| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0074/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хантөгс,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
хохирогч М.Х,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Ж-н Ц-д холбогдох эрүүгийн 2117000000079 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 06-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Г аймгийн С сум 4 дүгээр баг, М хаяа гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх С овогт Ж-н Ц /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоноос зүүн урагш 4-5 км зайд хөдөө байрлах өөрийн гэртээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед М.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, баруун дээд 3-4-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоноос зүүн урагш 4-5 км зайд хөдөө байрлах өөрийн гэртээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед хохирогч М.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, баруун дээд 3-4-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би хэлж ярихдаа муу учраас мэдүүлэг өгөхгүй. Харин асуусан асуултад хариулна гэв.
1.2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би өөрийн эхнэр О-гийн хамт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот явсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр оройн 20 цагийн орчим буцаад гэртээ ирсэн. Тухайн үед манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоноос зүүн тийшээ 3-5 км зайд хөдөө нутаглаж байсан юм. Тухайн өдөр манай эхнэрийн төрсөн ах Х над руу 16 цагийн орчим миний гар утас руу залгаад би танай гэрийн баруун талд машинтайгаа явж байгаад машин эвдэрчихээд байна, ирж ав гэж ярьсан бөгөөд тухайн үед Х архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгээд би явсаар гэртээ ирэх замдаа Х ахыг замд байгаа байх гэж бодоод харж явтал тэр замд тааралдаагүй бөгөөд би гэртээ ирээд байж байтал нэг мотоциклтой хүн ирэхээр нь би түүнээс Х ахын машиныг сураглатал тухайн хүн манай гэрийн баруун хойд талын хонхорт байна гэж хэлэхээр нь би гэрээсээ өөрийнхөө машинтай гэрийнхээ баруун хойшоо 1-2 км зайд Х ах машинтайгаа байж байхаар нь би очсон. Тухайн үед Х ах машиныхаа хажууд ганцаараа байж байсан бөгөөд нилээн архи уусан байдалтай согтуу байсан. Машин эвдэрчихсэн асахгүй байсан болохоор нь би түүний машиныг нь чирээд явъя гэж хэлтэл миний машин чирч явдаг машин гээд байхаар нь Х ахын машиныг тэнд нь үлдээгээд Х ахыг машиндаа суулгаад гэртээ 21 цаг өнгөрч байхад ирсэн. Манай гэрт ирээд хоол идээд байж байтал манай найз Б миний гар утас руу залгаад өнөөдөр баярын өдөр байна, танай гэрт очъё гээд байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд удаагүй байж байтал Б машинтайгаа өөрийнхөө 3 хүүхдийн хамт ирсэн. Тухайн үед Б ирэхдээ баярын юм гээд 0.5 литрийн савлагаатай 10 ширхэг шар айраг, 0.75 литрийн савлагаатай Экс нэртэй нэг шил архи авчирсан. Тэгээд Б-н авчирсан шар айраг, архийг Х ах Б бид 3 хувааж уусан. Тухайн архийг хувааж уугаад байж байх зуур Х ах нилээн согтсон байсан бөгөөд над руу агсам тавих гээд янз янзын юм яриад байна. би тухайн үед дуугүй сууж байсан. Тэгээд архи, шар айргаа ууж дуусгачихаад би дахин 0.5 литрийн савлагаатай Экс нэртэй архи гаргаж ирээд түүнийгээ бас Х ах, Б бид 3 хувааж уусан. Тухайн үед Х ах нилээн согтсон байдалтай байсан бөгөөд гэрээс орж гараад тогтож чадахгүй байсан. Тэгээд тухайн архиа ууж дуусаагүй байхад Х ах надад агсам тавиад чамайг ална шүү гэх мэтээр орилж хашхираад байсан. Тэгээд Х ах гэрийн баруун хойно сууж байгаад хүрч ирээд миний өмсөж явсан хувцасны энгэрээс бариад авахаар нь би мөн адил түүний өмсөж явсан хувцасных нь энгэрээс барьж аваад Х ахын зүүн талын нүдний дээд хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгтэл Х ах хойшоо унасан. Газар уначихаад дахиж босож ирээгүй тэндээ унтаад өгсөн. Тухайн үед Х ахын зүүн нүдний дээд хэсэгт жаахан язарсан байгаа харагдсан. Тэгээд бид нар унтацгаасан бөгөөд маргааш өглөө нь буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өглөө сэрэхэд Х ахын зүүн нүдний дээд хэсэгт язарсан түүнээс нь цус гараад хатчихсан байсан. Нилээн шартсан байгаа бололтой ус уугаад яваад байсан. Тэр үед Х ах надад хандан миний хөмсөгнөөс яагаад цус гарсан юм гэж асуухаар нь би түүнд та агсам тавиад байхаар нь би таныг нэг цохиод унтуулчихсан гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр О, Х ахыг нүдээ эмчид үзүүлж оёулсан дээр байх гэж хэлсэн. Х ах 12 цаг болтол унтаад байсан. Тэгээд өдрийн 12 цаг өнгөрч байхад манай эхнэр О Х ахыг дагуулаад эмнэлэгт үзүүлж ирнэ гээд буцаж яваад 15 цагийн орчим ирээд Х ахын шархыг эмчид үзүүлээд оёдол тавиулаад ирлээ гэж байсан. Тухайн өдөр Х ахыг манай гэрт унтаж байх үед манай саахалт айлын Ц гэдэг хүн манай гэрт ирээд энэ хүн өчигдөр ирээд аймар согтуу машин барьчихсан явж байсан бөгөөд Ц хаана байна, Ц-г ална гээд яриад явж байсан. Мөн энэ хүн намайг хонь хариулаад явж байхад над дээр хүрч ирээд архи уух уу гэж асууж байсан. Тэр үед энэ хүн нэг хүнтэй явж байсан бөгөөд хамт явсан хүнтэйгээ хөөцөлдөөд хоорондоо зодолдоод байсан, нэгнийгээ машинаар хөөгөөд байсан, тэгээд машин нь нуурын захад шаварт суусан гэж ярьж байсан. Тийм болохоор би Х ахыг надаас өмнө нь хэн нэгэн хүнтэй зодолдоод шүдээ гэмтээчихээд намайг цохисон гээд байгаа гэж бодож байна. Түүнээс биш би Х ахыг зүүн нүдний дээд хэсэгт гараа атгаж байгаад нэг л удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
1.3. Хохирогч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүргэн болох иргэн Ц-ы гэрч очсон. Ц 50 хувь худал зүйл ярьж байна. Ж Ц хотоос ирсэн байсан. Хамт 1 шил архи хувааж уучихаад унтацгаасан. Б Ц хоёр хоорондоо маргалдсан. Би түрүүлээд согтсон. Тэр үед Ц намайг зодсон. Маргааш өглөө нь манай эмэгтэй дүү намайг эмнэлэгт хүргэж өгсөн. 8-н оёдол тавиулсан гэв.
1.4. Хохирогч М.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Улаанбаатар хотод эхнэр С, хадам эцэг нарын хамт амьдардаг. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Говьсүмбэр аймагт байдаг өөрийн төрсөн дүү О-гийн гэрт идэшний хонь авах санаатай 22 цагийн үед ирсэн ба манай дүү О гэртээ нөхөр Ц болон 4 хүүхдийн хамт байсан. Тэгээд би дүүгийнхээ гэрт очихдоо 0.75 литрийн Х нэртэй архи авч очсон бөгөөд авч очсон архиа Ц-тай хувааж уугаад тасраад унтчихсан байсан. Гэтэл намайг унтсан хойгуур Ц миний зүүн хөмсөгний дээд талд цохиод сэтэлчихсэн бас миний үүдэн нэг шүдийг цохиод унагачихсан байсан. Тэгээд би маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд хөмсгөндөө 8 оёдол тавиулаад цагдаад өргөдөл өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
Тухайн өдөр би Ц-ы гэрт ирээд Ц болон түүний найз гэх залуу нарын хамт 0.75 литрийн савлагаатай Экс нэртэй нэг шил архи хувааж уусан бөгөөд түүнийгээ уугаад согтоод унтчихсан байна. Тэгээд босоод иртэл миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт язарсан байсан бөгөөд тэр хэсгээс цус гарсан байсан. Мөн миний баруун дээд талын нэг шүд нь хугарч унасан, хажуу талын нэг шүд хөдөлж байсан бөгөөд шүд маш их өвдөж байсан. Өөр миний биед ямар нэгэн шарх сорив үүсээгүй байсан.
Тухайн үед Ц-ы хүүхдүүд бүгдээрээ байсан. 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэг явж зүүн хөмсөгний дээд хэсэгт 8 оёдол тавиулсан. Тэгээд дүүгийн хамт буцаж гэрт нь ирсэн. Орой манай эхнэр С, нагац ах, түүний эхнэр, охины хамт 4-үүлээ Ц-ы гэрт ирээд тогооны хорхог хийж идсэн. Тэгээд би эхнэрийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сум руу явж 1 хоноод ирсэн. Ц эхнэрийн хамт гэртээ байгаагүй, 4 хүүхэд нь байсан. Биднийг гэрт нь яваад ороход Ц-ы хүүхдүүд гар утсаараа тоглоод суугаад байхаар нь би хүүхдүүдэд хандан хүн орж ирж байхад аяга цай хийж өгөөч гэж хэлтэл тэдний хүүхдүүд ерөөсөө тоохгүй байхаар нь Д-ын гар утсыг булааж аваад гэрийн багана руу шидтэл гэрийн багана оноод утасны шилэн наалт хагарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
1.5. Гэрч М.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Х миний төрсөн ах байгаа юм. Түүнийг зодсон Ц болохоор манай 5 хүүхдийн эцэг, миний нөхөр байгаа юм. Хөдөө гэртээ ирэхэд төрсөн ах Х манай хойно машин суучихлаа гэж дуудсан. Түүний дагуу Ц явж очиж машиныг нь үлдээгээд өөрийг нь авчирсан. Машин асдаггүй гээд шал согтуу байсан. Бөөндөө байж байтал нөхрийн найз нар болох Б хүүхэдтэйгээ ирсэн. Б нэг шил архитай ирсэн ба тэр архийг манай нөхөр, Х нар хувааж уусан. Б архиа ууж дууссаны дараа хүүхэд нь машин бариад аавыгаа аваад явсан. Тэр 2-г явсны дараа Х, нөхөр Ц-ыг элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би та 2 муудалцав гэж хэлээд хонины цаад талд машиндаа унтсан. Өглөө босоод ирэхэд ах Х нөхөр Ц-д зодуулсан гээд духны хэсэгт цус гарсан хагарсан байсан. Тэгээд эмнэлэг явъя гэхэд явахгүй гээд унтаад өгсөн. 13 цаг өнгөрч байхад би ахыгаа хүчээр дуудаж сэрээгээд эмнэлэг орж духанд нь оёдол тавиулсан. Түүнээс хойш би оёдлыг нь 2 өдөр цэвэрлүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
1.6. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 10-нд манай хамтран амьдрагч Х Говьсүмбэр аймаг руу явж наадмаар идэх хонь мал авч ирнэ гээд өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн 75-08 УНН улсын дугаартай жижиг оврын ачааны машинтай явсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Х надтай утсаар ярихдаа архи уусан согтуу байдалтай байсан бөгөөд хүргэн дүүгийнхээ гэрт ирсэн байна, мөн хүргэний найз ирээд бид нар архи ууж байна гэж ярьсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 8-9 цагийн үед Х над руу утсаар яриад Ц миний хөмсгийг яз цохичихсон байна, би аймар царай зүстэй байна гэж ярьж байсан. О над руу утсаар яриад Х ах хөмсгөө юманд цохичихсон байна. Төв дээр ирж оёдол тавиулаад явж байна. Х ах миний үгэнд орохгүй байна, та ирж авах боломж байна уу гэж ярьсан. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сум руу хамаатны 3 хүнтэй хамт явж байх замдаа Ц-ы гэрээр ирсэн. Тухайн үед 17 цаг орчим болж байсан бөгөөд намайг ирэхэд Ц, түүний эхнэр хүүхдүүд байсан бөгөөд О-гийн төрлүүд гэх хүмүүс байсан. Намайг ирэхэд Х толгойгоо боочихсон нүүр хэсэг нь жаахан хавдсан байдалтай байсан. Тэгээд бид нар Ц-ы гэрт ирээд Х-ыг аваад Хэнтий аймгийн Баянмөнх сум руу явсан. Суманд нэг хоноод 2021 оны 07 дугаар сарын 15-ны орой Ц-ы гэрт ирсэн. Тэгээд ирэхэд Ц, О нар ээжийн бие муудсан гээд Улаанбаатар хот явсан хүүхдүүд нь байсан. Тэгтэл Ц-ы хүүхдүүд гэртээ гар утсаараа тоглоод сууж байхаар нь Х хүүхдүүдэд хандан та нар хүн орж ирж байхад цай унд хийж өгөөч гэж загнаж байсан. Тэгтэл Х-ын дүү О миний гар утас руу залгаад Х ах яагаад хүүхдүүд айлгаад байгаа юм бэ гэж ярьсан. Тэгтэл Х гэрт байсан хүүхдүүдийн утсаар дүүтэйгээ ярьж муудалцаж байгаад нөгөө гар утсыг нь гэрийн хаяа руу шидчихсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг нь аваад үзтэл шилэн наалт хагарчихсан байсан. Тэр утас нь Samsung-ийн дэлгэцтэй мэдрэгчтэй гар утас байсан. Тэгтэл Х айл руу очиж хононо гээд уурлаад яваад өгсөн. Бид нар Ц-ы гэрт хоносон... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
1.7. Гэрч Ф.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ц-тай утсаар ярьж байгаад түүний гэрт очсон. 3 хүүхдийнхээ хамт 21 цагийн орчим очсон бөгөөд намайг очиход Ц, түүний эхнэр хүүхдүүд, мөн хадам ах Х нар байсан тухайн үед Ц Улаанбаатар хотоос ирсэн гэсэн бөгөөд Х нь архи уусан байдалтай халамцуу байсан. Тэгээд би Ц-д баярын юм гээд 0.75 литрийн савлагаатай Экс нэртэй 1 шил архи, 0.5 литрийн савлагаатай Боргио нэртэй 10 ширхэг шар айраг авч ирсэн байсныгаа өгсөн. Тэгээд тэр архи, шар айргаа Ц, Х бид нар хувааж ууцгаасан бөгөөд нөгөө архи бараг дуусах гэж байхад Ц-ы хадам ах Х агсраад янз янзын юм яриад байсан. Тэр үед нь эхлээд Ц дуугарахгүй байсан сүүлдээ Х бүр орилоод хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгтэл Ц уурлаад Х-т хандан “Та ер нь яах гээд байгаа юм бэ? ирэхээрээ дандаа л агсам согтуу тавьж байх юм” гэж хэлтэл Х хэрүүл хийгээд босоод ирэхлээр нь Ц түүний зүүн нүдний дээд хэсэгт нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгтэл Х тэр чигээрээ газар унаад хэвтчихээд үглээд байсан. Тэгэхлээр нь би гэрээс нь гараад гэрийн гадаа байсан Бонго кузов дээр нь гараад ор засаад унтчихсан юм. Тэгээд өглөө нь босоод Ц-ы гэрт ортол Х гэрийн зүүн талын орон дээр хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан бөгөөд “Толгой өвдөөд байна” гэж ярьж байсан Тэгээд л би хүүхдүүдээ аваад гэр лүүгээ явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-н 30-31 дүгээр хуудас/,
1.8. Насанд хүрээгүй гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай аав Ц, ээж О нар Улаанбаатар хотоос ирсэн. Тухайн өдөр манай ээжийн төрсөн ах Х ах манай гэрийн баруун хойд тал нуурын эрэг дээр машин нь суусан байсан гээд манай аав явж түүнийг 18-19 цагийн үед гэртээ авч ирсэн. Тухайн үед Х ах нилээд архи уусан согтуу байсан бөгөөд манай аав архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд тэд нар манай гэрт байж байтал манай аавын найз Б ах манай гэрт 20 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед Б ах 3 хүүхэдтэйгээ ирсэн бөгөөд манай аавд нэг шил архи /нэрийг нь мэдэхгүй/, мөн хэдэн ширхэг шилтэй шар айраг авч ирж өгсөн. Тэгээд тухайн архийг Б ах, Х ах манай аав нар хувааж ууцгаасан. Тэр үедээ Х ах чанга чанга дуугараад агсраад байсан. Тэгээд нөгөө ууж байгаа архийг нь дуусах гэж байхад нь би ах, дүү нар болон Б ахын хүүхдүүдийн хамт гэрийн хажууд ор засаад гадаа унтчихсан. Тэгээд өглөө босч ирэх үед Х ах, аав хоёр гэрт унтаж байсан бөгөөд Х ахын нүднийх нь дээр язарчихсан түүнээс нь жаахан цус гарсан байдалтай байсан, харин аав зүгээр байсан. Тэгээд Х ах, аав хоёр Х ахын машиныг янзалж ирнэ гэж яваад удалгүй аав Х ахыг машин дээр нь үлдээчихээд хүрээд ирсэн. Тэгээд удаагүй байж байтал Х ах машинаа унаад хүрээд ирсэн. Тэгээд гэрт байж байгаад Х ах, ээж хоёр Чойрын эмнэлэг рүү явж Х ахын нүднийх нь дээр байсан шархыг боолгочихоод хүрээд ирсэн. Түүнээс маргааш орой нь буюу 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Х ахын эхнэр нь ирээд түүнийг аваад Хэнтий аймгийн Баянмөнх сум руу явна гээд яваад өгсөн. Тэднийг явсны дараа манай аав ээж хоёр Улаанбаатар хот руу явсан бөгөөд би гэртээ ах, дүү нарынхаа хамт үлдсэн. Тэгээд байж байтал 2021 оны 07 дугаар сарын 14-ний орой би гэртээ дүү нарынхаа хамт байж байсан бөгөөд манай ах Чойр явсан байсан хойгуур орой 19 цагийн орчим Х ах, эхнэр болон өөр нэг 3 хүнтэй хамт манай гэрт ирсэн. Тухайн үед Х ах архи уучихсан согтуу байсан бөгөөд тэднийг гэрт орж ирэхэд нь би аяга тавгаа угаагаад сууж байтал Х ах гэрт орж ирээд “Та нар хүн орж ирж байхад цай хийж өгдөггүй юм уу? гээд уурлаад байхаар нь би дүү нартайгаа гэрээс гараад өөрийнхөө гар утсаар ээж, аав руугаа утсаар яриад “Баяраа ах ирээд дээрэлхээд байна” гэж хэлчихээд хониндоо явчихаад буцаад гэртээ иртэл Х ах миний гар утсыг эвдчихсэн байсан. Тэгэхээр нь би дүү Нэс юу болсон талаар асуухад Н “Таны гар утас руу Самбуу ах /манай ээжийн том ах/ залгаад Х-тай ярья гэхээр нь би гар утсаа Х ахад өгтөл Х ах “энэ утсаар дандаа хов зөөж байдаг, энэ утсаар чинь яадаг юм бэ?” гэж хэлээд гар утсыг гэрийн шалан дээр шидчихсэн” гэж ярьж байсан. Тэгээд Х ах гэрийн хойшоо яваад өгсөн бөгөөд түүний эхнэр болон түүнтэй хамт явж байсан хүмүүс нь манай гэрт хоночихоод өглөө нь Х ахыг орхичихоод явчихсан. Харин Х ах маргааш өглөө 09-10 цагийн орчим ирэхдээ жаахан халамцуухан байх шиг байсан бөгөөд манай гэрт орж ирээд өөрийнхөө шүдийг гараараа сугалж авч бид нарт харуулаад “Одоо би аавыг чинь өргөдөл бичээд цагдаад өгнө” гэж хэлээд сугалж авсан шүдээ халаасандаа хийчихсэн. Тэгээд Х ах гэрээс гараад яваад өгсөн. Х ахыг шүдээ сугалж авах үед нь манай ах, дүү нар бүгдээрээ байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
1.9. Насанд хүрээгүй гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай аав ээж хоёр Улаанбаатар хот руу явсан хойгуур манай гэрт Х ах өөрийнхөө эхнэр болон түүнээс гадна дахиад 3 хүний хамт ирсэн юм. Х ах манай гэрт ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Тэгээд гэрт орж ирээд “Хүнд цай өгөөч” гэж хэлээд манай ах Д руу дайраад байсан. Тэр үед нь манай дүү Д /7 настай/ гар утсаар оролдож байсан чинь Х ах манай дүүгийн нуруу руу нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд Д ах хониндоо явчихсан хойгуур би Д ахын гар утсаар хүнтэй ярьж байсан чинь миний гар утсыг миний гараас булааж аваад “Энэ утсаар чинь яадаг юм бэ?” гэж хэлээд утсыг аваад газар шидчихсэн. Тэгсэн чинь Д ахын гар утасны дэлгэц хагараад эвдэрчихсэн байсан. Тэгээд Х ах гэрийн гадаа Портер машины ард зогсож байгаад өөрийнхөө шүдийг гараараа сугалж аваад “Танай аав, ээжийг чинь цагдаад өгнө” шүү гэж хэлээд бид нарыг айлгаад байсан. Тэгээд Х ах нөгөө шүдээ 00-ын цаасанд боогоод халаасандаа хийчихсэн юм. Тэгээд Х ах яваад өгсөн. Түүнийг гэрээс гараад явсны дараа Х ахын эхнэр болон хамт ирсэн хүмүүс нь манай гэрт хоночихоод маргааш өглөө яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
1.10. Насанд хүрээгүй гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай аав Ц, ээж О нар Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тухайн өдөр ээж, аав нарыг ирэхээс өмнө би хониндоо явчихсан байсан бөгөөд намайг гэртээ буцаад ирэхэд манай аав, ээж хоёр Улаанбаатар хотоос ирчихсэн байсан бөгөөд манай гэрт манай ээжийн төрсөн ах Х ах бас ирчихсэн байсан. Тухайн үед Х ах архи уучихсан байдалтай халамцуухан байж байсан. Тэгээд тэд нар манай гэрт байж байтал манай аавын найз Б ах 3 хүүхэдтэйгээ хамт манай гэрт 20 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд Б ах манай аавд нэг шил архи /нэрийг нь мэдэхгүй/, мөн хэдэн ширхэг шилтэй шар айраг авч ирж өгсөн. Тэгээд тухайн архи, шар айргийг Б ах, Х ах манай аав нар хувааж ууцгаасан. Тэр архиа ууж байх үедээ Х ах чанга чанга дуугараад агсраад байсан бөгөөд тэр үед нь Б ах аав нар их тоосон шинжгүй хоорондоо юм яриад суугаад байсан. Тухайн үед гэрт хорхой их байсан болохоор гэрийн гадаа унтахаар болоод би дүү нар болон Б ахын хүүхдүүдийн хамт гэрийн хойно ор засаад гадаа унтчихсан. Тэгээд унтаж байтал гадаа бороо ороод байхаар нь өглөө үүрээр бид нар гэртээ орж ирээд унтчихсан. Тэр үед манай гэрт манай аав, Б ах, Х ах нар унтаж байсан. Тэгээд би өглөө эрт босоод адуундаа явах гэж байхад Х ах орон дотроо хэвтэж байсан бөгөөд түүний зүүн талын нүднийх нь дээр язарчихсан түүнээс нь жаахан цус гарсан байдалтай байсан. Тэгээд би адуундаа явчихаад өдөр иртэл манай ээж О Х ах нар Чойр яваад ирж байсан бөгөөд Х ахын толгойг боолгочихоод ирлээ гэж байсан. Түүнээс маргааш орой нь буюу 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Х ахын эхнэр нь ирээд түүнийг аваад Хэнтий аймгийн Баянмөнх сум руу явна гээд яваад өгсөн. Тэднийг явсны дараа манай аав ээж хоёр Улаанбаатар хот руу явсан бөгөөд би гэртээ дүү нарынхаа хамт үлдсэн. Тэгээд байж байтал 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би Чойр орчихоод орой хонио хураагаад гэртээ иртэл манай гэрт Х ахын эхнэр С эгч түүнээс гадна 3 хүн ирчихсэн байсан бөгөөд манай дүү нар нэлээд айсан шинжтэй байхаар нь би юу болсон талаар дүү нараасаа асуутал “Х ах согтуу ирээд агсам тавиад, манай дүүгийн гар утсыг авч шидээд эвдчихсэн” гэж ярьж байсан. Тэгээд тэр шөнөдөө Х ахын эхнэр нь нөгөө хүмүүстэйгээ манай гэрт хамт хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 07 дугаар сарын 15-ны өглөө Х ах 10-11 цагийн орчим ирээд гэрт орж ирээд бид нарт “Танай аав, ээж хоёрыг чинь цагдаад өгнө, миний шүдийг дашраар нь 3 шүд хугалсан” гэж хэлээд гар дээрээ нэг шүд тавьчихсан байсан. Тэгэхлээр нь би түүнд “та наад үгээ аав, ээж хоёрт хэл” гэж хэлтэл Х ах гэрээс гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
1.11. Насанд хүрээгүй гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Орой болох гэж байхад Х ах манай гэрт архи уучихсан ирээд намайг гэртээ байж байхад “Хүнд аяга цай хийж өгөөч” гэж хэлээд миний нуруу руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд гэрийн хажууд Х ахыг байхад манай эгч Н “Утсаар ярья гэж байна” гэж хэлээд манай агаа Д-ын гар утсыг өгсөн чинь Х ах тэр утсыг нь аваад газар шидчихсэн. Тэгээд манай агаагийн гар утасны нүүрэн дээр нь хагарчихсан. Тэгээд Х ах яваад өгсөн, түүнтэй хамт ирсэн хүмүүс нь манай гэрт хоносон... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
1.12. Гэрч М.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийнхөө эзэмшлийн үзмэн ягаан өнгийн 71-85 УНД улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ өөрийнхөө хонинд явж байсан юм. Тухайн үед 12-13 цагийн орчим байсан шиг санагдаж байна би машиндаа ганцаараа явж байтал Сүмбэр сумын 3-р баг Найрамдал хотхоноос зүүн хойш цагаан өнгийн амьжиргаа цагаан гэх нэртэй жижиг ачааны машинтай хүн миний урд явж байхдаа замаас орж гараад яваад байсан. Тэгэхээр нь би тухайн машины хажуугаар гүйцэт түрүүлж гарахдаа харахад үл таних 2 эрэгтэй хүн явж байсан бөгөөд жолооч болон хамт явж байсан хүн нь согтуу байгаа харагдсан. Тэгэхээр нь би өнгөрч яваад өөрийнхөө хонин дээр бараг очиж байтал нөгөө амьжиргаа цагаан гэх машинтай хүн миний араас намайг гүйцэж орж миний машины урдуур хөндөлдөөд зогсчихсон. Тэгээд жолооч нь машинаасаа бууж ирээд миний хажууд хүрч ирээд надад хандан “Буугаад ир” гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлээд машинтайгаа хөдлөх гэтэл нөгөө хүн “архи уух уу?” гэж асуухаар нь би мөн л “үгүй” гэж хэлээд машинтайгаа хөдөлж яваад хонин дээрээ очсон юм. Тэр үед манай хонь ойрхон байсан болохоор хониныхоо дэргэд ирээд эргээд хартал цагаан өнгийн амьжиргаа цагаан машины жолооч хамт явсан хүнтэйгээ хоорондоо нэг урт /төмөр юм уу, мод байх шиг байсан/ булаацалдаад нэг урт юмны 2 талаас бариад таталцаад байгаа харагдсан. Би тэр хоёр хүнээс 500 метрээс 1 км орчмын зайд байсан болохоор надад бас сайн харагдахгүй байсан. Тэгж байтал нөгөө урт юм яасан нь мэдэгдэхгүй нэг нь тал дээр тогтсон байсан ус руу гүйгээд орох үед нөгөөх нь машинтайгаа түүний хойноос хөөж байгаад шаварт суучихсан. Тэгэхээр нь би хонио эргүүлэх гээд явж байсан бөгөөд тэр үед нөгөө машин харагдахаа больсон байсан. Тэгээд би хонио хариулаад явж байтал 1 цаг орчмын дараа нөгөө амьжиргаа цагаан гэх машинтай хүн ганцаараа нэлээд согтуу машинаа жолоодчихсон над дээр хүрч ирээд “Халзан Ц-гийнх хаана вэ?” гэж асуухаар нь би түүнээс “Чи хөөгөөд байсан хүнээ яав?” гэж асуухад тухайн хүн “мэдэхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Ц-ы гэрийг нь зааж өгтөл тухайн хүн "Алнаа пизда” гэж хэлээд машинтайгаа хөдлөөд явсан. Би тухайн үед Ц-ыг ална гэсэн үү?, эсвэл нөгөө хамт явсан хүнээ ална гэсэн үү гэдгийг нь ойлгоогүй үлдсэн. Тэгээд тухай өдрийн маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 08-09 цагийн орчим хонио харах гээд явж байтал манай малын хорооны хойд талд зам дээр өчигдрийн тааралдсан хүн цагаан өнгийн амьжиргаа цагаан машинтайгаа ганцаараа зогсож байсан бөгөөд машин нь асахгүй байна гэж байсан. Тэгээд тэр хүн надаас 10-ын түлхүүр гуйж аваад машинаа янзалж асаагаад Цгийн гэр лүү машинтайгаа явчихсан. Тухайн үед тэр хүний зүүн талын хөмсөг орчим нь язарчихсан цус гарсан байдалтай байсан бөгөөд мөн л согтуу байсан. Тэр үедээ “Ц намайг цохисон юм шиг байна алнаа пизда” гэж хэлж байсан. Тэгээд би өөрийнхөө малыг хариулж байгаад 2 цаг орчмын дараа Ц-ы гэрт очиход нөгөө амьжиргаа цагаан машинтай хүн Ц-ы гэрт ирчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би Ц-д өчигдрийн болсон зүйлийн талаар хэлэхэд Ц “Энэ хүн манай эхнэрийн ах нь байгаа юм, өнөөдөр хот явах гэж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд л би удаагүй явсан, түүнээс хойш юу болсон эсэхийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
1.13. Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2021 оны 07 дугаар сарын 13-ны 08 цаг 30 минут болтол Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт жижүүр эмчээр 24 цаг ажилласан. Тухайн өдрийн 14 цаг 50 минутад М.Х гэх хүн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирж үзүүлээд зүүн хөмсөгний дээд талд язарсан байсныг тухайн өдрийн хүлээн авахын эмч Б.А үзээд тухайн иргэний шарханд оёдол тавих шаардлагатай гэж үзээд намайг дуудсан. Ингээд би тухайн иргэнийг үзэхэд зүүн хөмсөгний дээд талд 4х2х1 см хэмжээтэй язарсан байсан бөгөөд шархнаас нь бага зэрэг цус гарсан шинэ шарх байсныг нь шарханд цэгцлэлт хийж, хэсэг газрын мэдээ алдуулалтын доор 6 ширхэг зангилаатай оёдол тавьж өгсөн. Ингээд тухайн хүнд өөр бэртэл, гэмтэл байхгүй байсан тул цаашид амбулаториор боолт хийлгэх, шарханд эмийн эмчилгээ хийх зөвлөгөө өгөөд явуулсан. Тухайн үед Х гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
1.14. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 217 дугаартай дүгнэлтэд:
- Х.Х-ын биед зүүн хөмсөгт шарх, баруун дээд 3,4-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлээс хөмсөгний дээд хэсгийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг. Баруун дээд 3,4-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10 хувь тогтонги бууруулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 49 дүгээр хуудас/,
1.15. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 222 дугаартай дүгнэлтэд:
- *******-ы биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 55 дугаар хуудас/,
1.16. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаартай дүгнэлтэд:
- Ц.Дийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 60 дугаар хуудас/,
1.17. Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
1.18. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/,
1.19. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,
1.20. Цагаан титэм ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 105 дугаар хуудас/,
1.21. Хохирогч М.Х-ын үзлэгийн карт /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
1.22. Хохирогч М.Х-ын гаргасан хохирлын тооцоо /хх-ийн 108-109 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******-ы өмгөөлөгч Г.Энхжаргал нь гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч ******* нь хохирогч М.Х-ын нүүрэнд 1 удаа цохиж эрүүл мэндэд баруун хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна. Харин хохирогч М.Х-ын баруун дээд 3, 4 дүгээр шүдний булгарал гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна. Учир нь М.Х нь өглөө босож ирээд шүд цохисон талаар ерөөсөө яриагүй. Зөвхөн хөмсөг язарсан хэсгийг эмчид үзүүлээд яваад өгсөн. Тийм учраас шүд цохисон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч ******* нь хохирогч М.Х-ын нүүрэн тус газар нь цохиж 3, 4 дүгээр шүдний булгарал гэмтэл учруулсан болох нь хохирогч М.Х-ын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “...Гэтэл намайг унтсан хойгуур Ц миний зүүн хөмсөгний дээд талд цохиод сэтэлчихсэн бас миний үүдэн нэг шүдийг цохиод унагачихсан байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.С-гийн “...Мөн өөрөө Ц-ыг шүд цохичихсон гээд байсан бөгөөд шүд өвдөөд байна гээд байсан. Тэгээд зүүн дээд талынхаа эхний арааг нь өөрөө сугалаад авчихсан байсан...” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Ц.Д-гийн “...Х ах 10-11 цагийн орчим ирээд гэрт орж ирээд бид нарт “Танай аав, ээж хоёрыг чинь цагдаад өгнө, миний шүдийг дашраар нь 3 шүд хугалсан” гэж хэлээд гар дээрээ нэг шүд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг,
Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 217 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ы үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч М.Х нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч М.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай нөхөр Ц дөлгөөн тайван хүн. Хүний өмнөөс янз бүрийн юм яриад байхгүй үг дуу цөөтэй хүн. Тийм амархан хүнтэй муудалцаад байх хүн биш. Би нөхөртэйгөө 2006 онд айл гэр болсон. Гэр бүл болоод 16 жил болж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч М.Х нь шүүгдэгч *******-аас хохирол болох 5 799 000 /таван сая долоон зуун ерэн есөн мянга/ төгрөг нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 95 200 /ерэн таван мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч *******-аас гаргуулж хохирогч М.Хт олгож, хохирол болох 5 704 700 /таван сая долоон зуун дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Учир нь:
Хохирогч М.Х нь 2021 оны 07 дугаар сарын 18, 2021 оны 07 дугаар сарын 20, 2021 оны 07 дугаар сарын 21, 2021 оны 07 дугаар сарын 29, 2021 оны 08 дугаар сарын 09, 2021 оны 08 дугаар сарын 16, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтад дүгнэлт хийхэд 2800 төгрөгөөр толгойн боолт хийлгэсэн баримт, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30 000 төгрөгийн, 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 23 000 төгрөгийн, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 39 400 төгрөгийн шатахууны баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байна. Харин эм тарианы 40200 төгрөгийн баримт нь нөхөж олгосон баримт, бусад шатахууны баримт нь хохирогч М.Х-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон он сар өдөртэй тохирохгүй байх тул хэлэлцэхгүй орхисон болно.
Мөн хохирогч М.Х нь Цагаан Титэм ХХК-ийн шүд янзлуулахад гарах зардлын тооцоо болох 5 540 000 төгрөгийн тодорхойлолт ирүүлснийг шүүхээс хэлэлцэхгүй орхилоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан тул дээрх зардлуудыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Хохирогч М.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч *******-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ж-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч М.Х нь шүүгдэгч *******-аас хохирол болох 5799000 /таван сая долоон зуун ерэн есөн мянга/ төгрөг нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 95 200 /ерэн таван мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч *******-аас гаргуулж хохирогч М.Х-т олгож, хохирол болох 5 704 700 /таван сая долоон зуун дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.
7. Хохирогч М.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч *******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ