Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/01172

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:..........................................................тоотод оршин суух И овогт А А /РД: ......................../-ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ....................................................... тоотод оршин суух М овогт  Ч /РД: ................................../  холбогдох

 

  Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантамир, хариуцагч З.Чанарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ А.А нь 2005 оноос З.Чанаравтай хамтран амьдарсан бөгөөд гэр бүлээ бүртгүүлээгүй. 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А-ын Б, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ч-ын Б тус тус төрсөн.

Хамтран амьдарч эхэлсэн цагаас хойш 7 удаа хүндээр зодож, гэмтээж байсан. Ингэхдээ алгадах төдий биш хэвтэрт ортол зоддог, зохих бүртээ бие рүү биш толгой руу байнга дэлсдэг энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэл нь байгаа. А.А нь хархорин зах дээр өөрийн гэсэн лангуутай бөгөөд зодуулах бүртээ нүд, нүүр хавдаж, хөхөрдөг учраас ажилдаа очдоггүй. Энэ талаар хамт ажилдаг лангууны хүмүүс гэрчилнэ. 2016 оны 09 дүгээр сарын үед машин дотор нүүр лүү, толгой руу цохиж үүний улмаас би Сэтгэшгүй эмнэлэгт 12 хоног бариулсан.

Би бага хүүхдээ гаргаад, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид “Би 10 хоног сувилалд хэвтье” гэж хэлсэний төлөө өөдөөс битгий уур хүргээд байгаарай, чамайг алаад хаячихна шүү, алсан байхад хэн чамайг гэх юм гэх мэтээр хэлж дарамталсан. Би улмаар орой өөрийн 2 дүүтэйгээ бага хүүхдээ аавд нь өгөх санаатай очтол ээж нь танай хүүхдийг харахгүй гээд намайг 102-т дуудаад 5 цагдаа ирсэн. Иймд миний бие цаашид хамтран амьдрах боломжгүй тул том хүү А.Бг миний асрамжид, бага хүү Ч.Бийг аав болох З.Чн асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзаж байна” гэв. 

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.А нь намайг 7,8 удаа зодсон гэж байна. Энэ тайлбар худлаа. Өмнөх Баянзүрх дүүргийн шүүх дээр байхад нь би энэ асуудлаар уулзаж ярилцъя гэж хэлэхэд энэ асуудал огт яригдахгүй, зөвхөн хүүхдийн асрамж тэтгэлэг яригдана гэсэн. Надруу залгаад би найз залуутайгаа Япон явж амрах гэж байна, тэр хооронд чи хүүхдээ ав гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхэд чамд хэцүү байгаа бол чи надад өгчих гэхэд үгүй би Японоос ирээд авна гэж хэлээд хашхирч утсаа тасалсан. Би огт зодоогүй, хамгийн сүүлийн удаа би тэсэлгүй толгой руу нь нэг удаа цохьсон. Хархорин дотор лангуутай гэж хэлж байна. Энэ худлаа, хархоринд лангуу байхгүй. Өмнөх эдгээр асуудал огт хамааралгүй ярихгүй гэчихээд өнөөдөр хурал дээр ийм тайлбар хэлээд байна. Хүүхдийн асрамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                              

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч З.Чт холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

 

Хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Амаржаргал нь хариуцагч З.Чанарав нарын дундаас 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Батсайхан,  2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү Ч.Баянмөнх нар төрсөн болох нь хүү Батсайхан, Баянмөнх нарын төрсний гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдов.

 

2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Бг эх А.Ар овоглосон ба хариуцагч З.Чанарав нь хүү Батсайханы  төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцож эрхтэй ба  2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Батсайханг эх А.Амаржаргалын,  2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн  хүү Ч.Баянмөнхийг эцэг З.Чанаравын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон байна.  

 

            Иймд 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Батсайханг эх А.Амаржаргалын,  2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн  хүү Ч.Баянмөнхийг эцэг З.Чанаравын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Батсайханг эх А.Амаржаргалын,  2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн  хүү Ч.Баянмөнхийг эцэг З.Чанаравын асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар А.Амаржаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Чанараваас 70.200 төгрөг гаргуулж,  нэхэмжлэгч А.Амаржаргалд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР