Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/01184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....................................................... тоотод байрлах У. э. ХХК /РД: ........................./-ийн нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: .................................................. байрлах Шинжлэх ухаан т с /РД: .................................../-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.656.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Усны эрчим” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн SHUT A/349-D26/2013 тоот гэрээний дагуу Дөргөний Усан Цахилгаан Станц, Тайширын Усан Цахилгаан Станц, Богдын Голын Усан Цахилгаан Станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх арга замын талаар 2014 оны эхээр 67 хуудас бүхий зөвлөмж мөн 2015 оны эхээр /2 дахь/ 105 хуудас бүхий зөвлөмж тайлан, 2016 оны эхээр /3 дахь/ 172 хуудас бүхий зөвлөмж тайланг “Эрчим Хүчний Яамны Түлш эрчим хүчний шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-д хэлэлцүүлэхээр 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9/16 тоот албан бичгээр, “Шинжлэх ухаан технолгийн сан”-д 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10/16 тоот албан бичгээр хүргүүлсэн. Эдгээр тайлангийн тусламжтай 2016 онд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2015 онтой харьцуулвал Дөргөний Усан Цахилгаан Станц 12.3 сая кВт-ц, Тайширын Усан Цахилгаан Станц 9.300.000 кВт- ц, Богдын Голын Усан Цахилгаан Станц 1.000.000 кВт-ц—аар нэмэгдсэн тоон үзүүлэлттэй байна. Эдгээр нэмэлт нь манай гаргасан зөвлөмж тайлангийн үр дүн юм. Эдгээр үзүүлэлтийг мөнгөн дүнгээр авч үзвэл нэг айлд 1 кВт-ц—ийг 36.8 /наян зургаан аравны найман/төгрөгөөр тооцвол Дөргөний Усан Цахилгаан Станц, Тайширын Усан Цахилгаан Станц 22.6.000.000 кВт-ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж 1.961.700.000 төгрөгийн орлого нь өмнөх оноосоо өссөн байгааг 50%-ийг судалгааны үр дүнтэй холбож үзвэл 980.800.000 төгрөгийн орлогыг Эрчим хүчний системд оруулсан байна. Мөн бидний зөвлөмжийн дагуу ажилласны үр дүнд 1.255.800.000 төгрөгийг Эрчим хүчний системд оруулсан.

Судалгааны 3 жилийн ажлын зардал 87.200.000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 2014 оны санхүүжилтээс 8.660.000 төгрөгийг төлхөөс татгалзсан.

         Иймд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн SHUT A/349-D26/2013 тоот гэрээний 1 5.1-т “Төслийн гэрээнд заасан төсөвт зардалыг бүрэн олгох”, 2.5.2-д “гэрээнд заасан хуваарийн дагуу төслийг хугацаанд нь санхүүжүүлэх”, 2.5.4-д “Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа санхүүгийн өр авалгыг бүрэн хийж барагдуулах”- аар тусгасан боловч өнөөг болтол олгоогүй.

            Иргэний хуулийн 351.1.1-т “гэрээнд заасан хугацаанд эсхүл үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлнө ” гэж заасны дагуу SHUT А/349- D26/2013 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.656.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу Усны Эрчим ХХК ажлыг гүйцэтгэж ажлыг хүлээлгэж өгсөн. Ажлын үр дүн дээр захиалагч талаас маргаагүй. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дах хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УэХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ShUT-A/349-026/2013 тоот Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулан “Усан цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах технологийн судалгаа” нэртэй Бүтэд овогтой Дагвадорж удирдагчтай, 87.200.000 төгрөгийн санхүүжилттэй Эрчим хүчний яамны захиалгаар Шинжлэх ухаан технологийн төслийг хэрэгжүүлсэн.

Шинжлэх Ухаан, Технологийн Сан нь Төрийн байгууллага бөгөөд Шинжлэх Ухаан, Технологийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан Засгийн газрын 2010 оны 36 тогтоолоор батлагдсан Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ын дагуу үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд гэрээнд заагаагүй бусад асуудал энэ журмын дагуу явагддаг болно. Уг гэрээний ерөнхий зүйлд журмын заалтуудыг дурдагдсан байгаа нь уг журмыг барьж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаал, шийдвэр, журмыг мерден хэрэгжүүлж ажилладаг болно.

Тус төсөл нь 2013 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжсэн бөгөөд эхний жилийн санхүүжилтийг гэрээнд заагдсаны дагуу олгож 2014 оны санхүүжилтийн гүйцэтгэлийг үндэслэн 5 хэсэг хуваан олгосон болно. 2015 онд 2014 оны үлдэгдэл болох 8.000.000 төгрөгийг 07 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тус сангийн үндсэн санхүүжилтийн мөнгө нь төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн жил дуусахад хийгдээгүй санхүүжилтийг дараа онд шилжүүлэн өгсөн болно. Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолын дагуу төслийн гүйцэтгэгч тал гэрээний 2.1.1, 2.2.1, 2.2.2, 2.4.4-д заасны дагуу хагас жил тутамд гүйцэтгэгч тал гэрээний дагуу явцын болон санхүүгийн тайланг ирүүлж байхаар тусгасан байна.

Гэвч гүйцэтгэгч тал гэрээний 2.6.7 дах хэсгийн заалтыг зөрчин санхүүжүүлэгчид төслийн гүйцэтгэлийн санхүүгийн тайланг хугацаандаа ирүүлээгүй нь улмаас 2016 оны төсөвт тусгагдсан санхүүжилт нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7 дахь заалтуудын дагуу Улсын төсөвт буцаан татагдсан болно.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Усны эрчим ХХК нь хариуцагч Шинжлэх ухаан технологийн санд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.656.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Шинжлэх ухаан технологийн сан нь нэхэмжлэгчээс гүйцэтгэлийн санхүүгийн тайланг ирүүлээгүйгээс 2016 оны төсөвт тусгагдсан санхүүжилт Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.7-д заасны дагуу татагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу “Усан цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах технологийн горимын судалгаа”-г хариуцагч Усны эрчим ХХК гүйцэтгэж, захиалагчаар Эрчим хүчний яам, санхүүжүүлэгчээр Шинжлэх ухаан технологийн сан оролцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэв.

 

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Усан цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах технологийн горимын судалгаа”-ны үр дүнг захиалагч Эрчим хүчний яам, санхүүжүүлэгч Шинжлэх ухаан технологийн сан хүлээж авсан болох нь Усан цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах технологийн горимын судалгаа төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан актаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт гурав “Төслийн өртөг, зардал тохиролцооны тухай” протоколд зааснаар 87.200.000 төгрөг бөгөөд хариуцагч Шинжлэх ухаан технологийн сангаас 78.544.000 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэсэн байна. /талууд маргаагүй болно/

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.” гэж заажээ.

 

Хариуцагч тал ажлын үр дүнг хүлээн авсан атлаа үлдэгдэл санхүүжилтийг олгох үүргээ биелүүлээгүй, улсын төсвөөс санхүүжилтийн мөнгө татсан нь гэрээнд заасан ажлыг хөлсийг төлөх үүргээс чөлөөлөхгүй.

 

Усны эрчим ХХК-д хариуцагч Шинжлэх ухаан технологийн сангаас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/307 дугаар албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/13 албан бичгээр тус тус Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7-д заасан үндэслэлээр санхүүжилт олгохоос татгалзаж байсан.

 

 Төслийн санхүүжилтийн баримтыг нэхэмжлэгч нь хугацаанд нь гаргаж өгөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл нь үндэслэлгүй ба ажлын үр дүнг хүлээн авсан, түүнчлэн 78.544.000 төгрөгийн санхүүжилтийг олгосон атлаа санхүүгийн тайлан гаргаагүй гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг олгоогүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Шинжлэх ухаан технологийн сан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4.1-т зааснаар төслийн гэрээнд заасан төсөвт зардлыг бүрэн олгох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Шинжлэх ухаан технологийн сангаас 8.656.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Усны эрчим ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Шинжлэх ухаан технологийн сангаас 8.656.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Усны эрчим ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шинжлэх ухаан технологийн сангаас улсын тэмдэгтийн хураамжид 153.446 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Усны эрчим ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР