Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00295

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/02201 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2095 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.С, Х.Снарт холбогдох,

Зээлийн төлбөрт 68.038.818 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Д.С, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С, Х.Снартай 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-BCC2014041744-1 тоот Орон сууцны зээл-ийн гэрээ байгуулж 70.600.000 төгрөгийг 1 жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн барьцааны гэрээг байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 23 тоотод байрлах 56.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлдөггүй байсан. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн зөрчил 614.000 төгрөгийн зөрчил, үндсэн хүүгийн төлбөр 1.940.411 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.563 төгрөг болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээл 65.164.918 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2.261.162 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 743 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 17.000 төгрөг, нийт 68.038.818 төгрөг нэхэмжилж байна. Уг зээлийн төлбөрийг нэхэмжлэхээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594.994 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 23 тоотод байрлах 56.52 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оролцуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.С, Х.Снар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2014 оны 5 сард Хнаас орон сууцны зээл авсан. Байгууллага санхүүгийн хямралаас шалтгаалан цалингаа цаг хугацаанд олгоогүйгээс 2017 оны 11 сараас бид төлбөрөө хуваарийн дагуу төлж чадаагүй. Уг зөрчлөө арилгаад зээлээ хугацаанд нь төлөх хүсэл байгаа боловч тодорхой хугацаа шаардлагатай байх тул санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хүртэл хугацаа олгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/02201 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Д.С, Х.Снараас үндсэн зээлд 65.164.918.41 төгрөг, үндсэн хүүнд 2.261.162.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 743.93 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан зардалд буюу нотариатын зардалд 17.000 төгрөг, нийт 67.443.824.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-BCC2014041744-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 23 тоотод байрлах 56.52 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 576,992.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 576,992.43 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2095 дугаар магадлалаар: .Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2018/02201 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1...” гэсний дараа “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1...” гэж, 2 дахь заалтын “...талуудын хооронд гэсний өмнө Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1...” гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.С, Х.Снарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7-р сарын 6-ны өдрийн 2201 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 1-ний өдрийн 2095 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай миний биө 2018 оны 7-р сарын 6-ны өдөр Халдвар Судлалын Үндэсний төвийн сүрьөэгийн 2-р тасагт төрсөн дүүгээ сахиж байсан бөгөөд Хны нэхэмжлэлтэй Д.С, Х.Снарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан тухайн өдөр зарлагдсан. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт болон Халдвар Судлапын Үндэсний төвийн магадалгааг шүүгчийн туслахад хариуцагч Д.Саар хүргүүлсэн. Гэвч тун удалгүй дүү өвчний улмаас нас барсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй байдлаа нотолсон баримт болон хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр хариуцагч талыг байлцуулалгүй шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7-р сарын 6- ны өдрийн 2201 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 1-ний өдрийн 2095 дугаартай магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.С, Х.Снарт холбогдуулан зээлийн төлбөрт 68.038.818 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 15-ний өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 70.600.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаагаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 4 дүгээр байрны 23 тоотын 56.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалжээ /хэргийн 8-16 дугаар тал/.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, гэрээний үүрэг зөрчиж байгаа, зөрчлөө арилгахыг байнга сануулж, зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч үүргээ биелүүлээгүй, ...гэрээ цуцлах үндэслэлтэй” гэж тодорхойлсон.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...санхүүгийн хямралаас шалтгаалан байгууллага цалингаа цаг хугацаанд нь олгоогүйгээс зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй, ...зөрчлөө арилгаад зээлээ хугацаанд нь төлөх хүсэлтэй...” гэсэн тайлбар гаргаснаас үзвэл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг эс зөвшөөрсөн агуулгатай байгааг шүүх анхаараагүй, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй.

Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтрүүлсэн тохиолдолд банк гэрээг цуцалж, зээлийн төлбөр шаардах эрхтэй талаар зээлийн гэрээний 9.2., 9.2.2-т заасан, нэхэмжлэгч албан бичгээр үүргээ гүйцэтгэхийг хариуцагч нарт мэдэгдэж байжээ.

Хариуцагч нар орон сууц худалдан авах зорилгоор урт хугацааны зээл авч, зориулалтын дагуу ашиглаж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Хариуцагч нар гэрээний хугацаанд зээл 70.600.000 төгрөг, хүү 71.256.603 төгрөг нийт 141.856.603 төгрөг буцаан төлөх үүрэг хүлээсэн байх ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас үзвэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж буй үндсэн зээл 5.435.082 төгрөг, хүү 2.261.162 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 743.91 төгрөг нийт 7.696.987 төгрөг байна /хэргийн 81 дүгээр тал/. Үүнийг нийт үүрэгтэй нь харьцуулбал 5.42 хувь байна. Энэ тохиолдолд үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4., 225.4.1.-т нийцээгүй гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцсэнгүй.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/02201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2095 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 225 дугаар зүйлийн 225.4.1.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.С, Х.Снараас нараас 68.038.818 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 495.170 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ