| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-09-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хантөгс,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Р овогт Ө-н Т-д холбогдох эрүүгийн 2117000000081 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 15-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Г аймгийн С сум дугаар баг, н ........тоотод оршин суух, урьд
Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 10 000 төгрөгийн торгох ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан гэх Р овогт Ө-ын Т /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн хойд зүгт 2 километр орчим газарт байх өөрийн гэртээ 2021 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед Ц.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний баруун, зүүн гар луу тус бүр 1 удаа цохих, ширээн дээрээс түлхэж унагаах, сандлаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн хойд зүгт 2 километр орчим газарт байх өөрийн гэртээ 2021 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед хохирогч Ц.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний баруун, зүүн гар луу тус бүр 1 удаа цохих, ширээн дээрээс түлхэж унагаах, сандлаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 16-нд Б боож үхнэ гээд ширээн дээрээ сандал тавьчихсан дээр нь гараад урт чагтага унжуулчихсан зогсож байсан. Би тэгэхээр нь чи ингэж болохгүй гээд ширээн дээрээс нь түлхэж унагаагаад хэдэн удаа сандлаар цохисон гэв.
1.2. Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Шивээгийн 117 тоотод өөрийн хүүхэд Б.А, Б.Н нарын хамт амьдардаг. Ө.Т-тэй танилцаад 8 сар болж байгаа бөгөөд Т-тэй энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Чойрын төвөөс зүүн хойд зүгт 5-6 км-ын зайд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас ирж буусан юм. Тэгээд Т-тэй 07 дугаар сарын 03-наас эхлэн хамт амьдрах болсон. Т бид 2 дундаасаа хүүхэдгүй гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ба би 2 сартай жирэмсэн. Т-ийн хүүхдийг тээж байсан. Намайг анх Т-ийнд ирэхэд Ц, Ц-н эхнэр С /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ нар нь Т-тэй цуг амьдарч байсан. 2021 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Т архи уучихсан согтуу байсан ба намайг Ц, С хоёрт ор дэр засч өг гэхээр нь би чадахгүй ээ гар хөлтэй хүмүүс өөрөө ороо засаад унтана биз гэж хэлтэл Т миний найзуудад ор дэр засч өгсөнгүй гэж хэлээд уурлаад намайг цээж рүү 2 удаа цохисон, зүүн хөх рүү 2 удаа цохисон, мөр хөл рүү хэд хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна ямар ч байсан хэд хэдэн удаа цохисон тэгээд ойр хавьд тусламж авах хүн байгаа болов уу гэж бодоод орилох гэтэл 5 удаа боож унагаагаад ингээд орилоорой гэж хэлж байсан ба бас зодож байхдаа чамайг алчихсан байсан ч яадаг юм гэж хэлж байсан тухайн үед Т намайг зодож байхад Цэрэнням, С 2 хараад байж байсан. Тэгээд Цэрэнням, С 2 гэрээс гарч яваад гэрийн баруун талд гудас дэвсээд унтаад өгсөн.
Тэгээд би маргааш Т-тэй 0,75 литрийн савалгаатай Хараа нэртэй архийг хувааж уугаад байж байтал 15 цагийн үед Тийн найз болох Б ирсэн ба Б халуун байна танайд жоохон унтаж байгаад явъя гэж хэлээд унтаж байгаад 20 цагийн үед Т бид 2 Б-ын машинаар Сүмбэр сумын 2 дугаар баг Төгрөгийн 1-141 тоотод Б-ынд хүргүүлэн ирсэн юм. Б-ынд очиход Б, эхнэр М, 4 хүүхдийн хамт байсан ба бас танихгүй хүн байсан. Тэгээд би өөрийн төрсөн эгч Н, төрсөн ах болох М, Э, манай төрсөн эгч М-ын нөхөр Б нарыг Төгрөгийн 1-141 тоотод дуудаад намайг Т өчигдөр зодсон гэж хэлээд Т-д зодуулснаас үүдэн үүссэн хөхрөл, няцрал, гэмтэл зэргийг бүгдэнд нь үзүүлтэл манай эгч Н цагдаа дуудаад Т-ийг өгөөд явуулсан ба би бас тухайн үед нь цагдаа руу цуг дагаад явсан. Тэгээд цагдаа дээр очтол Т-ийг эрүүлжүүлэхэд хийчихээр нь би цагдаа нараас гуйсаар байгаад Т-ийг эрүүлжүүлэхээс гаргаж аваад шөнийн 01 цагийн үед Тийн гэр буюу Чойрын төвөөс зүүн хойд зүгт 5-6 км-н зайд байдаг гэр лүү нь явсан юм. Тухайн өдөр Т намайг зодсон асуудал байхгүй шууд унтаад өгсөн.
2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед Т өөрийн хүүхэдтэйгээ уулзана гэж хэлээд Зараагийн эгнээнд байдаг өөрийн дүү болох С-гийнх руу /хаягийн сайн тодорхой сайн мэдэхгүй гэх/ явна гэж хэлээд гараад явсан ба би араас нь андууд дэлгүүрээс тамхи авахаар гартал Т Чандмань-Эрдэнэ дэлгүүрийн хойно байдаг /хаягийн сайн мэдэхгүй гэх/ хашаа руу орж яваа харагдсан. Тэгээд би 17 цагийн үед Тийн дүү рүү С руу залгаад Т очсон уу гээд асуутал ирнэ гэж байсан ирээгүй байна гэж хэлэхээр нь би Чандмань-Эрдэнэ дэлгүүрийн хойно байдаг Тийн орсон айл руу ороход Т, Ш Г, Ү, Үгийн нөхөр болон нэг танихгүй хүний хамт тавуулаа 0,75 литрийн Хараа архи нэртэй архи уугаад байж байхаар нь би Т-ийг хүүхэд рүүгээ явна гэж хэлчихээд яагаад энд архи уугаад байж байгаа юм гэж хэлээд загнасан гэтэл Т чамд ямар хамаатай юм, хамаатнуудын дунд намайг нүүргүй болголоо гэх мэтээр хэрэлдээд байхаар нь би өөрийн том эгч Нийг дуудсан. Н эгч Т бид 2-ыг Тийн гэр лүү нь 21 цагийн үед хүргэж өгөөд та 2 амьдарвал амьдар, чадахгүй бол учраа олоод байж бай би 22 үед буцаад ирнэ гэж хэлээд яваад өгсөн. Гэтэл Т согтуу Чойр луу явна гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд Т Чойр луу явна гээд гараад явчихаар нь уурандаа ширээг нь шидэж хаяад чамайг Чойр луу явах юм бол би боож үхнэ шүү гэж хэлтэл Т намайг шууд нүүр лүү мөргөөд, цээж рүү 2-3 удаа цохисон ба над руу сандал авч шидээд, сандлаар миний бие рүү хэд хэдэн удаа цохисон. 21 цагаас эхлэн шөнийн 01 цаг хүртэл 4 цаг намайг зодсон. Тэгээд шөнийн 01 цагийн үед Т Чойр луу хүүхэд дээрээ очиж хонолоо гэж хэлээд гараад явчихаар нь би унтаад өгсөн байсан. Тухайн үед бас цагдаад дуудлага өгөөгүй юм. Учир нь Т цагдаа дуудвал чамайг амиа хорлох байхаар нь аварсан гээд хэлчихнэ тэгээд чи л буруутан болно гэж хэлсэн байсан. Тэгээд Т-тэй тэр өдрөөс хойш дахиж уулзаагүй ба 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр залгатал хотод байна гэж хэлээд намайг битгий залгаад бай гэхээр нь цагдаа дуудаад болсон явдлыг цагдаа нарт ярьтал эмнэлэгт анхан шатны үзлэгт ор гэж хэлсэн ба эмчийн үзлэгт ортол миний хүүхдийг зулбасан байна гэж хэлсэн.
Би Т-д одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
1.3. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хөдөө Чойрын төвөөс баруун тийш байдаг айлд оччихоод буцаад Чойрт хадам аавындаа буюу Шивээгийн 117 тоотод ирэхэд манай хадам ээж Ж, эхнэр М-ын дүү Э нар Б-ыг Т дахиад зодсон гэнэ. Одоо Төгрөгийн 119 тоотод тэр 2 байгаа гэж байна гэхээр нь Төгрөгийн 119 тоотод хадам ээж Ж, Н, Э, М-ын хамт очсон. Очоод Э бид 2 машиндаа суугаад үлдсэн. Манай хадам ээж Ж, Н, М нар орсон. Би Төгрөгийн 119 тоотод ороогүй болохоор яг юу болсныг мэдэхгүй байна. 20 минутын дараа цагдаа ирээд Т, Б нарын аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
1.4. Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хөдөө айлд оччихоод буцаад Чойрт буюу Шивээгийн ирэхэд ээж Ж, дүү Э нар Б-ыг Т дахиад зодсон гэнэ, одоо Төгрөгийн 119 тоотод тэр 2 байгаа гэж байна гэхээр нь Төгрөгийн 119 тоотод ээж Ж, том эгч Н, төрсөн дүү Э, нөхөр Б нарын хамт очиход Б, Т, Б, Бын эхнэр Чиндэг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нар байсан. Тэгээд Т манай ээж Ж, төрсөн дүү Э, бид нарыг хараад доошоо хараад унтаж байгаа юм шиг жүжиглээд хэвтээд байсан. Гэтэл Б чи манайхныг хараад битгий ингээд жүжиглээд бай гэж хэлсэн. Ээж Ж Т-өөс яагаад Б-ыг зодсон талаар асуух гээд татаад дуудаад байхад Т юм хэлэхгүй доошоо хараад хэвтээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
1.5. Гэрч Ш.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед манайд Т орж ирээд мэнд мэдээд сууж байтал араас нь Б орж ирээд уурлаад чи хайччихваа гэж хэлээд Т-ийг аваад гарсан. Тухайн үед Б, Т 2 хэрэлдэж маргалдсан зодолдсон асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
1.6. Гэрч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Б залгаад Т намайг зодоод байна гэж хэлсэн ба би тухайн үед архи уухаараа ингэж ярьдаг юм гэж бодоод тоогоогүй. Гэтэл Б дахиад залгаад Т зодоод байна та хүрээд ир гэхээр нь Б-ын байгаа газар болох Төгрөгийн 119 тоотод том охин Н, М, Б, Э нарыг дагуулаад очсон. Тэгээд Н, М бид 3 Төгрөгийн 119 тоот руу ороод Б Э нар гадаа үлдсэн. Тэгээд ороод очиход гэрт Б, Б-ын эхнэр, Б, Т нар байсан. Т намайг хараад доошоо хараад хэвтээд байхаар нь би хүүхэд зодчихоод босооч гэж хэлээд бөгс рүү нь 2 удаа цохисон. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирээд Т, Б нарыг хэлтэс рүү аваад явсан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Тухайн үед Б-ын биеийг үзэхэд зүүн хөхний дээд талд болон баруун зүүн гар бугалга хэсэгтээ хөхөрсөн байсан. Б ярихдаа Т зодоод ийм болгосон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
1.7. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Б залгаад Т намайг зодоод байна гэж хэлсэн. Би тухайн үед тоогоогүй бөгөөд Б дахин залгаад дуудаад байхаар нь Төгрөгийн 119 тоотод очсон. Очихдоо ээж Ж, дүү М, Б, Э нарын хамт Төгрөгийн 119 тоотод ирсэн ба ээж Ж, М бид 3 орсон. Б Э нар гадаа машинд үлдсэн. Гэрт ороход Б, Б-ын эхнэр, Б, Т нар байсан. Б таныг харахаар Т доошоо хараад хэвтээд байх юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би айлд хэрүүл хийгээд яахав гэж бодоод Т-ийг гараад уулзая гэтэл Т унтсан юм шиг хэвтээд босож ирэхгүй байхаар нь би дуудах гээд дал руу нь хэдэн удаа алгадсан. Төд удалгүй цагдаа ирээд Т, Б нарыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
1.8. Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Б, Т нар эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн. Тухайн үед Б, Т 2-н согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер үлээлгэхэд Б, Т хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ хэдэн хувийн согтолттой байсныг санахгүй байна. Б ярихдаа Т-д зодуулаад уурандаа би архи уучихсан гэж хэлж байсан. Өмнө нь Т намайг зоддог байсан гэх мэтээр Б, Т нар хэрэлдээд байхаар нь би өрөөнд битгий хэрэлдээд бай гэж хэлсэн. Тэгээд Т-ийг эрүүлжүүлэх байранд саатуулсан. Харин Б жирэмсэн бас зодуулсан байсан тул эрүүлжүүлэх байранд саатуулах ямар нэгэн үндэслэл байхгүй байсан тул Б-ыг гэртээ харь гэж хэлтэл Б гэр лүүгээ явахгүй Т-ийг аваад явчихъя, дахиж асуудал гаргахгүй, би гомдолгүй гээд гуйгаад байсан. Би Б-ыг ерөнхий жижүүр дэслэгч Эрдэнэхүүтэй очиж уулз гэсэн. Олон нийтийн цагдаа Тулга Т-ийг эрүүлжүүлэхээс аваад гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
1.9. Гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Б, Т нарыг манай гэрт буюу Төгрөгийн 1-141 тоотод Б эгч машинаараа хүргэж ирсэн. Тухайн үед манай гэрт эхнэр М, манай 3 хүүхэд байсан. Тэгээд Т манай гэрт орж ирээд баруун орон дээр унтаж амрая гээд хэвтээд байж байтал араас нь Б орж ирээд гэр лүүгээ харъя гээд байсан. Т явахгүй би энд хононо гэтэл Б гэр лүүгээ харъя гээд Тийн нуруу руу нь цохиод байсан. Тэгээд Б өөрийн эгч нараа утсаар залгаад дуудаад байсан. Төд удалгүй Б-ын ээж нь 2 эгчийнх нь хамт ороод ирсэн. Б-ын ээж нь миний охиныг зодлоо гээд Тийн нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед Т Б болон Б-ын ээжтэй маргалдаж муудалцаж зодолдсон зүйл байхгүй. Б-ын дунд эгч цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд Б, Т 2-г аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
1.10. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 19-20 цагийн үед Б Т нарыг манай гэрт буюу Төгрөгийн 1-141 тоотод Б эгч машинаараа хүргэж ирсэн. Тухайн үед манай гэрт нөхөр Б, манай 3 хүүхэд байсан. Т манай гэрт орж ирээд баруун орон дээр унтаад өгсөн. Араас нь Б орж ирээд Тийн нуруу руу нь цохиод байхаар нь та яагаад Тийн нуруу руу цохиод байгаа юм бэ гэтэл Т намайг зодсон гэж хэлсэн. Харин Т Б-ыг чи гаднаас орж ирэхдээ зодуулчихсан байсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд Б эгч нараа дуудаад байгаа бололтой утсаар яриад манайд хүрээд ир гээд байсан. Төд удалгүй Б-ын ээж нь 2 эгчийнхэн хамт ороод ирсэн. Б-ын ээж нь миний охиныг зодлоо гээд Тийн нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед Т Б болон Б-ын ээжтэй маргалдаж муудалцаж зодолдсон зүйл байхгүй. Тэгээд Б-ын дунд эгч цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд Б, Т 2-г аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
1.11. Гэрч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай найз Т 2021 оны 07 сарын эхээр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас Чойрын төвөөс зүүн тийш 2 км зайд байдаг газар нүүж ирсэн. Т-ийг Чойрт нүүж ирсэн өдрөөс эхлэн манай найз Сүнжидмаа бид хоёр Т-тай хамт амьдрах болсон. Т-ийг Чойрт нүүж ирснээс хойш 2 хоногийн дараа Б Т-ийнд ирсэн. Миний хажууд байхдаа Т Б нар хоорондоо муудалцаж зодолдож байсан зүйл байхгүй. Харин Т Б-ыг гэртээ харь гэж хэлэхэд Б ерөөсөө гэр лүүгээ явдаггүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед Б Т-ийнд ирсэн ба Б Т нар Чойрын төв рүү айлд очно гэж хэлээд Б-ын машинд суугаад Чойрын төв рүү явсан. Тэгээд Т-ийнд Сүнжидмаа бид 2 үлдсэн. Тухайн үед Т Б нар 0.75 литрийн 2 шил архи уусан согтуу байсан. Тэгээд шөнө 1 цагийн үед хаалга хүн нүдээд байхаар нь хаалга нээтэл Б Т нар байсан ба Б гэрт орж ирснээ Сүнжидмаа бид 2-г гэртээ байгаа юм шиг тухаллаа гэж уурлаад зайл гэж хөөхөөр нь Б-тай муудаж Сүнжидмаа бид хоёр тэднийхээс гарч яваад Төгрөгийн 1-141 тоотод өөрийн дүү болох Бямбарагчаагийнд хоносон. 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед Т-ийнд очоод Т-өөс гутлыг нь гуйтал Т Б сая боож үхнэ гээд байхаар нь би уурлаад гар луу нь 2 цохиод байж байна гэж байсан. Тухайн үед би Тийн гэр лүү шагайгаад харахад Б зүүн орон дээр сууж байсан. Тийн гэр гэрэлгүй харанхуй байсан болохоор Б-ын биед хөхөрч няцарсан зүйл байсан эсэхийг анзаараагүй. Тэр өдрөөс хойш Т Б нартай уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
1.12. Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Б нь намайг аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчээр ажиллаж байхад гаднаас 2 цагдаагийн хамт орж ирсэн. Нэг цагдаа нь энэ хүн нөхөртөө зодуулсан байна, үзүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Б надад хэлэхдээ манай нөхөр намайг 2 удаа хоолойноос боож унагаасан, бас гэдэс рүү цохисон гэж хэлсэн. Тэгээд биед нь үзлэг хийхэд Б-ын 2 гарны бугалга хэсэг болон хүзүү цээж хэсгээр хөхөрсөн байсан ба Б миний сарын тэмдэг ирэхгүй байгаа, би жирэмсэн байж магадгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн бэ гэж асуутал 5 сарын 23-нд ирсэн гэж хэлсэн ба 7 сарын 16-ны өдөр нөхөртөө зодуулаад үтрээгээр нөжөрхөг юм гарсан гэж хэлж байсан. Тэгээд би Б-ын умайг эхогоор харахад умайн хэмжээ 6.4*4.4 см бага зэрэг томорсон, саван доторх агууламж 1.4*3.2-н хэмжээтэй агууламжтай байсан ба Бт хэрвээ чи жирэмсэн байсан бол үр хөврөл зулбаж гарсан байх магадлалтай гэж хэлсэн. Би умай агшаах, дархлаа дэмжих эм бичээд дахиад эход харуулаарай гэж хэлсэн. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 03 минутад Б над дээр ирж эход харуулсан ба умайн хэмжээ нь 3.8*3.2 см болж багассан саван доторх агууламжийн уртыг хэмжих боломжгүй, харин өргөн нь 0.3 см болж багассан байсан. Тэгэхээр нь Б-т доошоо нилээн юм гарсан байна гэж хэлэхэд Б тиймээ шавхраг нь багасаад дуусаж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
1.13. Хохирогч Ц.Б, гэрч Д.З нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж мэдүүлэхдээ:
Хохирогч Ц.Б: 2021 он 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед Т архи уучихсан согтуу байхдаа намайг зодсон үед З С нар байсан. Тэгээд Т намайг зодож байхад З, С нар Т-ийг огт хорьж болиулаагүй гэрээс гарч яваад гэрийн баруун талд гудас дэвсээд унтаад өгсөн.
Гэрч Д.З: 2021 он 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед Т Бын хажууд байсан гэдэг нь Ү. Гэхдээ тэр үед согтуу байсан болохоор би Т Б 2-г зодолдсон эсэхийг санахгүй байна. Мэдэхгүй байна. Маргааш өглөө сэрэхэд Тийн гэрийн баруун талд гудас дэвсчихсэн Сүнжидмаа бид 2 унтаж байсан. Тэгээд Б-ын гар дээр хөхөрсөн байсан талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дурдсан.
Хохирогч Ц.Б: З Т-ийнд ирсэн эсэхийг би мэдэхгүй байна. Миний бодлоор ирээгүй байх гэж бодож байна.
Гэрч Д.З: 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байх. 22 цагийн үед Т-ийнд очоод Тийн гутлыг гуйгаад очсон юм. Т-ийнд очоод гэр лүү нь шагайгаад харахад Б зүүн орон дээрээ сууж байсан. Тухайн үед Т-ийнх гэрэлгүй харанхуй байсан болохоор Б-ыг сайн харж чадаагүй. Тэгээд бас Т цаашаа яв яв гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
1.14. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед байх Тийн гэрт очсон юм. Тийн гэрт очиход Т, Б, З, бас нэг танихгүй хүүхэн байсан. Тухайн үед Т, Б архи уучихсан байсан ба нилээн халамцуу байсан. Тэгээд Т, Б хоёр Чойрын төв рүү нэг айлд хүргээд өг гээд гуйгаад байхаар нь тэр 2-г 20 цагийн орчим Төгрөгийн 1-141 тоотод хүргэж өгөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
1.15. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед Т манайд 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи бариад ороод ирсэн. Тухайн үед манайд хэн хэн байсныг санахгүй байна. Ямар ч байсан Ү-бат байсан шиг санаж байна. Тэгээд Тийн авч ирсэн нэг шил архийг дөнгөж задлаад байж байтал Б орж ирээд Тийг хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэж хэлээд Т-тэй хэрэлдэх гээд байхаар нь би гэрт битгий хэрүүл хийгээд бай, гарч хэрүүл хий гэж хэлсэн. Тэгээд Б, Т нар манайхаас гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
1.16. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Т-тэй 10-аад хоногийн өмнө утсаар ярьсан. Т ярихдаа манай гэр цоожгүй нээлттэй байгаа, эргэж байгаарай гэж хэлсэн. Ямар дугаараас залгасныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
1.17. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 215 дугаартай дүгнэлтэд:
- Ө.Тийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 70 дугаар хуудас/,
1.18. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаартай дүгнэлтэд:
- Ц.Б-ын биед зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй.
- Дээрх гэмтэл нь үзлэг хийсэн өдрөөс 7-9 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.
- Ц.Б нь зулбасан гэх ба хэрэг босон гэх хугацаанаас хойш 9 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн, зулбасан эдээс эсийн шинжилгээний дээж аваагүй байх тул зулбалт үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 75 дугаар хуудас/,
1.19. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
1.20. Хохирогч Ц.Б-т үзлэг хийсэн эмчийн үзлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/
1.21. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Магадлуулагч Ц.Б-ыг 2021 оны 07 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд жирэмсэн байсан эсэхийг эмнэлгийн бичиг баримтанд тусгаагүй. Тэр өдрөөс өмнө ЭХО-д харуулж үзлэг хяналтандаа ороогүй байсан учир жирэмсэн байсан эсэхийг тодорхойлох боломжгүй.
Ц.Б нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр буюу бусдад зодуулсан өдрөөс хойш 9 хоногийн дараа эмэгтэйчүүдийн эмчид болон ШША-нд ирж үзлэг хийлгэсэн. Намайг үзлэг хийх үед биед нь хэсэг газруудад цус хуралт гэмтлүүд байсан. Тэдгээр цус хуралтуудад нь үндэслэж гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж дүгнэлтээ гаргасан. Зулбасан эдээс эд эсийн шинжилгээнд аваагүй учир зулбалт үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш 9 хоногийн дараа үзүүлсэн учир бусдад зодуулсантай шалтгаан хамааралтай эсэхийг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,
1.22. Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
1.23. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 91 дүгээр хуудас/,
1.24. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 110-112 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ө.Тийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ө.Т, хохирогч Ц.Б нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэн хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ө.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ө.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 дүгээр хуудас/,
2.2. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 127-128 дугаар хуудас/,
2.3. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 122-126 дугаар хуудас/,
2.4. Шүүгдэгч Ө.Т-ийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 141 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ө.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Ө.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ө.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ө.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар материалтай 35 см урттай, 32 см өргөнтэй, цагаан өнгөтэй, тавцан хэсэг нь хар бор болон цайвар цэнхэр хавсарсан өнгөтэй 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р овогт Ө-ын Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ө.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар материалтай 35 см урттай, 32 см өргөнтэй, цагаан өнгөтэй, тавцан хэсэг нь хар бор болон цайвар цэнхэр хавсарсан өнгөтэй 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ