Нэгэнт хуульд заасан үндэслэлээр 5976Х дугаартай хайгуулын талбайн тусгай зөвшөөрөл хүчингүй болж “Билэгт ХАйрхан Уул” ХХК-д олгогдсон тохиолдолд Адил-Оч ХХК-ийн эзэмшлийн талбай бус болсон учраас Адил-Оч ХХК нь жонш олборлох үйл ажиллагаа огт явуулж болохгүй юм. Адил-Оч ХХК нь ашигт малтмал ашиглалтын 6399А дугаартай талбайдаа жонш олборлох үйл ажиллагаа явуулах ёстой. Адил-Оч ХХК нь ашигт малтмал олборлолтын талбайгаасаа гарсан үйлдэл нь хууль бус юм...” гэх мэдүүлэг, 2015 оны 01 дүгээр сарын 190 дугаартай Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-н хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Н-н М-ийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Учир нь:

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох ёстой. Мөн шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж болохгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ дэх хэсэг нь нэгээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/ дэх хэсэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргүүд юм. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 /Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих/ дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох болон баривчлах ял шийтгэхээр, мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг нь тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заасан байна.

Тухайлбал шүүгдэгч Ц-ийн хувьд хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон. Хэрвээ түүнд 2015 оны Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр бол түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж 2002 оны Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц, Т нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, журмыг хууль тогтоомжид заасны дагуу сахин хангуулаагүй, үүнийг хэрэгжүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүйгээс О.Эын амь нас хохирсон, хохирогч М.Н-ын бие махбодид хүнд гэмтэл учирсан байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлсэн, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг ажил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

Харин шүүгдэгч Т нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй аижллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн байдлаар уг гэмт хэрэг үйлдэгджээ гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Ц, Т нарын өмгөөлөгч Г.Баяржаргал нь мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтанд хавтаст хэрэг ирсэн байхад хүсэлтээ өгч тухай бүр шийдвэрлүүлж байсан талаархи баримтууд хэрэгт авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрхийг хязгааргаарласан гэж үзэх боломжгүй байна.

Говь-Эко ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн талаар шүүгдэгч Ц болон түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нар нь маргаж байгаа боловч тухайн үедээ хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээгүй байна. Мөн Говь-Эко ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Б, Д.Э, Х.Л нарын мэдүүлэгтэй тохирч байх тул дахин шинжээч томилох боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Ц, Т нар яллах дүгнэлтийг шуудангаар гардаж авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Ц, Т нар нь яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай прокурор тэмдэглэл үйлдэж, дуу дүрсний бичлэгээр баталгаажуулсан байх тул шүүхээс өмгөөлөгч Г.Баяржаргалаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Н.М нь “Адил-Оч” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт жонш бутлагчаар ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт “Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчиж, жонш бутлах тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажлуулсны улмаас бригадын даргаар ажиллаж байсан хохирогч М.Н-н зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан, түүний бие махбодид зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хурууны тасрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ц-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар,

хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т Г-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч А овгийн Н-н М-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ц, Т, Н.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. “Адил-Оч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/,

2.2. “Адил-Оч” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /1 дүгээр хх-ийн 158 дугаар хуудас/,

2.3. Шүүгдэгч Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 202 дугаар хуудас/,

2.4. Шүүгдэгч Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 дугаар хх-ийн 197 дугаар хуудас/,

2.5. Шүүгдэгч Н.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 дугаар хх-ийн 196 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялын хугацааг 5 жилээр тогтоох,

шүүгдэгч Т, Н.М нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах саналыг,

Хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын Тамгын газар болон хохирогч Д.У, Иргэний нэхэмжлэгч Билэгт Хайрхан Уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А  нарын өмгөөлөгч Ц.Монгол нь “улсын яллагчтай санал нэг байна хорих ял оноож өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгч Ц, Т нарын өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч Н.М нарын өмгөөлөгч Б.Батчимэг нар нь “2002 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ц, Т, Н.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Ц, Т Г, А овгийн Н-н М нарт холбогдох эрүүгийн 201412000033 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;”, 72.1.2 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар хуульчилсан байна. Шүүгдэгч Ц, Т Г, Н.М нарын үйлдсэн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц, Т, Н.М нар уг хэрэгт цагдан хоригдоогүй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн КАТ-320с маркын шар өнгөтэй 1 ширхэг, тээврийн хэрэгсэл, КАТ-320D маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, DOOSAN-501 маркын улаан шаргал өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз-3 эвдэрсэн бор ногоон өнгийн 23-70 УНЦ, 51-80 УБУ, 61-28 УНД дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл /улсын дугааргүй/, HOWO маркын 61-28 УБЗ дугаартай 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз чиргүүл 1 ширхэг, FAW маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын орчуулагын зардал буюу шүүхийн зардлыг шүүгдэгч Ц, Т, Н.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж заасан, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ц болон “Адил-Оч” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэр бум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөгийг тус тус гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Харин хохирогч М.Н-ын зүгээс хиймэр гар хийлгэх 5 000 000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын цалинг 800 000 төгрөгөөр бодож 9 сарын цалингийн нөхөн олговор болох 7 200 000 төгрөг, хэрэглээний зээл 11 681 455 төгрөг нийт 23 881 455 төгрөгийг, хохирогч Д.У, цалингийн зөрүү 21 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг, 18 нас хүртэл нь хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нийт 89 176 200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн “Билэгт- Хайрхан Уул” ХХК-иас харуул хамгаалалт хөлсөлсөн зардал болох 360 000 000 төгрөгийг жич нэхэмжлэхээр нээлттэй орхиж өгнө үү гэжээ. “Билэгт-Хайрхан Уул” ХХК-иас гарсан харуул хамгаалалтын зардал уг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш байна.

Иргэний нэхэмжлэгч “Билэгт-Хайрхан Уул” ХХК нь харуул хамгаалалтын зардлаа, хохирогч Д.У, М.Н нар нь гэм хорын хохиролоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн гарчиг бүхий дэвтэр 6 ширхэг, уулын ажлын тайлан төлөвлөгөө, ТЭЗҮ гэсэн бичиглэл бүхий 14 хавтас баримтыг шүүгдэгч Ц-д олгож, 2 ширхэг Сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-ийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Н-н М-ийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т Г-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А овгийн Н-н М-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж иргүүлсэн шүүгдэгч Ц, Т, А овгийн Н-н М нарт холбогдох эрүүгийн 201412000033 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Ц, Т Г, Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн КАТ-320с маркын шар өнгөтэй 1 ширхэг, тээврийн хэрэгсэл, КАТ-320D маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, DOOSAN-501 маркын улаан шаргал өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз-3 эвдэрсэн бор ногоон өнгийн 23-70 УНЦ, 51-80 УБУ, 61-28 УНД дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл /улсын дугааргүй/, HOWO маркын 61-28 УБЗ дугаартай 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз чиргүүл 1 ширхэг, FAW маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолын орчуулагын буюу шүүхийн зардлыг шүүгдэгч Ц, Т Г, Н.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Ц болон “Адил-Оч” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэр бум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөгийг тус тус гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

8. Иргэний нэхэмжлэгч “Билэгт-Хайрхан Уул” ХХК нь харуул хамгаалалтын зардлаа, хохирогч Д.У, М.Н нар нь гэм хорын хохиролоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн гарчиг бүхий дэвтэр 6 ширхэг, уулын ажлын тайлан төлөвлөгөө, ТЭЗҮ гэсэн бичиглэл бүхий 14 хавтас баримтыг шүүгдэгч Ц-д олгож, 2 ширхэг Сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц, Т Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах төрлийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ