Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/763

 

2021        06         30                                   2021/ШЦТ/763

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М-д холбогдох эрүүгийн 2106 00000 1236 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймаг Зүүнговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Метро электрик ХХК-нд талбайн арматурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг Дархан 6 дугаар баг Тээвэрчид 7 дугаар гудамжны 4б тоот хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Тоосгоны 22 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш.М

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Ш.М нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа” Энканто” нэртэй хотхоны барилгын талбай дээр ажиллаж байхдаа “бетон зуурмаг асгалаа” гэх шалтгаанаар Р.Алтанбөмбөрийн биед зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэмд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.М –ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Р.Алтанбөмбөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 05 дугаар сарын 17-ны 15 цагийн орчимд би барилга дээрээ суурин помбоор бетон зөөж байгаад гадагш хүмүүс рүү бага зэрэг асгарсан. Ингээд би байж байтал доороо чи яагаад бетон асгаад байгаа юм вэ гэж хэлэхээр нь би асгаагүй хөдөлгөөнтэй байхад та хэд дээр асгарчихлаа гэж хэлсэн чинь чи яасан том юм вэ? наашаа  буугаад ир гэж хэлсэн би тэгэхээр нь 5 давхарт байхдаа чи өөрөө гараад ир гэж хэлсэн. Удалгүй нөгөө бетон асгуулсан залуу нь ганцаараа 5 давхарт гарч ирээд чи яасан том дуутай бацаан вэ гэж хэлээд намайг 2 давхар луу дагуулаад буусан. Тэгээд 2 давхарт буугаад тань дээр шавар унасан зүйл байхгүй байна та ямар сүртэй юм вэ гэж хэлтэл нөгөө залуу шууд намайг шанаадсан. Намайг зодож байсан залуугийн ажлынхан нь байж байсан.  Бид хоёрыг зууралдаж байхад ажлынхан нь салгаад байж байтал дахин над руу гүйж ирээд намайг үсдээд газарт чирээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Т.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Уг баригдаж байгаа барилгын Е блок дээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дам нуруу боож ажлыг хийж байх үед зургаан давхар дээш явсан С блок помбоор бетон зуурмаг цацагдсан тэгэхээр нь дүү Ш.М помбоор бетон зуурмаг авч байгаа хүнд хандаж “бид нарын талаас бетон зуурмаг авах гэж байгаа бол мэдээлэл өгч болдоггүй юм уу” гэхэд нөгөө залуу юу яриад байгаа юм вэ бетон асгараагүй байхад чинь гэж бага зэрэг маргалдаад байхаар тоолгүй тус тус ажлаа хийж байтал хүмүүс орилоод байхаар нь яваад очиход хоёулаа хагас суулттай нэг нэгийгээ заамдсан байдалтай байхад нь хоёр тийш салгах үед манай ажлын Ц.Мөнх-Эрдэнэ дүү Ш.Мөнх-Эрдэнийг цааш авч явж би нөгөө залууг нь шат руу эргүүлээд дээшээ гарч ажлаа хий гэж хэлээд буцаж явах үед нөгөө залуу дүү Ш.М рүү 5х5 см хэмжээтэй мод авч цохих гэж дайрахад нь хамт ажилладаг ажлын газрын Ц.Мөнх-Эрдэнэ тэврээд авахад нөгөө залуугийн цохих гэж байсан мод нь газар унах үед дүү Ш.М нөгөө залуугийн үснээс гараараа атгаж зулгаахад атгасан хэсгийн үс тэр чигтэй зулгараад ирсэн. Тэгээд нөгөө залууг хамт ажиллаж байсан хүмүүс нь бууж ирээд авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4196 дугаартай “Р.Алтанбөмбөрийн биед зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэмд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 хуудас/,

Яллагдагч Ш.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Энканто хотхоны А блок дээр 2020 оны 09 дүгээр сараас барилгын арматур боох ажлыг хийж байгаа. Уг баригдаж буй барилгын Е блок 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дам нуруу боох ажлыг хийж байх үед зургаан давхар дээш явсан С блок помбоор бетон зуурмаг авах үед бид нарын кассак дээр бетон зуурмаг цацагдсан тэгэхээр нь би помбоор бетон зуурмаг авч байсан хүнд хандаж бид нарын талаас бетон авах гэж байгаа бол хэлчхэж болохгүй юм уу гэсэн чинь юу яриад байгаа юм вэ бетон асгараагүй байхад чинь гэхээр чи тэгвэл бууж ирээд хараач гэсэн чинь чи өөрөө гараад ирэхгүй юу пизда минь гэж хэлээд дээшээ гарч нөгөө залууг дагуулж орж ирээд энийг хараач гэж асгарсан бетон зуурмагийг харуулсан чинь наана чинь бараг асгараагүй байна гэхээр нь маргалдаж заамдалцахдаа би нөгөө залууг баруун гараараа зүүн шанаа хэсэг нь нэг удаа цохиход нөгөө залуу миний зүүн шанаа хэсэгт мөн нэг удаа цохих үед хамт ажилладаг залуу Ц.Мөнх-Эрдэнэ, Т.Амгалан хоёр ирж салгаад нөгөө залууг Т.Амгалан цааш шат руу эргүүлээд дээшээ гарч ажлаа хий гэж хэлээд буцаж над руу ирж явах үед нөгөө залуу 5х5 хэмжээтэй мод авч намайг цохих гэж дайрахад нь Ц.Мөнх-Эрдэнэ тэврээд авахад нөгөө залуугийн цохих гэж байсан мод нь унах үед нөгөө залуугийн үснээс баруун гараар атгаж зулгаахад атгасан хэсгийн үс тэр чигтэй зулгараад ирсэн. Уг хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ш.М нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Энканто хотхоны барилгын талбай дээр “бетон зуурмаг асгалаа” гэх шалтгаанаар маргалдан хохирогч Р.Алтанбөмбөрийн нүүрэн тус газарт цохих, үснээс зулгаах зэргээр хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэмд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Р.Алтанбөмбөрийн “2 давхарт буугаад тань дээр шавар унасан зүйл байхгүй байна та ямар сүртэй юм вэ гэж хэлтэл нөгөө залуу шууд намайг шанаадсан. Бид хоёрыг зууралдаж байхад ажлынх нь салгаад байж байтал дахин над руу гүйж ирээд намайг үсдээд газарт чирээд байсан” гэх мэдүүлэг /хх 10-11/, гэрч Т.Амгалангийн “Ш.М нөгөө залуугийн үснээс гараараа атгаж зулгаахад атгасан хэсгийн үс тэр чигтэй зулгараад ирсэн” гэх мэдүүлэг /хх 21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4196 дугаартай “Р.Алтанбөмбөрийн биед зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэмд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 15-16/, яллагдагч Ш.Мөнх-Эрдэний “нөгөө залууг дагуулж орж ирээд энийг хараач гэж асгарсан бетон зуурмагийг харуулсан чинь наана чинь бараг асгараагүй байна гэхээр нь маргалдаж заамдалцахдаа би нөгөө залууг баруун гараараа зүүн шанаа хэсэг нь нэг удаа цохиход нөгөө залуу миний зүүн шанаа хэсэгт мөн нэг удаа цохих үед хамт ажилладаг залуу Ц.Мөнх-Эрдэнэ, Т.Амгалан хоёр ирж салгаад нөгөө залууг Т.Амгалан цааш шат руу эргүүлээд дээшээ гарч ажлаа хий гэж хэлээд буцаж над руу ирж явах үед нөгөө залуу 5х5 хэмжээтэй мод авч намайг цохих гэж дайрахад нь Ц.Мөнх-Эрдэнэ тэврээд авахад нөгөө залуугийн цохих гэж байсан мод нь унах үед нөгөө залуугийн үснээс баруун гараар атгаж зулгаахад атгасан хэсгийн үс тэр чигтэй зулгараад ирсэн. Уг хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх 42-43/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350.000 төгрөг төлөгдсөн, хохирогч Р.Алтанбөмбөрийн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлээгүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ш.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ш.М нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ш.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ш.М нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. Ш.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Ш.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ