Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Хантөгс,

Улсын яллагч Э.Нямбилэгт,

Хохирогч Н.Э,

Шинжээч Д.Д,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал /ҮД:3130/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н А-д холбогдох эрүүгийн 2017001750035 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Б дүүргийн 8 дугаар хороо, Ц-н ........ дугаар байрны ...... тоотод түр оршин суух, У хот, С дүүрэг, угаар хороо, Т-н  дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б-н овогт Б-н А /РД:............/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч ******* нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүйгээр Динь Же ХХК-н нэр дээр бүртгэлтэй ирсэн Д.У-н өмчлөлийн 16-01 ТТА улсын дугаартай МТ-86 Lingong Дамп маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.6-д Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 24.5-д Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Н.Э-ийн жолоодон явсан өөрийн өмчлөлийн 84-64 БЧ улсын дугаартай чиргүүлж чирж явсан 39-99 ДГО улсын дугаартай Northbenz маркийн тээврийн хэрэгсэлд 22 820 000 төгрөгийг хохирол, мөн 84-64 БЧ улсын дугаартай чиргүүлд 1 550 000 төгрөгийн хохирол, иргэн Д.У--ын өмчлөлийн 16-01 ТТА улсын дугаартай МТ-86 Lingong Дамп маркийн тээврийн хэрэгсэлд 37 685 000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Б-т 14 463 000 төгрөгийн хохирол, нийт 76 518 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч ******* нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүйгээр Динь Же ХХК-н нэр дээр бүртгэлтэй ирсэн Д.У-ын өмчлөлийн 16-01 ТТА улсын дугаартай МТ-86 Lingong Дамп маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.6-д Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 24.5-д Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Н.Э-ийн жолоодон явсан өөрийн өмчлөлийн 84-64 БЧ улсын дугаартай чиргүүлж чирж явсан 39-99 ДГО улсын дугаартай Northbenz маркийн тээврийн хэрэгсэлд 22 820 000 төгрөгийг хохирол, мөн 84-64 БЧ улсын дугаартай чиргүүлд 1 550 000 төгрөгийн хохирол, иргэн Д.У-ын өмчлөлийн 16-01 ТТА улсын дугаартай МТ-86 Lingong Дамп маркийн тээврийн хэрэгсэлд 37 685 000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Б-т 14 463 000 төгрөгийн хохирол, нийт 76 518 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2. Хохирогч*******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд чиглэлээс гараад Ховд руу ачаа тээвэрлэж явсан. Ховд аймагт ачаа тээвэрлэж яваад Дорноговь аймгаас Говьсүмбэр аймгийн Бэйбэн Трак гэх газар шөнө 23 цагийн үед ирсэн. 2020 оны 10 сарын 03-ны өглөө 6 цагт хөдлөөд 30 километрийн зайтай явж байтал осол болсон. Урдаас маш ойрхон зайтай машин шахаж орж ирээд, тэр үед би шоконд орж юу болоод байгааг ерөөсөө ойлгоогүй гэв.

 

1.3. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос 16-01 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гарсан. Тэгээд 2020.10.03-ны өглөө 6 цагт өнгөрч байхад Чойрын нутаг дэвсгэр рүү орж ирээд явж байтал улаан өнгийн Шаланз урдаас хаагуур зөрөх гээд байгаа нь мэдэгдэхгүй дайваад орж ирсэн. Тэгээд эгцээрээ ирээд миний жолоодож явсан 16-01 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талд мөргөсөн. Би тухайн үед жолоогоо дарж амжаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205 дугаар хуудас/,

 

1.4. Хохирогч*******мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би хувийн том оврын тээврийн хэрэгслээр улс хооронд болон хот хооронд ачаа тээврийн ажил хийдэг хүн байгаа юм. Осол болохоос өмнө би өөрийн 39-99 ДГО улсын дугаартай том оврын Nortbenz маркын автомашиндаа БНХАУ-ын Эрээн хотоос контейнертэй ачаа ачсан. Дотор нь багаж хэрэгсэл байгаа гэснээс би үзээгүй, холбогдох байгууллагууд шалгаж хилээр нэвтрүүлсэн. Ингээд 2020.10.02-ны өдөр машин гаалиас гарч тэр өдрөө Улаанбаатар хотыг зорьж замдаа гарсан. Энэ ачаа нь Ховд аймаг хүрэх ачаа байсан. Бид Улаанбаатар хотоор дамжиж Ховд аймар руу хатуу хучилттай замаар явдаг юм надаас гадна 2 машин буюу нийт 3 машин цуваа болж явсан ба бүгд ижилхэн контейнертэй ачаа байсан. Энэ 3 машин бүгд ээлжийн жолоочгүй, машиндаа ганцхан үндсэн жолооч явсан. Тэгээд би 2020.10.02-ны өдөр 13 цагийн орчим Замын-Үүдээс гарч саадгүй явсаар Говьсүмбэр аймгийн Бэйбин Трак төвийн зогсоол дээр 23-24 цагийн орчим очиж хоносон. Өглөө буюу 2020.10.03-ны өглөө би 6 цагт сэрээд нөгөө 2 жолоочоо сэрээж машины бүрэн байдлаа шалгаад хөдөлсөн. Би хөнгөн ачаатай тул цувааны хамгийн сүүлд явж байсан. Нөгөө 2 машин маань миний урд явсан. Бид хоорондоо нилээн зайтай бие биеийнхээ барааг харах хэмжээний хол гэхээр 1-3 км орчим зайтай явцгаасан. Говьсүмбэр аймгаас хойшоо гарч саадгүй 40 км явсан байх гэж барагцаалж байна. Энэ хугацаанд уурхайн зориулалттай Дамп машин буюу бид нарын хэлдгээр жижэгрүүлсэн Белаз маркийн 3 машин зөрж өнгөрсөн. Ахиад нилээн яваад дөрөв дэх Дамп машин гарч ирсэн ба зам голлож явж байгаад зөрөх дөхөөд иртэл миний өөдөөс халж чиглээд ирсэн. Би зам тавьж өгөх зугтах маягтай замын хөвөө шороо рүү машинаа оруултал нөгөө Дамп ирээд мөргөсөн. Тэрнээс хойш би юу болсныг санахгүй байгаа. Нэг ухаан ороход газар хэвтэж байсан. Толгойгоо хажуу тийшээ эргүүлээд хартал миний машины кабин машинаасаа 4-5 метр салаад уначихсан, миний ухаан санаа балартаад үүнээс хойш болсон үйл явдлыг санадаггүй, шокийн байдалтай байсан. Осол болох үед би өөрийн эгнээ байранд явж байсан ба намайг ирж мөргөхөд Дамп зам голлож явсаар байгаад ирээд мөргөснийг санаж байна. Намайг зугтаж зам тавьж өгөөд байхад ирээд мөргөсөн. Осол гаргасан дугаар номерыг харж чадаагүй, мэдэхгүй байж байгаад сүүлд мэдсэн. 16-01 ТТА гэсэн улсын дугаартай МТ86 Дамп байна гэсэн. Бас тэрийг жолоодож явсан нэр утасны дугаарыг одоо болтол мэдэхгүй байгаа. Осол гарсны дараа Говьсүмбэр аймгийн эмнэлэгт байхад цагдаагийн нэг ажилтан осол гаргасан Дампын жолоочийг чамд үзүүлэх нэг ч бичиг баримт алга, чи тэгээд ч зөвшөөрөгдөөгүй замаар ямар ч зөвшөөрөлгүй явж байсан гэсэн. Миний холбогдох бичиг баримтыг бүгдийг нь цагдаагийн ажилтан хураагаад үлдсэн. Үүнээс хойг би Улаанбаатар хотод эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж яваад Замын-Үүд суманд гэртээ ирээд удаагүй байна.

Тухайн үед би 40-500 км цагийн хурдтай явж байсан. Ачаатай тул үүнээс хурдан явах боломжгүй. Би согтууруулах ундаа хэрэглээд байдаг хүн биш, осол болоход  ч тэр, осол болсноос хойш ч тэр архи дарс огт хэрэглээгүй, эрүүл саруул байсан. Тэр Дамп машин маш өргөн өндөр том тээврийн хэрэгсэл. Замын нэг урсгалд ч багтахгүй өргөн. Харсан болоод л би зам тавьж өгөхөөр баруун талынхаа замын хөвөө рүү орох үйлдэл хийсэн юм. Ослын улмаас миний биед маш олон гэмтэл шарх учирсан. Энэ бүгдийг тоочвол нилээд юм болно. Эмнэлгийн байгууллагын бичиг баримт дээр ямар гэмтэл учирсан, ямар ямар эмчилгээ хийсэн зэргийг тодорхой тусгасан байгаа. Би энэ талаарх бичиг баримтыг хуулбарлуулан хавтас хэрэгтээ хавсаргуулсан. Мөн шүүх эмнэлгээр гэмтлийн зэргээ тогтоолгосон байгаа. Одоо биеийн байдал бүрэн эдгээгүй эмчилгээ үргэлжилж байна. Дахин хагалгаанд орох бусад эмчилгээг хийлгэх хэрэгтэй байгаа. 39-99 ДГО улсын дугаартай чирэгч, 84-64 БЧ улсын дугаартай чиргүүл зэрэг нь миний өөрийн эзэмшлийнх, ослын улмаас миний машинаас авах юм юу ч үлдээгүй, бүх эд анги эвдэрсэн. Энэ талаарх мэдээлэл хохирол үнэлгээний баримт дээр тодорхой байгаа. Осол гаргах болсон шалтгааныг хурдан шалгаж буруутай этгээдэд хариуцлагыг хүлээлгэн надад учирсан хохирлыг бүрэн төлүүлж өгөхийг хүсье. Би эрүүл мэнд эд хөрөнгөөрөө машин их хохирсон тул гомдолтой байна. Өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг 57-58 дугаар хуудас/,

Миний баруун хөл чагтан холбоосууд тасарсан хагалгаанд орсон. Одоо 4 сарын дундуур дахиад хагалгаанд орно. Эмчилгээнд 5-6 сая төгрөг зарцуулсан. Цаашид 2021 оны 4 сард хагалгаанд орох учир цаашх гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөн миний эзэмшлийн Norhtbenz маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн ослын улмаас маш их хэмжээний хохирол учирсан. 25 720 000 хохирлын үнэлгээний хөлс 1 166 000 төгрөгийг тус тус буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Машин болон эмчилгээний зардалд нийт 40 000 000 төгрөг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

1.5. Иргэний нэхэмжлэгч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Замын-Үүдээс 3 машин 3 контейнер Улаанбаатар ховд чиглэлд гаргаад би өөрөө хотод ирсэн. Намайг ирснээс хойш 2 хоногийн дараа 3 нь Замын-Үүдээс хөдөллөө гэж над руу ярьсан. Тэгээд 2-3 хоногийн дараа өглөө цуг явсан. Жолооч Э-ийн төрсөн ах урсгал сөрж орж ирээд осол боллоо чи ирж уулзаарай гэж надад хэлсэн. Би 3 хоногийн дараа Чойрт очиж хариуцсан цагдаагийн алба хаагчтай уулзаж өөрийн байгуулсан албан бичгээ /тасгийн дарга гэх хүнд/ 2 талаас хүмүүс байгуулсан зарагдсан. Ховдод 2 талаас мөн байгуулсан гэсэн. Нөгөө талаас ямар хүн очсон болохыг би мэдээгүй. 8811-тэй дугаараас ярьж холбогдож байсан. Барааг тухайн үед хариуцаж байсан алба хаагч Чойрт үнэлэх боломжгүй юу гэхэд тухайн ачаа нь мэргэжлийн хэрэгсэл туршилт тогтоох шаардлагатай байсан учир Ховд аймгийн Буянт сумын Норжин багийн 1 тоотод байрлах цементийн үйлдвэрийн төслийн талбайд барааг буулгаж мэргэжилтэй байлцуулан шалгасан.

Тухайн үед тээвэрлэж явсан контейнертэй бараа манай компанийн өмч байсан. Тээврийн хэрэгсэл манай компанийн эзэмшлийн эд зүйл биш. Тухай барааг хаанаас хэзээ хэдэн төгрөгөөр авсан, хэдэн төгрөгийнх болох, хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг баримтаар өгсөн байгаа.

Хохирлын үнэлгээг албан тоотоор өгсөн байгаа. Би албан тоотод тусгасан хохирлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

1.6. Иргэний нэхэмжлэгч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А-ийн хэлснээр цувааныхаа хамгийн сүүлд явж байхад урдаас нь маш хурдтай орж ирээд мөргөсөн гэж ярьсан. Би А-ээс чи нойрмоглосон юм уу гэж асуухад үгүй би нойрмоглоогүй 3 цагийн үед хоол идээд дагаж явсан машин жолоочтойгоо солигдсон юм. Би аваар гарсны дараа очсон юм. Би Дэнжийн ХХК-с урьдчилгаа өгч том тэрэг аваад түрээсэнд явуулж байсан юм. Ойролцоогоор 2020 оны 6 сараас эхэлсэн. Одоогийн байдлаар хийхгүй байгаа. А-ээр 2020 оны 6 сараас жолоо бариулахаар ажилласан. Дамп барьдаг байсан. Тодорхой бичиг цаасаар гэрээ хийгээгүй.

Улаанбаатар хотоос Алаг толгойн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажлаар явсан. Ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Би Дамп нь хатуу хучилттай замаар зорчиж болохгүй, зөвшөөрөл авах ёстой талаар мэдэхгүй. Динт Жэ ХХК-ийн эзэмшлийн машин би 70 сая төгрөгийн урьдчилгаа өгч авсан. Би 6 сарын хугацаанд сар бүр 3-8 сая төгрөгийн төлөлт хийсэн байсан. Эвдрэлгүй шинэ машин байсан. Үзлэгт орсон. Шинэ машин 2 жилдээ хүчинтэй юм байна лээ. Кабин араас болон тэвш дугуйнаас бусад нь хүнд эвдрэл гэмтэлтэй. Миний зүгээс 1601 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийг янзлуулж бүрэн бүтэн барагдуулмаар байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46 дугаар хуудас/,

 

1.7. Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020.10.02-ын өдөр Гаалиас машин маань гарсан. Энэ өдөр надаас гадна миний төрсөн дүү Э баз хүргэн Т нарын машин гаалиас гарсан. Бид нар бүгдээрээ өөрсдийн ачаа тээвэртээ өөрсдөө жолоочоо хийдэг. Бид 3 Ховд аймаг хүргэн нэг компанийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийг контейнертэй ачаа ачсан байсан. Энэ ачааны бүрдүүлэлт хийгдэх гэж хил дээр 10 гаран хоносон. Ингээд машин хилээс гарангуут бид 3 тэр өдрөө шууд Улаанбаатар руу гарсан. Дамжаад Ховд аймаг явдаг юм. Ингэж явахдаа Т кабиндаа эхнэртэйгээ, би бас эхнэртэйгээ, Э ганцаараа явсан. Бид нар орой нь 23 цагийн үед Говьсүмбэр аймаг орж Бэйбин Трак төвийн авто машины зогсоол дээр зогсоод машиндаа унтсан. Маргааш өглөө 2020.10.03-ны өдрийн өглөө 6 цагт Э намайг сэрээсэн. Бид нар машин тэргээ шалгаад удаагүй хөдөлсөн. Би хамгийн түрүүнд явсан. Миний араас Т, түүний араас Э явсан. Э хөнгөн ачаатай тул хамгийн ард явсан юм. Бид 3 цуваа явж явахдаа 1-3 км зайтай явж байсан ба толиндоо бараа бараагаа хараад явдаг. Тэгээд Говьсүмбэр аймаг өнгөрөөд 40 гаран км явсны дараа нилээн яваад Э-ийн машин харагдахгүй болохоор зогсож Э-ийн гар утас руу би залгасан. Утсаа авахгүй байсан ба ард явж байсан Т хүрээд ирсэн. Бас л Э-ийг харагдахгүй болчихлоо гэсэн. Ингээд бид 2 Э рүү хэд хэд залгасан чинь утсаа авахгүй байсан. Яадаг юм билээ гэж би Э өөрөө над руу залгаад ороод ирсэн. Утсаа автал Э хүрээд ирээч намайг том Дамп мөргөчихлөө гэж нэг л эвгүй хоолойгоор арай гэж хэлээд ярьж чадахгүй байсан. Тэгээд сандраад Т бид 2 миний машинд суугаад буцаад явсан. Буцаад 20-30 км яваад осол болсон газар ирсэн.

Намайг очиход замыг 2 талаас нь хаачихсан. Цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Осолд орсон машины хувьд ертөнцийн зүгээр зүүн замын зорчих хэсэг дээр Дамп нь баруун тийшээ буюу төмөр зам руу харсан байдалтай Э-ийн машины чиргүүл нь замын зүүн талын хөвөө шороон дээр, чирэгч нь кабингүй, өөрийн явж байсан урсгалын хэсэг дээр мөн төмөр зам руу харчихсан зогсож байсан. Кабин нь зүүн машинаасаа зүүн тийш нилээн зайтай салаад уначихсан байсан. Би дүүгээ хаана байна гээд хайж байхад Ланд-100 маркийн авто машинд Дампийг барьж явсан гээд залуу хүүхэд Э-ийн хамт сууж байсан. Осол болох үед гадаа нар гараад гэгээ орж байсан. Замын гадаргаа хуурай байсан. Намайг түрүүлээд явж байхад осол болсон газраас нилээн хойно 4 Дамп зөрсөн. Тэд бүгдээрээ өргөн тул эсрэг урсгалын зам руу ороод явж байсан ба би зам тавьж өгч зөрсөн. Эхний 3 дамп хоорондоо 500 орчим метрийн зайтай, сүүлийнх нь Дамп тэндээсээ арай хол зайтай зөрсөн. Тэр сүүлийн Дамп нь манай дүүгийн машиныг зөрсөн байна лээ. Тухайн үед ослын газар ажиллаж байсан цагдаа нар угаасаа Дампийн буруу, явах ёсгүй замаар явж байсан байна, Дампийн жолооч ямар ч бичиг баримт алга гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

1.8. Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би яг ослыг бол хараагүй. Осол болсны дараа очсон. Би улс хот хооронд өөрийн том оврын машинаар ачаа тээвэрлэдэг ажил хийдэг. Осол гарах үеэр надтай нэг цуваа болж явсан. Э, Х нар мөн адил ажил хийдэг. 2020 оны 09 дүгээр сарын дундуур бид 3 өөрсдийн машинд БНХАУ-н Эрээн хотоос Ховдын ачаа ачсан. Энэ ачаа нь нэг компанийн тоног төхөөрөмж багаж хэрэгслүүд ачуулсан. Учир нь бүгд гадуураа контейнертэй ачаа байсан болохоор бид нарын доторхыг нь мэдэхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаалиас бид 3-н машин гарч бид нар тэр өдрөө 13 цагийн орчим шууд замдаа гарсан. Х Э бид 3 Ховд аймгийнх, Х бид 2-н эхнэр ч бас Ховд аймгийнх. Тэгээд Ховд аймар руу явж байгаа болохоор эхнэрүүдтэйгээ хамт явцгаасан. Би тэр үед өөрийн 66-56 ДГО, Х өөрийнхөө 21-96 ДГС, Э өөрийнхөө 39-99 ДГО улсын дугаартай чирэгчийг жолоодож явсан. Бүгд Шаланз чиргүүлтэй контейнертэй ачаа байсан. Бид нар саадгүй явсаар тэр өдрийн оройдоо 23 цагийн үед Говьсүмбэр аймаг орж Вэй Вэй Трак төвийн авто машины зогсоол дээр машиндаа унтаж амарцгаасан. Өглөө нь 6 цагт Э бид нарыг сэрээж явцгаая гэсэн. Бид нар ч удахгүй машины ачаа, дугуйгаа шалгаад хөдөлсөн. Хамгийн эхэнд Х, дараа нь би хамгийн сүүлд Э явсан. Бид 3 цуваа болж явахдаа 1-3 километрийн зайтай явж байсан. Говьсүмбэр аймаг өнгөрөөд 40 орчим км явсны дараа Э-ийн машин харагдахгүй болсон ч гараад ирэх байх гэж бодоод урд явж байсан Х-ыг дагаад яваад байсан. Нилээн хол явахад Э-ийн машин харагдахгүй хэвээр байсан ба Х зогссон. Би очиж зогсоод Э-ийг ирэхийг хүлээнгээ Хын хамт түүний гар утас руу залгасан. Э утсаа авахгүй байснаа өөрөө эргээд Х руу залгасан. Х утсаар их хурдан ярьж дуусаад надад хандан хоёулаа буцъя осол гарсан юм шиг байна гээд олигтой зүйл хэлээгүй. Тэгээд Х-ын машинтай бид 2 буцсан. 2 эхнэрээ машинд үлдээсэн. 30 орчим км яваад осол болсон газар ирсэн.

Осол болсон газар ирэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Э-ийн машинтай том оврын Дамп тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Х бид 2 Э хаана байна гэж хайхад түүнийг хар өнгийн Жийп машинд суулгасан байсан. Биеийн байдал маш муу байгаа бололтой хамаг юм нь цус болчихсон сайн юм ярьж чадахгүй шоконд орсон байдалтай байсан. Э-ийн хажууд Дамп-н жолооч гээд нэг залуу хүүхэд уйлчихсан би Дамп-г барьж явсан юм аа, яг жолооч нь бол өөр газар байгаа араас ирнэ гэх мэтийн юм яриад сууж байсан. Бас л шоконд орсон байдалтай байсан ч бие нь гайгүй юм уу даа гэж харсан. Осол болсон газраас хойш замд явж байхад 4 ДАМП зөрсөн. Тэдний эхэнд явж байсан 3 нь яг ДАМП биш, түүнээс арай жижиг саарал өнгөтэй тээврийн хэрэгслүүд байсан ба бүгд ослын дохиогоо асаасан явж байсан. Эд нар осол гаргадаг ДАМП-с нилээн зайтай явж өнгөрсөн. Осол гаргадаг ДАМП их өргөн том байсан тул би зөрөхдөө замын хажуу руу гарч зогсож байгаад өнгөрүүлсэн. Надтай зөрөхдөө ослын дохиогоо асаагаагүй, эсрэг урсгал руу маш их орж ирсэн байдалтай явж байсан. Жолоочийг нь харах гэхэд сайн харагдаагүй, ямар ч байсан нэг кабин дотор байх нь л байгаа юм шиг харагдсан. Замын голоос маш их гарсан. Шахсан байдалтай явж байсан болохоор би замаас гарч зогсонгоо ослын дохиогоо асааж дуут дохиогоо өгсөн. Тэгэхэд чиглэлээ өөрчлөхгүй тоосон шинжгүй шахаад орж ирээд зөрж байсан. Ослын үед ажиллаж байсан цагдаа нар ДАМП ингэж ийм замаар явах ёсгүй, тусгай тээврийн хэрэгслээр гуперлэж цуваанд оруулж журамлаж явах ёстой. Тэгээгүйгээр урсгал сөрж явж байсан гэж ярьж байсныг сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

1.9. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Архи уугаад удаагүй буюу цусанд этилийн спирт ороогүй байхад шинжилгээ авсан бол цусанд спирт илрэхгүй байж болно. Архи ууснаас хойш 20-30 минутын дотор шинжилгээний дээж авсан үед илрэхгүй байх боломжтой. Гэхдээ энэ нь тухайн хүний архи даах чадвар өмнө идэж уусан хоол хүнснээс хамаар ч хугацаа нь уртсаж болно... гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,

 

1.10. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Норт бенз маркийн 39-99 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн дугуйн даралтын байх магадлалтай, мөр болон осолд холбогдсон хоёр тээврийн хэрэгслийн голд үүссэн асфальтан зам дээр тогтсон хөндлөн чирэгдсэн байдалтай мөр хүндрэлийг үндэслэн А цэгийг тогтоон авсан. Тухайн тээврийн хэрэгслийн зүтгүүр /чирэгч/-ийн зүүн талын дугуйн мөрнөөс үүссэн байх магадлалтай... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78 дугаар хуудас/,

 

1.11. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Ашид билгүүн ХХК-д харилцааны менежер хийдэг юм. 2019 оны 9 сараас эхэлж ажиллаж байна. Би орон нутгийн төлөөлөгч нараа хариуцан ажилладаг юм. Тухайн үед Ковид 19 өвчний улмаас хөл хорио тогтоосон байсан үед банкны салбарууд эрт хаасан, бас Хаанбанк нь бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэггүй байсан болохоор миний дансаар шууд дамжуулж шууд АТМ-с гаргуулан авах шийдвэрийн Ашид билгүүн ХХК-ны захирал Ч.Жамъян гаргасан байсан. Тэрний дагуу дээрх мөнгө нь миний дансаар орж ирээд би АТМ-с гарган авч Ашид билгүүн ХХК-ны урсгал зардалд хэрэглэдэг байсан. Хаанбанкны салбарууд эрт хаадаг байсан, бас бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэггүй байсан болохоор миний дансаар дамжуулж шууд АТМ-с гаргуулан авах шийдвэрийн Ашид билгүүн ХХК-ны захирал Ч.Жамъян гаргасан учир би үнэлгээний тайлангийн хөлсийг өөрийн дансаар авах эрхтэй байсан. Д нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн дансаар дамжуулан явуулах боломжтой байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

1.12. Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020.10.03-ны өдөр яаралтай түргэн тусламжийн тасагт сувилагчаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Говьсүмбэр аймаг Баянтал сумын орчимд зам тээврийн осолд орсон гээд 2 хүнийг Баянтал сумын эрүүл мэндийн төвийн эмч авчирсан. Тухайн үед 20 гаруй насны залуугийн толгой билүү гарнаас цус гарсан байдалтай байсан. Нөгөө хүн нь өндөр, 40 орчим насны эрэгтэй байсан ба босож чадахгүй байсан. Аймгийн цагдаагийн хэлтсээс өндөр шар цагдаа ирсэн. Нэрийг нь мэдэхгүй. Уг цагдаа нь тухайн 2 хүнээс мэдүүлэг авсан. Шинжилгээнд дээж хүргүүлэх учир тухайн 2 хүний биеэс цус аваад өгөөч гэсний дагуу тэр 2 хүний биеэс зориулалтын хуруу шилэнд тус тусад нь цус авч нэр нас хүйсийг нь бичиж хаяглаад цагдаад өгсөн. Тэр 2 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал ажиглагдаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83 дугаар хуудас/,

 

1.13. Шинжээч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метрээс өргөн 2.5 метрээс урт нь 20 метрээс ачаа тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү мөн 2 чиргүүлтний эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам стандартыг баримтална гэж МУЗХД-н 24.5-д заасан байдаг. Энэнд МТ-86 маркийн тээврийн хэрэгсэл хамаарах ба уг тээврийн уг тээврийн хэрэгсэл нийтийн хэрэгцээний буюу хатуу хучилттай замаар зорчихдоо дээрх заалт журмыг баримтална.

Хэргийн газрын үзлэгийн зураг 1 болон 21 дээр байгаа 27.5 метрийн урттай тормозны мөр нь Норт бенз маркийн 39-99 ДГО улсын дугаартай хэрэглсийн зүтгүүрийн зүүн талын хойд талын дугуйн мөр. Уг мөр нь ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хурдыг удаашруулан сааруулсныг харуулж байна. Энэ мөр нь өөрийнхөө урсгалд явсныг тодотгон харуулж байна. зураг 17 болон 24 дээр байгаа дугуй мөр нь 39-99 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүтгүүрийн баруун талын хойд талын дугуйн мөр.

Ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлын хэмжээг багасгахын тулд Нортбенз маркийн жолооч Э анх өгсөн гэрчийн мэдүүлэгтээ эхлээд зүүн тал руугаа дараа нь дахиад баруун тал руугаа дарсан гэж мэдүүлсэн нь ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй байна. МТ-86 маркийн 1601 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* анх өгсөн гэрчийн мэдүүлэгт 1-р зам голлоод явж байснаа хүлээн зөвшөөрсөн. Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто зам нь 7.20 метрийн өргөнтэй, харин МТ-86 маркийн тээврийн хэрэгслийн өргөн нь 3.23 метр байна. Энэ тухайн тээврийн хэрэгслийн тал нь эсрэг урсгалд орчихсон явж байсан гэсэн үг. Зам голлоод явж байсан гэсэн мэдүүлгээс үзэхэд тээврийн хэрэгслийн 1.20 м орчим нь эсрэг урсгалд байсан гэж харагдаж байна. Харин 39-99 ДГО улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг урсгал сөрөөгүй явж байсан гэдгийг 27.5 метрийн урттай тормозны мөр батлан харуулж байна. Хоёр тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн гэх А цэг нь 1601 ТТА улсын дугаартай МТ-86 ДАМП маркийн тээврийн хэрэгслийн урсгалд осол болсон гэж харагдаж байгаа нь осол болох агшинд 39-99 ДГО улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э нь ослын улмаас гарч болох хохирлыг багасгах ослоос зайлсхийх үйлдэл хийсэн гэж үзэж байна. Тухайн зам тээврийн ослын улмаас 2 залуугийн амь нас болон учирч болох хохирлын хэмжээ багассан гэж үзэж байна. учир нь Нортбенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь амь насаа алдах эрсдэл байсан. Харин зүүн гар тийш буюу баруун тал руугаа дарсан учир хоёр тээврийн хэрэгсэл жолоочийн эсрэг талаар мөргөлдөж 2 жолооч 2 тийш машинаас шидэгдсэн. Өөрөөр хэлбэл Э авах ёстой арга хэмжээг бүрэн авсан. Харин А нь авто зам голлож эсрэг урсгалд орсон. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, мөн ЗХД-ийн 1.3, 3.7.а, 11.6, 12.3, 24.5-д заасныг тус тус зөрчсөн гэж буруутгах үндэслэл тогтоогдож байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

1.14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-27 дугаар хуудас/,

 

1.15. “Вестерн Холд” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

1.16. Замын цагдаагийн ослын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтэд:

Хариулт-1 Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д болон Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-д Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасныг үндэслэн уг ослыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

 

Хариулт-2 Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд 39-99 ДГО улсын дугаартай Northbenz маркийн тээврийн хэрэгслийн жолооч Намсрай овогтой Э нь МУЗХД-н зүйл заалтыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Хариулт-3 16-01 ТТА улсын дугаартай МТ 86 ДАМП маркийн тээврийн хэрэгслийн жолооч Батболд овогтой А нь МУЗХД-ийн

1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно,

11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

Хариулт-4 Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд 16-01 ТТА улсын дугаартай МТ86 ДАМП маркийн тээврийн хэрэгслийн жолооч Батболд овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна... /1-р хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

1.17. Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Хариулт-1 Шинжээч Д.Дийн энэ талаар гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

Хариулт-2 16-01 ТТА улсын дугаартай МТ86 Lingong Дамп маркийн тээврийн хэрэгсэл нь МУЗХД-ийн 24.5 Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална заалт болон Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598 стандартад заасан 1.1. Энэхүү стандартын зорилго нь авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оршино.

2.1. Автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, энэ чиглэлээр хяналт тавих байгууллага, инженер техникийн ажилтан мөрдөж хэрэглэнэ.

5.8.3. Автотээврийн хэрэгслийн өргөний хязгаар 2,5 м, (угсраа автобус хязгаар 2,55 м) ачаалласан өндөр 4 м-ээс ихгүй байна гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах үндэслэл болсон гэж үзэж байна.

Хариулт-3 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт болон MNS4598 стандартын заалт зөрчин өргөний хэмжээ нь 2.5 м-с хэтэрсэн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан нь осол гаргах гол үндэслэл байх магадлалтай байна.

Хариулт-4 хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үндэслэн хурдыг тогтоох боломжгүй байна. Хавтас хэрэгт авагдсан зураг №21,22 тоормосны мөр 27.5 м гэж хэмжигдсэн боловч мөрний өргөн 26 см байна. гэтэл 39-99 ДГО улсын дугаартай Northbenz маркийн автомашины дугуйн өргөн 22 см хүрэхгүй болох нь №16 зургаас харагдаж байна. мөн №2,6 зургаас харахад 39-99 ДГО улсын дугаартай Northbenz маркийн автомашины мөр зорчих хэсгийн хажуугийн шороон зурваст гарсан байна. 27.5 м урттай тоормосны мөрийн эхлэл зорчих хэсгийн захаас 3,4 м гэж хэмжсэн байгаа нь уг мөр 39-99 ДГО улсын дугаартай Northbenz маркийн автомашины мөр биш байх магадлал өндөр байна.

Хариулт-5 Шинжээч Д.Дийн 2020 оны 12 дугаар 25-ны өдрийн 01 дугаартай Зам тээврийн ослын дүгнэлт 2 хариултаас бусад хариулттай санал нэг байна. мөн 16-01 ТТА улсын дугаартай МТ86 Дамп маркийн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан өмчлөгч хариуцлага хүлээх дүрэм стандартаас тодорхой байна.

Хариулт-6 39-99 ДГО улсын дугаартай Northbenz маркийн автомашины жолооч Э-ийн ажиллах чадварыг тогтоох шаардлагатай. Вэй Вэй Трак төвийн зогсоолд хоносон гэх мэдүүлгийг нотлох, хэдэн цагт хөдөлсөн, осол болсон газраас хэр зайтайг тодорхойлох шаардлагатай. Замын-Үүдээс гарсан жолооч гэрч нарын мэдүүлгийг нотолсноор жолооч Э-ийн үйлдэл баримтжих юм.

Дүгнэлт гаргасан: Цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр, цагдаагийн дэд хурандаа Д.Бямбахүү, цагдаагийн ахмад Т.Анхбаяр../1-р хх-ийн 110-111 дүгээр хуудас/

 

1.18. Шинжээч Т.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Шинжээч Д.Дожпүрэвийн гаргасан 1 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. үндэслэлтэй эсэхийн хувьд шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17-р зүйлийн 4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэсэн байдаг. ШШТХ-ийн 17.4-р хэсэг ЭХХШТХ-ийн 9.1 дэх хэсэгт зааснаас бусад шинжээчийн гаргасан дүгнэлтийг тайлбарлах утгаггүй юм. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ДХИС-н шинжээчийн дүгнэлт 20, 21,19 дугаартай дүгнэлтийн 2,3-р асуултын хариултад дурдсан байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/

 

1.19. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12468 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Н.Э-ийн биед баруун өвдөгний арын чагтан холбоосны дээд хэсгийн урагдал, дух, баруун нүдний зовхи, зүүн гуя шилбэнд цус хуралт, баруун тохой шуунд зулгаралт, эрүү, баруун шилбэнд шарх, баруун тохой, шуугаар зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Ө.Сарангэрэл /1-р хх-ийн 121 дүгээр хуудас/

 

1.20. Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 888 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 127 дугаар хуудас/,

 

1.21. Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 359 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 132 дугаар хуудас/,

 

1.22. Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 362 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 136 дугаар хуудас/,

 

1.23. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-*******-ийн биед тархи доргилт, баруун чамархай, зүүн гарын сарвуунд шарх, зулайн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, баруун чамархай, зүүн гарын сарвуун дахь шарх гэмтлүүд нь тус бүртээ болон нийлсэн ч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуйхны зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн /1-р хх-ийн 143 дугаар хуудас/,

 

1.24. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5636 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн “Н.Э 44 н” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Д.Золзаяа /1-р хх-ийн 150 дугаар хуудас/,

 

1.25. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5636 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн “Н.Э 44 н” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Д.Золзаяа /1-р хх-ийн 150 дугаар хуудас/,

 

1.26. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-*******-ийн биед бүсэлхийн L1-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, баруун чамархай, зүүн гарын сарвуунд шарх, зулайн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүдээс бүсэлхийн L1-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, тархи доргилт, баруун чамархай, зүүн гарын сарвуун дахь шарх гэмтлүүд нь тус бүртээ болон нийлсэн ч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуйхны зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн /1-р хх-ийн 160 дугаар хуудас/,

 

1.27. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5637 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн “******* 25 н/эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Д.Золзаяа /1-р хх-ийн 166 дугаар хуудас/,

 

1.28. Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 173-176 дугаар хуудас/,

 

1.29. Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 179-180 дугаар хуудас/,

 

1.30. Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21/46 дугаартай захирлын тушаал /1-р хх-ийн 236 дугаар хуудас/,

 

1.31. Иргэний хариуцагч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 02-ны орой Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт алаг толгойн уурхайд үйл ажиллагаа явуулах Говийн шилмэл зам ХХК-д ажил хийлгэхээр ТМ-86 маркийн 16-01 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******-д өгч явуулсан. Тэгсэн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 6 цагийн орчим манай механикч Цэрэнболд над руу залгаад Чойрын наана А 16-01 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад том тэрэгтэй мөргөлдчихлөө гэж хэлсэн. Би жолооч нар зүгээрүү гэж асуухад хүн нь зүгээр эмнэлэг дуудаад өгч явуулсан гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос Чойр руу гараад 12 цагийн орчимд ирсэн. Тухайн үед Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход 2 машины жолооч унтаж байсан. Тэр үед хоёр жолоочооос Э, А нараас юу болсон талаар асуухад А урдаас халз орж ирсэн гэж хэлсэн. Э буруу талд зай байсан, тэр талаар зөрчихөя гэж бодсон гэж хариулж байсан. Би тэр үед ойлголцоогүй явсаар мөргөлдсөн юм байна гэж ойлгосон. Тэгээд би Баянтал сумаас МТ-86 маркийн 16-01 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 39-99ДГО улсын дугаартай Норт бенз маркийн тээврийн хэрэгслүүдийг очиж аваад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд авчирч хүлээлгэн өгсөн. Тухайн үед МТ-86 маркийн 16-01 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин солигдохоор болсон нилээдгүй эвдрэл учирсан, рам тахийж хэлбэр дүрсээ алдсан. Өөр жижиг эвдрэл зөндөө байсан. Тэр болгоныг нь тоочих боломжгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205 дугаар хуудас/

 

1.32. Иргэний нэхэмжлэгч Л.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Эрүүгийн 2017001750035 дугаартай хэрэгт Дотоод хэргийн их сургуулийн Замын цагдаагийн тэнхимээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан байна. тус газартай шинжээчийн төлбөрт 471 180 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан боловч манай байгууллагын зүгээс санхүүжилтгүйн улмаас тухайн шинжээчийн дүгнэлтийн төлбөрт ямар нэгэн мөнгө төгрөг шилжүүлээгүй. Уг төлбөрийн дүгнэлт гаргасан гэрээнд тусгагдсан шинжээч Т.А-н 5083...тоот данс руу шилжүүлнэ. Энэ хэрэгт 200000 төгрөгийг шинжээч Д.Д-ийн данс руу тус цагдаагийн хэлтсээс шилжүүлсэн тул уг мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Шинжээчийн төлбөрийн хүү... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2 дугаар хуудас/,

 

1.33. Хохирогч Н.Э-ийн өвчний түүх /2-р хх-ийн 6-28 дугаар хуудас/,

1.34. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /2-р хх-ийн 43 дугаар хуудас/,

1.35. Хохирогч Н.Э-ийн хохирлын баримт /2-р хх-ийн 54-64 дүгээр хуудас/ зэрэг болно.

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Хохирогч*******гэм буруугийн шүүх хуралдаанд “би зам тээврийн ослоос болж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Эмчилгээд 4 728 461 төгрөг, тээврийн хэрэгсэлд 22 840 000 төгрөг, чиргүүл 1 900 000 төгрөг гарсан. Үүнийг гаргуулж авмаар байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Гэхдээ шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гарсан зүйл байгаа. Үүнийг анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч ******* нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүйгээр Динь Же ХХК-н нэр дээр бүртгэлтэй ирсэн Д.У-ын өмчлөлийн 16-01 ТТА улсын дугаартай МТ-86 Lingong Дамп маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн болох нь шинжээч Д.Д-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт, Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/19 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул өмгөөлөгч Ц.Баасанжаргалаас гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1.  Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний хүү А нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд 10 жилээ төгссөн. 10 жилдээ их дуугай ноомой, хүний үгэнд орохдоо амархан, маш ажилсаг, их сэтгэлтэй бусадтай нийтэч, хэрүүл маргаан үүсгэдэггүй хүүхэд байсан. Цахилгааны мэргэжлийг өөрөө эзэмшээд ажил төрөлдөө сайн, амьдралаа өөрөө болгоно гээд явдаг, буруу санадаггүй хүний үгээр л байдаг хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86 дугаар хуудас/

 

2.2. Шүүгдэгч *******-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч *******-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь хохирол нөхөн төлөх хүсэлтээ бичгээр илэрхийлснийг харгалзан үзэж түүнд холбогдох Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2117001750035 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-ээс 4 728 461 /дөрвөн сая долоон зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-т олгохоор шийдвэрлэв.

Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж заасан байдаг тул

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.У нараас тээврийн хэрэгслийн эвдрэл болох 22 840 000 /хорин хоёр сая найман зуун дөчин мянга/ төгрөг, чиргүүлийн үнэ 1 900 000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.У нараас тус бүр 12 370 000 /арван хоёр сая гурван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эт,

Мөн шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.У нараас 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.У нараас тус бүр 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Б-т тус тус олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шүүгдэгч *******-ээс гаргуулсан Төрийн сангийн 100900000707 тоот дансанд хадгалж байгаа 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, Т.Анхбаярын “ХААН” банкин дахь 5083126328 тоот дансанд хадгалж байгаа 471 180 /дөрвөн зуун далан нэг мянга нэг зуун ная/ төгрөг буюу нийт 671 180 /зургаан зуун далан нэг мянга нэг зуун ная/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-н А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2117001750035 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-ээс 4 728 461 /дөрвөн сая долоон зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-т,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.У нараас тээврийн хэрэгслийн эвдрэл болох 22 840 000 /хорин хоёр сая найман зуун дөчин мянга/ төгрөг, чиргүүлийн үнэ 1 900 000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.У нараас тус бүр 12 370 000 /арван хоёр сая гурван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-т,

Мөн шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.У нараас 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.У нараас тус бүр 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Б-т тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шүүгдэгч *******-ээс гаргуулсан Төрийн сангийн 100900000707 тоот дансанд хадгалж байгаа 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, Т.А-н “ХААН” банкин дахь 5083126328 тоот дансанд хадгалж байгаа 471 180 /дөрвөн зуун далан нэг мянга нэг зуун ная/ төгрөг буюу нийт 671 180 /зургаан зуун далан нэг мянга нэг зуун ная/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                   

                        

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ