Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/601

 

 

 

 

 

 

 

 

   2021          9             21                                   2021/ШЦТ/601                                     

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч Т.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 15-нд  Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, Баянгол дүүрэг 00 дүгээр хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00 дугаар байр, 000 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 3, нөхөр, охины хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00  дугаар байр, 000 тоотыг түрээслэн амьдардаг, ял шийтгэлгүй,

0000000000 дугаарын регистртэй, Б овогт Т. О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.О 2021 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө хохирогч Ц.Б-н ХААН банкны 0000000000 данснаас нийт 2.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн хажууд байх АТМ төхөөрөмжөөс  авсан буюу бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Тухайн үед би хохирогч Б-н картаас 2 сая төгрөг авсан. Тэгээд 1 сая төгрөгийг нь хүнд үлдээгээд 1 сая төгрөгийг нь авч явсан. Буруу зүйл хийжээ гэдгээ дараа нь ойлгож ухаараад авсан 1 сая төгрөгийг 2 хувааж хохирогчид буцааж өгсөн. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцоход надад татгалзах зүйл байхгүй. Би хэргийн учир байдлыг ойлгож байгаа гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Ц.Б “... 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нутгийн дүү болох А өөрийн нэг найзтайгаа хамт манай ажил дээр буюу ТЭЦ 3-ын эсрэг талын цайны газарт ирсэн. Тэр хоёр над дээр ирээд юм ярьж байтал А-н найз О гэх эмэгтэй нөхөртэйгөө хамт ирсэн. Бид хэд манай ажлаас гараад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кёкшюү зочид буудалд өрөө авч архи ууцгаасан. Архи ууж байгаад би согтоод унтаад өглөө сэртэл А таны картыг О авч яваад 2.000.000 төгрөг авчихсан байна гээд 200.000 төгрөгөөр нь хоол захиалсан, 1.000.000 төгрөгийг нь надад үлдээсэн гээд надад 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд А О руу Б-н мөнгийг буцааж өг гээд уурлатал О 480.000 төгрөгийг миний дансанд хийсэн бөгөөд 520.000 төгрөгийг маргааш өгнө гэж хэлээд энэ өдрөөс хойш О утсаа авахаа больж дахин холбогдоогүй тул цагдаад хандсан. /хх-н 13/

О надаас хулгай хийсэн 1.000.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгосон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-н 15-16/ гэж,

яллагдагч Т. О “... 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр А руу залгаад хаана байгаа талаар асуухад би Б ахын ажил буюу ТЭЦ 3-ын эсрэг талд байх цайны газар архи уугаад сууж байна, чи хүрээд ир гэж дуудахаар нь би зөвшөөрч 17 цагийн үед очиход Б, А нар байсан. Бид гурав нэг цаг гаруй сууж архи ууцгаасан. Тэндээс гараад дэлгүүр орж 0,75 л хэмжээ бүхий 2 шил “Едэн” нэртэй архи, ундаа зэргийг аваад Кёкшюү нэртэй зочид буудалд орсон. Тэнд А, Б бид нар ороод авсан архиа ууцгаасан. Би Б ахад хандаж “надад мөнгө хэрэг болоод байна, та надад мөнгө зээлэх юм уу” гэсэн чинь Б ах надад хандан “тэр яахав, дараа болно ш дээ” гэж хэлсэн. Би нэлээд архи уугаад согтсон байсан. Нэг ухаан орсон чинь Б ах унтаж байхаар нь түүний ХААН банкны картыг түүнд хэлэлгүй авч гараад Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хажууд байх ХААН банкны АТМ-ээс Б-н картыг уншуулж 2.000.000 төгрөг бэлнээр авсан. Буцаж орж ирээд А-д хандан “... би сая Б-н картаас 2.000.000 төгрөг авчихлаа, чи энэ 1.000.000 төгрөгийг ав” гэж хэлээд түүнд 1.000.000 төгрөг өгсөн чинь А надад хандан “... чи яах гэж хүний данснаас ийм их мөнгө авч байгаа юм бэ, бөөн юм болно ш дээ, маргааш данс руу нь буцааж хийхгүй бол болохгүй шүү” гэж хэлэхээр нь би явлаа гэж хэлээд Б-н 1.000.000 төгрөгийг нь аваад гэртээ харьсан. 2021 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 11 цагийн үед Б залгаад надад хандаж “... чи яагаад миний зөвшөөрөлгүй данснаас мөнгө авсан юм, чи наад мөнгөө аваад ир гэж хэлсэн. Би таны 1.000.000 төгрөгөөр байрны түрээс төлсөн, үлдэгдэл 480.000 төгрөг нь байна, энэ мөнгийг таны данс руу чинь хийе гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 11 цаг 45 минутад “ХААН банкны 0000000000 дансны дугаартай Б” гэсэн данс руу 480.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “ХААН банкны 0000000000 дансны дугаартай Б” гэсэн данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 70.000 төгрөгөө би өгсөн. Би Б-н картаас хулгай хийсэн мөнгөө бүгдийг нь түүнд буцааж өгсөн. Өөрийн хийсэн зүйлдээ маш ихээр гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй, хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул Өршөөлийн тухай хуульд багтааж өгнө үү” /хх-н 36/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Т.О-д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр хохирогч Ц.Б-г согтуурсан үед буюу орчноо мэдрэх чадваргүй байхад нь түүний ХААН банкны картыг авч, улмаар АTM машинаас 2 сая төгрөг авсан гэмт үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангаж байна.

Мөн тэрээр хулгайлж авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг өөрийн хэрэгцээнд зарцуулах бодит бололцоог бий болгосноор “хулгайлах” гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж дүгнээд

шүүгдэгч Б овогт Т.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.О-н үйлдсэн “хулгайлах” гэмт хэрэг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө 2021 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө үйлдэгджээ.

Гэвч гэм буруутай этгээдийн хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулах ажиллагаа 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 70.000 төгрөгийг төлснөөр дуусгавар болж /хх-н 60/, хяналтын прокурор 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Үүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Хуулийн энэ үзэл баримтлал нь хэрвээ “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж зөвхөн “хорих” ялаар шийтгүүлсэн тохиолдолд л “зорчих эрхийг хязгаарлах” ялаар солих гэсэн ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хорих” ялаас өөр төрлийн /нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах/ ялаар шийтгүүлсэн тохиолдолд тухайн ялтны ялыг Өршөөлийн хуульд хамааруулахгүй /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, Ялаас өршөөн хасах, Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зэргийг/ гэсэн санаа юм.

 

Иймд шүүгдэгч Т.О-д холбогдох хэрэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх шаардлагагүй байсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.О-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хохирогчийн зүй бус үйлдэл /шүүгдэгчтэй зочид буудалд байрлаж, хамтран архидсан/ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үүнд: үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлж барагдуулсан, түүнчлэн түүний эрүүл мэндийн байдал (хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группт байдаг /хх-н 57/ гэх) зэргийг харгалзаад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгов.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.О-н хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/, Эд хөрөнгийн лавлагаа /хх-н 56/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-н 57/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ц.Б “... О надаас хулгай хийсэн 1.000.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгосон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-н 15-16/ гэж,

шүүхээс түүнтэй холбогдоход “... би шүүх хуралдаанд оролцохгүй, О миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэж хэлсэн байна.

 

Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Т.О цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т. О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О-г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Т.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Т.О зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Т.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.О урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ