| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0185/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/183 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Улсын яллагч С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бэд холбогдох эрүүгийн 2025002520365 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Н.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Н.Бийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Балдандоржид гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Б нь Н.Бээс 40.000 төгрөг өгөхийг шаардаж улмаар аргагүй байдлын улмаас Б.Бын Хаан банкны 5039420583 дугаарын дансанд иргэний үнэмлэх авах мөнгө гэж 40.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн...” гэж Б.Быг гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Н.Бийн “2019 оны 10 сард Цэцэг зочид буудалд бид 5-уул байсан. Бид маргаж цагдаа ирж намайг авч явсан. 6-р микрийн Булгантамир байцаагч дээр очсон. Зөрчлийн хэрэг үүсгэж гомдол гаргасан Номинчимэг бид 2-ыг хуваагаад 100,000 төгрөгийн торгууль төл гэсэн. Би иргэний үнэмлэхээ үлдээгээд 50,000 төгрөг өгсөн. Гэтэл сүүлд нь Булгантамир байцаагч залгаад би 50,000 төгрөг төл Номин-Эрдэнэ олдохгүй байна гээд дансаа өгсөн. Тэгээд би 50,000 төгрөг хийсэн. Иргэний үнэмлэхээ авах гэтэл олдохгүй байсан. Тэгээд 2020 он гарсан би “торгуулийн хуудас” авъяа гэсэн чинь чи ямар ядаргаатай юм гэж уурласан. Би дахин 4 сард ажил дээр нь очоод дансны хуулгаа өгсөн чинь аваад “чи яах гээд байгаа юм бэ, би чиний төлөө зөндөө явсан, бензин тос гээд зардал гарсан”гэх мэтээр янз бүрээр харьцаад байхаар нь би дансаар нь 40,000 төгрөг “иргэний үнэмлэхээ авъяа” гэж шилжүүлсэн. Гэтэл “чи юун мөнгө шилжүүлээд байгаа юм бэ” гэж ярьсан. Би Авилгатай тэмцэх газарт худал мэдүүлсэн, миний буруу ”гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
- Гэрч Б.Бын “...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр санагдаж байна Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3 дугаар микрийн 20 дугаар байранд байх ажлын өрөөндөө зөрчлийн хэргийн холбогдогч Н. Ганзоригтой уулзаж шинжээчийн дүгнэлт танилцуулахад Ганзориг нь Би энэ зөрчлийн хэрэгт чинь ямар ч хамааралгүй, чи намайг шалгаад байна, чи буруу ажиллагаа явуулаад байна гэж надтай маргалдаад өрөөнөөс гараад явсны дараа хэдхэн секундийн дараа ажлын өрөөний хаалгыг тогшихоор нь нээсэн чинь өмнө харж байсан 25 орчим насны эрэгтэй байсан. Тэр эрэгтэй “Май энийг өгч байна гэж өөрийнхөө дансны хуулгыг өгсөн. Тэгэхээр нь би “Чи юу яриад байна гээд өрөөндөө оруулаад чамайг над руу хэн явуулсан талаар асуусан чинь “Би өөрөө танд энийг өгч байна гэж хэлэхээр нь чи сая хаалга тогшоод нээхэд энийг өгч байна гэж чи хэлээ биз дээ чамайг, хэн гэдэг юм, бичиг баримт байна уу, хэн явуулсан юм бэ гэж асуусан чинь иргэний цахим үнэмлэхээ гаргаж өгсөн. Би иргэний үнэмлэхийг харсан чинь өмнө нь зөрчил гаргаж би арга хэмжээ авч байсан Буяннэмэх гэх залуу байсан. Би Буяннэмэхийг “Хоёулаа төв цагдаа оръё чамайг хэн явуулсан юм гэж асуусан чинь Буяннэмэх “Би ажилтай байна, явмаар байна гээд дансны хуулга, иргэний үнэмлэхээ үлдээгээд өрөөнөөс зугтаад гараад явсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед миний данс руу иргэний үнэмлэх авах мөнгө гэх утгатай 40,000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирээд нээх удаагүй Буяннэмэх 99551291 гэх утаснаас миний 95613445 дугаар руу залгаад таньтай уулзаж иргэний үнэмлэхээ авах гэсэн юм гэж хэлсэн. Би тухайн үед би Уурхайчин багийн нутаг дэвсгэрт эргүүл хийгээд явж байсан болохоор өрөөндөө байхгүй байна гэж хэлж утсаа салгасан. 21 цагийн үед би ажлын өрөөндөө ирээд өөрийн 95613445 дугаараас Буяннэмэхийн 99551291 дугаар руу залгаж “Ирж иргэний үнэмлэхээ ав гэсэн чинь Буяннэмэх “Өдөр л надад хэрэг болсон юм, одоо хэрэггүй гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би дахин залгаад “Буяннэмэхээ чи миний данс руу 40,000 төгрөг явуулсан байна, ямар учиртай мөнгө юм бэ гэж тулгаад асуусан чинь Буяннэмэх “Та өөрөө 40,000 төгрөг олоод ир тэгвэл иргэний үнэмлэхийг чинь өгнө гэсэн биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас /
-“...Төрийн банкны 100210000985 дугаартай торгуулийн дансанд 100.000 төгрөгийг тушаахаар гүйлгээний шимтгэл гэж 500 төгрөг хасагддаг. Хэрвээ 100.500 төгрөгийг тушаавал 100.000 төгрөг тушаасан гэж харагддаг. 100.000 төгрөгийг тушаавал 99.500 гэж харагддаг юм. ...Буяннэмэх худлаа мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед манай өрөөнд Буяннэмэх нь Номин-Эрдэнэ гэдэг эмэгтэйд хандаж би чамайг хамт явсан эмэгтэй хүнтэй андуурч алгадсан байна, миний буруу гэж уучлалт гуйсан юм. Тэрнээс биш миний хувьд Буяннэмэхийг 50,000 төгрөгөөр торгоно гэж хэлээгүй. Зөрчлийн тухай хуульд 50.000 төгрөгөөр торгох ямар нэгэн заалт байхгүй, яагаад намайг Буяннэмэх худлаа ярьж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Н.Б нь 2019 оны 10 сарын сүүлээр өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч 100.000 төгрөгөөр торгуулсан мөртөө 2020 оны 03 сард намайг ажлынхаа өрөөнд Ганзориг өмгөөлөгчтэй маргалдсаны дараа орж ирээд миний данс руу сүүлд шилжүүлсэн торгуулийн 50.000 төгрөгийн гүйлгээний хуулгыг гаргаж ирээд энийг өөрт чинь өгч байна гэж хэлж өгчихөөд зугтаагаад өрөөнөөс гарсан. Энэ байдалд дүгнэлт хийхэд Ганзориг гэдэг хүн Буяннэмэхтэй нийлж намайг санаатайгаар гүтгэсэн гэж бодож байна. Тэрнээс биш Буяннэмэхээс ямар нэгэн хувийн асуудлаар холбогдож мөнгө нэхсэн, авсан үйлдэл байхгүй ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-р хуудас/
-“ ...2020 оны 03 сарын дундуур Ганзориг гэдэг өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Тухайн үед Ганзориг гэдэг өмгөөлөгч надтай маргалдаад гараад явсны дараа 2019 оны 10 дугаар сард зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгуулсан Буяннэмэх гэдэг залуу өрөөний хаалга тогшоод гартаа барьчихсан байсан цаасыг надад өгөхдөө “...май энийг өгчих гэж байна гэж хэлсэн Би тэр залууг ямар учиртай залуу юм бэ бичиг баримтаа шалгуул гэж хэлэхэд иргэний цахим үнэмлэхээ гаргаж үзүүлсэн. Үнэмлэхийг шалгахад зөрчлөөр арга хэмжээ авагдаж байсан Буяннэмэх гэдэг нэртэй залуу байсныг мэдсэн. Буяннэмэхээс хэн чамайг явуулсан юм бэ хэсэг зогсож байснаа би өөрөө өгч байгаа юм гэж хэлэхээр нь ...чи сая орж ирээд энийг өгчих гэж байна гэсэн биз дээ ямар учиртай болох талаар цагдаагийн газарт очиж тодруулна гэж хэлэхэд би явлаа гэж хэлээд ажлын өрөөнөөс гараад явсан. Тэр үедээ Буяннэмэх иргэний үнэмлэхээ надад үлдээгээд өрөөнөөс зугтаагаад гарчихсан. Энэ үйл явдал болсноос хойш ойролцоогоор 7 орчим хоногийн дараа эргүүл хийгээд явж байхад миний хаан банкны 5039420583 дугаарын данс руу “иргэний үнэмлэх авах” гэсэн утгатай 40.000 төгрөг орж ирсэн. Би ямар учиртай мөнгө юм бол гэж бодоод эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Буяннэмэх гэх залуу миний утас руу залгаад ...Буяннэмэх байна, иргэний үнэмлэхээ авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед би эрүүлийн үүрэг гүйцэтгэж байна, эргүүл дууссаны дараа холбогдоод уулзана гэж хэлсэн. Тухайн үед миний данс руу шилжүүлсэн гэх 40.000 төгрөгийг хэн гэдэг хүн шилжүүлсэн талаар мэдээгүй байсан. ...тэр хүн миний данс руу санаатайгаар 40.000 төгрөг шилжүүлсэн байж болзошгүй гэж бодоод өөрийнхөө 95613445 дугаарын утаснаас Буяннэмэхийн гар утас руу залгаад ....чи над руу 40.000 төгрөг шилжүүлсэн юм уу гэж асуухад ....тиймээ, та өөрөө надаас мөнгө нэхсэн биз дээ гэж худлаа ярьсан. 2020 оны 03 сарын 23-ны орой ажлынхаа өрөөнд орж ирээд Буяннэмэхийн утас руу залгаж ярьсан бичлэг хийгдсэн байсан гэдгийг 2021 оны 04 сарын дундуур утсаа оролдож байгаад мэдээд DVD дээр хуулж шалгаж байгаа мөрдөгчид гаргаж өгсөн. Бичлэгийн эх хувь нь ажлын гар утас дээр байгаа ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93-94-р хуудас/
-Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, Б.Бын Хаан банкны 5039420583 дугаартай дансны хуулга /хх-ийн 12-13-р хуудас/
-“Нэхсэн мөнгийг чинь өгсөн ш дээ иргэний үнэмлэхээ авья” гэх 99551291 дугаараас ирсэн мессежний гэрэл зураг /1-р хх-ийн 14-р хуудас/
-Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол “...Наранмандахын Буяннэмэх гэх РД:ПЮ94032719 регистрийн дугаартай иргэний үнэмлэх 1 ширхэг, АЕ24600094, АР9262012 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг...” /1-р хх-ийн 17-р хуудас/
-Гэрч Б.Э-ын “...Хэсгийн байцаагч Булгантамир нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн 5200 дугаартай материалыг хүлээн аваад зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зөрчил гаргагч Н.Бийг зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 нэгжээр торгож, шийтгэлийн хуудас бөглөж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Н.Бэд торгуулийн арга хэмжээ авсан талаархи мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/
-Гэрч Д.Мягмарсүрэнгийн “...Мөнгө шилжүүлсэн өдөр миний хүү Нямдоржийн найз Буяннэмэх гэх залуу мөнгөний хэрэг болоод байна гээд 45,000 төгрөг зээлсэн. Ямар шалтгааны улмаас мөнгө зээлсэн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/
-Гэрч Г.Д-ийн “...Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Б.Б нь 0676172 дугаартай шийтгэлийн хуудсаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Бэд 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрийн сангийн хүү торгуулийн дансанд 100.000 төгрөг тушаасан баримт нь байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/
-2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0676172 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн хуудас /1-р хх-ийн 50-р хуудас/
-2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн банкны дансны хуулга /хх- ийн 55-р хуудас/
-Н.Бийн Хаан банкны 5365138074 дугаартай дансны хуулга 2019 \ 2019 оны 11 сарын 04-ний өдөр торгуульд гэж 50.000 төгрөг шилжүүлсэн /хх-ийн 59-р хуудас/
-Д.Мягмарсүрэнгийн Хаан банкны 5093137009 дугаартай дансны хуулга “2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Н.Бийн Хаан банкны 5365138074 дугаартай дансанд 45.000 төгрөг зээл гэж шилжүүлсэн...” /1-р хх-ийн 70-р хуудас/
-Н.Бийн ХААН банкны 5365138074 дугаартай дансны хуулга “...2020 оны 03 сарын 23-ны өдөр иргэний үнэмлэх авах мөнгө гэж 40.000 шилжүүлсэн хуулга ...” /1-р хх-ийн 73-р хуудас/
- Гэрч О.Н-ий “...2019 оны 10 сарын 27-ны орой Н.Б гэдэг залуутай маргалдаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар Буяннэмэхийг аваад явсан. Би архи уугаагүй эрүүл байсан болохоор гэртээ харьсан юм. Маргааш нь Уурхайчин багийн хэсгийн байцаагч Булгантамир гэдэг хүн миний утас руу залгаж дуудсан. Би Булгантамир байцаагчид болсон хэргийн үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн. Зөрчлийн тухай хуульд зааснаар Буяннэмэхийг 100.000 төгрөгөөр торгоно гэж байсан. ...Булгантамир байцаагч намайг торгоогүй. Харин цагдаа дээр байхад Буяннэмэх надад хандаж надад мөнгө байхгүй болохоор торгуулийн 100.000 төгрөгийг 50.000 төгрөгөөр нь хуваагаад хоёулаа өгөх үү гэж хэлсэн. Би Буяннэмэхэд хандаж би ямар ч зөрчил гаргаагүй байж чиний торгуулийн мөнгийг өгөх ёстой юм уу гэж хэлсэн. Миний хувьд цагдаад торгуулийн мөнгө гэж өгөөгүй. Намайг цагдаагаас торгоно гэж хэлээгүй Буяннэмэх худлаа мэдүүлэг өгсөн байна. Булгантамир байцаагч бид хоёрыг тус бүрт нь 50.000 төгрөгөөр торгоно гэж хэлээгүй. Харин Буяннэмэхийг 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-р хуудас/
- Гэрч М.Г-ийн “...Би 2020 оны 03 сард Булгантамир байцаагчийн өрөөнд шинжээчийн дүгнэлттэй танилцах гэж очсон талаар санахгүй байна. 04 сарын эхээр очиж шинжээчийн дүгнэлттэй танилцсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 17-р хуудас/
-Гэрч Б.У-гийн “...иргэдээс торгуулийн мөнгийг төрийн дансанд тушаахад банк хоорондын шимтгэл 500 төгрөг суутгадаг. 100.000 төгрөг тушааж байгаа иргэн шимтгэл 500 төгрөг тушаавал 100.000 төгрөг нь төрийн санд орно. Хэврээ 100.000 төгрөг тушаавал 99.500 төгрөг төрийн санд ороод 500 төгрөгийн шимтгэл авна. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-р хуудас/
-Эрүүгийн 212500043 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтууд /2-р хх-ийн 22-49-р тал/
-Б.Баас гаргаж өгсөн DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 96-97-р хуудас/
-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 102-103-р хуудас/
-2021 оны 05 сарын 31-ний өдрийн 1610 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн самсунг галакси X ковэр 4 загварын гар утасны “дуу хураагуур” хэрэглүүрт хадгалагдаж байх санамж 004 т4а гэсэн нэртэй дуу авианы бичлэгт ямар нэгэн эвлүүлэг, засвар хийгдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн ...дуу авианы бичлэгт харилцан ярилцаж байгаа хүмүүсийн тус бүрийн тасралтгүй ярианы үргэлжлэх хугацаа нь 30 секундээс бага байх тул дуу авиа адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 107-111-р хуудас/
-Гомдол мэдээллийг шалгасан материалд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 116-152-р тал/
-Яллагдагч Н.Бийн 2020 оны 05 сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө би Орхон аймгийн нутаг дэвсгэрт байх Цэцэг төвийн зочид буудалд найз Номинтойгоо маргалдаж, Номин цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн байгууллагаас намайг эрүүлжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь намайг 6-р микрийг хариуцдаг байцаагч ирж аваад 6 микрт байх байрандаа аваачсан, 6-р микрийн байцаагч Булгантамир гэх байцааг Буяннэмэх гэж хэн бэ гэж асуухаар нь би байна гэж хэлсэн чинь, Булгантамир байцаагч “Арчаагүй пяздаа вэ гар чи гээд орцонд миний цээж рүү гараараа 2 удаа цохисон Булгантамир байцаагчийн машинд суугаад Орхон аймгийн Баян-Өндөр сум Зээлд байх гэрт нь очсон Булгантамир байцаагч намайг машинд сууж бай “Би гэрээс юм аваад гараад ирье гээд гэр лүүгээ орсон, Булгантамир байцаагч гэрээсээ гарч ирээд бид хоёр 3-р микрт байх Булгантамирын ажлын өрөөнд ирсэн. Зөрчил гаргасан Номин-Эрдэнэ гэх найзыгаа Булгантамир байцаагч дууд гээд би Номин-Эрдэнийг дуудаж Булгантамир байцаагч Номин-Эрдэнийг надад гомдолтой байгаа талаар асуухад “Номин- Эрдэнэ гомдолгүй гэж Булгантамир байцаагч Номин-Эрдэнэ бид хоёрыг тус бүр 50,000 төгрөгөөр торгохоор болж намайг яваад 50,000 төгрөг олоод ир гээд явуулсан тухайн үед надад мөнгө байхгүй болохоор хуурай ах болох өмгөөлөгч М.Мэндбаяр ахаас 50,000 төгрөг байвал зээлчих, Булгантамир гэх байцаагчид торгуулийн мөнгө өгөх гэсэн юм гэж хэлээд бэлнээр 50,000 төгрөгийг ажлын байранд нь очиж Булгантамир байцаагчид уг мөнгийг аваачиж өгч үнэмлэхээ авъя гэхэд Номин-Эрдэнээс 50,000 төгрөгийг нь авч байж миний үнэмлэхийг өгнө гэхээр нь би яваад өгсөн юм. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны үед Булгантамир байцаагч над руу залгаад “Чи торгуулийн 50,000 төгрөгөө өг гэхээр нь би өгсөн биз дээ гэхэд Номин-Эрдэнэ чинь олдохгүй байна, чи өг гэхээр нь би хуурай ах Мэндбаяр руу яриад торгуулийн мөнгө гэж Мэндбаяр ахаас өөрийн 5365138074 дугаарын дансаар 50,000 төгрөгийг шилжүүлж авсан. Би мөнгөө авчихаад Булгантамир байцаагч руу яриад Булгантамир байцаагчийн 5039420583 дугаартай данс руу Мэндбаяр ахаас авсан мөнгийг шилжүүлсэн тэгээд 2 долоо хоногийн дараа Булгантамирын ажил дээр очиж иргэний үнэмлэхээ авсан. 2020 оны 03-р сарын 05-ны үед Булгантамир байцаагч надаас авсан торгуулийн 100,000 төгрөгийг тушаах ёстой газраа тушаасан эсэх талаар асуух гэж очиж уулзсан юм. Тухайн үед Булгантамир байцаагч над руу уурлаад “Чи юу яриад байгаа юм, иргэний үнэмлэхээ гаргаад ир дээ гээд миний иргэний үнэмлэхийг аваад өмнөх торгуулийн мөнгө чинь дутуу байгаа тэрийгээ өг гээд намайг явуулахгүй, би чамайг 6 цаг саатуулах эрхтэй гээд байхаар нь би хүчээр ажлын өрөөнөөс гараад явсан. Тэгэхдээ би иргэний үнэмлэхээ үлдээгээд гараад яваад өгсөн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Булгантамир байцаагчийн 5039420583 дугаартай данс руу 40,000 төгрөг шилжүүлчихээд Булгантамир байцаагчийн 95613445 дугаар руу ярьж иргэний үнэмлэхээ авах гэсэн юм, иргэний үнэмлэх авах 40,000 төгрөгийг таны данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь Булгантамир байцаагч завгүй гадуур ажилтай байна гэсэн, тэгээд өнөөдрийг хүртэл би иргэний үнэмлэхээ авч чадаагүй. Манай найз Нямдоржийн эцэг Мягмарсүрэн гэх ахаас мөнгөний хэрэг гарлаа гэж хэлээд Булгантамир байцаагчийн данс руу шилжүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 05-ны үед Булгантамир байцаагч ажлын өрөөндөө торгуулийн мөнгө гэж 50,000 төгрөг өгөөрэй гээд миний иргэний үнэмлэхийг хураан авсан. Мэндбаяр нь найз Нямдоржийн төрсөн ах нь юм, тийм болохоор Мэндбаяр ахыг танина.Би бас Мэндбаяр ахын гэрийнх нь хашааг нь 2019 оны 06 дугаар сард барьж өгч байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 26-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Үйл баримт: Шүүгдэгч Н.Буянэмэх нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Авилгатай тэмцэх газарт “...миний мөнгийг хувьдаа авсан болохыг мэдээд мөнгөө авахаар очтол иргэний үнэмлэхээ өг гэж хураан аваад дахиад 50,000 төгрөгний торгууль төл,би чамайг 6 цаг саатуулах эрхтэй гэх мэтээр дарамталсан.Би түүний нэхсэн мөнгийг хайж хэд хоноод 40,000 төгрөг олж түүний данс руу мөн шилжүүлсэн...Хэсгийн байцаагч гэх Булгантамирын мөнгө нэхэж авсан үйлдлийг шалган хуулийн хариуцлага хүлээлгэнэ үү” гэсэн утгатай гомдол гаргасны дараа 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Балдандоржид гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Б нь 40,000 төгрөг өгөхийг шаардаж улмаар аргагүй байдлын улмаас Б.Бын Хаан банкны 5039420583 дугаарын дансанд иргэний үнэмлэх авах мөнгө гэж 40,000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагчийн мэдүүлэг,гэрчүүдийн мэдүүлэг,бичмэл нотлох баримтууд, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,бусад баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны шөнө зочид буудалд зөрчил гаргаж уг зөрчилд нь хэсгийн байцаагч Булгантамир Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 нэгжээр торгох арга хэмжээ авсаны дараа 2020 оны 03 сарын 23-ны өдөр хэсгийн байцаагч Булгантамирын Хаан банкны 5039420583 дугаарын данс руу “иргэний үнэмлэх авах мөнгө” гэж 40,000 шилжүүлж “Б.Б нь 40,000 төгрөг өгөхийг шаардаж аргагүй байдлын улмаас шилжүүлж өгсөн” гэж зориуд худал мэдүүлж,бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн болох нь гэрч Б.Эрдэнэ-Очирын “...Хэсгийн байцаагч Булгантамир нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн 5200 дугаартай материалыг хүлээн аваад зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зөрчил гаргагч Н.Бийг зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 нэгжээр торгож, шийтгэлийн хуудас бөглөж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Н.Бэд торгуулийн арга хэмжээ авсан талаархи мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/ ,гэрч Д.Мягмарсүрэнгийн “...Мөнгө шилжүүлсэн өдөр миний хүү Нямдоржийн найз Буяннэмэх гэх залуу мөнгөний хэрэг болоод байна гээд 45,000 төгрөг зээлсэн. Ямар шалтгааны улмаас мөнгө зээлсэн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р хуудас/,гэрч Г.Дамчаагийн “...Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Б.Б нь 0676172 дугаартай шийтгэлийн хуудсаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Бэд 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрийн сангийн хүү торгуулийн дансанд 100,000 төгрөг тушаасан баримт нь байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37- 38-р хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0676172 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн хуудас /1-р хх-ийн 50-р хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн банкны дансны хуулга /хх- ийн 55-р хуудас/, Н.Бийн Хаан банкны 5365138074 дугаартай дансны хуулга 2019 оны 11 сарын 04-ний өдөр торгуульд гэж 50.000 төгрөг шилжүүлсэн тухай /хх-ийн 59-р хуудас/, Д.Мягмарсүрэнгийн Хаан банкны 5093137009 дугаартай дансны хуулга “2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Н.Бийн Хаан банкны 5365138074 дугаартай дансанд 45.000 төгрөг зээл гэж шилжүүлсэн...” /1-р хх-ийн 70-р хуудас/,Н.Бийн ХААН банкны 5365138074 дугаартай дансны хуулга “...2020 оны 03 сарын 23-ны өдөр иргэний үнэмлэх авах мөнгө гэж 40.000 шилжүүлсэн хуулга ...” /1-р хх-ийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, эргэлзээгүй, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлээгүй боловч шүүх хуралдаанд үйл баримт, гэм буруутай эсэх талаараа маргахгүй гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Н.Бийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжтэй, бусдыг зориуд гэмт хэрэгт худал мэдүүлж гүтгэсэн нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, санаатай үйлдсэн нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Балдандоржид гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Б нь Н.Бээс 40.000 төгрөг өгөхийг шаардаж улмаар аргагүй байдлын улмаас Б.Бын Хаан банкны 5039420583 дугаарын дансанд иргэний үнэмлэх авах мөнгө гэж 40.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн...” гэж Б.Быг гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байна. Болоогүй зүйлийг болсон мэтээр гүтгэж мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай гэж,
- шүүгдэгчийн өмгөөлөгч:шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа боловч яагаад худал мэдүүлэх болов гэдгийг шүүх анхаарна уу. Булгантамир байцаагч нь торгуулийн хуудсыг нь өгөхгүй байсан. Буяннэмэхийн гарын үсгийг зөрчлийн материалд хуурамчаар зурж баримт бүрдүүлсэн. Зүй бусаар харьцсан байдаг. Бензиний мөнгө гэж ярьсан байдаг. Тэгээд 40,000 төгрөг шилжүүлсэн боловч иргэний үнэмлэхийг нь өгөөгүй. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж санал дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэгт гүтгэж зориуд худал мэдүүлсэн байх тул хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд эрх бүхий албан тушаалтны зүй бус үйлдэл гаргасан эсэх нь шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Шүүгдэгчийн “бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж гүтгэсэн үйлдэл нь эрх бүхий албан тушаалтан зүй бусаар харьцсан зэргээс үл хамааран Эрүүгийн хуулиар хамгаалсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд энэ талаархи өмгөөлөгчийн тайлбар үндэслэл муутай байна.
Шүүгдэгч Н.Бийн гэм буруутай үйлдэл нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч 2020 оны 3 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хуульд хүчинтөгөлдөр үйлчилж байгаа ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор оногдуулах нь хууль хэрэглээний хувьд зөрчилгүй гэж үзнэ. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээгээгүй тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх журмыг хэрэглэх үндэслэлд хамаарахгүй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дархад овогт Наранмандахын Буяннэмэхийн /ПЮ94032719/-тай иргэний үнэмлэх 1 ширхэг, АЕ2460094 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АF9262012 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа газар болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бэд оногдуулсан ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Бэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Н.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д овогт Н.Б иргэний үнэмлэх 1 ширхэг, АЕ2460094 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АF9262012 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ