Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Т-т холбогдох 2116000000113 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Б овгийн Г-н Т.

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны “Цагаан толгой” гэх газарт иргэн Ч.Д-г дүүг маань хэл амаар доромжлолоо хэмээн түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа олон тооны удаа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь баруун чамархайд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Т-н 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны “Цагаан толгой” гэх газарт иргэн Ч.Д-г дүүг маань хэл амаар доромжлолоо хэмээн түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа олон тооны удаа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь баруун чамархайд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Т гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Г.Т би 08 дугаар сарын 16-ны өдөр гэр рүүгээ харьж яваад цусны төрсөн дүү болох Ч.Д-той таараад манай нэг эгчийн хүүхэдтэй таараад хэл амаар муудалцсанаас болж би дүүтэйгээ муудалцаж буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа учраас надад өөр хэлэх зүйл байхгүй ... Хохирол төлбөр барагдуулаад сум дээр уулзаад гомдол саналгүй гэсэн... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ч.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Баянтоорой тосгон дээр гэртээ байсан юм. Тэгээд тухайн өдрийн 18 цагийн үед би хөдөө гэр лүүгээ буюу эгчийнхээ гэр лүү Хөх хад гэдэг газар луу мал руугаа ганцаараа өөрийнхөө мотоциклиор явж байсан чинь Цагаантолгой гэх газарт Т явж байхаар нь хажууд нь очоод зогссон ... Т нь Д ахын Ланд-80 машинтай явж байсан бөгөөд машин дотор нь Т эхнэр хүүхдийн хамтаар, Э гэдэг хүүхэд хамт явж байсан юм. Тэгээд би цонхоор нь Э-т хандаад ахын дүү яагаад янз бүрийн мессеж бичээд байгаа юм бэ? яагаад байна гэж асуусан чинь миний өмнөөс би яасан юм яагаад байгаа юм бэ? гээд миний өмнөөс орилоод, машин дотроо чаралчихсан юм. Тэгсэн чинь Т-н эхнэр Х Т-т хандаж чи машинаасаа буугаачээ гэж хэлсэн чинь Т машинаасаа бууж ирээд намайг мотоциклон дээр сууж байхад ирээд шууд миний толгойны баруун талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон юм. Тэгсэн чинь би шууд мотоцикльтойгоо хамт газарт уначихсан юм. Тэгээд би газраас буцаад боссон чинь намайг дахиж барьж авснаа хавсраад унгаачихсан юм. Тэгээд намайг уначихсан байхад миний толгой хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон юм. Хамгийн сүүлд баруун талын нүдний дээд хэсэгт аймар хүчтэй цохисон юм. Би тухайн үед тэр цохилтын өвдөлтийг сайн мэдэж байгаа юм. Тэгээд дараа нь миний баруун хөлийн гуя руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн юм. Миний хөмсөгнөөс цус их гараад би гараараа дараад тогтоох гэтэл тогтохгүй байсан юм. Тэгээд би газарт хөмсгөө дараад хэвтэж байтал хүмүүс ирээд Т-г намайг зодохыг болиулсан... Намайг гэрийн гадаа очоод зогсоход манай эхнэр гэрээс гарч ирээд бие чинь яаж байна гэж асуугаад гэрт ороод хэвт гээд намайг гэр лүү оруулсан. Гэртээ ирээд удаагүй байж байтал эмч нар намайг хайж яваад ирлээ гээд гэрт ороод ирсэн. Эмч Д, сувилагч А нар орж ирээд миний даралтыг үзээд даралт ихэссэн байна гээд өвчин намдаах тариа хийгээд, хөмсөгний дээд талыг үзээд цэвэрлээд намайг авч яваад эмнэлэг ороод баруун хөмсөгний дээд талын язарсан хэсэгт 2 оёо тавьсан юм... гэсэн мэдүүлэг /ХХ15-17/,

Хохирогч Ч.Д-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Эмнэлгийн байгууллагаар явж үзүүлсэн. Миний бие зүгээр байгаа учраас ямар нэгэн гомдол санал байхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /ХХ20/,

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд дараа нь 20 цаг өнгөрчихсөн байхад өөрийнхөө 9999999 дугаарын утаснаас дахиж яриад би Цагаантолгой гэх газарт ирчихсэн байна, хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би хэнд зодуулсан юм бэ гэсэн чинь Т ахад зодуулчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд сая чамтай ярихаас өмнө Д ахад яриад энэ тухай хэлчихсэн байгаа гэж хэлсэн ... гэртээ ирэхэд баруун талын хөмсөгний дэд талд язраад ангайчихсан тухайн газраас нь цус гарчихсан, баруун талын шанаа хэсэг нь хавдчихсан, нүүр хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон ирсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ22-23/,

Гэрч Ч.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... Т нь Д-г зодсон бололтой хөмсөгнийх нь дээд талд язарчихсан цус гарчихсан байсан юм. Яг би зодож байхыг нь хараагүй юм. Д нь Э-г зодох гээд байхаар нь би өмөөрөөд Д-г зодчихсон гэж Т нь хэлсэн юм. Яг ямар үйл явдал болсныг нь хараагүй юм ...” гэсэн мэдүүлэг /ХХ25-26/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаартай “... 1. Ч.Д-н биед хохирол учирсан байна.

2. Ч.Д-н биед баруун чамархайд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт эдийн гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсэх, шинэ гэмтэл болно.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Ч.Д-н биед учирсан гэмтлүүдээс баруун чамархайд үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхинд үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэсэн дүгнэлт /ХХ54-55/, зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч Ч.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие зүгээр байгаа учраас ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэсэн мэдүүлэг, хэргийн материалтай танилцаад гаргасан “...Надад гомдол санал хүсэлт байхгүй. Г.Т-с нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Г.Т-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Т-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Г-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Т-т танилцуулсугай.

5. Шүүгдэгч Г.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА