| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт С-н Б-д холбогдох эрүүгийн 2117000000078 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 01 дүгээр сарын 28-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С дүгээр баг, А....... дүгээр гудамжны ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Х овогт С-н Б /РД:.............../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч *******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг, Аяганы хонхрын 4-2 тоот хашаанд байрлах амбаар дотор 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цэнхэр өнгийн иштэй, 11 см урт бариултай, 13.5 см ажлын хэсэгтэй хайчаар баруун эгэмний доод талд, зүүн чихэнд тус тус дүрж эрүүл мэндэд нь өвчүүний дээд хэсэг, зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч *******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг, Аяганы хонхрын 4-2 тоот хашаанд байрлах амбаар дотор 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед хохирогч Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цэнхэр өнгийн иштэй, 11 см урт бариултай, 13.5 см ажлын хэсэгтэй хайчаар баруун эгэмний доод талд, зүүн чихэнд тус тус дүрж эрүүл мэндэд нь өвчүүний дээд хэсэг, зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч *******нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугар сарын 13-ны өдөр 09 цагийн үед Аяганы хонхорт байдаг дэлгүүрийн гадаа Б-тай таараад хамт архи уух уу? гэж асуутал Б би адуунд явах гээд завгүй байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд намайг өдөр 15 цагийн үед гэртээ согтуу унтаж байхад Б хүрч ирээд надаас юм гуйгаад байсан. Би согтуу байсан болохоор юу гуйгаад байгааг нь сайн ойлгоогүй гэхдээ би бодохдоо надаас архи, тамхи гуйгаад байна гэж бодсон. Тэгээд би гуйгаад байгаа юм чинь надад байхгүй ээ гэж хэлтэл та юм гуйх болохоороо зөндөө юм гуйж авдаг мөртлөө юм өгөх болохоор өгч чаддаггүй гэж хэлээд Б манай амбаарын орон дээр байсан ундааны тагийг над руу авч шидээд босоод ирсэн. Тэгэхээр нь би чамд дээрэлхүүлэхгүй шүү гэж хэлээд Б-ын баруун эгэм рүү хайчаар дүрсэн. Тэгээд доошоо орон дээр суухаар нь зүүн чих рүү нь бас хайчаар дүрсэн юм. Тэгтэл манай хүү Г гаднаас орж ирээд миний гарт байсан хайчийг булааж авсан. Тэгээд Б ч манай хашаанаас гараад гүйсэн. Төд удалгүй цагдаа нар ирээд намайг хэлтэс рүү аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Дундговь аймгийн Баянжаргалан суманд амьдардаг 10-аад хоногийн өмнөөс Чойрын төвөөс баруун тийш 1 км газар адуугаа туугаад отроор ирчихсэн байгаа юм. 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 09 цагийн үед Аяганы хонхорт байдаг дэлгүүрээс тамхи авчихаад явж байтал Б-тэй дэлгүүрийн гадаа таарсан юм. Тэгтэл Б намайг ганц юм /архи/ аваад өгчих гэж гуйхаар нь би надад мөнгө байхгүй байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд өдөр 15 цагийн үед хөдөө Чойрын төвөөс баруун тийш 3 км газар явж байтал мотоцикл эвдрээд суучихаар нь замын хүний унаанд дайгдаж Б-нд ирээд гэр лүү нь ортол гэрийнх нь гадаа эхнэр Н байсан ба Б ах байна уу? гэж асуутал байна гэж хэлсэн. Тэгээд гэрийнх нь хойно байдаг амбаарын гадаа очиход Б ах амбаарынхаа гадаа байж байсан ба амбаар руу нь би түрүүлж ороод орон дээр нь сууж байхад Б гаднаас орж ирэхээр нь 19-ийн түлхүүр байна уу? мотоцикл хөдөө суучихлаа гэж хэлтэл Б чи түлхүүр хэрэг болохоор гуйж ирдэг, ганц юм /архи/ аваад өгчих гэхээр авч өгдөггүй гэж хэлээд эргэж хараад хайчаар баруун эгэмний доод талд дүрсэн. Тэгээд зугтах гэтэл зүүн чихний хавьд бас хайчаар дүрсэн. Тухайн үед урд гэрт байсан Б-н хүү Г орж ирээд Б-н гарт байсан хайчийг булааж авч байх шиг байсан. Тэгээд амбаараас гараад зүүн тийшээ зугтаасан. Замд хүнтэй таарсан үгүйгээ мэдэхгүй байна. Тэгээд өмхий туурын тэнд явж байхад цагдаа ирсэн. 2-3 жилийн өмнө нь Б Дундговь аймгийн Баянжаргаланд байдаг байсан болохоор нь танина. Садан төрлийн холбоо байхгүй. Б тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед Б-н хүү Г, эхнэр Н нар байсан. Би Б-г буцаагаад цохисон зүйл байхгүй. Хайч нь цэнхэр өнгийн иштэй хайч байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
1.4. Гэрч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед манай машины дугуй хагарсан байхаар нь би урд талын эгнээнд байдаг Г гэдэг айлаас насосыг нь гуйж аваад өөрийн том хүү болох Г-ын хамт машиныхаа дугуйг хийлж байхад Б гэдэг зүс мэдэх хүн хүрч ирээд манай нөхөр Б-г асуухаар нь манай нөхөр хойд талын амбаарт согтуу унтаж байгаа миний дүү сэрээх хэрэггүй байхаа гэтэл Б зүгээр ээ эгчээ би нэг юм /архи/ гуйх гэсэн юм гээд орсон. Тэгээд би дугуйгаа хийлж дуусаад насосыг нь Г-ынд буцааж өгчихөөд гэртээ иртэл хүмүүс муудалцаад байх шиг дуу гараад байхаар нь харсан чинь манай хүү Г, манай нөхөр Б-н унтаж байсан хаалгыг дараад зогсчихсон нөгөө Б зүүн чихээ барьчихсан зүүн чихнийх нь хавьд цус болчихсон хашаанаас гараад ирэхээр нь яасан юу болов? гээд асуутал Б Б ах намайг ингэчихлээ гэж хэлсэн. Тэгээд Б төмөр замын зүг рүү гүйчихээр нь би араас нь гүйж байх хоорондоо цагдаад дуудлага өгсөн. Б-ыг сайн танихгүй. Өмнө нь манай хашаанд ирээд мотоциклоо янзлаад явж байсан юм. Тэрнээс өөрөөр танихгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан. Урд гэрт манай хүү болох Г байсан. Өөр ямар нэгэн гэмтсэн, цус болсон зүйл байгаагүй. Манай нөхөр архи уусан байсан. Гэхдээ хэр хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй байна. Хөхөрсөн, няцарсан, шарх, сорви үүссэн зүйл анзаарагдаагүй ээ... гэх мэдүүлэг /хх-ийн19 дүгээр хуудас/,
1.5. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед гэртээ хэвтэж байхад манай гэрийн хойно байдаг амбаарт хүмүүс муудаад байгаа юм шиг дуу гараад байсан. Тэгэхээр нь юун хүмүүс байдаг билээ гэж бодоод гэрээсээ гараад хойд амбаар луу очсон. Тухайн үед хойд амбаарт манай аав Б унтаж байсан юм. гэтэл Б ороод ирчихсэн амбаарын үүдэнд суугаад зүүн чихээ барьчихсан, зүүн чихнээс нь цус гарчихсан, манай аав орноосоо босоод зогсчихсон баруун гартаа хайч барьчихсан байсан. Тэгэхээр нь аваас хайчийг булааж аваад Б-ыг амбаараас гаргасан. Тэгээд Б зүүн чихээ дараад манай хашаанаас гараад явчихаар нь би араас нь дагаад гарсан юм. Б-ын араас явж байхдаа аваас булааж авсан хайчаа хашаандаа гаргаж хаясан. Тэгээд манай ээж Н цагдаа дуудаад би гэртээ буцаад иртэл аав гэртээ байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
1.6. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтэд:
- Г.Б-ын биед өвчүүний дээд хэсэг, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь үзлэг хийхээс 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Уг гэмтэл учрах үедээ амь насанд аюулгүй байжээ.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
1.7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 211 дугаартай дүгнэлтэд:
- С.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/,
1.8. Хохирогч Г.Б-ын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
1.9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
1.10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
1.11. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
1.12. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч С.Б, хохирогч Г.Б нар нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүй, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч С.Н мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:
Би С.Б-тэй хамт амьдраад 20-иод жил болж байна. *******бид 2 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы хонхрын 4-2 тоотод 7 хүүхдүүдийн хамт амьдардаг. *******нь ажилсаг, тусч, нийтэч, үр хүүхдүүддээ сайн эцэг нь байж чаддаг хүн байгаа юм. Манай нөхөр *******нь одоогоор ямар нэгэн эрхэлсэн ажилгүй.
*******нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уухаараа жоохон тавьтаргүй болох гээд байдаг. Өөр ямар нэгэн муу зуршилгүй.
Өмнө нь *******ял шийтгэл эдэлж байсан. Ямар зүйл ангиар ял эдэлж байсан талаар би мэдэхгүй. Суллагдаад одоо жил болох гэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
2.2. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:
Манай төрсөн эцэг *******нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы хонхрын 4-2 тоотод манай төрсөн эх Н болон эх, дүү нарын хамт амьдардаг ба би С.Б-н 3 дахь хүүхэд нь дээрээ 2 ах, 2 эгчтэй, доороо 2 дүүтэй. Манай 2 эгч тусдаа гарчихсан. Миний төрсөн эцэг *******нь дөлгөөн, даруу, ямар нэг илүү зангүй, ажилсаг үр хүүхдүүддээ сайн эцэг байж чаддаг хүн. Манай эцэг *******нь одоогоор ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байгаа.
*******нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ архи уухаараа агсам тавьж хүнтэй муудалцаж маргалдаад байдаггүй. Өөр ямар нэгэн муу зуршилгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
2.3. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
*******нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхрын 4-2 тоотод эхнэр 7 хүүхдийн хамт амьдардаг. *******нь ажилсаг, тусч, сайн хүн байгаа юм. Одоогоор ямар нэгэн эрхэлсэн ажилгүй. *******нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уучихаараа жоохон сагсуурах гээд байдаг талтай. Өөр ямар нэг муу зуршилгүй. Өмнө нь *******ял шийтгэл эдэлж байсан талаар би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 64 дүгээр хуудас/,
2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-74 дүгээр хуудас/,
2.5. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
2.6. Иргэнийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нйитэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй, 11 см урт бариултай, 13.5 см ажлын хэсэгтэй 1 ширхэг хайчийг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч *******нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй, 11 см урт бариултай, 13.5 см ажлын хэсэгтэй 1 ширхэг хайчийг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ