| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******атчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2117000000077 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Г аймгийн С сум дугаар баг, Х дугаар гудамжны ............... тоотод албан ёсны хаягтай, /одоо Г аймгийн С сум дугаар баг, Б дугаар гудамжны .......... тоотод түр оршин суух,/ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И овогт Б-н Б /РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мухарын худаг гэх газар 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед А.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, 2-3 удаа тонгорч унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний уналт, баруун нүдний зовхинд, духны баруун тал, баруун хацар, эрүүгээр, оочинд, дээд, доод уруулын дотор салстанд, баруун шуунд, зүүн бугалганд, зүүн бөөрний байрлалд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мухарын худаг гэх газар 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед А.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, 2-3 удаа тонгорч унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний уналт, баруун нүдний зовхинд, духны баруун тал, баруун хацар, эрүүгээр, оочинд, дээд, доод уруулын дотор салстанд, баруун шуунд, зүүн бугалганд, зүүн бөөрний байрлалд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: гэв.
1.2. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 08-ны өглөө унтаж байгаад гэрээсээ 09 цагийн үед гараад малаа бэлчээрт нь гаргачихаад хэдэн адуугаа хайж яваад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Мухарын худаг гэх газар хонь тууж явсан түнтэй таарсан юм. Манайх Сүмбэр сумын 3 дугаар багт мал малладаг боловч тухайн үед отроор Сүмбэр сумын 6 дугаар багт явж байсан юм. Тэр хүн нь тус багийн малчин Б-т гээд миний зүс таних хүн байсан. Тэгээд бид 2 уулзаад ойр зуурын юм ярьж байгаад би өглөө гэрээс гарахдаа авч гарсан 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд Б-т бид 2 хувааж уусан. Тухайн үед цаг 11 цаг болж байсан. Тэгээд бид 2 архиа ууж дуусгаад өмнө өдөр нь манай хэдэн адууг худгаас хөөсөн байсан юм. Тэрийг нь хэлж маргалдаж байгаад согтуудаа зодчихсон. Би Б-тын ганц нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохиод босож байгаад ганц нэг удаа тонгорч унагасан.Б-т нэлээд согтсон байсан учир эсэргүүцэл үзүүлээгүй. Намайг зодож цохисон асуудал байхгүй. Тэгээд би морио унаад яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Би нүүрэнд нь цохихдоо 2 шүдийг унагаачихсан юм байна лээ. Бас 2 хиймэл шүд байсан тэр 2 бас хамт уначихсан байсан. Биед нь ганц нэг шалбархай үүссэн байх шиг байсан. Тонгорч унагаах үед үүссэн байх. Бид 2 нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи уусан. Өөр архи уугаагүй. Би уугаагүй байсан. Харин А.Б-т өмнө өдөр уусан дотор муу байна гэж байсан. Намайг бага байхаас Бужгаа гэж дуудаад сурсан юм. Одоо хамаатан садан таньж мэдэх хүмүүс Бужгаа гэж дууддаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
1.3. Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 06 цаг өнгөрч байхад гэрээсээ малаа услах гээд гарсан юм. Худаг дээрээ очоод малаа усалчихаад хонио туугаад худгаас урагшхан явж байсан юм. Тэр үед 11 цаг болж байсан байхаа. Бужгаа гэж дууддаг. Б гэж залуу ирээд надтай юм ярьж сууж байгаад Б 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд бид 2 хувааж уусан. Тэгээд юм ярьж байгаад хоорондоо маргалдаж байгаад муудалцаад намайг гараараа нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж унагаасан. Тэгээд би босоод ирсэн чинь барьж аваад тонгорч унагаагаад байсан. Тэгээд яаж байгаа юм бэ? гэсэн чинь юм хэлэхгүй байж байгаад яваад өгсөн. Би босоод хонио бэлчээр т нь гаргачихаад гэртээ ирээд унтаад өгсөн. Эхнэр надаас яасан юм бэ? гээд асуугаад байхаар нь хүн хэрэгт хийж магадгүй гэж бодоод эхнэртээ юм хэлээгүй унтаад өгсөн. Унтаж байх хооронд эхнэр эмнэлэг дуудсан юм байна лээ. Нэг сэрсэн чинь эмнэлэг ирээд сэрээсэн. Тэгээд эмч надаас юу болсон талаар асуухаар нь би Бужгаа гэж залуу намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд Чойрын эмнэлэг дээр ирээд үзүүлсэн. Чойрын эмнэлгээс цагдаад мэдэгдсэн байсан. Би үзүүлэх гээд эмнэлгийн гадаа зогсож байхдаа эхнэр Эхбаярт Бужгаа буюу Б-д зодуулсан талаараа хэлсэн. Миний үүдэн 4-н шүд унасан. 2 шүд нь хиймэл шүд байсан. Тэр шүдээ 2 жилийн өмнө хийлгэж байсан юм. Бас баруун нүд хөхөрч нүүр хэсгээр ганц нэг газар шалбарсан байсан. Эдгээр гэмтлийг Б надад учруулсан. Өмнө зүгээр байсан. Өөр гэмтэл учраагүй. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 6 дугаар баг, Мухрын худаг гэх газар малын бэлчээр дээр зодсон. Юунаас болж зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Архи уугаад согтуудаа л зодсон байхаа. Намайг зодох шалтгаан уул нь байгаагүй баймаар юм. Би Б-д гар хүрч зодсон асуудал байхгүй. Надад гомдол санал байхгүй гэхдээ биед учирсан хохирлынхоо эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ. Одоогоор эмчилгээ хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Эмчилгээ хийлгээд баримтаа гаргаж өгнө.
Б миний хохирлыг бүрэн барагдуулсан. Буйландаа өрөмдөж тогтоодог 2 шүд хийлгэхэд 1 300 000 төгрөг болно гэсэн. Тэр мөнгийг би бэлнээр Баас авсан байгаа. Одоогоор шүдээ хийлгэж амжаагүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9 дүгээр хуудас/,
1.4. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 06 цаг өнгөрч байхад манай нөхөр Б-т нь малаа усална гэж гэрээсээ гараад явсан. Тэгээд гэртээ ирэхгүй байхаар нь хайгаад худаг дээр болон өвөлжөөний худаг дээр хайгаад олдоогүй. Хаанаас хайхаа мэдэхгүй гэртээ харьсан. 12 цагийн үед байхаа манай нөхөр Б-т нүүр ам нь шалбараад амнаас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд яасан гэсэн дуугарахгүй хэвтээд өгсөн. Архи бол уусан байсан. Би юм хэдэхгүй байхаар нь мотоциклоосоо оочсон юм байна гэж бодоод Чойроос эмнэлэг дуудсан юм. Надад юм хэлэхгүй хэвтээд байсан. Тэгээд 14 цагийн үед Чойроос эмч ирээд манай нөхрийг үзээд мотоциклоос оочоогүй юм шиг байна. Шүд нь хугарсан байна. Хүн зодуулсан юм биш үү? гэсэн чинь манай нөхөр Бужгаа гэж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/залуу зодсон гэж эмчид хэлж байхыг нь сонссон. Тэгээд Чойр авч явна гээд Чойр дээр ирсэн. Би бас хамт ирсэн юм. Манай нөхрийг эмч нь аваад орсон. Би эмнэлгийн гадаа байж байсан чинь эмч нь утсаар яриад та нөхрөө байлгаж байгаарай. Рентген зураг авна шүү гэсэн. Тэгээд манай нөхөр эмнэлгээс гарч ирээд зураг авхуулах гээд хүлээж байхдаа Бужгаа намайг зодсон. Гараараа 2-3 удаа цохиж унагаагаад босоод ирсэн чинь намайг барьж аваад тонгорч унагаагаад байсан гэж хэлээд шүдээ надад харуулсан. Манай нөрийн урд 2 шүд нь хиймэл бусад эрүүл шүд байсан юм. Тэгээд эмнэлгээс цагдаа дуудсан гээд цагдаа ирсэн байсан. Надад Бужгаа, Тарваа гэж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, Шижир гэх хүмүүстэй уусан гэж хэлсэн. Бараг 2 шүд унасан байсан байхаа. Хиймэл шүдтэйгээ 4 шүд унасан байсан. Хамар нүүр хэсгээрээ шалбараад зүүн гарын булчин нь хөхөрсөн байсан. Манай нөхөр гэрээс гарахдаа зүгээр гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
1.5. Гэрч И.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад орой 14 цаг өнгөрч байхад Сүмбэр сумын 6 дугаар багт мотоциклоос унасан хүн байна гэсэн алсын дуудлага ирээд явсан. Тэгээд Сүмбэр сумын 6 дугаар баг, Өвөл дэлгэрийн бууц гэх газарт айлд ирсэн. Тэгээд гэрт орж очиход гэртээ нэг залуу унтаж байсан. Эхнэрээс нь юу болсон талаар ярина уу гэсэн чинь манай нөхөр 12 цагийн үед ам хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд унтаад өгсөн. Тэгээд сэрэхгүй байхаар нь мотоциклоосоо ойчсон юм байх гээд дуудлага өгсөн юм. Тэгээд тухайн залууг сэрээсэн чинь амнаас нь архи үнэртэж байсан бас амнаас нь цус гарсан, нүүр ам нь шалбарсан байхаар нь та яасан юм бэ? гээд асуусан чинь би хүнд зодуулсан гэж хэлсэн. Хэн юм бэ? гэсэн чинь Бужгаа гэх залууд зодуулсан. Би хамт архи ууж байгаад хүний дүргүйг хүргэсэн юм байхдаа гээд байсан. Тэгээд эмнэлэг авч явах шаардлагатай гээд эмнэлэг дээр авчирсан. эмнэлэгт авчрах гээд явж байхдаа шүд уначихсан гээд харуулж байсан. Яг хэдэн шүд унасан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд рентген зураг авхуулах шаардлагатай гээд 103 хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
1.6. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаартай дүгнэлтэд:
- А.Б-тын биед баруун дээд 3-р шүд, зүүн дээд 1-р шүдний уналт, баруун нүдний зовхинд, духны баруун тал, баруун хацар, эрүүгээр, оочинд, дээд, доод уруулын дотор салстад, баруун шуунд, зүүн бугалганд, зүүн бөөрний байрлалд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний уналт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
1.7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 204 дугаартай дүгнэлтэд:
- ******* биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/,
1.8. Хохирогч А.Б-тын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-32 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч А.Б-т нар нь мал аж ахуйгаас болж хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/,
2.2. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэнийн үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн өмчлөлийн лавлагаа /хх-ийн 36, 37, 43 дугаар хуудас/
2.3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/
2.4. Гэрч *******атчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай ах ******* нь багаасаа мал маллаж хүмүүжсэн. Сургуульд сураагүй. Цэргийн алба хаасан яг хаана хаасан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Эхнэр хүүхэд байхгүй. Ганцаараа мал маллаж амьдардаг. 7 хүүхэдтэй айлын том хүү байгаа юм. Архи дарс нээх уугаад байдаггүй. Хаа ганц уудаг байх. Саяхан архи уугаад хүн зодсон гэж сонссон. Өмнө нь ямар нэгэн хэрэг өвөгт орж байсан удаа байхгүй. Ах дүү нарынхаа дунд нэр хүнд сайтай төлөв даруу зантай, их тайван хүн байгаа юм. Манай ахыг багаас нь Бужгаа гэж дуудаад сурсан. Бүтэн нэрийг нь Б гэдэг юм гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б-н Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ