| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Э даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Д-н Г-т холбогдох эрүүгийн 2117000000080 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...... оны 11 дүгээр сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Г аймгийн С сум дугаар баг, Эко сүмбэрийн........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төрөгийн торгох ялаар шийтгүүлсэн гэх Ш овогт Д-н Г /РД:............./,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Эко сүмбэр хотхоны зүүн урд талд Р.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хоолойг гараараа боох, зүүн хөлөөрөө баруун хөл рүү нь хавирч газар унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Эко сүмбэр хотхоны зүүн урд талд хохирогч Р.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хоолойг гараараа боох, зүүн хөлөөрөө баруун хөл рүү нь хавирч газар унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө Р.М Чойрт ирсэн байна гээд над руу залгасан. М надаас 2019 онд хурдан удмын адуу авч байсан. Тэрнийхээ мөнгийг өгөөгүй 2 жил болсон. Асуудлынхаа талаар ярихад над руу салаавч гаргаад муудсан. Би буруу талаар явж очсон. Тэгсэн намайг цохих гэж байгаад машиныхаа дээд талыг цохисон. Тэгэхээр нь би буулгаж ирээд 2 удаа хавирч унагаасан. Чулуу барихаар нь би унагаад дартал хөл эвгүй болчихлоо гэхээр нь машинд нь суулгачихаад яваад өгсөн яваад өгсөн гэв.
1.2. Хохирогч Р.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчим би А гэх залуугийн хамт Говьсүмбэр аймагт оршин суудаг Г гэх залуутай уулзахаар ирсэн. А, Г бид 3 хоорондоо таарамжгүй харилцаатай. Тэгээд Сүмбэр суманд Гандан гэх газрын баруун талд уулзахаар болж тухайн газарт ирэх үед А ирчихсэн байсан. Тэгээд би машинаас буугаагүй жолоочийн хажуугийн суудалд сууж байх үед жолоочийн цонх талаас надтай яриа өрнүүлсэн. Тэгээд бид 2 өр авлагын асуудлаас болж муудалцаж эхэлсэн юм. Тэгээд байж байтал Г машин тойрч миний талд ирээд намайг боогоод машинаас унагасан. Тэгээд миний хөл рүү 2 хавираад намайг газарт унагасан. Тэгээд намайг газраар чирээд байсан. Тэгж байгаад цагдаагаараа яваад юм олж долоогоорой гэж хэлсэн. Би гомдолтой байна. Миний хөл гишгэж болохгүй байгаа. Би тухайн гэмтлийн эмчилгээний зардал болон уг шалтгаанаас болж ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй өдрийн цалингаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/
Тухайн өдөр Г нь З гэдэг залуугийн хамт ирсэн. З гэх залуу Г бид 2-г салгасан. Тухайн үед тээврийн хэрэгслээс намайг гаргаж байхдаа 2 гараараа миний хүзүүнээс боогоод гаргаж ирсэн. Тэгээд тэр хэвээрээ сэгсэрч байгаад зүүн хөлөөрөө миний баруун хөлний шагай хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг газарт унагаагаад чирсэн. Би эхний байдлаар Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг руу явсан болон ирсэн зардал, эмчилгээний эм тарианы мөнгө болох 100 000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ нэхэмжлэл маань ямар нэгэн баримт байхгүй байгаа. Харин дараагийн байдлаар би өөрийн уг гэмтлээс шалтгаалан ажил хийж чадаагүй, сул зогсолтын мөнгийг шүүхээр нэхэмжилнэ... гэх мэлүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
1.3. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
М бид хоёр Г гэх хүнээс өр авлагын асуудалтай байгаа юм. Тэгээд бид 2 Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгөхөөр 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төв дээр явж байх үед М Г-той яриад надад Г уулзая гэнэ ээ, уулзаадхая гэсэн. Тэгээд бид 2 нэг газарт ирээд М машин дотроо би машины жолоочийн суудалд суучихсан М миний хажууд сууж байсан юм. Тэгээд тэр 2 юм ярьж байгаад л Г ер нь бүх юм чамаас болсон биз дээ гээд боогоод машинаас буулгаад хавирсан уу, өшиглөсөн үү унагаачихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
1.4. Гэрч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Г манай байранд байдаг. Бид 25-д хамтран ажилладаг хүмүүс байгаа юм. Г сийлбэр хийдэг ба тавилга хийдэг юм. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн өглөө Г намайг ажил руу явъя гэсэн. Тэгээд 10 цагийн орчимд явж байх үедээ Г нэг хүнтэй уулзчихаад явъя гэж хэлсэн. Тэгээд Сүмбэр сумын Гандангийн баруун талд яваад очиход нэг машинд 2 залуу ирчихсэн байсан. Би ямар учиртай хүмүүсийг нь мэдээгүй. Г тухайн 2 хүнтэй муудалцаад байх шиг байсан. Тэр үед утсаар ярьж байсан учраас юу гэж ярьж байсан талаар мэдээгүй. Нэг харахад Г муудалцаж байсан залуутай нь барьцалдчихсан байсан. Тэгээд би очоод боль боль гээд болиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
1.5. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай дүгнэлтэд:
- Р.М-ын биед баруун шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь 2021.07.30-нд үүсгэгдсэн байх боломжтой байна.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюул учруулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
1.6. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтэд:
- *******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/,
1.7. Хохирогч Р.М-ын амбулаториор үйлчлүүлэгсдийн карт /хх-ийн 47-48 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч Р.М нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Дөлгөөхөн ааштай, архи дарс хэрэглээд байдаггүй, их нийтэч хүн байгаа юм. Аливаа юманд аль болох уужуу тайван ханддаг... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
2.2. Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Гийг 9 жилийн өмнөөс танина. Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Даруу төлөв хүн байгаа юм. Хэрэгт төвөгт холбогдоод байдаггүй. Хүнтэй хэл амаа ололцчихдог хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,
2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-71 дүгээр хуудас/,
2.5. Шүүгдэгч *******-ийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ