Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

          Нарийн бичгийн дарга А.Батцог, 

          Улсын яллагч: Д.Алимаа,

          Хохирогч ********,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

          Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ы ********т холбогдох эрүүгийн 2127000000051 дугаар хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ы ******** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч ******** нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг ******** гэх газарт ********ийг малын бууц, хөрзөнг хамт цэвэрлэж, ачсангүй гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч ********ийн баруун гарын ар хэсгийн 1, 2 дугаар хуруунд хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

          Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

          Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бариач дээр очиж бариа хийлгүүлчхээд гэртээ ирээд хонь, ямаагаа саачхаад хөрзөн ачилцах гээд очтол ******** уурлаад чамайг хүрзээр савчина шүү гээд над руу дайраад байсан. Би хариуд нь танай хөрзөн биш манай хөрзөн юм чинь би ачилцана гээд хүрз авч очоод ачилцсан. Би ********ыг хүрзээр толгой руу савчих юм байх гэж айгаад толгой дээр хүрзээ барьтал миний баруун гар руу цохисон. Тухайн үед миний гараас цус гараад манай эхнэр боолтоор боож өгсөн. Гарын цус тогтохгүй болохоор нь би эмнэлэг дуудаж эмнэлэг дээр ирж гартаа 3 оёо тавиулсан. Миний даралт ихсээд тэр өдөр эмнэлэг дээр хоносон. Би гомдолтой байна. Хохиролд 600,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

          Гэрч ********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Төд удалгүй гадаа хүмүүс чанга дуугараад байхаар нь гараад хартал ******** гэгч хүрз бариад дээш өргөчихсөн, ******** энгэрээс нь заамдчихсан байхаар нь яваад очтол ********ийн гараас цус гарч байсан. Тэгэхээр нь би ********д хэлэхдээ ямар хаашаа янзын хүн энд авч ирээд буулгачихсан юм гэсэн чинь ******** /********/ цохих гээд дайраад байсан. Тэгээд би ********ийг дагуулаад гэртээ орсон ба гараас нь цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудсан. ...Ер нь анхнаасаа л орчин тойрныхоо хог, малын бууц, хөрзөнг цэвэрлэе гэхээр уурлаад байдаг байсан, бусдаар нэг их маргалдаж байгаагүй. Тэгээд сүүлд ******** бид 2-ыг Хашаат сум орчхоод ирэх хооронд 2 портер малын бууц, хөрзөнг аччихсан байсан ба ачсан хөрзөнд туслаагүй гэсэн уурандаа ийм үйлдэл гаргасан байх” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31-33-р хуудас/,

 

          Гэрч ********ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг мэдсэн чинь ******** ах хэлэхдээ чи миний гараас цус гаргачихлаа гээд ******** ахыг заамдаад ********, ******** нар бие биеэ заамдаад авсан, тэгсэн эхнэрүүд нь гарч ирээд салгаад Батгэрэл ахыг гэр рүү нь дагуулаад орсон.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 42-43-р хуудас/

         

          Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтэд: “...1.********ийн биед баруун гарын 1, 2-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

        

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч ********ын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-х руудас/,

 

          Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/,

 

          Шүүгдэгч ********ын цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 193 тоот тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/,

          Шүүгдэгч ********ын 2020 оны мал тооллогын баримт /хх-ийн 62-64-р хуудас зэрэг болно.

 

          Шүүгдэгч ******** нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг Өлзийт гол гэх газарт ********ийг малын бууц, хөрзөнг хамт цэвэрлэж, ачсангүй гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч ********ийн баруун гарын ар хэсгийн 1, 2 дугаар хуруунд хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч ********ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч ********, ******** нарын мэдүүлэг, шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 230 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 193 тоот тодорхойлолт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

         

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч ********т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

         

          Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч ********т холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          Хохирогч ******** 600,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тэр талаар нотолсон нотлох баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул хохирогчийн 600,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзсэн болно.

 

          Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

          Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхэгийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

 

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овгийн ********ы ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********т холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч ******** 600,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхэгийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ЭНХ-АМГАЛАН