Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Хантөгс,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал, Ч.Баднайнямбуу,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч С.Ганбат,

шүүгдэгч*******, түүний Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-н Э, И овогт Г-н Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Г-н Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж-н Н нарт холбогдох эрүүгийн 1917001790093 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19..... оны 10 дугаар сарын 01-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, арго механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхэд, зээгийн хамт Г аймгийн С сум,  дугаар баг,  дугаар байрны .......... дугаар орцны...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх И овогт Г-н Я /РД:.................../,

 

Монгол Улсын иргэн, 19 оны 06 дугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүхдийн хамт Г аймгийн С сум, 1 дүгээр баг, ....... дугаар байрны ......тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нягтлан бодогчийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх З овогт Б-н Э /РД: ............/,

 

Монгол Улсын иргэн, 19 оны 02 дугаар сарын 23-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механикийн инженер мэргэжилтэй, С-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дүгээр баг, хувийн байрны ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх С овогт Ж-н Н /РД: ............/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч ******* нь*******-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Тэрэгтэд Ц.Мийн эзэмшлийн өвөлжөөнөөс зүүн тийш 600 орчим метрийн зайд газарт булаатай байсан түүний өмчлөлийн 50 тонны төмөр торх /ёмкость/-г машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн*******-ыг хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн яллагдагч ******* нь гэрч*******-ыг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Э-ийн нэрийг хасаад мэдүүлэг өгөөд өгөөч” гэж хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг,

Яллагдагч******* нь *******-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Тэрэгтэд Ц.М-ийн эзэмшлийн өвөлжөөнөөс зүүн тийш 600 орчим метрийн зайд газарт булаатай байсан түүний өмчлөлийн 50 тонны төмөр торх /ёмкость/-г машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн*******-ыг хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч******* нь яллагдагч *******-д холбогдох эрүүгийн 1917001790093 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, 4 дэх хэсэгт заасан “гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 8 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэсэн хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “Хугацааг сайн санахгүй байна Тэрэгтийн цаад талаас газраас ухаад гаргасан төмөр торх ачуулсан... Я өөрөө байсан... Я-гээс би кран ажиллуулсан хөлс болох 150 000 төгрөгөө авсан...” гэж яллагдагч *******-гийн ятгалгаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн шүүгдэгч нар, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд. Үүнд:

1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би ер нь Оросоос үлдсэн эд зүйл болгоныг худалдаж авч амьдардаг хүн. Өмнө нь би худалдаж авч байсан суурь надад байдаг байсан. Тэрийг би үзэх зорилготой явсан. Би Тэрэгт рүү нөхөртэйгөө цуг явсан, сууриа хайж яваад олоогүй. Тэгээд цаашаа хэтрээд явж байтал манай нөхөр машинаасаа нэг зүйл заагаад хэлээд байсан. Би юу юм бол гэж бодоод очтол ёмкостын өрлөг байсан. Очиж үзтэл дотор нь ямар ч зүйл байгаагүй. Яг л Оросын үлдээсэн эд зүйл байсан. Тэрийг Оросын үлдээсэн хаягдал зүйл байна гэж бодсон. Тэнд ямар ч хүн очиж үзэж байгаагүй газар байсан. Тэгээд үзчихээд буцаад явсан. Хэд хоногийн дараа би******* тэр ёмкост ямар ч байсан хүний зүйл биш байна хоёулаа ухаж авъя гэж хэлсэн. Бид хоёр тохиролцсоны үндсэн дээр тэр ёмкостыг ухаж авсан. Тэр ёмкост одоог хүртэл эзэн нь тодорхой болоогүй байдаг. Би тэр газар дахиж өөр шинжээч томилуулж харуулах юмсан гэж маш их хүсдэг. Тэр ёмкост хүн ус зөөж авчраад малаа услах юм уу ямар нэгэн зүйлээр ашиглана гэж байхгүй. Би тэр зүйлийг Оросын үлдээсэн зүйл гэж одоог хүртэл боддог. Тэр газарт ямар ч ул мөр байдаггүй, маш өндөр уул шиг өндөр нуувч дунд байсан. М мэдүүлэхдээ манайх 20, 30 жил энэ ёмкостоор малаа усалж байна гэж мэдүүлсэн байдаг. 20, 30 жил байтугай 2, 3 сар малаа усалсан бол газар нь тагтаршаад ул мөр үлддэг. Тэр газарт ямар ч тийм зүйл байдаггүй. Ядаж хонхойж сэндийчсэн газар өвс ургалаа гэхэд өвс нь өөр өнгөтэй ч юм уу ямар ч тийм зүйл харагдахгүй байсан. Тэр 5 тонны саванд яаж ямар машинаар ус зөөж яаж малаа усалдаг байсан юм итгэхэд бэрх байна. Худлаа зүйл ярьсан гэж бодож байгаа. Намайг олон удаа гүтгэсэн. Яллах дүгнэлттэй холбогдуулан нэг зүйл хэлэхэд 2 гэрч мэдүүлэхдээ намайг хулгай хийсэн гээд байдаг. Тэр хоёр хүн 1990 онд тэнд амьдарч байсан юм уу, 1992 онд аав нь тэнд байсан гэж хүү нь болох М мэдүүлээд байдаг. Мөн 1992 онд тэтгэвэрт гарсан гээд байдаг. Энэ нь он тооллын хувьд зөрүүтэй санагддаг. 1990 онд тэнд ямар ч Монгол хүн амьдарч байгаагүй. Би*******-тэй ярилцаж тохиролцоод ухаж авсан. Тэр ёмкост маш том зүйл хэнээс ч нууж дарагдахааргүй зүйл байсан.*******,******* дээр очиж кран гуйгаад өдөр 11 цагийн үед ачсан. Ачсаныхаа дараа тээврийн хөлс мөнгө нь шилжиж орж ирэхгүй Цагдаагийн пост дээр 13 цаг хүртэл зогссон. Тухайн өдөр ёмкостыг ухаж байх үед ойр тойронд олон хүмүүс байж байсан. Ойр тойронд малчин хүмүүс байж байсан, наадам болох гэж байсан болохоор морь мал наадамдаа бэлдэж байгаа хүмүүс яваад бид нарыг харж л байсан. Тэр үед манай юм миний юм гэж хэлсэн нэг ч хүн байхгүй. Би хулгай хийх байтугай худлаа ч ярьж үзээгүй. Надад хулгай хийе гэсэн хүсэл байсан бол бас өөрөөр сэтгэх байсан байх. Би хулгай хийж амьдрах амьдралтай ч биш. Надад хүний юм зөвшөөрөлгүйгээр хулгайгаар авах ямар ч тийм хүсэл төрөхгүй. Тэгэхээр миний хэлж ярьсан зүйл бүгд үнэн. Хэтэрхий их нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх гээд байгаа юм болов уу гэж би гомддог. Шүүхээр үнэн зөв нь шийдэх байх гэж бодож байна. Би хулгай хийгээгүй гэдгээ л хэлэх байна гэв.

1.2. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би өндөр настай ээжийгээ асарч байдаг байсан. 2018 оны 07 дугаар сард ээжийгээ асарч байх хугацаанд миний утас дуугарсан. Утсаа автал ******* байсан. Чи гараад ир би гэрийн чинь гадаа байна, чамтай нэг ажлын талаар ярих гэсэн юм гээд намайг дуудсан. Би бас өвчтэй өндөр настай ээжтэйгээ, өөрөө бас тэтгэвэрт гарчихсан мөнгө төгрөг муутай байдаг байсан. Тийм болохоор гайгүй ажил байвал хийчихье гэсэн бодолтой байсан. Тэгээд гараад уулзтал ******* надад, би Тэрэгтэд газраар нь ёмкост худалдаж авсан юм, тэр ёмкосыг авч чадахгүй удаад байгаа юм. Хийх гэхээр ганцаардаад байна хамт энэ ажлыг хийлцээд өгөөч, би чамд цалин хөлсийг чинь өгнө гэсэн. Надад мөнгөний хэрэг байсан учир бас найздаа тусалъя гэсэн зорилготой тэр ажлыг хийсэн. Тэгээд удалгүй *******, би экскаватор олчихлоо хоёулаа гараад хийчихье гэсэн. Тэгээд Тэрэгт гэдэг газар очиход овоолсон шорооны дунд нэг ёмкост байсан. Тэр ёмкостын ам нь бараг харагдахгүй шахуу том аман дээрээ өрлөгтэй ёмкост байсан. Тэр газар цэвэрхэн ямар ч мал усалж байсан шинжгүй байсан. Экскаваторыг хүлээж байх хугацаанд хажууд гэр бүлийн хоёр хүн мах шараад сууцгааж байсан. Малчид хонь ямаагаа ноосолж самнаад байж байсан. Тэгээд удалгүй экскаватор ирсэн. Тэгээд дөрвөн талыг нь бүгдийг нь ухаад ёмкостны амыг харахад дотроо хоосон байсан. Ёмкостыг гаргаад байж байтал удалгүй нэг малчин ирсэн, ямар учиртай газар ухаад юм авч байгаа юм бэ? гэж асуусан. ******* тэр хүнд би худалдаж авсан юм гэж хэлж байх шиг байсан. Тэгтэл тэр малчин тэгвэл та хэд нүхийг нь сайн булаарай, мал ороод гэмтчих нь шүү гэж хэлээд явсан. Ямар ч айдас хүйдэсгүй, санаа зовох зүйлгүй энэ ажлыг хийсэн. Тэгээд дараа нь кран олох хэрэгтэй болсон. Энэ ёмкостыг өргөж тавихын тулд кран хэрэгтэй Чойрт*******-аас өөр крантай хүн байхгүй гэж ярилцсан. Тэгээд **************ад өртэй чи яваад асуучихаад ир гэхээр нь би*******-тай үнэ хөлсөө тохироод хотоос ирсэн машин дээр ачуулсан. Тэгээд бүх ажил дууссан. ******* тэр ёмкостыг хэнд зарж хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй. ******* надад ажлын хөлс гэж 600 000 төгрөг өгсөн. Ийм л зүйл болсон. Тэгээд удалгүй ******* над руу залгаад нөгөө хийсэн ажил чинь хэл ам гараад Говьсүмбэр аймгийн үнэлгээний газраас нөгөө ёмкостыг чинь 4 800 000 төгрөгөөр үнэлээд надаас илүү мөнгө нэхээд байна, над дээр эрүү үүсэж цагдаад өгчихсөн байна. Чи энэ ажилд оролцоод цалин хөлс авсан юм чинь чи хамтран оролцогч болчихлоо. Тийм болохоор Мийн найз нь манай төрсөн дүү юм, төлбөрийг нь төлчихвөл өргөдлөө буцаая гэсэн юм гэж хэлсэн. Би тэгээд мөнгийг нь төлчихвөл үнэхээр л өргөдлөө буцаагаад авчихдаг юм болов уу гэж бодсон. Би 3 000 000 төгрөгийг нь төлсөн. Тэгээд би болчихсон юм байх гэж л бодсон ийм л учиртай зүйл болсон. Энэ хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

1.3. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай краны жолооч байхаасаа илүү байхгүй нь их байдаг. Өдөрт олон хүний юм өргөж өгдөг. Би зарим өргөж өгч тусалсан зүйлүүдээ санадаггүй. Би энэ яригдаад байгаа ажлыг хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь хийж өгсөн. Би *******-гийн хийж байгаа ажил гэдгийг мэдэж л байсан. Өмнөх өр ширээ би нэхээгүй. Мөнгөтэй болсон үедээ өгөх юм байлгүй гэж бодоод энэ ажлыг нь хийж өгсөн. М надаас асуусан, ахаа миний ёмкост алга болчихжээ та крантай юм чинь хүн амьтанд ёмкост өргөж өгсөн зүйл байна уу гэж асуусан. Тэгэхээр би байгаа байгаа ******* надаар ачуулсан гэж хэлсэн. Тэгээд энэ өдрөөс эхлээд М шүүхэд нэхэмжлэлээ гаргаад энэ хэрэг үүссэн байдаг. Цагдаагийн газрын ажилтан Түмээ надаас та Тэрэгтээс *******д ёмкост өргөж өгсөн юм уу гэж асуусан. Би тэгсэн, намайг ачаад өгөөч гээд байхаар нь ачиж өгсөн гэж хэлсэн. Тэгээд би мэдүүлгээ өгчхөөд явсан. Надад мөрдөн шалгах ажиллагаанд саад болсон зүйл байхгүй. Би бас хүн амьтны хэлснээр мэдүүлэг өгөөд явдаг хүн биш. Би өөрөө боловсролтой ёс зүйтэй, аймгийн тэргүүлэгчээр 8 жил ажилласан, одоогоор аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байгаа. Надад худлаа ярьж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй гэв.

1.4. Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Сүмбэр сумын 4-р баг, тэрэгт гэх газар манай өвөлжөө байдаг юм. Уг өвөлжөөнөөс ертөнцийн зүгээр зүүн талд 300 орчим метр зайд газар дор ухаж суулгасан 50 тооны төмөр ёмкост байсан юм. Уг газар хэд хэдэн тийм ёмкост газар булаатай байсан бөгөөд тэр үедээ ёмкоснуудыг бас авч явсан. Тухайн алдсан ёмкостыг болохоор манайх худалдаж аваад газраас нь ухуулалгүйгээр байсан газарт нь үлдээгээд ашиглаж байсан юм. Манай талийгаач аав амьд сэрүүн байхдаа тухайн үеийнх нь ханшаар л худалдаж авч байсан байх, би хэдэн төгрөгөөр хэнээс худалдаж авсныг нь бол мэдэхгүй байна. Тэр ёмкост газар дор булаатай боловч ам нь ил гарчихсан түүгээр нь ус хийж бага мал, хурга ишиг уяж байгаа, морьдоо усалдаг байсан. Манайх 20 гаран жил ашиглаж байгаа ёмкост байгаа юм. 2017 оны өвөл Я-гийн ээж Д гэх настай хүн манай өвөлжөөнд өвөлжий гэж гуйгаад байхаар нь манайх зөвшөөрөөд өвөлжүүлж байсан юм. Тэр үед тэдний хүүхэд болох Я ээжийндээ очиж байсан л байлгүй. Тэгэхдээ тэнд ёмкост байгааг мэдээд дараа нь авсан байх гэж бодож байна. Манайх хамгийн сүүлд уг ёмкостыг 2016 оны өвөл дотор нь ус хийж мал усалж ашиглаж байсан бөгөөд 2018 оны хавар нь Д гуайнх нүүсэн. Манай өвөлжөөний орчим худаг байдаггүй бөгөөд тэднийхийг нутаглаж байхдаа малаа нааш нь Тэрэгтийн худаг руу хол тууж услаад байхаар нь би Д гуайд хүртэл манай хорооны зүүн талд байгаа ёмкост руу ус хийж малаа услах боломжтой шүү, 1 дүүргэчихвэл цөөхөн малд хангалттай хүрээд байдаг юм гэж хэлж байсан. 2018 оны наадмаас нилээн хойно өвөлжөөнийхөө хавьд явж байхад ёмкост байдаг хэсэгт үнс, шороо болчихсон байхаар нь яваад очиход ёмкосыг нүхнээс ухаж гаргаад аваад явчихсан байсан. Ёмкостын хажуугаар үнсээр дулаалга хийгээд шороогоор хучиж орхисон байсан юм. Үнснүүд нь ойр орчимд тараад үлдсэн байсан. Тэгээд би ойр хавийн хүмүүсээс сураглаад ерөөсөө сураг гарахгүй байсан. Харин сүүлд /хэзээ гэдгийг санахгүй байна/ Н гэх хүн надад Я намайг гуйгаад миний кранаар ачуулаад хотоос хүмүүс ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэр үед нь Я-тэй уулзах гэхэд тэр хүнийг Солонгос явчихсан гэж байсан. Тэгээд тэр хүнтэй уулзаж байж цагдаа сэргийлэхэд хандая гэж бодоод яваад байсан юм. Миний торхийг Сүмбэр сумын үнэ тогтоох комиссоос 4 500 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна.

...хохирлоо төлүүлж авмаар байна. Орных ёмкостыг өгөх юм бол болно. Би өөрөө одоо бас морь тэжээж байгаа. Морио услах гэхээр ёмкостны хэрэг гарчихаад байна. Хохирлоо төлж барагдуулвал гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тэр төмөр торх 1990 оноос хойш байсан. Тэрэгтэд худаг гараагүй байхад Чойроос ус зөөгөөд тэр төмөр торхонд хийгээд мал усалдаг байсан. Тэр үед Оросууд байхад Мийн аав Ц гуай худалдаж авч байсан юм. Тэр хавиар нутаглаж байгаа бүх хүмүүс мэднэ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Мэднэ. Тэр торх талийгаач Ц гуайг байхад байсан, гар худгийн зориулалттай байдаг байсан. Тэр торхыг Оросууд Монголоос гарах үед Ц гуай худалдаж авч байсан шиг санагдаж байна. Тэгээд тэр төмөр торхонд ус хийгээд малаа усалдаг байсан. Саахалт айлууд ч бас малаа усалдаг байсан. Мийн аав Ц гэх хүн 1990 оноос хойш ашиглаж эхэлсэн. Тэр 50 тонны торх газар булаатай байдаг байсан. Ус хийгээд хөлддөггүй байсан. Худгийн зориулалттай ашиглаж байсан. Би 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед манайх тэрэгтээс нүүхэд байсан. Тэрнээс хойш очиж үзээгүй ээ. Тэгээд манайх тэрэгт рүү нүүж очоогүй ээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би сар өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны зун л байсан юм. Би Чойрын “Фэйсбүүк зарын групп хаягаас ёмкост авна” гэж зар тавьсан байсан юм. Зарын дагуу өөрийгөө Я гэх эмэгтэй хүн яриад надад 1 ёмкост байна гэхээр нь үзэж харж байж үнэ ханшаа тохиръя гэж хэлээд түүнийг ярьснаас 2-3 хоногийн дараа би Замын-Үүд явах ажил гараад тэр Я гэх хүнтэй уулзахад надад ёмкост үзүүлсэн. Тэр ёмкос нь Чойроос зүүн хойш 10 орчим км газарт байсан бөгөөд очиж үзэхэд газарт булаатай байсан. Хэдийн ёмкост гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Тэр надад 50 тонны ёмкост гэж хэлсэн. Би энэ миний эзэмшлийн ёмкост гэж хэлсэн. Тэгээд би түүнд булаатай байгаа ёмкостыг би хэдэн тонных гэж мэдэж авах вэ гэж хэлэхэд тэр надад үүнийг газраас ухаж гаргахад надад мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би газраас ухаж гаргачихаад надад хэлээрэй хэдэн тооных нь үзье гэж хэлсэн. Тэгээд 7 орчим хоногийн дараа газраас ухаж гаргахад экскаватор хөлслөх мөнгө хэрэгтэй байна гээд би түүний данс руу 1 200 000 төгрөгийг шилжүүлж байсан шиг санагдаж байна. Мөнгө шилжүүлнээс хойш хэд хоногийн дараа ухаад гаргачихсан гэхээр нь би хотоос кран хөлслөөд ачаад ир гээд явуулсан. Тухайн краны жолоочийг би танихгүй, хамт яваагүй, тэр очоод ачаад аваад ирсэн байсан. Ёмкостоо хүлээж авсны дараа би үлдсэн мөнгийг шилжүүлсэн. Одоо бол хэдэн төгрөг шилжүүлсэн гэдгээ санахгүй байна. Миний санаж байгаагаар 2 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан шиг санагдаж байна. Ёмкост нь 50 тооны хуучирсан, ухахдаа экскаваторын шүүрээр цоолчихсон хар зэвтэй төмөр ёмкост байсан. Ёмкостоо худалдаж аваад будаж янзлаад цоорхойг нь наагаад буцаагаад хотод фэйсбүүкт зар тавьж байгаад зарж байсан. Хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Зараар хүмүүс над руу яриад худалдаж авч байсан. Худалдаж авсан хүмүүсийг танихгүй, хаашаа авч явсныг мэдэхгүй, ёмкост одоо хаана байгааг нь мэдэхгүй. Авсныхаа дараа сар гарны дараа зарчихсан. Я надтай анх уулзахдаа би Чойрт ёмкост, турба, төмрийн наймаа хийдэг гэж хэлж байсан. Тухайн ёмкостыг миний ёмкост байгаа юм гэж хэлж байсан. Өөрөө тэр газар руу газарчилсан хүнийг заасан байсан. Хулгайн ёмкост гэдгийг нь мэдээгүй. Хэрэв мэдсэн бол би авахгүй байх байсан. Хотоос хөлсөлсөн краны жолоочийн нэрийг мэдэхгүй байна. Утас хаягийг нь мэдэхгүй, хөлслөөд л хүн явуулж авахуулсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

1.8. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сүмбэр сумын Засаг даргаар 1992 оны 04 сараас 1995 оны 8 сар хүртэл ажиллаж байсан юм. Тухайн үед бол Тэрэгтэд Орос цэргийн ангийн байрлаж байгаад Оросууд 1990-1991 онд улс төрийн өөрчлөлтөөр нутаг буцсан. Ганц тэрэгт гэхгүй Чойрын хонхорын байрнууд хүртэл тэр чигтээ үлдэж байсан. Миний хувьд бол тэр ёмкос хаана байсныг, Ц гэж хүн хэнээс худалдаж авсан өгсөн талаар би мэдэхгүй. Оросууд явсны дараа Ц-ийнх хэдэн ангаруудыг хардаг гэнэ лээ гэж ярьдаг байсан. Оросууд явснаас хойш тэднийх тэнд суурьшсан айл байгаа юм. Бусдаар бол надад одоо яригдаад байгаа ёмкостны талаар мэдэх зүйл огт байхгүй. Оросууд үлдсэн зүйлүүдийг тухайн үед нь хувь хүмүүс эзэн суугаад зарж үрж байсан асуудал зөндөө л байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 дугаар хуудас/,

 

1.9. Гэрч Г.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргаар 2002 оноос 2009 он хүртэл ажиллаж байсан. Тэрэгтэд байх объектуудыг болохоор Оросын цэргийн ангийг зэвсгийн склад байсан юм. Газарт булаатай байсан ёмкостууд нь болохоор галын аюулгүй байдлыг хангах зорилгоор ус нөөцөлдөг зориулалттай сав байсан. 1990 онд Оросууд гараад явахад уг объектуудыг Улаанбаатар хотын БЗД-ийн “Z” ХХК Оросуудаас шууд худалдаж авч байсан бөгөөд аймаг орон нутгийн өмчид ямар ч хамааралгүй зүйл байгаа юм. Оросуудыг явснаас хойш Ц гуай уг объектуудын сахиулыг хийдэг байсан юм. Намайг орон нутгийн өмчийн дарга болсны дараа Ц гэх хүнтэй уулзахад надад миний амьдарч байсан бамын барилга, хаалга үүд нь бүтэн 1 ангарын склад болон тэр хавийн бүх зүйл ёмкостуудыг газартай нь хамт уг компаниас цалиндаа авсан гэж ярьж байсан. Миний мэдэхээр Ц гуай ангараас урагш газарт булаатай байсан ёмкостод ус хийгээд малаа усалдаг байсан. Миний хувьд ёмкост, ангар болон бусад объектуудыг Ц гэх хүн хэнээс хэдэн төгрөгөөр авсан талаар мэдэх зүйл байхгүй. Цалиндаа авсан гэж ярьж байхыг л сонсож байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,

 

1.10. Гэрч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2016 оны өвөл Сүмбэр сумын 4 дүгээр баг, Тэрэгтэд Ц.М-ийн өвөлжөөг гуйж өвөлжсөн. Намайг М-ийн өвөлжөөнд өвөлжиж байхад өвөлжөөнөөс зүүн хойш ёмкост байсан үгүйг мэдэхгүй байна. Ил харагдах юм байгаагүй. Газарт булаатай байсан бол би анзаараагүй. Манайх тэнд нэг их удаагүй 20 орчим хоноод л нүүсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

1.11. Гэрч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 сард Улаанбаатар хотоос шар өнгөтэй гинжтэй экскаватор худалдаж авч байсан. Одоо ч би өөрөө унаж ашиглаж байгаа. Улсын дугаарыг нь цээжээр хэлж мэдэхгүй байна. Я миний экскаваторыг гуйж юм ухуулж байгаагүй. Миний мэдэхээр Говьсүмбэр аймагт надаас өөр экскаватортой хүн байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143 дугаар хуудас/

 

1.12. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

DOOSAN маркийн DX500LCA 9908 УН улсын дугаартай гидро экскаватор нь одоог хүртэл уурхайд ашиглагдаж байгаа. 2015 онд уурхайд анх хүлээн авч байсан. Харин DL503 маркийн 9909 УН улсын дугаартай механизм байхгүй. Харин үүнтэй ижил өнгөтэй DL550 маркийн ковш ашиглагддаг. Уг ковшийг 2015 онд анх уурхайд хүлээн авч байсан. DOOSAN маркийн DX500LCA 9908 УН улсын дугаартай гидро экскаваторыг уурхайгаас гадуур ажилд огт ашигладаггүй. Уг экскаватор нь ойрын зайд хөрс, нүүрс ачих зориулалттай бөгөөд хэрэв хол зайд явах шаардлага гарвал түүнийг тусгай зориулалтын чирэгч /трайлер/-ийг ашиглаж тээвэрлэж зөөвөрлөнө. Уурхайд одоогоор экскаваторыг ачиж зөөвөрлөдөг чирэгч байхгүй. Уг экскаваторыг уурхайгаас гаргаж гадуур ашиглаж байсан тохиолдол байхгүй. Хэрэв гаргахаар бол уурхайн захиргаанд албан бичгээр хандаж ерөнхий инженерийн зөвшөөрлөөр бичиг үйлдэгдэж байж гарах ёстой... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146 дугаар хуудас/,

 

1.13. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Сүмбэр сумын 4 дүгээр баг, Тэрэгтийн зүүн объект дунд байршилтай өвөлжөөний зориулалттай газрыг Сүмбэр сумын Засаг даргын 2007 оны А/174 дугаартай захирамжаар Ч.Ц гэх хүнд эзэмшүүлсэн байдаг бөгөөд өвлөх эрхийг гэрчилгээгээр түүний хүү Ц.М-т сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/165 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн байдаг юм. Миний мэдэхээр 2007 онд газрыг эзэмшүүлэхээс өмнө Ц гэх айл уг өвөлжөөнд нутагладаг байсан. Өвөлжөөний зориулалттай газар гэдэг нь дунджаар 35*20 метрийн харьцаатай газрыг ойлгож болно. Газрын тухай хуулиар өвөлжөө, хаваржаа баригдсан хэсгийн яг доорх газрыг эзэмшүүлдэг юм. Эзэмшүүлснээс бусад газар нь нийтийн эзэмшлийн газар буюу бэлчээрийн газар байдаг. Гэрчилгээн дээр 700 м/кв гэж бичсэн байна. 700 м/кв гэдэг нь жишээ нь 28*25 эсвэл 35*20 метрийн хэмжээтэй газрыг хэлж байгаа юм. Энэ 2 харьцааны нийлбэр нь 700 м/кв байх ёстой гэж ойлгож болно. Тус өвөлжөөний ойролцоох ёмкость нь хэний өмчлөлийнх байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэрэгтэд байх 4 ширхэг ангарыг 2010 онд эзэмшигч Ө-ын хүү /нэрийг нь санахгүй байна/ үл хөдлөх хөрөнгөө газрын мэдээллийн санд оруулах хүсэлт тавьсны дагуу хэмжилт хийж зургийг мэдээллийн санд оруулж байсан. Намайг хэмжилт хийх үед Ангарын үл хөдлөх гэрчилгээ нь Ш.Ө олгогдчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 147 дугаар хуудас/,

 

1.14. Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай талийгаач аав Ц нь 1992 оноос Сүмбэр сумын 4-р баг, Тэрэгтэд байх объектын газар эзэмшигчээр Зэт ХХК-н Ц.М-ын байх үеэс объектын манаачаар ажиллаж байсан. 1992-1997 онуудад манаачийн цалинг бол авч байсан. 1997 оноос хойш цалин аваагүй байж байгаад 2002 оны үе байх он сар өдрийг нь санахгүй байна. Захирал М ах Тэрэгтэд байх 4 ширхэг ангарийн 1-г бамын барилга ёмкостын хамт манаачийн цалингийн оронд тооцож аавд өгсөн байдаг бөгөөд манай аав тэнд нутаглаж байгаад 2014 онд өөд болсон. Би 2010 оны 11 сард Чойрт ирчихээд хот руу буцах замдаа аавынхаараа буюу Тэрэгтээр дайраад гарахад Ш.Ө /талийгаач болсон/ гэдэг хүн тэнд байсан бөгөөд тэр хүн надад 4 ширхэг ангар миний өмч болсон талаар хэлсэн. Үүнийг нь М ахад хэлэхэд зарахаар ярьж тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй байгаа учраас миний өмч гэж хэлээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм. Тухайн үед М ахын биеийн байдал муу байсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг томилж байсан. Шүүх хурал 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хурлаар нэхэмжлэгч М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ш.Ө-т олгосон эрхийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа би Сүмбэр сум 4-р баг, Тэрэгтэд байх 4024м/кв талбайтай 3 ширхэг агуулахын зориулалттай ангарийг Ц.М-аас 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Мөн аав өмнө нь цалингийн хөлсөнд өгсөн байсан ангарийг нэмж дөрвүүлэн дээр нь 1 үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Хулгайд алдагдсан ёмкость байсан учраас баруун тийш нэг их холгүй манай төрсөн дүү Мийн өвөлжөө байдаг. Өвөлжөө нь манай аав Ц-ийнх байсан бөгөөд нас барсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 30-нд Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар манай дүү М-т өвлөх эрхийн дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байдаг. Түүнээс хойш манай дүү өвөлжөө болон ёмкостийг ашиглаж байсан бөгөөд ёмкостийг хулгайд алдсан талаар би өөрөөс нь өнгөрсөн жил сонсож байсан. Тухайн ёмкость нь ааваас дүүд өвлөгдөж ирсэн гэж хэлж болох өмч хөрөнгө байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224 дүгээр хуудас/,

 

1.15. Гэрч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Уг хорооноос баруун хойд талд нэг их холгүй байх гүний худагт мотор тавьж малаа усалж байсан. Ойролцоогоор 500-600 метр зайтай л байх... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234 дүгээр хуудас/,

 

1.16. Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Зэт ХХК-н захирал байсан ба Зэт ХХК-н 50-р объект буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг Тэрэгт гэх газар байрлах объектыг би эзэмшиж байсан. Тухайн объектод маш олон төрлийн эд зүйл байсан. Мөн 50 тонны багтаамжтай ёмкостууд газар булаатай байдаг байсан. Миний объектыг Ц гэх хөгшин олон жил манаж манаачаар нь ажиллаж байсан. Би олон жил Ц гэх хүний манаач хийсэн цалинг өгч чадаагүй болохоор одоогоос 10 орчим жилийн өмнө тухайн объектыг бүх эд хогшил ёмкостын хамт цалиндаа бодож ав гээд өгч байсан. Олон төрлийн эд хогшил байсан болохоор нэг бүрчлэн нэрлэж хэлж мэдэхгүй байна. Тэр хашаанд байсан 50-р объектын бүх эд хогшил Ц гэх хүний өмч юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236 дугаар хуудас/,

 

1.17. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сүмбэр сумын ЗДТГ-т хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд худаг уст цэгийг хариуцан ажилладаг юм. Сүмбэр сумын 4-р баг, Тэрэгтэд тэрэгтийн зүүн халзан нэртэй гүний худаг байдаг. Өмнө нь байсан худгийг 2012 онд сэргээн засварлаж паспорт олгосон байдаг. Худаг уст цэг эзэмших ашиглах гэрээ болон бусад паспорт олгосон байдаг. Худаг уст цэг эзэмших, ашиглах гэрээ болон бусад паспорт нь надад байгаа. Гэрээний хавсралтаар харахад худгийн тодорхойлолт хэсэг дээр Сүмбэр сумын 4-р баг, Тэрэгтийн халзангийн зүүн гэдэг газар ангарт Чойроос 12 км газарт гэсэн байна. Гэрээг 2012 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай байгуулж дахин сунгуулаагүй. Гэрээний хугацаа дууссан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237 дугаар хуудас/,

 

1.18. Хохирогч Ц.М, гэрч А.Д нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Гэрч А.Д: Манайх Мийн өвөлжөөн дээр өвөлжиж байхад М бид хоёр хоорондоо уулзаагүй, мөн утсаар яриагүй, надад тэгж хэлж байсан зүйл мэдэхгүй.

Хохирогч Ц.М: Би тухайн үед Д эгч, Д хоёрт хэлж байснаа санаад байна. Яг одоо хэнд нь хэлснээ санахгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28 дугаар хуудас/,

 

1.19. Хохирогч Ц.М, гэрч Г.Д нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Гэрч Г.Д: М бид хоёр тэгж ярьсан зүйл байхгүй. М надад тэгж хэлж байгаагүй.

Хохирогч Ц.М: Би Д, Д нарын аль нэгэнд хэлж байснаа санаад байна. Яг одоо хэнд нь хэлснээ санахгүй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

1.20. Гэрч Д.Байгалмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 1 сард яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Я над руу залгаад найзад маань мөнгөний хэрэг болоод 1 200 000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Тэгээд Я залгаснаас хойш 2-3 хоногийн дараа бэлнээр 1 200 000 төгрөг Я-д зээлүүлсэн. Тухайн мөнгийг Я надаас авахдаа 1 сарын хугацаатай ямар ч хүүгүй авсан. Тэгээд 2020 оны 02 сарын эхээр Я-гээс мөнгөө авъя гэж хэлэхэд Я надад найз нь Э-ээс мөнгө авах ёстой юм аа, тэр мөнгийг аваад чамд өгнө гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 03, 04-ний үед Я бид хоёр Э-ийн гэрт очсон. Тухайн өдөр Э надад бэлнээр 200 000 төгрөг өгөөд үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 02 сарын 23-ны өдөр өгөхөөр тохиролцсон цаасан дээр гэрээ маягийн зүйл хийсэн. Тэгээд миний 1 000 000 төгрөгийг Э заасан хугацаандаа миний хүүхдийн данс руу хийсэн байсан. Анх мөнгө авахыг Я аваад төлөхийг нь Э төлсөн гэж хэлж болно... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32 дугаар хуудас/,

 

1.21. Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 6 сард Тэрэгт рүү худгийн кольцо хайж байгаад түүнийг олохгүй өөр газар очоод би анх ёмкост олж хараад тэнд нэг юм байна гээд гараараа заахад Э очиж үзье гэж хэлсэн. Тэнд нь очоод үзэхэд аман дээрээ өрлөгтэй юм байна. Энд ёмкост байна гээд гар утасны гэрэл тусгаж таг руу нь хараад хэсэг тухайн ёмкосыг үзэж байгаад яваад өгсөн юм.

...манай гэрт Э ирж уулзаж байсан. Ирээд Д гэж ламд үзүүллээ. Эзэнгүй гэж байна. Газрыг аргадаад ухаж явъя гэж хэлээд Я Э хоёр гараад явсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39 дүгээр хуудас/

 

1.22. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2016-2017 онд шилжих өвөл манай ээж Д над руу залгаад Тэрэгтэд танай найз Мийн өвөлжөө байдаг юм гэнээ, тэр өвөлжөө дээр ээж нь малаа аваачиж өвөлжиж болох болов уу, чи М-ээс асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр би М рүү залгаад танай өвөлжөөн дээр хүн байгаа юу би ээжийгээ энэ өвөл үнэ хөлсийг нь өгөөд өвөлжүүлье гэж хэлсэн. Тэгсэн чинь М тэгээ хөлсөнд нь нэг үхэр өгчих гэж хэлсэн. Тэгээд манай ээж Мийн өвөлжөөн дээр өвөлжихөөр болсон. Тэгээд би ээжид таныг өвөлжиж болно гэж байна, хөлсөнд нь нэг үхэр өгөөрэй гэж байна гэж хэлсэн. Тэгээд манай ээж Мийн өвөлжөөн дээр ирж буулгүй отроор ирж үхрээ хашиж хоноод байсан шиг санагдаж байна. Тэгээд удалгүй нүүгээд явсан санагдаж байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

1.23. Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг өнгөрч байхад нэг эмэгтэй хүн миний өрөөнд орж ирээд хүсэлт өгөх гэсэн юм гээд нэг ширхэг бичгийн хүсэлтийг өгсөн. Тэр эмэгтэй уг хүсэлтийг надад өгөөд өөр ямар нэгэн зүйл ярилгүй гараад явсан. Би тухайн хүнийг танихгүй. Тэгээд тухайн үед ажлын цаг дуусаж байсан болохоор өрөөндөө үлдээгээд гарсан. Тэгээд би надад өгсөн хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр толгой нь харахад Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Г танаа гэсэн байхаар нь уг хүсэлтийг мөрдөгч Г-т өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46 дугаар хуудас/,

 

1.24. Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

30-19 УБГ улсын дугаартай автокран Гео мандал Стар ХХК-ийн механикч аж ахуйн ажилтнаас 2013 онд худалдаж авсан. Тухайн үед 13 000 000 төгрөгөөр худалдан авч Гео мандал Стар ХХК-ийн кассанд тушаасан. Тухайн краныг засаж сайжруулан 2014-2015 Говьсүмбэр аймагт авто тээврийн даргаар ажиллаж байсан У гэж дууддаг, бүтэн нэрийг нь санахгүй байна, У гэх хүнд 10 000 000 төгрөг бэлэн авч маз кран авсан. Худалдаж авсан 90-39 улсын дугаартай маз краныг би ашиглаж байна.

Гео мандал Стар ХХК уул уурхай ажиллуулдаг туслах гүйцэтгэгч компани. 2020 оны 10 сараас хойш БЗД 10-р хороонд байрлах компанийн хашаа өөр хүмүүст зарагдсан байсан. Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Компанийн агуулах, гражийн байр манай БЗД 10-р хороо 2048 тоот хажуу талд байрладаг. Гео мандал Стар ХХК-ийн захирал Батдулам гэх эмэгтэй байдаг, би сайн танихгүй. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо мустанг төвийн 3 давхарт оффис нь байдаг. Холбогдох утас нь 70100714.

30-19 УБГ улсын дугаартай авто кран миний нэр дээр байдаг. 2014-2015 онд У гэх хүнд худалдсан. Гео мандал Стар ХХК-ийн нэр дээр албан тоот өгсөн боловч тухайн хүн шилжүүлээгүй байсан бөгөөд 2020.08.24-ний өдөр 20/5 дугаартай албан тоотоор Гео мандал Стар ХХК-с гаргуулж авсан боловч албан тоот дээр арлын дугаар буруу бичигдсэний улмаас нэр шилжүүлээгүй. Гео мандал Стар ХХК-ийн нэр дээр байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 237-240 дүгээр хуудас/,

 

1.25. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би гүйцэтгэх захирал албан тушаалтай. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Намайг 2014 онд тухайн компанийг хариуцаж авахад тэр кран байсан. Тийм учраас хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй байна. 2014 онд үйл ажиллагаагаа зогсооход тухайн кран аж ахуйн хашаанд байсан. 2017 онд Н гэх хүнд 2017 оны 4 болон 8 сард 2 хувааж 19 000 000 төгрөгийг худалдсан. Нэр шилжээгүй талаар би мэдээгүй. Бичиг баримтуудыг бол бүрдүүлж өгсөн. Өөрөө шилжүүлнэ гээд шилжүүлээгүй  байна лээ. Би шилжүүлээгүй талаар 2020 оны 8 сард над руу яриад би өөр М гэх хүнд зарахаар боллоо, нэр шилжүүлэх бичиг хийгээд өгөөч гэж хэлэхэд нэрээ дахин бичиж хийж өгсөн юм....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 244 дүгээр хуудас/,

 

1.26. Иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ж.Н /У гэж дууддаг/ гэх хүнээс 15 000 000 төгрөгөөр 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр худалдаж авсан. Намайг худалдаж авахад тухайн кран нь Гео мандал Стар ХХК-ийн нэр дээр байсан. Одоо ч тэр компанийн нэр дээр байгаа. Өөрийн нэр дээр шилжүүлж авахаар хөөцөлдөж байгаа. Тухайн үед нэрээ шилжүүлэх гэтэл итгэмжлэхийн хугацаа дууссан байсан. Автокраныг би 15 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Хэрэгт үнэлгээ болохоор 11 000 000 төгрөгөөр гарсан  байна. Энэ үнэлгээг бол зах зээлийн дундаж үнэ гэсэн байна. Үнэлгээтэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн краныг би гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэдгийг мэдэлгүйгээр худалдаж авсан. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс краны үнэлгээг гаргуулж улсын төсөвт суулгуулж миний краныг надад буцаан олгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Би бол энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм чинь краныг хураан авна гэж бодохгүй байгаа... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

1.27. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /1-р хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

1.28. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ТХҮ-719/207 дугаартай Ашинд Билгүүн ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,

 

1.29. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/165 дугаартай Газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх тухай захирамж /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

1.30. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 157 дугаартай Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 158-161 дүгээр хуудас/,

 

1.31. 2020 оны 01 дүгээр сарын Вендо ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 165-166 дугаар хуудас/,

 

1.32. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЗ/181 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 122-124 дүгээр хуудас/,

 

1.33. Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 199-204 дүгээр хуудас/,

 

1.34. Худаг уст цэг эзэмших, ашиглах гэрээ /1-р хх-ийн 239-241 дүгээр хуудас/,

 

1.35. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

1.36. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/153 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 215-218 дугаар хуудас/,

 

1.37. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 10-13 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч******* нь *******-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Тэрэгтэд Ц.М-ийн эзэмшлийн өвөлжөөнөөс зүүн тийш 600 орчим метрийн зайд газарт булаатай байсан түүний өмчлөлийн 50 тонны төмөр торх /ёмкость/-г машин механизм ашиглаж буюу явуулын экскаватороор газраас ухуулж гаргасан, мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн*******-ыг хөлслөн түүний өмчлөлийн 30-19 УБГ улсын дугаартай өргөгч краныг ашиглан хулгайлж 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,

Мөн шүүгдэгч ******* нь гэрч*******-ыг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Э-ийн нэрийг хасаад мэдүүлэг өгөөд өгөөч” гэж хууль бусаар нөлөөлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,

Шүүгдэгч******* нь яллагдагч *******-д холбогдох эрүүгийн 1917001790093 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” 4 дэх хэсэгт заасан “гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” 8 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэсэн хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хууль сануулж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа “Хугацааг сайн санахгүй байна Тэрэгтийн цаад талаас газраас ухаад гаргасан төмөр торх ачуулсан...Я өөрөө байсан...Я-гээс би кран ажиллуулсан хөлс болох 150 000 төгрөгөө авсан..” гэж яллагдагч *******-гийн ятгалгаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Учир нь:

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхаар хууль тогтоогч хуульчилсан байна. Энэ нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр нууцаар авах тухай ойлголт юм. Гэтэл шүүгдэгч*******-ийн хувьд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Тэрэгтээс зүүн тийш 600 орчим метрийн зайд газарт булаатай байсан 50 тонны төмөр торх /ёмкость/-г хохирогч Ц.М-ийн өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, тухайн эд зүйлийг эзэнгүй гээгдэл эд хөрөнгө гэж ойлгон өргөгч кран авч очин авсан гэх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч******* нь бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;”, 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн үйлдсэн;”, 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;” нотлохоор заасан байхад эдгээд нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

Шүүгдэгч ******* нь гэрч*******-ыг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Э-ийн нэрийг хасаад мэдүүлэг өгөөд өгөөч” гэж хууль бусаар нөлөөлсөн гэх хэргийн тухайд шүүгдэгч******* нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд “...он сарыг нь санахгүй байна. ******* нь надад*******-ийн нэрийг хасаад мэдүүлэг өгөөч гэж хэлсэн. Гэхдээ би үүний дагуу мэдүүлэг өгөөгүй...” гэж мэдүүлэг ба шүүгдэгч *******-гийн уг үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******-гийн уг үйлдлийн улмаас бодитой хохирол, хор уршиг учирсан болох нь учраагүй байна.

“Худал мэдүүлэх” гэдэгт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхээр гарын үсэг зурсан гэрч, хохирогч нь болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг ойлгох төдийгүй харсан, үзсэн, сонссон, мэдсэн зүйлээ огт хэлээгүй эс үйлдлийг ч хамааруулан үзэх ойлголт юм. Шүүгдэгч******* нь гэрчээр 2019 оны 11 дүгээр сарын 08, 2020 оны 01 дүгээр сарын 21, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрч*******-тэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан байна. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч*******-ын дээрх гэрчээр өгсөн мэдүүлгүүдийн аль мэдүүлэг нь худал болохыг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч******* нь хэрхэн худал мэдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-гийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь:

Шүүгдэгч ******* нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Тэрэгтээс зүүн тийш 600 орчим метрийн зайд газарт булаатай байсан 50 тонны төмөр торх /ёмкость/-г хулгайлах зорилго байгаагүй талаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба тухайн эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэрэгт гэх газарт байрлах хохирогч Ц.М-ийн эзэмшлийн өвөлжөөнөөс зүүн тийш 600 орчим метрийн зайд газарт булаатай байсан түүний өмчлөлийн 50 тонны төмөр торх буюу ёмкостийг 30-19 УБГ дугаартай өргөгч кран ашиглан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж бусдад 4 500 000 төгрөгний хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Ц.М, гэрч Ч.Э, Г.Т, Г.Б, Ц.М, Ц.М нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч И овогт Г-н Я-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Я нь манай хамгийн том охин байгаа юм. Хүнтэй харьцах чадвар сайн. Сургууль соёл төгссөн, боловсролтой, биеэ зөв авч явдаг. Хүнд их тусархуу цайлган зантай хүүхэд. Муу зуршилгүй. Хэрэг төвөг хийгээд байхаар хүн биш... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

2.2. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Я бид 2 хар багийн найзууд байгаа юм. Садан төрлийн холбоо бол байхгүй. Миний найз нь хүнд их тусархуу, цайлган зантай, хөдөлмөрч, шаламгай зантай хүн байгаа юм. Хар багаасаа одоог хүртэж найзалж байна. Бид 2-н хооронд маргалдаж муудах зүйл байдаг л байсан. Муудчихаад төд удалгүй инээгээд л уучлалт гуйгаад ороод ирдэг. Хүнд муу санаад байдаггүй. Их л цайлган зантай хүн дээ. Амьдралын хувьд их хэцүү, нөхөр болон хүүгээ байнга асарч тойлдог. Нөхөр Амаржаргал тархиндаа цус харваж түүний асаргаанд байдаг. Юм ч ярьж чаддаггүй тэргэнцэртэй хүн л байдаг юм. Түүний том хүү Дөлгөөн бага байхын л унаж татдаг байнга эмнэлгээр явж байдаг хүүхэд байсан. Одоо ч тэр хүүхэд Я-гийн асаргаанд байдаг. Бас группт байдаг юм. Сарын өмнө нь гэхэд нөхөр хүү 2 нь зэрэг эмнэлэгт хэвтээд тэр 2-гоо эргэж тойрч явна гэж ярьж байсан. Мөн түүний охины хүү нь түүн дээр байдаг. Хүргэн охин 2 нь Солонгос улсад байдаг юм. Түүний хувьд 2 өвчтэй хүн асарч, 1 бага насны хүүхэд гэртээ хардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлж фэйсбүүк зараар юм зарж амьдрал ахуйгаа залгуулдаг хүн байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30 дугаар хуудас/,

 

2.3. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай эгч Я шударга зантай хэлэх гэсэн үгээ хэлчихдэг хүн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

2.4. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Я нь шударга зантай, ширүүн хурдан түргэн ааштай, худал ярьж хулгай хийх хэмжээний хүмүүжилтэй хүн биш... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45 дугаар хуудас/,

 

2.5. Шүүгдэгч *******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 72 дугаар хуудас/.

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 75-78 дугаар хуудас/,

 

2.7. Хохирогч Ц.М-ийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /1-р хх-ийн 90 дүгээр хуудас/,

 

2.8. Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /1-р хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

2.9. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 92 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2018 оны 07 дугаар сард үйлдсэн байна. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлтүүд орж байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж заасан, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж өөрчилсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч *******-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Г-н Я-д холбогдох эрүүгийн 1917001790093 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан. Гэтэл шүүгдэгч *******-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Sinotrak Wu Yue маркийн 30-19 УБГ дугаартай цагаан өнгийн өргөгч кран нь иргэний нэхэмжлэгч Л.Б-н өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Л.Б-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн камерийн бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-н Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Г-н Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж-н Н нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******-д холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч И овогт Г-н Я-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Г-н Я-д холбогдох эрүүгийн 1917001790093 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч *******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч *******-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Sinotrak Wu Yue маркийн 30-19 УБГ дугаартай цагаан өнгийн өргөгч краныг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Л.Б-н өмчлөлд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн камерийн бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ