Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0987/З |
Дугаар | 344 |
Огноо | 2016-11-01 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 344
Иргэн С.Батхолбоо, Н.Даваажав нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Даваажав, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, гуравдагч этгээд “Газрын үр шим” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, өмгөөлөгч Б.Мөнхбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2016/0512 дугаар магадлалтай, С.Батхолбоо, Н.Даваажав нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоо хөгжил, аялал жуулчлалын Сайдад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр; 1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 35 дугаар зүйлийн 35.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар “Газрын үр шим” ХХК-д ашиглуулсан 2 га газрын иргэн С.Батхолбоо, Н.Даваажав нарын оршин сууж байгаа газартай давхцаж байгаа хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдад даалгасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2016/0512 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсан байна.
Гуравдагч этгээд “Газрын үр шим” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Газрын үр шим” ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээндээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Зайсангийн ам нэртэй газарт 2 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар ашиглах эрхтэй болсон. Харин нэхэмжлэгч иргэд ямар нэгэн зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй дур мэдэн хашаа барьж уг газар дээр амьдарсан тул бид газраа ашиглах боломжгүй болсон. Уг газрыг анх 2004 онд бусдад ашиглуулахаар захиргааны байгууллага шийдвэрлэж байсан, өөрөөр хэлбэл, энэ газар дээр бусдын хууль ёсны ашиглах эрх үүссэн байсан. Тодруулбал, Ц.Дашдолгор өөрийн ашиглах эрх бүхий газрыг өөрийн үүсгэн байгуулсан “Газрын үр шим” ХХК-д шилжүүлсэн бөгөөд энэ ашиглах эрх бүхий газраа өөрөө бусад этгээдэд шилжүүлэн ашиглуулсан зүйл биш юм. Өөрийн ашиглах эрх бүхий газрыг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр компанируугаа шилжүүлсэн бөгөөд энэ нь 2012 оны А/272 дугаар тушаал байгаа юм. Гэтэл Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн дээрх заалт нь газар ашиглах эрх олж авсан этгээдэд хамаарах зохицуулалт бөгөөд газар ашиглах гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар ашиглах эрхээ хэрэгжүүлж буй этгээд өөрийн ашиглах эрх бүхий газрыг бусдад ашиглуулах болоод газар ашиглах гэрээнд зааснаар өөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалт. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Зайсангийн аманд амьдарч байгаа иргэдэд газар ашиглуулах, гэрчилгээжүүлэх Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд нэхэмжлэгч иргэдийн амьдарч байгаа газар нь бусдын ашиглах эрх бүхий газартай давхцаж байсан тул тэдэнд зөвшөөрөл олгоогүй байдаг. Дээрх нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч нарын 2008, 2011 онуудад газар ашиглах хүсэлт гаргасан гэх үйл баримт нотлогдоогүй байхад нэхэмжлэгч нарын тайлбарыг үндэслэн “хүсэлт гаргасантай хариуцагч маргаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн тус газарт 2004 оноос бусдын ашиглах эрх үүссэн талаар нотлох баримт хэрэгт байсаар байхад шүүх үнэлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч С.Батхолбоо, Н.Даваажав нараас “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 2005 оноос амьдарч, 2008 онд маргаан бүхий газарт оршин сууж эхэлсэн бөгөөд тухайн газраа баталгаажуулан авах хүсэлтийг /2008, 2011 он/ гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй” гэсэн үндэслэлээр “...Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалын “Газрын үр шим” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцаж байгаа хэсгээр хүчингүй болгуулах, нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдад холбогдуулан гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 2 га газрыг анх 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/58 дугаар Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр иргэн Б.Баярмаа аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, үүнээс хойш 2007 онд 369 дүгээр гэрчилгээгээр иргэн Ц.Дашдолгор, 2008 онд 664 дүгээр гэрчилгээгээр “Сүрэн-Алт” ХХК, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаал, 2012/60 дугаар гэрчилгээгээр “Газрын үр шим” ХХК ашиглах эрхтэй болсон байна.
Өөрөөр хэлбэл, Зайсангийн аманд байрлах 2 га газрыг ашиглах эрх анх 2004 оноос иргэн, аж ахуйн нэгжид үүсэж, улмаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр /зөвшөөрсөнөөр/ газар ашиглах эрх өөр өөр этгээдэд шилжсэн үйл баримт тогтоогджээ.
Ийнхүү газар ашиглах эрхийг өөр өөр этгээдэд шилжүүлэн олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-ийн 1/-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Учир нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-ийн 1/-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно” гэсэн нь захиргааны байгууллагад бус, харин газар ашиглагч өөрийн ашиглах эрх бүхий газраа дур мэдэн бусад иргэн, хуулийн этгээдэд дамжуулах, дамжмал байдлаар ашиглуулахыг хориглосон зохицуулалт бөгөөд үүнийг шүүх “...тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглаж байгаа этгээдийн эрхийг шилжүүлэх зохицуулалт холбогдох хуульд байхгүй, ашиглах эрхийг шилжүүлэхийг хориглосон” гэж буруу тайлбарлан хэрэглэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих зөвшөөрөлгүй удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, энэхүү ажлын хүрээнд айл, өрхийн судалгааг гаргахад С.Батхолбоо, Н.Даваажав нар “А/паркын 1-1 тоот” хаягт бүртгэсэн байна.
Эдгээр айлуудад газар ашиглах гэрчилгээг зохих журмын дагуу олгох хүсэлтийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 191 дүгээр албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлснээс өөрөөр нэхэмжлэгч нар оршин сууж байгаа газраа ашиглахаар эрх бүхий этгээдэд хандаж байсан талаарх нотлох баримт байхгүй байхад шүүх “нэхэмжлэгч нар оршин сууж байгаа газраа баталгаажуулахаар яам болон дүүргийн Газрын албанд удаа дараа /2008, 2011 онд/ хүсэлт гаргасан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах харилцаанд Газрын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт нөхөн зохицуулах хууль зүйн боломжтой байна.
Үүнд, Байгаль орчны Сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмыг баталсан ба Журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулахыг хориглоно” гэж, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар ашиглах эрхийг шилжүүлэхгүй байхаар зохицуулжээ.
Тухайн тохиолдолд, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр 2 га газрын ашиглах эрх бусдад шилжсэн, нэхэмжлэгч нар тухайн байршилд суурьшин амьдрахаас өмнө газар ашиглах эрх бусдад үүссэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар “Газрын үр шим” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2 га газрыг ашиглах эрх олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2016/0512 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдад холбогдуулан гаргасан иргэн С.Батхолбоо, Н.Даваажав нарын “...Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар “Газрын үр шим” ХХК-д ашиглуулсан 2 га газрын нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН