| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0061/Э |
| Дугаар | 951 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 951
2021.08.31 2021/ШЦТ/951
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
улсын яллагч Я.Амарзаяа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04748 2006 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн *******, 1968 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, хд 37 байр, 1 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:,
Шүүгдэгч ******* нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан Б.Тулгабаатарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Шижирт Гүн” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт Гүн” ХХК-д шилжүүлэн өгч, хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Уг нь Дэлгэрдалай гэх хүн надад тээврийн хэрэгслээ барьцаалж надаас мөнгө зээлсэн байсан. Н.Тулгабаатараас хашааг нь заруулж тэр мөнгөө над руу шилжүүлэхээр нь надад барьцааны мөнгөө өгч байгаа юм байна гэж бодоод яваад байсан. Дэлгэрдалай надтай цуг явж байхдаа намайг энэ байрыг авах гэж байгаа талаар мэдсэн байсан. Би Тулгабаатарыг би огт танихгүй харж байгаагүй хэргийн материалд ч намайг танихгүй талаараа мэдүүлсэн байсан. Тухайн үед би энэ байрыг аваагүй байсан. Энэ байрыг авна гэж ярьж байхад Дэлгэрдалай надтай хамт явж байсан. Дэлгэрдалай нь Тулгабаатараас 18.000.000 төгрөг аваад миний дансанд 17 сая төгрөг шилжүүлсэн. Хэрэгт холбогдолтой Дэлгэрдалайг хэрэгт оруулж ирээчээ гэсэн хүсэлтэй байна. Би тэр 17.000.000 төгрөгийг буцаагаад өгсөн одоо Иргэний хэргийн шүүхээс Дэлгэрдалайгаас мөнгөө нэхэмжилсэн байгаа. Дэлгэрдалайг анх яллагдагчаар татсан байгаад прокурорын зүгээс хэрэгсэхгүй болгож намайг төлбөрийн боломжтой байна та хохирогчид мөнгийг нь өгчих гэж хэлж өгүүлсэн. Тэгээд би Дэлгэрдалайгаас мөнгөө авах гэтэл тодорхой оршин суух хаяггүй алга болсон. Яг үнэндээ би барилгын компаний захирал ийм хэмжээний мөнгө авах зүйл хийхгүй байсан. Дэлгэрдалай тухайн үед 3 дугаар сард надад мөнгө шилжүүлсэн байхад нь би энэ байрыг өөрийн нэр дээр аваагүй байсан. 2019 оны 7 дугаар сард албан ёсоор авч Шижирт Гүн ХХК-тай түлш, шатахуунаар сольж авна гэж гэрээ хийсэн. Тухайн компаниас өнөөдрийг хүртэл мөнгө авч чадаагүй байна. Шижирт Гүн ХХК-иас уг байрыг авсан хүмүүс намайг цагдаад өгсөн байсан. Би яг үнэндээ залилан хуурсан зүйл байхгүй. Хохирогчийн өмгөөлөгч намайг та мөнгөө төлөх юм бол энэ хэргийг хааж өгнө гэж 2019 онд хэлж байсан. Надад мөнгө маш их орж ирдэг утгыг нь уншилгүй тухайн мөнгийг авсан нь миний буруу байсан. Дэлгэрдалай надад машинаа барьцаанд өгч байсан учраас би тэр мөнгөө хийж байна гэж бодсон. Би өмнө ийм гэмт хэрэгт холбогдож ямар нэгэн ял шийтгэл авч үзээгүй учраас маш хэцүү сэтгэлийн дарамттай байна. Цагдаагийн байгууллага болон прокурорын газар маш хүнд сурталтай байдаг юм байна” гэв.
Хохирогч Б.Тулгабаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Энх-Номин констракшн гэх газарт 2015 оноос өдийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд манай захирал болох Ц.Дэлгэрдалай нь 2019 оны 03 дугаар сарын эхээр надад бартерийн 2 өрөө 43 м.кв хямдхан байр байна, чи хашаа байшингаа зараад урьдчилгааг нь өгөөд, үлдэгдэл мөнгийг нь надад хүүгүй буцааж төлөх боломжийн санал тавьсан. Нэг болзол нь одоо ажиллаж байгаа газартаа тогтвор суурьшилтай удаан ажиллах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед зөвшөөрсөн ба Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б-560 тоотод байрлах өөрийн хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд 18.000.000 төгрөгөө Ц.Дэлгэрдалай бид хоёр ярилцаж тохиролцсоноор урьдчилгаа мөнгөө шилжүүлсний дараагаар мэргэжлийн байгууллага тус байрыг хүлээж авсны дараа байрандаа орж болно гэж хэлсэн. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллага нь байрыг хүлээж авахгүй байсаар байгаад 2019 оны 06 сар хүргэсэн. Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус орон сууцыг бариулж байгаа компанитай холбогдоход маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрдалай руу утсаар яриад маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж байна гэж хэлтэл Дэлгэрдалай нь тэр байранд орох боломжгүй болсон тэр байрыг эзэн болох ******* өөр хүнд зарчихсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрдалайгаас урьдчилгаа өгсөн 18.000.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлтэл Дэлгэрдалай нь би тухайн үед чиний мөнгийг ******* гэгчид өгсөн бөгөөд чамд байрыг чинь авч өгөх гэж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э гэгчтэй холбогдоход би чиний мөнгийг байр зарагдсаны дараагаар өгнө гэж хэлж байсан боловч одоо тэр байраа зарчихсан, намайг залгахаар утсаа авахгүй надаас зугтаагаад яваад байгаа юм. Тэгээд би хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Дэлгэрдалай, Э бид гурав хамт Дэнжийн 1000-н 61 дүгээр сургуулийн өргөтгөл дээр ажиллаж байсан. Маргааш нөгөөдрөөс нь Дэлгэрдалайн дансыг асуухаар залгасан боловч утсаа аваагүй. Дэлгэрдалай Э хоёр хамт байсан болохоор нь Э руу залгаад асуухад би дансыг нь мэдэхгүй, цаадах чинь миний хажууд байхгүй байна гээд тасалсан. Удалгүй Дэлгэрдалай над руу буцаж залгаад дансныхаа дугаарыг өгсөн. Мэдэж байсан. Байр үзэхээр ажлаа дуусгаад манай гэрт очоод цай унд уугаад нөгөө байрыг очиж гурвуулаа үзсэн. Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, надад худал мэдүүлсэн зүйл байхгүй. Би үнэн зөвөөр мэдүүлгээ өгөөд хэргээ хаалгана гэсэн зүйл хэлж тохиролцоогүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 8-9, 58, 216/,
Гэрч Г.Нансалмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Шижирт гүн ХХК-иас 63.000.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. 52.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 11.000.000 төгрөгийг хувь лизингээр аваад төлөлтөө 5070331591 гэсэн Шижирт гүний дансанд хийж дуусгаад одоо байрны ордероо хүлээж байгаа.” гэх мэдүүлэг /1хх-ийн 221-222/,
Гэрч Ц.Дэлгэрдалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Б.Тулгабаатарын хэлж байгаа үнэн. ******* бид 3 тэднийд очиж цай уугаад бартердана гэж байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн харалдаа баригдаж байсан 13 давхар ногоон өнгийн байрны хамгийн дээд давхрыг орж үзсэн. Тухайн үед байр нь болон дотор айлуудын тоот дугаарыг нь олгоогүй байсан. Би Энхномин констракшн ХХК гэсэн нэртэй цонх угсралт, шилэн пасатын үйл ажиллагааг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн явуулж байна. Би үүнээс өмнө Дэлгэрхаан хайрхан ХХК нэртэйгээр цонхны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байхдаа “Вайт Мүүн Лайт” нэртэй *******ын компанитай 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаад 2016 онд больсон. Нэг удаа ажил гүйцэтгэх гэрээ хийж байсан. Өөр ямар нэгэн гэрээ хийж байгаагүй. Би өөрийн эзэмшлийн Кровн маркийн машиныг барьцаа болгоод 5.000.000 төгрөг зээлж байсан ба тухайн үед өөрийн 5018190937 гэсэн Хаан банкны дансаар авч байсан. Ажлын хөлс гэж бол авдаг байсан ба мөн өөрийн дансаар авдаг байсан. Эхнэр Лхагвасүрэнгийн дансаар дамжуулан нэг удаа ажилчдын цалинг авч байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 224/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дэлгэрдалай гэж хүн одоогоос 4-5 жилийн өмнө надтай хамт ажиллаж байсан хүн ба миний даалгасан ажлыг хүмүүс дагуулж ирээд хийж гүйцэтгээд мөнгө авдаг хүн байгаа юм. Тэгээд сая 2 дугаар сард таараад хэдэн хүмүүстэй нийлээд барилгын ажил хийж байгаа гэж хэлж байсан. Дэлгэрдалай таньд би ажил хийж өгье гээд 2019 оны 02 дугаар сарын 17-ноос эхлэн Хаан банкны 5018190937 гэсэн дугаарын дансаар 100.000 төгрөг удаа дараа авч байсан. Ингээд нийт надаас зээлсэн мөнгө нь 10.360.000 төгрөг болж байгаа бөгөөд 1 хоногт 51.800 төгрөгний хүү авахаар амаар тохиролцсон. Ингээд хүү, үндсэн мөнгөтэйгөө нийлээд 30.406.600 төгрөг болж байгаа юм. Үүнээс Дэлгэрдалай надад 17.000.000 төгрөг, 6.000.000 төгрөгийг тус бүр 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийгээд одоо үлдэгдэл 7.406.600 төгрөгний авлага байгаа юм. Энэ өр авлага тооцоогоор нийлмээр байна гэхэд Дэлгэрдалай зугтаад байдаг байсан ингэж явсаар өнөөдрийг хүрсэн. Дэлгэрдалай надаас байр авах талаар 2019 оны 05 дугаар сарын сүүлээр “Та Амгалангийнхаа байрыг манай ажилтанд өгөөч, би мөнгийг нь увуулж цувуулаад өгчихнө” гэж хэлж байсан удаа олон бий. Би Тулгабаатартай 12 дугаар сард уулзаад би Дэлгэрдалайтай тооцоо нийлчих юм бол зөрүү гарвал тэрийг нь өгье гэж хэлсэн боловч Дэлгэрдалай уулзахгүй зугтаад байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138/,
Б.Тулгабаатарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-ийн 2-4/, Ц.Дэлгэрдалайн 5018190937 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 20-28/, Б.Тулгабаатарын Хаан банкны 5753298219 дугаартай дансны хуулга /1хх-ийн 5/, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн СиДи-нд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 70-72/, М.Лхагвасүрэнгийн 5753366452 дугаартай Хаан банкны дансны хуулга /1хх-ийн 89/, Ц.Дэлгэрдалай нь Н.Эаас зээлсэн гэх зээлийг мөрдөгчөөс тооцож үзсэн талаарх баримт /1хх-ийн 92-93/, *******ын 5065163985 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 99/, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б.Тулгабаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 211-213/, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Шижирт гүн ХХК, ******* нарын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /1хх-ийн 229/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 1/, Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 52/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 134-136/, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх-ийн 189-191/, Краны түрээсийн гэрээ /1хх-ийн 192-193/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-ийн 197-202/, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /1хх-ийн 203-204/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 228/, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, тооцоо нийлсэн акт, зарлагын падаан /1хх-ийн 229-236/, Д.Нансалмаагийн “Шижир гүн” ХХК-д гаргасан өргөдөл /1хх-ийн 242/, Прокурорын хариу мэдэгдэх хуудас, өмгөөлөгчийн хүсэлт /2хх-ийн 1-4/, Өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт /2хх-ийн 15-17/, Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /2хх-ийн 28-31/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /2хх-ийн 45-47/, Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 67/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 125/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 124/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан Б.Тулгабаатарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Шижирт Гүн” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт Гүн” ХХК-д шилжүүлэн өгч, хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Тулгабаатарын: “Би Энх-Номин констракшн гэх газарт 2015 оноос өдийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд манай захирал болох Ц.Дэлгэрдалай нь 2019 оны 03 дугаар сарын эхээр надад бартерын 2 өрөө 43 м.кв хямдхан байр байна, чи хашаа байшингаа зараад урьдчилгааг нь өгөөд, үлдэгдэл мөнгийг нь надад хүүгүй буцааж төлөх боломжийн санал тавьсан. Нэг болзол нь одоо ажиллаж байгаа газартаа тогтвор суурьшилтай удаан ажиллах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед зөвшөөрсөн ба Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б-560 тоотод байрлах өөрийн хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд 18.000.000 төгрөгөө Ц.Дэлгэрдалай бид хоёр ярилцаж тохиролцсоноор урьдчилгаа мөнгөө шилжүүлсний дараагаар мэргэжлийн байгууллага тус байрыг хүлээж авсны дараа байрандаа орж болно гэж хэлсэн. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллага нь байрыг хүлээж авахгүй байсаар байгаад 2019 оны 06 сар хүргэсэн. Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус орон сууцыг бариулж байгаа компанитай холбогдоход маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрдалай руу утсаар яриад маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж байна гэж хэлтэл Дэлгэрдалай нь тэр байранд орох боломжгүй болсон тэр байрыг эзэн болох ******* өөр хүнд зарчихсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрдалайгаас урьдчилгаа өгсөн 18.000.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлтэл Дэлгэрдалай нь би тухайн үед чиний мөнгийг ******* гэгчид өгсөн бөгөөд чамд байрыг чинь авч өгөх гэж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э гэгчтэй холбогдоход би чиний мөнгийг байр зарагдсаны дараагаар өгнө гэж хэлж байсан боловч одоо тэр байраа зарчихсан, намайг залгахаар утсаа авахгүй надаас зугтаагаад яваад байгаа юм. Тэгээд би хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Дэлгэрдалай, Э бид гурав хамт Дэнжийн 1000-н 61 дүгээр сургуулийн өргөтгөл дээр ажиллаж байсан. Маргааш нөгөөдрөөс нь Дэлгэрдалайн дансыг асуухаар залгасан боловч утсаа аваагүй. Дэлгэрдалай Э хоёр хамт байсан болохоор нь Э руу залгаад асуухад би дансыг нь мэдэхгүй, цаадах чинь миний хажууд байхгүй байна гээд тасалсан. Удалгүй Дэлгэрдалай над руу буцаж залгаад дансныхаа дугаарыг өгсөн. Мэдэж байсан. Байр үзэхээр ажлаа дуусгаад манай гэрт очоод цай унд уугаад нөгөө байрыг очиж гурвуулаа үзсэн. Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, надад худал мэдүүлсэн зүйл байхгүй. Би үнэн зөвөөр мэдүүлгээ өгөөд хэргээ хаалгана гэсэн зүйл хэлж тохиролцоогүй.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Нансалмаагийн: “...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Шижирт гүн ХХК-иас 63.000.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. 52.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 11.000.000 төгрөгийг хувь лизингээр аваад төлөлтөө 5070331591 гэсэн Шижирт гүний дансанд хийж дуусгаад одоо байрны ордероо хүлээж байгаа.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Дэлгэрдалайгийн: “Б.Тулгабаатарын хэлж байгаа үнэн. ******* бид 3 тэднийд очиж цай уугаад бартердана гэж байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн харалдаа баригдаж байсан 13 давхар ногоон өнгийн байрны хамгийн дээд давхрыг орж үзсэн. Тухайн үед байр нь болон дотор айлуудын тоот дугаарыг нь олгоогүй байсан. Би Энхномин констракшн ХХК гэсэн нэртэй цонх угсралт, шилэн фасатны үйл ажиллагааг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн явуулж байна. Би үүнээс өмнө Дэлгэрхаан хайрхан ХХК нэртэйгээр цонхны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байхдаа “Вайт Мүүн Лайт” нэртэй *******ын компанитай 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаад 2016 онд больсон. Нэг удаа ажил гүйцэтгэх гэрээ хийж байсан. Өөр ямар нэгэн гэрээ хийж байгаагүй. Би өөрийн эзэмшлийн Кроун маркийн машиныг барьцаа болгоод 5.000.000 төгрөг зээлж байсан ба тухайн үед өөрийн 5018190937 гэсэн Хаан банкны дансаар авч байсан. Ажлын хөлс гэж бол авдаг байсан ба мөн өөрийн дансаар авдаг байсан. Эхнэр Лхагвасүрэнгийн дансаар дамжуулан нэг удаа ажилчдын цалинг авч байсан.” гэсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ад 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР