Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0354

 

 

 

 

 

 

 

 

Б.Л нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Л.Н нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23220000025 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, И.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч Л.Н, Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0896/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Л-гээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Л.Н нарт холбогдууланХан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Л.Н нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23220000025 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүрээр зүйл, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 18 дугаар зүйлийн 18.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Татварын ерөнхий хуулийн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3, 73 дугаар зүйлийн 73.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Л-гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Л.Н нарт холбогдох, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Л.Н нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23220000025 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Иргэн Б.Л нь 2017 онд нийт 1,913,001,593.01 төгрөгийн алтны борлуулалтын орлогоос тухайн үйл ажиллагааны зардал 1,859,084,888 төгрөгийг хасахад 4,644,728 төгрөгийн ашиг олсон тул хуульд зааснаар хувь хүний орлогын албан татварт 464,475 төгрөгийн татвар төлсөн бөгөөд энэхүү орлого, зардал ашиг нь алт борлуулалтын аж ахуйн үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж бүртгэснээр нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй. Дээрх орлого нь алт борлуулалтын аж ахуйн үйл ажиллагааны тэмдэглэлд бүртгэсэн гүйлгээ нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны гүйлгээний хуулгаар давхар нотлогдож буй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.6-д заасан давхар хөтөлбөргүй нотлогдох учиртай гэсэн шаардлагыг хангаж байна. Учир нь алт борлуулалтын аж ахуйн үйл ажиллагааны тэмдэглэл нь НББтХ-ийн 3.1.3-т заасан бусад нотолгоонд хамаарах тул нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт мөн гэж үзэх үндэслэлтэй.

3.2. Нөгөөтэйгөөр тухайн нийт 1,913,001,593.01 төгрөгийн алтны борлуулалтын орлогын алтыг худалдан авах зардлыг Худалдаа хөгжлийн банкны алт барьцаалсан зээлээр санхүүжүүлсэн бөгөөд энэхүү зээлийг өөрт байгаа алтыг барьцаалж үе шаттайгаар зээл авсан буюу одоо байгаа алтаа барьцаалж авсан зээлээр дараагийн алтыг худалдан авч, тэрхүү худалдан авсан атлаа барьцаалж зээл авч, дараагийн алтыг худалдан авах хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. Тиймээс ийнхүү алт худалдан авахад зарцуулсан зээлийн хөрөнгө нь аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогод тооцогдохгүй тул түүнд татвар ногдуулах ёсгүй бөгөөд алт барьцаалсан банкны зээлийн хөрөнгө болон бусад зардлыг хасч тооцвол Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2022.04.29-ний өдрийн НА23220000025 тоот нөхөн ногдуулалтын актад заасан 1,784,936,015.78 төгрөгийн зөрчил үндэслэлгүй.

3.3. Татвар төлөгчийн хүсэлтээр хийсэн татварын хяналт шалгалтын үр дүнд Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн НА23220000025 тоот 267,740,403.37 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг тавьсан бөгөөд тус актыг эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтаар хийгээгүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ТХШҮА-ын журмын 2.1-т татварын хяналт шалгалтыг зөвхөн 2 үндэслэлээр хийх бөгөөд хавтаст хэрэгт тухайн акт тавьсан хяналт шалгалтыг хийх татвар төлөгч иргэн Б.Л-гийн хүсэлтийг шүүх цуглуулаагүй.

Улмаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2321802044 дугаартай томилолтоор гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй, түүний үр дүн тодорхой болоогүй байхад Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинээр 2322401006 дугаартай томилолтоор татварын хяналт шалгалтыг хийж дуусгаад ТХШҮА-ны журмын 4.5-д заасан Татварын акт болох Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн НА2322000025 тоот 267,740,403.37 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан нь ТХШҮА-ны журамд нийцэхгүй байх тул 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2321802044 дугаартай томилолтоор гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын болон 2022 оны 4 дүгээр сарын 21-ний 2321802044 дугаартай томилолтоор гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын ТХШҮА-ны журмын 2.1-т заасан болон бусад баримт бичиг, нотлох баримтыг шүүх цуглуулах ёстой байсан.

Гэтэл дээрх нотлох баримтыг цуглуулаагүй хэр нь нэхэмжлэгчийг анхан шатны баримтыг гаргаж өгөөгүйд буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд түүнтэй холбоотой нотлох баримтыг хариуцагчаас гаргуулж цуглуулах нь ЗХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх” гэж зааснаар шүүхийн үүрэг гэж үзэж байна.

3.4. Үүний тул нэн тэргүүнд Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дугаартай тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд Нэгдүгээр хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-г цуглуулж, түүнд зааснаар татварын хяналт шалгалт явуулахад ямар ажиллагаа явуулж, ямар төлөвлөгөө, тэмдэглэл болон бусад баримт бичиг гарах заасны дагуу нотлох баримтыг цуглуулах ёстой байсан.

Иймд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн НА23220000025 тоот 267,7400,403.37 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавигдсан нь хууль зүйн үндэслэлгүй тул түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн 128/ШШ2023/0097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “... МУҮХ-ийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхагласан бөгөөд үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх механизмаар, ТЕХ-ийн 76.1.1-т Татварын албан үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлана гэж тус тус зохицуулжээ. Тиймээс татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг ТЕХ-ийн 41 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд тус зүйлийн 41.13-т заасан журмын дагуу татварын хяналт шалгалт явуулдаг.

4.2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2321802044 дугаартай томилолтоор иргэн Б.Л-г анх шалгаж эхэлсэн бөгөөд энэ үед Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж, үйлчилж байсан нь нээлттэй эх сурвалжид байршсан, хэн бүхэнд илэрхий тул ЗХШХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт юм.

4.3. Тус журмын 4.1-т зааснаар татварын хяналт шалгалт Бэлтгэх, Гүйцэтгэх, Дуусгах гэсэн 3 үе шаттай бөгөөд үе шат бүрт төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгэн өдөр тутам хийсэн ажлын тэмдэглэл хөтөлдөг.

Харин тус журмын 4.5-д хяналт шалгалтыг дуусгах үе шатанд байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гээд 4.5.6-д хяналт шалгалтын ажлын үр дүнгээр татварын акт илтгэх хуудас үйлдэж, хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, тэмдэг дарж, хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурж, тэмдэг дарснаар шийдвэр хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзвэл татварын хяналт шалгалтын ажиллагааг дуусгавар болоход зөвхөн Татварын акт эсвэл Илтгэх хуудас үйлдэж зохих тэмдэг дарж, гарын үсэг зурдаг байна.

Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2321802044 дугаартай томилолтоос ТХШҮА-ны журмын 4.5-д заасан Татварын акт эсвэл Илтгэх хуудасны аль нэгийг үйлдээгүй нь тус томилолтоор гүйцэтгэсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн 1.3-т дүгнэсэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/122 тоот албан бичгээр хүргүүлсэн хариуцагч нарын танилцуулга нь ... Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 1029 дүгээр тогтоол гарсан байх тул дээрх хугацаа нь ТЕХ-ийн 15.4-т заасны дагуу тасалдахаар байна гэж татварын хяналт шалгалтын ажиллагааг дуусгавар болгож эрх бүхий этгээдэд шилжүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн нь үндэслэлгүй байна.

4.4. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2321802044 дугаартай томилолтоор гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй, түүний үр дүн тодорхой болоогүй байхад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинээр 2322401006 дугаартай томилолтоор  татварын хяналт шалгалтыг хийж дуусгаад ТХШҮА-ны журмын 4.5-т заасан Татварын акт болох Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА23220000025 тоот 267,740,403.37 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлгүй байна.

4.5. 2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудаст Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2321802044 дугаартай томилолтоор иргэн Б.Л-гийн татвар ногдуулалт, төлөлтөд татварын хяналт шалгалт хийсэн тухай 2021.12.28-ны өдрийн танилцуулга нотлох баримтаар цугларсан бөгөөд тус танилцуулгын 4 дэх зүйл Дүгнэлт хэсэгт илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлснээс үзвэл тус үйлдлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд болон Цагдаагийн байгууллагад хандахаар шийдвэрлэжээ.

4.6. Улмаар тус танилцуулгыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны дүгээр сарын 28-ны өдрийн 3/122 тоот албан бичгээр ТЕГ-ны Татварын хяналт шалгалт арга зүйн газар хүргүүлсэн нь танилцуулгад заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгах хуулиар эрх олгогдсон субьект биш бөгөөд тухайн танилцуулгыг хүлээн авснаар танилцуулгад заасан хэргийн шинжтэй үйлдлийг хянан шалгах ажиллагаа явуулаагүй, зөвхөн танилцуулгыг хянан шалгах чиг үүрэггүйгээр хүлээн авч цаашид хуулиар харьяалуулсан байгууллага болох Цагдаагийн байгууллагад дамжуулах чиг үүрэгтэйгээр хүлээн авсан байна.

4.7. Эс бөгөөд тухайн танилцуулгын дагуу гэмт хэргийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан бол явуулсан үйл ажиллагааны баримт бичиг нотлох баримтууд байх ёстой боловч ийнхүү баримт байхгүй, тодорхой ажиллагаа явуулаагүй нь ТЕГ-ын Татварын хяналт шалгалт арга зүйн газар хууль хяналт шалгалтын байгууллага бус ТЕХ-ийн 74.3-т нэгж тул тус нэгж нь хууль хяналтын байгууллагын чиг үүрэггүй, Зөвхөн ТЕХ-ийн 75.1-т заасан чиг үүрэгтэй байтал түүнийг ТЕХ-ийн 15.4-т заасан хууль хяналтын байгууллагад хянан шалгагдсан гэж дүгнэсэн нь ЗХШХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1-т болон 34.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй.

4.8. Хэрэв хөөн хэлэлцэх тасалдах субьектэд ТЕГ-ны харьяа нэгж болох Татварын хяналт шалгалт арга зүйн газар хамаарах байсан бол ТЕХ-ийн 15.4-т ТЕГ болон түүний харьяа нэгжид шалгагдаж байгаа бол гэж тодорхой заах эсвэл татварын хяналт шалгалт эхэлсэн бол тухайн хяналт шалгалтыг дуусах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж оруулах байсан.

4.9. Гэхдээ татварын хяналт шалгалт эхэлсэн бол тухайн хяналт шалгалтыг дуусах хүртэл хугацаанд татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бол хяналт шалгалт үргэлжлэх хугацаа тодорхойгүй, удаан хугацаанд үргэлжилвэл иргэн хуулийн этгээдийн эрх ашиг ноцтой зөрчигдөхөөс гадна, хяналт шалгалтын үр дүн гаргах нөхөн татварын хэмжээ тодорхой болохгүй удааширснаар Татварын албаны төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэг хэрэгжих боломжгүйд хүрэх тул татварын хяналт шалгалт нь удирдамж, томилолттой, тодорхой хугацаа хийж гүйцэтгэх онцгой үйл ажиллагааны хэлбэр байдаг.

Иймд татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА2322000025 тоот 267,740,403.37 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавигдсан нь хууль зүйн үндэслэлгүй тул түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

 

 

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шийдвэрийг гомдлын хүрээнд хянаад шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Л.Н нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23220000025 тоот нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

2. Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Л.Н нар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2322000025 тоот нөхөн ногдуулалтын актаар 178.493.601.58 төгрөгийн нөхөн татвар, 53.548.080.47 төгрөгийн торгууль, 35.698.720.32 төгрөгийн алданги, нийт 267.740.402.37 төгрөгийг төлүүлэхээр тогтоосныг нэхэмжлэгч Б.Л-с зөвшөөрч “... актаар миний 2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт хийж төлбөр ногдуулсан боловч нөхөн татвар ногдуулах үндэслэл болсон татварын хяналт шалгалтын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний дөрийн 2322401006 тоот томилолтоор эхэлсэн шалгалт нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үзсэн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1029 дүгээр тогтоолоор дуусгавар болж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинээр 2322401006 тоот томилолт үүсгэн татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан өдрөөс хойш 63 хоногийн дараа шалгалтыг эхлүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нөхөн татвар ногдуулсан нь хууль бус ... 2017 онд худалдан авсан алтны өртөг 1.784.936.015.78 төгрөгийг баримтаар нотлогдохгүй зардал хэмээн үзэж 267.740.402.37 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан нь буруу ... алт худалдан авахад төлбөр төлсөн баримт бүгд банкны харилцах дансны хуулга болон анхан шатны гар дэвтэр, баримтаар нотлогдоно ... 2016 онд авсан алтан гулдмайг тушаах бүртээ Худалдаа хөгжлийн банкинд байршуулж дараагийн үйл ажиллагааны зээлүүдийг авч байсан ... мөн алт тушаахдаа зээлийг суутгуулж, нийт банкны зээлд 1.314.000.00 төгрөг, хүүнд 26.258.630.14 төгрөгийг төлсөн байхад татварын байцаагч нар зээл, хүү төлснийг ойлгоогүй, ... иргэдээс алт худалдан авч банкинд тушаадаг ... хайлуулахад мөн зардал гардаг, энэ талаарх баримт болох гараар бичсэн тэмдэглэл бүхий дэвтрийг хэрэгт өгсөн ... алт худалдаж авсан үнэ, ...  дансны хуулга, 2017 оны орлого зарлага тэмдэглэсэн гараар бичсэн тэмдэглэл, дансны хуулга, зээлийн төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тушаасан баримтуудыг үндэслэн тооцохоор 1.804.511.500 төгрөгийн алт худалдан авсан нь нотлогдож байгаа ... “ гэж маргажээ.

2.1. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хувь хүний орлогын албан татварын тайланг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргахаар байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байх бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/122 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газарт нэхэмжлэгчийн танилцуулгыг хүргүүлж, Татварын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/434 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд, тус албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр Хан-Уул дүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст, тус дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1029 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчид хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.

2.3. Ийнхүү Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/122 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарын танилцуулга анх хүргэгдсэнээс хойш цагдаагийн байгууллага, түүний харьяа байгууллага болон дүүргийн Прокурорын байгууллагад шалгуулахаар шилжсэний эцэст Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1029 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол гарсан байх тул Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “... эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх “нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргасан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу биш.

2.4. Харин анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс хяналт шалгалтын явцад алтны арилжааны хэлцэл, наалддаг цаасан /мемо/ дээр гараар тэмдэглэсэн тэмдэглэгээ зэргийг гаргаж өгсөн ба 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд тухайн үеийн хар дэвтрийг хуулбарлаж өгөх талаар дурдсан боловч ирүүлээгүй байна ...” гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий акт үндэслэлтэй зөв гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

2.5. Нэгэнт татварын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгчээс алтны арилжаа хийсэн талаарх нотлох баримт болох гараар бичсэн тэмдэглэгээ бүхий баримтыг татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй, шалгалт дуусч байх шатанд өгсөн, уг баримтыг хариуцагч нар үнэлж дүгнээгүй болох нь тогтоогдож байх тул шүүх уг баримтыг үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

2.6. Хариуцагч нар “... хяналт шалгалтад ирүүлсэн “алт худалдаж авсан” гэх баримт нь өнгийн цаасан дээр бичсэн тоо байсан, мөн хамтын дансны хуулгаар алт худалдан авсан гэдэг нь тодорхойгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын хуульд заасан анхан шатны баримтын шаардлага хангаагүй тул анхан шатны баримт гэж үзэх боломжгүй, ... тухайн үед хар дэвтрийг хяналт шалгалтын явцад ирүүлээгүй ... ирүүлсэн материалын хүрээнд хяналт шалгалтыг явуулсан ...  нэхэмжлэгчээс тухайн шалгалтад хамрагдсан хугацаанд хамаарах орлого, зарлагын баримтыг шалгалтын явцад гаргаж өгөөгүй, шалгалт дуусах шатанд гаргаж өгсөн ...” гэж тайлбарласан байна.

2.7. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс 2017 онд алт тушаасан үйл баримттай маргаагүй бөгөөд дээрх баримтууд нь анхан шатны баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн хариуцагч нарын үндэслэл хуульд нийцжээ ...” гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэгт хавсаргагдсан хар хавтастай дэвтрийг хяналт шалгалтад гаргаж өгөх боломж байгаагүй, хайгаад олохгүй байсан, сүүлд олсон ... уг дэвтэр дээр алт худалдаж авсан талаар тэмдэглэгдсэн байгаа ... энэ дэвтэрт бичигдсэн нь байцаагч нарын шалгалтад үнэлэгдээгүй ...“ гэж тайлбарласан байна.

2.8. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3"анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтад нэрлэн заасан ажил, гүйлгээ гарсныг нотлох гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтууд болон “бусад нотолгооны зүйл” нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болохоор байна.

2.9. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгч хэрэгт хавсаргагдсан хар хавтас бүхий худалдан авалт хийсэн талаарх тэмдэглэгээ бүхий дэвтэр нь дээрх хуульд заасан “бусад нотолгооны зүйл”-д хамрагдаж болохоор байх боловч хяналт шалгалтын явцад байгаагүй, сүүлд гаргаж өгсөнтэй хэргийн оролцогчид маргахгүй байх тул хариуцагч нарын үнэлж дүгнээгүй уг баримтыг шүүх үнэлж дүгнэх боломжгүй, уг үйл баримттай холбоотой хэргийн нөхцөл байдлыг тодруулан шалгах шаардлагатай, уг тодруулах зүйл нь татварын хяналт шалгалтын хүрээнд хийгдэх боломжтойн улмаас шинжлэн судлах цар хүрээний хувьд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг үндэслэн маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэгэнт татварын хяналт шалгалтад хамрагдаагүй баримтыг шүүх үнэлж дүгнэн хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй, уг баримтыг үнэлж дүгнэн нэхэмжлэгчийн татвар ногдох орлогоос хасч тооцох эсэх талаар дүгнэлт гаргах эрх хэмжээ татварын улсын байцаагч нарт хадгалагдаж байна.

2.10. Түүнчлэн хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчид төлбөр ногдуулахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-т “Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасч, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө”, 18.2-т “Энэ хуулийн 18.1-д заасан хасагдах зардал баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байх боловч нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 12 дугаар зүйлд заасан  ямар зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон гэж үзсэн эсэх, эсхүл уг хасагдах зардал нь баримтаар нотлогдоогүй гэж үзсэн эсэх, эсхүл үйл ажиллагаатай нь холбоогүй, албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон гэж үзсэн буюу ямар шалтгаан үндэслэлээр албан татвар ногдох орлогоос хасахгүй байхаар заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй зөрчил гаргасан гэж үзэж байгаа эсэх нь тодорхой бус байна.

2.11. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:” гээд 12 дугаар зүйлийн 12.1.1-ээс 12.1.36-д нэрлэж заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох орлогод нэхэмжлэгчийн маргаж буй “банкны зээл, түүний хүү, алтыг түүхий эд байдлаар нь худалдан авч хайлуулдаг тул материалын зардал ордог” гэх зэрэг тайлбарт дурдагдсан албан татвар ногдох орлогоос хасч тооцох орлого нь татварын хяналт шалгалтад гаргаж өгч чадаагүй сүүлд гаргасан баримтаар нотлогдох эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, нэхэмжлэгч татвар ногдох орлогоо зөв тодорхойлж,  хуульд заасан журмын дагуу татвар төлсөн эсэх, татварын хууль тогтоомж зөрчсөн эсэхэд баримтад тулгуурлан бүрэн дүүрэн дүгнэлт хийж дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг, шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болж, улмаар татварын улсын байцаагч нар дахин шинээр гаргах актыг эс зөвшөөрөх тохиолдолд актын үйлчлэл чиглэгдсэн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гомдол нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр Татварын улсын байцаагч нарын 2022 оны НА-23220000025 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Л.Н нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23220000025 тоот нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ