Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/593

 

 

 

 

                             

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч Г.С

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 000 дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгаар хороолол, 0 гудамж, давхрын 00 дугаар байр 0 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 3; хамтран амьдрагч болон охины хамт 000 дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байрны 00 тоотод оршин суух,

ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 cap хасаж, 2 жил хорих ялаар шийтгүүлснийг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

АБ11111111  дугаарын регистртэй, Х овогт Г. С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.С 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 000 дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод хамтран амьдрагч С.Н биед халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь зовхи, эрүү, бугалга, шуунд цус хуралт, хүзүү, бугуйн үенд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тухайн үед болсон үйл явдлыг цагдаад бүгдийг ярьсан болохоор дахин ярихгүй. Хамтран амьдрагчаа зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Миний данснаас зөвшөөрөлгүй мөнгө авлаа гэснээс болж бид хоёр маргалдсан. Н бид хоёр 2010 оны үед Солонгос улсад байхдаа танилцсан. Дундаасаа нэг охин төрүүлсэн. Одоо 6 настай. Охин Солонгос улсад байхад төрсөн учир ээжээрээ овоглосон юм. Би Н-н  эмчилгээний зардалд гэж 400.000 төгрөг өгсөн гэв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С.Н: “... 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэртээ хамтран амьдрагч С, охин У нарын хамт байж байсан. Гэтэл манай хамтран амьдрагч С нь 19 цагийн орчим гадаа дэлгүүрээс Хараа нэртэй архи 2 билүү 3 шилийг авч уусан. Тэгээд С над руу уурлаад чи миний мөнгийг авсан, би мөнгөө эргүүлж авмаар байна гээд байсан. Би С-н мөнгийг хийсэн картаа хаячихсан тул мөнгө өгч чадахгүй байсан. Би карт байхгүй байна, маргааш чамд Төрийн банкнаас аваад өгье гэж хэлсэн. Тэр мөнгө нь 1.000.000 төгрөг байсан. Тэгээд мөнгөө нэхээд намайг С зодсон. Миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа, толгойн хэсэг 2-3 удаа, шанаа хэсэгт 1 удаа цохиж, хоолойг боосон. Баруун гарын булчин хэсгээс базаад, чирээд байсан. Сүүлдээ хутга гаргаж ирээд намайг айлгаад ална гэж хэлээд хутгаа ширээн дээр зоогоод байсан. Тэгээд С агсам тавьж байгаад 2021 оны 6 дугаар сарын 29-ний 02 цагийн үед унтаад өгсөн. Тэгэхээр нь би охин У-г дагуулаад гарч яваад цагдаа дээр өөрийн биеэр очиж гомдол гаргасан.

Миний хамтран амьдрагч С нь миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж, нүүрэн тус газарт 2 удаа цохиж, хоолойг боож багалзуурдсан, мөн миний баруун гарын булчин хэсгээс атгаад базаад чирээд байсан. Бас намайг ална гээд хутга гаргаж ирээд ширээ цохиж аваад хутгаараа ширээн дээр зоогоод байсан. Би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсондоо л гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулан авах өөр ямар нэгэн санал гомдол байхгүй. Би С-тэй  2010 онд Солонгос улсад танилцаад тэндээ хамт амьдарч байсан бөгөөд С 2015 онд Монгол улсад ирсэн. Харин би 2019 оны 7 дугаар сарын сүүл үед Монгол улсад ирээд үргэлжлүүлэн хамтран амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа 6 настай охинтой. С нь тухайн үед Хараа 0,33 литрийн архи 2 билүү 3 шилийг авч ууcaн байсан. Нэлээн согтолттой байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг өмнө нь нэг удаа цохиж зодож байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын дунд үеэр нэг удаа согтуудаа жижиг гэр бүлийн маргаанаас болж намайг цохиж зодсон. Тухайн үед би цагдаагийн байгууллагад огт мэдэгдээгүй” /хх-н 12/ гэж,

яллагдагч Г.С “... би Н-ийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон бөгөөд тэгээд нэг удаа түлхсэн. Би Н-г цохиж тухайн гэмтлүүдийг учруулснаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би жижиг 200 гр-тай Хараа нэртэй архи уусан. Ууртай бөгөөд сэтгэл хөдлөлтэй байсан болохоор өөрийн мэдэлгүй цохисон байснаа сүүлд нь мэдсэн. Би Н-тэй 2010 оны үед Солонгос улсад ажиллаж амьдарч байх үедээ танилцсан. Тэр цагаас хойш хамтран амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа 6 настай охинтой. Би Монголд 2015 онд ирсэн, Н  2019 оны сүүл үед Монголд ирсэн. Тэгээд одоо болтол хамтран амьдарч байгаа.

Би өмнө нь 2002 онд зам тээврийн осол гаргаж 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан. Тухайн үед манай хүү эхнэрийн өвөр дээр суугаад явж байгаад 1 настай хүү маань нас барсан. Өөрөөр ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” /хх-н 30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой С.Н-н биед зовхи, эрүү, бугалга, шуунд цус хуралт хүзүү, бугуйнд үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...

гэсэн 5780 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 20-21/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүгдэгч Х овогт Г.С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.С-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайлбал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох төрсөн охиныхоо дэргэд эхнэрээ /хамтран амьдрагчаа/ айлган сүрдүүлж зодсон, зодсон шалтгаан нь мөнгө төгрөг авлаа гэдгээр шалтагласныг шүүх анхаарах нь зүйтэй.

Гэвч шүүгдэгч Г.С үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, мөн тэрээр тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлогын эх үүсвэртэй байдаг гэдгээ нотлох үүднээс банк дахь өөрийн дансны хуулгаа нотлох баримтаар гаргасан зэргийг нь харгалзан шүүх энэ удаад түүнд боломж олгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын санкцаас “торгох” ялыг сонгож хэрэглэв.

Өөрөөр хэлбэл улсын яллагчаас шүүгдэгч Г.С-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.С-н хувийн байдалтай холбоотой:

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 49/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 50/, Эд хөрөнгийн лавлагаа /хх-н 36/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ зэрэг бичгийн баримтууд болон

гэрч Л.Ц “... С 1978 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Г бид хоёрын ууган хүү юм. С Дорнод аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг 1985 оноос 1995 оны суралцаж төгссөн, 1999 оноос 2000 он хүртэл Дорнод аймгийн Сүмбэр сум Халх голын хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. 1994 онд А гэж эмэгтэйтэй гэр болж хамт амьдарч байсан. 2001 онд дундаасаа нэг хүү төрсөн ба тэр хүү нь 2002 онд зам тээврийн осолд орж нас барсан. 2006 оноос С Солонгос улсад амьдарч байгаад 2015 онд ирсэн ба 2012 онд А-аас салсан. 2012 онд Н гэж эмэгтэйтэй сууж дундаасаа 6 настай охинтой. С одоо Н-тэй хамтран амьдарч байгаа. Миний хүү бол сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, хүнд итгэмтгий, ажилсаг, цэвэрч нямбай, ажил голдоггүй, ямар нэгэн муу сөрөг зан ааш байхгүй, маш халамжтай сайн эцэг хүн байгаа юм. Зарим нэг үед найз нөхөдтэйгөө нийлж уух, баяр ёслолоор уухаас өөрөөр ямар нэгэн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй” /хх-н 56/ гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд: Хохирогч С.Н “... нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэжээ.

 

Шүүгдэгч Г.С шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Г.С цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г.С-г  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.С-г  650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.С торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Г.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ