| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2015/04688/И |
| Дугаар | 181/ШШ2017/01170 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2017/01170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................................................... тоотод оршин байрлах Н.ХХК /рд:./,
...............................
Хариуцагч: ............................................... тоотод оршин байрлах М. к. ХХК /рд:5393299/,
Гэрээний үүрэгт 33,000,000 төгрөг гаргуулахыг тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Даалгаврын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э., хариуцагчийн төлөөлөгч С.Б., өмгөөлөгч Р.П., нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нарангэрэгэ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Н ХХК 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр М к ХХК-тай нягтлан бодох бүртгэлийн туслалцаа үзүүлэх зорилготой Даалгаврын гэрээ байгуулсан.
Уг гэрээгээр Нарангэрэгэ ХХК нь гэрээт нягтлан бодогчийг томилон гэрээнд заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн үүргийг гүйцэтгүүлэх, Мк ХХК нь гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон болно. Гэрээний дагуу Н ХХК нь 2012 оны 10 дугаар сараас эхлэн ня-бо М.М-ийг томилон ажиллуулж байсан бөгөөд хариуцагч тал 2014 оны 4 дүгээр сард М.Мөнх-Эрдэнэ манай компанид ажилд орсон гэдэг асуудал тавьсан.
Гэрээний дагуу М к ХХК 2012 оны 10, 11, 12 дугаар сарын төлбөр 6.000.000 төгрөг төлсөн.
Н ХХК-ийн хувьд Даалгаврын гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь бүрэн, чанартайгаар гүйцэтгэж ирсэн бол Модерн конструкци ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрийн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэлгүйгээр өнөөдрийг хүрсэн.
Гэрээний үүргийн биелэлттэй холбоотой 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр "тооцооны үлдэгдлийн баталгаа" гэсэн баримт үйлдсэн. Тодруулбал, 2013 оны 1-12 дугаар сарыг дуустал хугацаанд гэрээний үүргийн биелэлтийн талаар тооцоо нийлэхэд Модерн конструкци ХХК-ийн төлбөрийн дутуу үүрэг 18.000.000 төгрөг болсон.
Мөн 2014 оны 1, 2, 3 дугаар саруудад гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн тул энэ хугацааны төлбөр 6.000.000 төгрөг болно. Ингээд, 2013 оны дутуу төлбөр 18.000.000 төгрөг бүгд 24.000.000 төгрөг төлөгдөөгүй. Гэвч, 2014 онд нэг удаа 2.000.000 төгрөг төлсөн байсан тул одоо 22.000.000 төгрөг гаргуулах шаардлага үүсч байна. Гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэсэн заалттай бөгөөд үүгээр тооцвол үндсэн үүргээс илүү хэмжээний алдангийг хариуцагч төлөх боловч Иргэний хуулийн дагуу 50 хувиар тооцож 11.000.000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа.
Иймд, М к ХХК-иас 33.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Модерн конструкци ХХК-ийн ерөнхий захирал Л.Гончигсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа Хүлэгт хүннү ХХК-тай гэрээ байгуулсан мэтээр тайлбарласан байна. Иргэн Ё.Н нь 2011 онд Нарангэрэгэ ХХК-ийг, 2012 онд Хх ХХК-ийг бусадтай хамтарч байгуулж байсан бөгөөд Л.Г захирал Ё.Н Д.Ннартай нягтлан бодох туслалцааны гэрээний талаар ярилцаж байсан. Гэхдээ гэрээгээ НХХК-иар байгуулсан. Энэ нь тухайн компанийн “бизнесийн болон хуулийн зөвлөгөө өгөх” үйл ажиллагааны чиглэлд хамаарч байсан юм. Тэгээд ч Хүлэгт хүннү болон Мо кХХК-ийн хооронд огт гэрээ байгуулагдаагүй. Мөн НХХК нь томилон ажиллуулж байсан М.Мөнх-Эрдэнэ өмнө нь тус компанид ажиллаж байсан бөгөөд харин 2013 оны 7 дугаар сард Хөдөлмөрийн гэрээ байгуулсан албан ёсоор нийгмийн даатгалд хамруулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү,
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан талуудын гэрээ хэрэгт авагдсан байгаа. Гэрээнд захирал н.Гончигсүрэн гарын үсэг зурсан гэж хариуцагчийн төлөөлөгч өмнөх хурал дээр хэлсэн байдаг. Гэрээ бодитой хэрэгжиж байсан, биелсэн гэдэг нь харьяалах татварын албаны тайлангуудаар нотлогддог. Мөн “Нарангэрэгэ” ХХК-тай гэрээ байгуулж гэрээний дагуу мөнгө төлсөн гэдгээ нотлох үүднээс хариуцагч мөнгө төлсөн баримтаа хэрэгт өгсөн байдаг. Зарим баримтуудаа хэрэгт өгөөгүй байсан тул өмнөх шүүх хуралдаан хойшилсон. Хариуцагч нэг бол М.Мөнх-Эрдэнэ “Н” ХХК-д ажилладаг гээд л, нэг бол “Хүлэгт Х” гээд л аргацаасан байдлаар тайлбар хэлээд байдаг. Гэрч Мөнх-Эрдэнэ захиралд танилцуулсны үндсэн дээр тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтад гарын үсэг зурсан гэж хэлсэн. Сангийн яамнаас баталсан маягтын дагуу компаниуд тооцоо нийлж хоёр нягтлан гарын үсэг зурдаг. Тооцооны үлдэгдлийн баталгаа бичиг гэсэн баримт байхгүй байсан ч бусад бичгийн баримтаар хангалттай нотлогдож байгаа” гэв.
Хариуцагч Модерн конструкци ХХК, өмгөөлөгч Р.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхий захирал Л.Г 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүлэгт ХХХК-ийн захирал н.Нацагдоржтой уулзаж компанийхаа санхүү бүртгэлийн бүхий ажлыг хариуцуулахаар тохиролцсон. Санхүү бүртгэлийн бүхий л ажил гэдэгт компанийн санхүү бүртгэлтэй холбоотой бүх ажилбарыг багтааж ойлгох ба манай компанийн нэрийн өмнөөс эдгээр ажил үйлчилгээг гүйцэтгэж компанийн санхүү бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Монгол улсын холбогдох хуулийн дагуу явуулж жишиг түвшинд хүргэхийг санал болгосон.
Хүлэгт хХХК нь хүлээн зөвшөөрч cap бүрийн ажлын хөлс нь 2.000.000 төгрөг байхаар тогтоож ажлыг эхлүүлсэн. Эдгээр бүх тохиролцоонууд гэрээгээр баталгаажаагүй бөгөөд бүгд аман тохиролцоогоор явагдсан. Манай компани тохирсон ёсоор төлбөрийг тухай бүр төлж байсан. Дээрх тохиролцоог хийснээр манай компанийн санхүүгийн бүртгэлийн үйл ажиллагаа сайжирч бүхий л эд хөрөнгө ажил гүйлгээ, мөнгөн урсгал бүртгэгдэж, тодорхой хариуцсан эзэнтэй болж, төлөвлөгдөж, эрсдэл буурч, мөнгөн урсгалын болон баримтжуулалтын ажил хийж энэ талын асуудал зохицуулагдаж сайжирна, цаашид хэрхэн сайжруулах талаар мэргэжлийн зөвөлгөө өгнө гэж ойлгосон. Мөн ийм зүйл хүлээж байгаагаа ч тодорхой хэлсэн. Хүлэгт хүннү ХХК нь ч мөн адил ийм үр дүн гарна гэж ойлгуулж амалсан.
Анх тохирсон ёсоор буюу миний хүлээж байсан хүлээлтэнд хүрсэн үйлчилгээг дээрх хугацаанд тус компани үзүүлж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө бүртгэлгүй, хариуцсан эзэнгүй, мөнгөн хөрөнгө гүйлгээний зайлшгүй байх баримт, дэмжих баримтыг бүрэн цуглуулаагүй, тогтмол үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд хангалттай хэрэгжүүлж чадахгүй байсан. Иймд би, өөрийн биеэр олонтой уулзаж ажил анх ярьсан төвшинд хийхгүй байна, ажил сайжрахгүй байна, бидний тохирсон хэмжээнд хүрэхгүй байна гэдэг талаар санал хэлж байсан.
Гэвч төдийлөн өөрчлөгдөөгүй тул манай компани өөрийн гэсэн санхүү хариуцсан нэг ажилтантай болох талаар би дахин санал гаргасан. Тус компани манай энэхүү саналыг дэмжиж санхүүгийн ажилтан өгсөн. Дээрх ажилтанд сарын цалин өгч санхүүгийнхээ бүхий л ажил гүйлгээг хариуцуулсан. Иймд Хүлэгт хүннү ХХК-иас ижил төрлийн үйлчилгээ авахыг зогсоосон. Дээрх санхүүгийн ажилтан ирсэнээр компанийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаа, бүртгэл, тайлан тооцоо сайжирсан. Хүлэгт хүннү ХХК-ийн ажил үйлчилгээний чанарт үнэхээр сэтгэл ханамж муу байна. Гэвч манай компани үйлчилгээ авч байх үеийн бүхий л төлбөр тооцоог тухай бүр нь асуудалгүй төлж байсан. Компани маань өөрийн гэсэн санхүүгийн ажилтантай болсоноор нэмэлт ижил төрлийн үйлчилгээг танай компаниас авахаа зогсоолоо гэж хэлж, гэрээг зогсоох тухай ямар ч тохиролцоо байхгүй байсан. Иймд төлбөр төлөлтийг зогсоосон.
Гэвч тус компани зөвхөн 4 төрлийн тайлан бэлтгэх үүрэг хүлээсэн тухай гэрээг бүх үйл ажиллагаа дууссаны хойно буюу 2014 оны 5 дугаар сард Наран гХХК- ийн нэр дээр нөхөн бичиж ирсэн. Манай компани анхнаасаа Хүлэгт х ХХК-тай харилцсан. Дээрх 4 төрлийн тайланг боловсруулахдаа гүйлгээний баримтыг маш дутуу бүрдүүлсэн бөгөөд зөвхөн байгаа хэдэн баримтанд тулгуурлан тайлан гаргасан байсан. Үүнийг тухайн үед сайтар ойлгож чадаагүй байсан. Энэхүү дутуу гүйцэтгэлтэй ажлын үр дүнгээс шалтгаалж маш их эд хөрөнгө, мөнгөн урсгал эзэнгүйдэж, үргүй зардал гарч компанийн ашигт муугаар нөлөөлсөн. Үүний тод жишээ нь Чин мандал ХХК-д барилга угсралтын санхүүжилтын төлбөр илүү төлөгдсөн байсныг хүртэл илрүүлж чадаагүй. Машин механизм, багаж тоног төхөөрөмж эзэнгүйдэж эвдрэх, хулгайд алдагдах, барилгын материал орц нормоосоо хэтрэх, алдагдах, шаардлагагүй бараа материал авагдах гэх мэт орлого, зардал, компанийн ашигт нөлөөлдөг гол ажлууд мэргэжлийн түвшинд хийгдээгүй.
Иймд, би тус компанийг хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэж үзэж байгаа тул компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 5 дугаар сард нөхөж бичсэн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй. Учир нь тус гэрээ тухайн үеийн талууд хоорондын тохиролцоо болон үйл ажиллагаанаас утга агуулга нь тэс өөр болсон байна. Өөрөөр хэлбэл тухайн үед бидний хоорондын тохиролцоо энэ гэрээнд бичсэн шиг байгаагүй. Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлнэ гэсэн боловч одоо болохоор зөвхөн 4 төрлийн тайлан гаргана гэж тохирсон мэтээр гэрээг боловсруулсан нь шударга биш бөгөөд гэрээгээр төөрөгдүүлж хуурах гэсэн үйлдэл гэж ойлгогдож байгаа тул гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Модерн к” ХХК нь анх 2012 оны 10 дугаар сарын үед “Хүннү а” ХХК-тай бичгэн хэлбэрээр гэрээ байгуулалгүйгээр итгэлцлийн үндсэн дээр Модерн к” ХХК-д санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. “Модерн конструкци” ХХК нь “Хүлэгт х а” ХХК-д зохих төлбөрийг төлсөн боловч тус компани хангалттай гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Хүлэгт х а” ХХК болон “Модерн к” ХХК санхүүгийн зөвлөх үйлчилгээг зогсоож, “Хүлэгт ха” ХХК-иар хөндлөнгийн аудит хийлгүүлэхээр харилцан тохиролцож улмаар 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/011 тоот “Санхүүгийн тайлан аудитын дүгнэлт”, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14/163 тоот “Санхүүгийн тайлан шалгасан дүгнэлт” -ийг тус тус гаргуулж зохих төлбөрийг төлсөн. М к” ХХК нь “Н” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний №07/12 тоот ямар нэгэн гэрээ огт байгуулаагүй, хамтран ажиллаж байгаагүй, “Наран гэрэгэ” ХХК нь манайд ямар нэгэн үйлчилгээ үзүүлж байгаагүй бөгөөд манай компаниас төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй, эрх бүхий этгээд биш гэж үзэж байгаа.
“Хх а” ХХК нь манай компанийн санхүүгийн үйл ажиллагааг хийлгэхээр М.Мөнх-Эрдэнийг томилсон боловч алдаг оног ирж хангалттай үйлчилгээг үзүүлээгүй. Харин М.Мөнх-Эрдэнэ нь ингэж ажиллах хэцүү байна, нэг мөр танай компанид ажиллая гэсэн хүсэлт гаргасны дагуу 2013 оны 06 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор ажилд авсан. Гэтэл М.М нь тухайн хугацаанд буюу 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр “Н г” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан “бүртгэлийн мэргэжилтэн” албан тушаалын дагуу цалин авч, нийгмийн даатгал төлүүлж ажиллаж байсан байна. Ийнхүү “Наран гэрэгэ” ХХК-д ажиллаж байхдаа “Н” ХХК-ийн нягтлан бодогчтой 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г “Модерн конструкци” ХХК-ийн нэрийн өмнөөс хийсэн байдаг бөгөөд дээрх “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг үйлдсэнийг нь “Наран г” XXК нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа М.Мнь “Модерн ки” ХХК-д нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээний үндсэн ажилтнаар ажиллаж байсан гэж үзэж байтал тэрээр “Н” ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл бүртгэлийн мэрэгжилтэнгээр ажиллан нийгмийн даатгал, цалин авч байсан.
М.Мөнх Эрдэнэ нь “М к” ХХК-иас олгож байсан цалинг тухайн сарын цалингийн хүснэгтэд тусгаж, өөрийн хувийн эзэмшлийн данс руу “Цалин” гэсэн утгаар шилжүүлдэг боловч тайланд бүртгүүлдэггүй, улмаар ямар нэгэн татвар тооцдоггүй байжээ. Энэхүү үйлдлийг компанийн удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байсан нь энэхүү шүүх ажиллагааны үеэр илэрсэн болно. Энэхүү үйлдэл нь cap бүрийн “Цалин олголтын хүснэгт” шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас” - аар тус тус нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №07\12 тоот “Даалгаврын гэрээ” болон 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх хэлцлийг хүчин төгөлдөрт бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М кХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 22.000.000 алданги 11.000.000 төгрөг бүгд 33.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч М к ХХК нь нэхэмжлэгч НХХК-д холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Даалгаврын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь Даалгаврын гэрээний дагуу сарын 2.000.000 төгрөгийн хөлстэй, нягтлан бодогч томилон 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 31-ний хүртэл ажиллуулсан. Энэ хугацаанд төлбөл зохих хөлснөөс дутуу төлсөн 22.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу тооцох алданги 11.000.000 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал Мк ХХК нь Нарангэрэгэ ХХК-тай гэрээ амаар эсхүл бичгээр гэрээ байгуулаагүй, түр ажиллаж байсан нягтлан бодогч М.М2013 оны 7 дугаар сард үндсэн ажилтан болсон, тодорхой хугацаанд гүйцэтгэсэн ажил нь чанаргүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
Н ХХК болон М к ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Даалгаврын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу НаХХК Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг бүртгэх, Санхүүгийн тайлан бэлтгэх, Татварын тайлан
бэлтгэх, Санхүүгийн болон татварын тайланг холбогдох төрийн байгууллагад тушаах, баталгаажуулах, а, б, в-д заасан үйлдэлтэй холбоотой баримтыг боловсруулах, архивлах зэрэг үүргийг хүлээж, хариуцагч М к ХХК нь нэг сарын ажлын хөлсөнд 2.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, үүрэг хүлээжээ.
Талууд гэрээгээ “Даалгаврын” гэж нэрлэсэн байх боловч уг гэрээ нь Нарангэрэгэ ХХК болон түүний ажилтан М.М\нарын харилцааг бус гадагш чиглэсэн, харилцан тэгш эрхтэй хуулийн этгээдийн дунд үүссэн харилцаа байх тул Хөлсөөр ажиллах гэрээний хэм хэмжээ илүү нарийвчилсан зохицуулалт болохоор байна.
Иргэний хуулийн 359 дүгээр 359.1, 359.2-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохыг зохицуулсан.
Модерн конструкци ХХК-иас нийт 14.000.000 төгрөг буюу 7 сарын төлбөрийг Н ХХК-д шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, Мк ХХК-ийн байх тул зөвхөн хоёр талын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Нарангэрэгэ ХХК 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар дуустал хугацаанд нягтлан бодогч М.М-д нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, мөн гэрч М.Мөнх-Эрдэнэ нь “2012 оны 10 дугаар сараас 2014 оны 02 дугаар сарыг дуустал Н ХХК-д ажилладаг байсан” гэх мэдүүлгээс үзэхэд М.Мөнх-Эрдэнийг 2013 оны 6 дугаар сард М кХХК-ийн үндсэн ажилтан болсон гэх үндэслэлгүй байна.
М.Мнь НХХК-д ажилладаг, цалин хөлс авдаг, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажилладаг атлаа Мк ХХК-д ажилд орохыг хүссэн анкет бөглөсөн /гуравдугаар ХХ-ийн 8-11 дэх тал/, түүнчлэн ХААН банк ХХК-иас зээл хүссэн анкетыг 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр М кХХК-д нягтлан бодогч ажилтай гэж мэдүүлсэн / гуравдугаар ХХ-ийн 7 дах тал/, М к ХХК-ийн захирлын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 08/13 дугаар тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилсон /хоёрдугаар ХХ-ийн 199 тал/ боловч М к ХХК-ийн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг Модерн конструкци ХХК-иас төлсөн баримтыг ирүүлээгүй, тадуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй, гэрч М.М “Н ХХК-д ажилладаг байсан, 2014 оны 3 дугаар сараас Мк ХХК-д ажилласан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд М к ХХК-ийн ажилтан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагч М к ХХК-д М.Мөнх-Эрдэнэ нь үндсэн ажилтнаар ажиллаж байгаа мэт ойлголтыг төрүүлж, талуудын хоорондын гэрээний маргааныг үүсгэсэн гэж үзэж байгаа бол талууд буруутай этгээдээс хохирол шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож байгаа 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татварын улсын байцаагчийн 0001900 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актад дурдсан зөрчил нь 2010-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг үр дүнд тавигдсан, ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаанд зөвхөн 2012 оны 10, 11, 12 дугаар сар хамаарч байгаа бөгөөд гэрч татварын улсын байцаагч С.О“2011 болон 2012 оны хуурамч НӨАТ-ын баримт үйлдсэн” гэж мэдүүлэг,
2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 159 тоот акт нь 2012 оны ажилтнуудад олгосон хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг дутуу тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэл, төлж, тайлагнаагүй гэх зөрчил илэрсэн ба гэрч М.М“М ХХК-ийн гүйцэтгэх захирал тэтгэвэрийн насны хүн төлөхгүй гэж байсныг танилцуулсан” гэх мэдүүлгийг хариуцагч тал маргаж, баримтаар няцаагаагүй, мөн гэрч Нийгмийн даатгалын улсын байцаагч Н.Бг “Мг ажиллаж байх үеэс сайн байсан. Санхүүгийн баримтууд цэгцэрсэн байсан” гэж мэдүүлгээс үзэхэд Нарангэрэгэ ХХК-ийг нягтлан бодох бүртгэлийн туслалцаа үзүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэв.
Талууд гэрээндээ хугацаа заагаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-д “Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно” гэжээ.
Талуудын гэрээний хугацааг 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 02 дугаар сарыг дуустал нийт 16 сар хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүсч, түүний нийт төлбөр 32.000.000 төгрөг ба хариуцагч М ХХК нь 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Нарангэрэгэ ХХК-д төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр М.Мажлаас нь чөлөөлж, өөр ажилтан М ХК-д ажиллуулахаар томилоогүй атлаа ажиллаагүй хугацааны гэрээний хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул 2014 оны 3 дугаар сарын ажлын хөлс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд, 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сарын дуустал хугацааны ажлын хөлс 14.000.000 төгрөгийг төлсөн, 2013 оны 5 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны ажлын хөлс /нийт 9 сар/ 18.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т “...хугацаанд нь төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хоног дутамд 0,5 хувиар алданги төлнө” гэж заасан ба хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Харин 2013 оны 7 дугаар сараас хойш нягтлан бодогч М.М М ХХК-ийн үндсэн ажилтан болсон мэтээр ойлгуулж, урамшуулал авч байсан нь хариуцагч гэрээний үүргээ зөрчих нэг шалтгаан болсон байдлыг харгалзан үзэж 2013 оны 08 дугаар сараас хойшхи хугацааны алданги 6.000.000 төгрөгийг багасгах нь зүйтэй бөгөөд 2013 оны 5 дугаар сараас 7 дугаар сарыг дуустал хугацааны алданги 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч нь Х ХХК-тай гэрээний эрх зүйн харилцаанд орсон гэх тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 07/12 дугаартай “Даалгаврын гэрээ” нягтлан бодох бүртгэлийн туслалцаа үзүүлэх тухай гэрээ Н ХХК-тай байгуулсан, ХХХК-иас зөвхөн аудитын үйлчилгээ авч байсан, мөн ХХХК-тай эрх зүйн харилцаанд орж байсан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд, хариуцагч М ХХК-иас 21.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Мо ХХК нь нэхэмжлэгч Н ХХК-д холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Даалгаврын гэрээ болон 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Даалгаврын гэрээг нөхөж байгуулсан, Н ХХК-тай хамтран ажиллах хүсэл зориг байгаагүй, Х ХХК-тай хамтран ажиллаж байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.
Талууд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07/12 дугаартай “Даалгаврын гэрээ” нягтлан бодох бүртгэлийн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд М ХХК-ийн захирал Л.Г болон НХХК-ийн захирал Ё.Н нар гарын үсэг зурсан, түүнчлэн МХХК нь татварын тайлбартаа Н ХХК-д мөнгө олгосон гэж тайлагнасан, хариуцагчаас шүүхэд гаргасан бэлэн мөнгөний орлогын баримтад Н ХХК-ийн тэмдэг дарагдсан гэх зэрэг үйл баримтыг дүгнэж үзвэл МХХК нь Нарангэрэгэ ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаанд орж байжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж тус тус заажээ.
2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 07/12 дугаартай “Даалгаврын гэрээ” /нягтлан бодох бүртгэлийн туслалцаа үзүүлэх тухай/ гэрээ хууль заасан журам болон хуульд заасан хэлбэрийг зөрчөөгүй, эрх бүхий этгээдийн буюу Модерн конструкци ХХК-ийн захирал гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Харин 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагч М ХХК-ийг төлөөлж, нягтлан бодогч М.М, Н ХХК-ийг төлөөлж, нягтлан бодогч Г.З нар гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь баримтаар тогтоогдож байна. /нэгдүгээр хх-ийн 5 дахь тал/
2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэх цаг хугацаанд М.М нэхэмжлэгч НХХК-д ажилчин байсан ба Тооцооны үлдэгдлийн баталгааг Н ХХК-ийн ажилчид хоорондоо үйлдсэн байна.
Хариуцагч МоХХК нь М.Мд тооцоо нийлэх эрхийг олгоогүй гэж маргаж байгаа тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасныг баримтлан, хариуцагч М ХХК-иас 21.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг 12.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07/12 дугаартай “Даалгаврын гэрээ” нягтлан бодох бүртгэлийн туслалцаа үзүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323.000 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч М ХХК-иас 292.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, хариуцагч М ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 21427 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР