| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0044/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-07-26 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ын ********д холбогдох эрүүгийн 2027000590035 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ын ******** /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2019 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Хамрын амны Асгат” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнасан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч ********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тус хүний гаргасан үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдвол тухайн амьтны аймаг төрөлд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал нэхэмжлэх зүйл алга байна...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Хамрын амны асгат” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч ********ын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 10 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг “Хамрын амны Төмөрт” гэх газар хот руу чоно ороод хонь бариад байхаар нь чоно үргээхээр ********, ******** бид 3 явж байсан. Тэгээд чоно үргээж явсан чинь буу дуу гарахаар нь очсон чинь ******** би нэг гахай буудчихлаа гэхээр нь би уурлаад хонь руугаа яваад өгсөн. Тэгээд ********, ******** хоёр үлдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 35-р хуудас/,
Гэрч ********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 10 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг “Хамрын амны Төмөрт” гэх газар ******** гэх хүн хоттой хонь руу чоно ороод хонь тасдаад байна үргээгээд өгөөч гэхээр нь очсон юм. Тэгээд очсон чинь ********, ******** байсан юм. Тэгээд бид 3 чоно үргээгээд байж байсан чинь чоно гарсан юм байхгүй буу дуугарсан чинь ******** нэг гахай буудчихлаа гээд хүрээд ирсэн юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36-р хуудас/,
Гэрч ********гийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сард байх Өвөрхангай аймгийн төвд эмчилгээ хийлгэж байгаад Бат-Өлзий суманд гэртээ ирээд байж байтал хүү ******** гэртээ мах чанаад байж байхаар нь би юун мах юм бэ гэсэн чинь гахайны мах гэж хэлж байсан. Тэгээд би болон охин ********, ******** бид 3 хуваагаад идсэн. 1-2 ширхэг хавирга тэгээд бага зэрэг цул мах байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 04/10 дугаартай дүгнэлтэд “Зэгсний болон Ойн гэсэн 2 зүйлийн зэрлэг гахай байдаг. Хэргийн материалыг уншихад 1 толгой эр Ойн зэрлэг гахай байна...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтдын жагсаалт”-ыг баталсан. Уг жагсаалтад Зэгсний зэрлэг гахай багтсан байдаг. Ойн зэрлэг гахай хамаардаггүй...3эрлэг гахайг хууль бусаар агнасан гэх зөрчлийн улмаас амьтны аймагт учруулсан шууд хохирлын үнэлгээ: 700,000 /долоон зуун мянган төгрөг/” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,
Орхоны хөндийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай албан бичиг “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн “Хамрын амны Асгат” гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна” /хх-ийн 29-р хуу/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-27-р хуудас/,
-Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,
-Шүүгдэгч ********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/,
-Хохирол төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2019 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Хамрын амны Асгат” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнасан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч ********, гэрч ********, ******** ******** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 04/10 дугаартай дүгнэлт, Орхоны хөндийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай албан бичиг, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, шүүгдэгч ********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/, хохирол төлсөн баримт зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-Эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар Зэгсний зэрлэг гахай 700,000 төгрөг гэж,
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар /Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно/ гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч ******** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,400,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төлсөн, үлдсэн 700,000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч ********аас 700,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100100351404 тоот дансанд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26929 дугаартай гол төмөртэй Тоз-8 маркийн галь зэвсэг буюу буу 1 ширхэгийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********аас 700,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100100351404 тоот дансанд олгож,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26929 дугаартай гол төмөртэй Тоз-8 маркийн галт зэвсэг буюу буу 1 ширхэгийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********аас 700,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100100351404 тоот дансанд олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН