Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 997

 

2021.09.15                                   2021/ШЦТ/997

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Тэргэл,                           

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Ж.Ц, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ж, Б.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 01999 1765 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж.Ц, 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум Дарьгангад төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, дугуй засварт ажилладаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4-1947 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  /РД: /;

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Г, 1994 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг 7-1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  /РД: /;

Шүүгдэгч Б.Г, Ж.Ц нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд оршин суух иргэн н.Мөнхтэнгэрийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Б.Амартүвшингийн эзэмшлийн самсунг эс 9 плас загварын 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний Хаан банкин дахь 5064694351 тоот харилцах данс буюу виза картанд байсан 1.067.000 төгрөгийг АТМ-ээс авч бусдад нийт 1.517.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Атартүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 102 дугаар сургуулийн эсрэг талын гудамжинд байдаг Отгонтэнгэр гээд найзындаа очиход Ганбат, Ц нар байсан. Тэгээд бид 4 хоёр хоногийн турш Хараа нэртэй архи олон шилийг уусан. Ерөнхийдөө би дайлаад 2 хоногийн турш уусан. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өөр Ганбатын найз 2 охин ирээд цуг архи ууж байгаад орой хоол идье гэхээр нь хоол захиалаад би тооцоог нь хийсэн. Тэгээд хоолоо идчихээд 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи талд нь ортол уучихаад унтаад өгсөн. 22 цагийн орчимд би сэрээд 00 орчихоод гараад иртэл алга болчихсон байсан. Би Мөнхтэнгэрийн утаснаас залгатал блоклоод алга болчихлоо. Утасны ард миний Хаан банкны карт байсан энэ 2 миний утасны зодыг мэднэ бас картны кодыг ч мэднэ...миний картанд 1.000.000 гаран төгрөг байгаа тэр хоёрыг олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Яллагдагч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц бид 2 таксинд суугаад хорооллын тийшээ очоод АТМ-ээс 700.000 төгрөг уншуулж аваад зочид буудал руу орохдоо 60.000 төгрөг уншуулж өрөө авсан. Мөн дахин 7.000 төгрөгөөр ундаа авсан. Тухайн зочид буудалд Ц бид 2 хоёр хоног тасралтгүй архи ууж байгаад Атартүвшиний гар утсыг алга болгосон. Ер нь бол тухайн буудалд 2 хоноход байнга архи уусан учраас яг юу болсон талаар бол сайн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

Яллагдагч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц бид 2 таксинд суугаад хорооллын тийшээ очоод АТМ-ээс 700.000 төгрөг уншуулж аваад зочид буудал руу орохдоо 60.000 төгрөг уншуулж өрөө авсан. Мөн дахин 7.000 төгрөгөөр ундаа авсан. Тухайн зочид буудалд 2 хоёр хоног тасралтгүй архи ууж байгаад Атартүвшиний мөнгийг дуусгаж, гар утсыг нь алга болгосон. Би хохирлыг Атартүвшинд бүрэн төлж барагдуулж төлж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 33, 36/, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 32, 35/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г, Ж.Ц нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд оршин суух иргэн н.Мөнхтэнгэрийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Б.Амартүвшингийн эзэмшлийн самсунг эс 9 плас загварын 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний Хаан банкин дахь 5064694351 тоот харилцах данс буюу виза картанд байсан 1.067.000 төгрөгийг АТМ-ээс авч бусдад нийт 1.517.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан болох нь,

Хохирогч Б.Атартүвшиний: “...би 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 102 дугаар сургуулийн эсрэг талын гудамжинд байдаг Отгонтэнгэр гээд найзындаа очиход Ганбат, Ц нар байсан. Тэгээд бид 4 хоёр хоногийн турш Хараа нэртэй архи олон шилийг уусан. Ерөнхийдөө би дайлаад 2 хоногийн турш уусан. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өөр Ганбатын найз 2 охин ирээд цуг архи ууж байгаад орой хоол идье гэхээр нь хоол захиалаад би тооцоог нь хийсэн. Тэгээд хоолоо идчихээд 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи талд нь ортол уучихаад унтаад өгсөн. 22 цагийн орчимд би сэрээд 00 орчихоод гараад иртэл алга болчихсон байсан. Би Мөнхтэнгэрийн утаснаас залгатал блоклоод алга болчихлоо. Утасны ард миний Хаан банкны карт байсан энэ 2 миний утасны зодыг мэднэ бас картны кодыг ч мэднэ...миний картанд 1.000.000 гаран төгрөг байгаа тэр хоёрыг олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Г, Ж.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Г, Ж.Ц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г, Ж.Ц нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г, Ж.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж.Ц, Б.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ц, Б.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаанд тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г, Ж.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г, Ж.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР