| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч-н Б-д холбогдох эрүүгийн 2117000000082 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..85 оны 08 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинч мэргэжилтэй, ........ тасагт машинист ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Г аймгийн С сум ....дугаар баг, 15-р байрны ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ч-н Б /РД:............./,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 15-р байрны гадаа 99-39 ГСА улсын дугаартай Тоёото Филтер маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн С.С-тай маргалдан улмаар нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи гадна буланд цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 15-р байрны гадаа 99-39 ГСА улсын дугаартай Тоёото Филтер маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч С.С-тай маргалдан улмаар нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи гадна буланд цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4 цагийн орчимд би өөрийн ажлын газрын хүн болох С-ын хамт Сүмбэр сум 3 дугаар баг 15-р байрны гадаа ил зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгсэл болох 99-39 ГСА улсын дугаартай Т.Филтер маркийн тээврийн хэрэгсэл дотор 1 шил литрийн савлагаатай Eden нэртэй архи хувааж уусан. С тээврийн хэрэгслийн жолоочийн хажуугийн суудал дээр суусан, би хойд сандалд голлоод суусан байсан. Би архи уудаггүй болохоор тухайн үед их согтсон байсан. С надтай ажлын талаар юм ярьж асууж байсан. Би бараг тасарч байсан учраас тиймээ, ммхан гэсэн хариулт өгсөн. Тэр үед С намайг та чинь одоо унтаад байгаа юм уу даа гэж хэлээд миний зүүн мөр лүү толгойгоороо бага зэрэг түлхсэн юм. Тэр үед би С-ыг агсраад байна гэж бодоод өөрийн баруун гараараа С-ын зүүн нүд рүү нэг удаа цохьчихсон юм. Тэр үед бид 2 өөрсдийгөө бага зэрэг сэгсрээд бие биеэсээ уучлалт гуйгаад салаад гэр гэртээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
1.3. Хохирогч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4 цагийн орчимд ажлаас буугаад Б ах бид хоёр 15-р байрны гадаа Б ахын машин дотор 1 литрийн Эдэн гэх архи хувааж уусан. Тухайн үед машин дотор Б ах бид хоёр л байсан. Б ах хойно суучихсан, би жолоочийн хажуугийн суудал дээр суусан байсан. Бид 2 ажлын талаар юм ярьж байгаад Б ах намайг юм ярихад унтаад ч байгаа юм шиг байхаар нь би уурлаад та чинь одоо унтаад байгаа юм уу гээд ганц хоёр үг хэлчихсэн юм. Тэгээд би хойшоо хараад тонгойсон байсан, мөн Б ах тонгойчихсон байсан учраас би Б ахын мөр лүү толгойгоороо түлхчихсэн юм. Унтаад байхаар нь сэрээх гэж байсан. Тэгтэл Б ах намайг өөрийг нь мөргөчихлөө гэж бодоод гэнэт сандарсан байх баруун гараараа миний зүүн нүдний доод хэсэг шанаа руу нэг удаа цохичихсон юм. Өөр зүйл болоогүй. Тухайн үед бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, муудсан байсан. Тухайн үйлдлийг Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л сандарсандаа гаргасан байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Б надаас уучлалт гуйгаад 1 000 000 төгрөг өгсөн. Надад бол Баас ямар нэгэн нэхэмжилсэн зүйл байхгүй. Миний биеийн байдал одоо хэвийн болсон. Ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Нүдний хөхрөлт арилсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
1.4. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 227 дугаартай дүгнэлтэд:
- С.С-ын биед зүүн нүдний доод зовхи, гадна буланд цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Учирсан гэмтэл нь үзлэг хийсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюул учруулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
1.5. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 224 дугаартай дүгнэлтэд:
- *******-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч С.С нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний нөхөр Б их шулуун шударга зантай, хүнд хэлье гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, өрөвч сэтгэлтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, тогтуун зан араншинтай, нэг буруу зүйл хийчихвэл тухайн зүйлдээ их санаа зовж шаналдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
2.2. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б нь их нийтэч, наргианч, хүнтэй хэл амаа эвтэйхэн ололцчихдог айлын бага хүүхэд байгаа юм. Мөн их тэвчээртэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, юм сурах эрмэлзэл ихтэй ах байгаа юм. Би бага байхаасаа Б-ыг мэднэ... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/,
2.4. Шүүгдэгч *******-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ