Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/594

 

 

 

 

 

 

 

 

   2021          9           20                                      2021/ШЦТ/594                                     

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Б.Ч

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 15-нд Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0000 дүгээр ангийн дотоод хяналтын дарга ажилтай, ам бүл 5; эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Улиастайн 000 тоот түрээсийн байранд амьдарч байгаа гэх, ял шийтгэлгүй,

0000000000 дугаарын регистртэй, Б овогт Б.Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ч 2021 оны 8 дугаар сарын 31-ний орой Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны гадна “гудамжинд ил бие засаж болохгүй гэж хэлсэн хэмээн” хохирогч Г.М-тай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардалд нийт 440.250 төгрөг өгсөн. Мөрдөн шалгах явцад үнэн зөвөөр мэдүүлсэн. Тиймээс нэмж ярих зүйлгүй гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г. М “... 2021 оны 8 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчимд ажлаа тараад Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байр руу гэртээ орох гээд байрныхаа ард талын зогсоолд машинаа байрлуулчхаад замаараа хогийн цэгт хог хаях гэж байхад хажуу талын жижиг машинд 4 хүн архи ууж байсан. Намайг хог хаяж байх хооронд нэг нь бууж ирээд гражийн хажууд хаалга руу бие засахаар нь би “та нар болиоч, наанаа яагаад бие засаад байгаа юм” гэхэд “чи ер нь юу гээд байгаа юм бэ?” гээд заамдаад чирээд хогийн цэгээс зүүн тийшээ явж байхад нэг махлаг залуу машинаасаа бууж ирээд тэр залуугийн гараас бариад зогсож байхад, нөгөө залуу намайг засмал замын хажуугийн хашлага дээр унагаагаад, баруун өвдгөөрөө цээжний зүүн хэсэгт дарж өвдөглөөд дараад суугаад байхаар нь би “би та нарт буруу шаардлага тавиагүй, би настай хүн байна” гэж олон удаа хэлсэн. Тэгээд би “хүн аллаа” гээд нэлээн хэдэн удаа орилсон. Тэгэхэд намайг заамдсан гараа тавихаар нь би урагшаа хэд алхтал тэдний машин байрлалаа өөрчлөөд, урсгал дагуу зогсчихсон байхаар нь би “машины дугаарыг нь тогтоогоод авъя” гэхэд нөгөө залуу “чи ер нь яах гээд байгаа юм” гээд над руу давшилж ирэхээр нь би зугтаагаад зам дагуу гүйхэд араас гүйцэж барьж аваад газар унагахаар нь би тэрнээс салж зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн /хх-н 13-15/ гэж,

гэрч Н. М “... Ч надтай машинаас бууж байраа солих гэж байгаад бие засах гээд гражийн тэнд очоод нэг хүнтэй муудалцаад байсан. Тэгээд очоод харахад нэг хөгшин настай ахыг заамдсан байсан. Салгах гээд очиход настай ах газар унасан байдалтай, харин Ч тухайн хүнийг дарсан байдалтай байсан. Тэгээд би салгасан. Үүний дараа дахиад араас нь хөөгөөд газар унагасан байсан” /хх-н 25-26/ гэж,

гэрч Ө.М “... бид нар машиндаа хоёр шил Эдэн нэртэй 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд архи дуусаад явцгаах болоход Ч бие засах гээд машинаас гарсан. Бид гурав машиндаа сууж байтал хүмүүс чанга чанга дуугараад байх шиг болсон. Ч нэг хүнтэй заамдалцсан байж байсан” /хх-н 28/ гэж,

гэрч Б. Т “... 30 дугаар байрны урд талд гражийн хажууд би өөрийн хамт ажилладаг дүү нар болох М, Ч, М нарын хамт цагаан өнгийн 0000 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор 2 шил Эдэн нэртэй 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Архиа ууж дуусаад Ч бие засах гээд буусан. Гэтэл хэрүүл маргаан болоод байгаа юм шиг чимээ гараад байхаар нь М машинаас буусан. Хэсэг хугацааны дараа машинаа хөдөлгөхөд Ч нэг настай хүнтэй барьцалдаад байж байсан. М салгах гээд зогсож байсан” /хх-н 30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Г.М гэмтэлтэй холбоотойгоор Г.М-н биед зүүн талын VI-IX хавирганы өмнөд хэсгийн хугарал, хүзүү, баруун эгэмд цус хуралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүү, баруун өвдөг, тахимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 0000 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 36-37/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хэргийн газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-9/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 49-50/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 75-86/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б овогт Б.Ч-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ч-д ял оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзав.

Тухайлбал, согтуурсан үедээ нийтийн эзэмшлийн гудамж, талбайд бусдын эд хөрөнгө рүү бие засаж байсан этгээдэд иргэний үүргээ биелүүлж зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө хохирогчийн эрүүл мэндэд хавирганы хугарал бүхий гэмтэл учруулан зодож байгаа шүүгдэгч Б.Ч-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл буюу ялын санкцаас “торгох”, “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” аль тохирох, зохимжтойг нь сонгох нь зүйтэй юм.

 

Гэвч хохирогч Г.М нь  “... эмчилгээний зардлаа бэлнээр хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг /хх-н 109/,

яллагдагч Б.Ч “... би Г.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эдгээр байдлыг минь харгалзан үзэж надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг /хх-н 110/ тус тус гаргаж,

улмаар прокуророос шүүгдэгч Б.Ч-д холбогдох энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Б.Ч-д оногдуулах ялын төрөл /торгох ял/, уг торгох ялын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин шүүгдэгч Б.Ч цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

Шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD дискийг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.Ч-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Ч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ч-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ