Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00611

 

 

 

 

2017 оны 06 сарын 13 өдөр

 155/ШШ2017/00611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 15-06 тоотод оршин суух, РН62071369 дугаар регистртэй, Таваан овогт Тангадын Оюунжаргалын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00532/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Т.Оюунжаргал нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Оюунжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 7 дугаар анги төгсөөд сургуулиас гарч  эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд үхэр сааж эхэлсэн ба 1989 оныг  дуустал сааль сааж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон гарсан тушаал байхгүй, манай сумын нэгдлийн контор 1984 оны сүүлээр шатаж баримтууд устсан тул ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Оюунжаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Т.Оюунжаргал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Т.Оюунжаргалын 1986 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймаг Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн зөвлөлөөс 1981 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон  баярын бичиг, Мал бүхий иргэдээс мах, ноос, сүү заавал нийлүүлэх оногдлын хуудас,

Гэрч Ж.Чинбатын “...Т.Оюунжаргал нь 1981 оноос эхлэн хувьчлалаар нэгдэл тарах хүртэл Хөвсгөл аймаг Улаан-Уул сум “Жаргалант амьдрал” нэгдлийн Мунгараг бригадад саальчнаар ажиллаж байсан. 1981 оны 01 сараас эхлэн 1990 он хүртэл тасрахгүй ажилласан... фермийн үхэр саадаг байсан. Тэр үед 4-5 фермтэй байсан. Мунгараг бригад нь үхэр дагнасан бригад юм... Улаан-Уул сумын архив шатсан учир тушаал цалингийн юм олдохгүй болсон... Би Хөвсгөл аймаг Улаан-Уул сум “Жаргалант амьдрал” нэгдлийн Мунгараг бригадад холбоочин хийж байсан. Хэвлэл сонин тараах ажил юм. 1980 оноос 1990 он хүртэл энэ ажлаа хийж байсан... Оюунжаргалын нөхөр нь фермийн үхэрчин хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхбаярын “...Т.Оюунжаргал нь 1981 оны 01 сараас Хөвсгөл аймаг Улаан-Уул сум “Жаргалант амьдрал” нэгдлийн Мунгараг бригадад саальчнаар 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан. 1990 оноос хувьчлал болж нэгдэл тарсан... фермийн үхэр саадаг байсан. Нэг саальчны норм 15 үнээ байсан. Сар сарын норм төлөвлөгөөтэй байсан... сумын захиргаа хэд хэд шатаад манай сумын хүмүүсийн бичиг баримт олдохгүй болчихсон юм билээ... би Хөвсгөл аймаг Улаан-Уул сум “Жаргалант амьдрал” нэгдэлд 1971 оноос 1990 он дуустал хугацаанд фермийн саальчин, хоньчин зэрэг ажлуудыг тасрахгүй хийж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Т.Оюунжаргалын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, ажиллаж байсан үеийн баримт материал шатаж устсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Тус аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн 1981-1989 оны даргын тушаалд Т.Оюунжаргалыг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул, мөн нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/208 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Жич: 1980-1985 оны цалингийн лавлагааг нэгдлийн санхүүгийн өрөөнд гал гарсны улмаас шатсан...” гэх бичилттэй 11/26 дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984 оны 12 сарын 25-ны өдөр шатаж 610.000 төгрөгний хохирол учирсан галын хэрэг, гал гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж цагдаагийн газар шилжүүлсэн” гэх бичилттэй тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таваан овогт Тангадын Оюунжаргалын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА