Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00707

 

ЗТХЯ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02182 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаар магадлалтай, 

ЗТХЯ-ны нэхэмжлэлтэй

ЗТН ОНӨААТҮГ-т холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 484.401.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ч.А, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ЗТХЯ-ны төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Талуудын хооронд 2011 оны 5 сарын 18-ны өдөр ЦТХ-ДУ 2011/01/72 тоот гэрээ байгуулагдаж, гэрээний 5-д гүйцэтгэгч нь Цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг Дуобусыг угсрах ажлыг 2011 оны 5 сарын 18-ны өдөр эхэлж, 2012 оны 12 сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэвч гүйцэтгэгч нь 2 Дуобусыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 8 дахь заалтыг зөрчсөн. Тендерт оролцохыг хүссэн хүсэлт, үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн  албан тоот авагдсан. Уг ажлыг гүйцэтгэхэд нийт хэдэн төгрөгийн төсөв гарах вэ гэдгийг хариуцагч тал урьдчилсан тооцоолж, эрсдлээ хүлээнэ гэсний дагуу гэрээ байгуулсан. Долларын ханш сэлбэг хэрэгслийн үнэ өссөн талаар ямар нэг тооцоо судалгаагүйгээр нийт 234.000.000 төгрөгийн алдагдал байна гэж тайлбарладаг. Алдагдлыг хэрхэн тооцоолсон нотлох баримт байдаггүй. Хариуцагч үндэслэлгүйгээр үнийн өсөлтийг өөрсдөө гаргасан. Мөн Засгийн газарт санал оруулах гэтэл яамдуудаас санал авахад ихэнх нь хүлээн зөвшөөрөхгүй өөрсдөө үнийн саналаа оруулж ирсэн учраас Засгийн газрын хуралдаанаар оруулах шаардлагагүй гэсэн тайлбарыг хариуцагч өгсөн. Талууд үүрэг үүсэх үеийн ханшаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан учраас 12 ширхэг Дуобусыг бид тоо ёсоор нь хариуцагчаас хүлээн авч улсыг хохиролгүй болгох ёстой. Гэрээний тусгай нөхцлийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ...гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө... гэж заасны дагуу одоо хүртэл нийлүүлэгдээгүй байгаа 2 Дуобусны үнэ 322.934.167 төгрөг, алданги 161.467.083 төгрөг, нийт 484.401.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талууд Цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг Дуобус угсрах ЦТХ-ДУ 2011/01/72 дугаар гэрээг 2011 оны 5 сарын 18-ны өдөр байгуулсаны дагуу Дуобус угсрах ажлыг 2012 оны 12 сарын 20-ны өдрийн дотор дуусгахаар ажилласан ч үйлдвэрлэлийг хэвийн явуулах санхүүжилтийн эх үүсвэргүй, валютын ханшийн огцом өсөлтийн улмаас JEA 800F загварын 10 ширхэг Дуобус угсарч үйлдвэрлэсэн. Тодруулбал, гэрээт ажлыг гүйцэтгэх явцад валютын ханшийн өсөлтөөс 286.200.000 төгрөгийн алдагдал, мөн төслийн ажлын дутуу санхүүжилт 83.400.000 төгрөг, нийт 370.000.000 төгрөгийн хөрөнгө дутсаны улмаас ажлын тоо хэмжээнд заасан 12 ширхэг Дуобус угсрах боломжгүй болсон. Дээрх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, гэрээний хугацааг сунгаж өгөх хүсэлтийг удаа дараа захиалагчид албан тоотоор хандсан боловч шийдэж өгөөгүй. Дээрх асуудлын хүрээнд Зам тээвэр хөгжлийн яамны зүгээс алдагдлыг шийдүүлэхээр яамдуудаас санал авч Засгийн газрын хуралдаанаар асуудал оруулан Цэвэр агаар сангаас санхүүжүүлэхээр хөөцөлдөж байсан боловч тухайн үед сан санхүүжүүлэхээс татгалзсан. Энэ талаарх баримтууд Зам тээвэр хөгжлийн яаманд байгаа. Дээрх гэрээний ажлын гүйцэтгэлд аудитын байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэж, ханшийн өсөлтөөс хүлээсэн алдагдлыг баталгаажуулсан бөгөөд МХАҮТанхимаас 2014 оны 7 сарын 03-ны өдрийн 1/564 тоот хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ авсан. Санхүүжилт дутсанаас үүдэн гарах аливаа эрсдлийг гүйцэтгэгч хариуцах үндэслэлгүй. Цахилгаан тээвэр компани Дуобус угсрахдаа сэлбэгүүдээ гадаадаас доллараар худалдаж авахтай холбоотойгоор валютын ханшны өсөлт нь шууд туссан. Гэрээ ёсоор захиалагч энэ тохиолдолд гүйцэтгэгчтэй харилцан тохиролцоод нэмэлт санхүүжилт авах нь бодит байдалд илүү нийцэхээр байсан. Энэ талаар Цахилгаан тээвэр компани байхдаа ч гэсэн дараа нь ЗТН ОНӨААТҮГ болсны дараа ч гэсэн Зам тээврийн яаманд удаа дараа албан тоот хүргүүлсэн. Энэ албан тоотууд нь хавтаст хэрэгт авагдсан. Валютын ханшны өсөлтөөс үүсээд ямар арга хэмжээ авах талаар гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд тодорхой заасан заалт байхгүй. Нэг америк доллар үнэ 200 гаруй төгрөгөөр хэлбэлзсэнээс болж, хариуцагч тал нийт 234.000.000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02182 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГазраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 484.401.250 төгрөг гаргуулах /дөрвөн зуун наян дөрвөн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, лсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 , 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-аас 237.942.166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗТХЯ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 246.459.084 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЗТХЯ-ны давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч хариуцагчаас 2 ширхэг дуобусны үнэ 237.942.166 төгрөгийг авах эрхтэй хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2 дуобусны үнийг тооцохдоо гэрээний нийт үнэ 1.937.605.000 төгрөгөөр үйлдвэрлэх ёстой 12 дуобусны үнэд хувааж нэг дуобусны үнийг 161.467.083 төгрөг хэмээн тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй байна. Талууд гэрээ байгуулан дуобус үйлдвэрлэж эхэлснээс хойш валютын ханшны өөрчлөлттэй холбоотойгоор дуобусны эд ангийн үнэ байнга өсч үүнээс болж дуобус бүр өөр өөр өртгөөр угсрагдаж үйлдвэрээс гарч байсан. Валютын ханшны өөрчлөлтөөс болж гэрээний үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй болж байгаа талаараа нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж нэмэлт санхүүжилт шийдвэрлэж өгөхийг хүсч байсан ч нэхэмжлэгч нэг ч удаа уг хүсэлтэд хариу өгөөгүйн дээр гэрээг цуцалсан талаар хариуцагчид мэдэгдэлгүйгээр шууд шүүхийн маргаан үүсгэж мөнгө нэхэмжилж байгаа нь илт хууль бус, хариуцагчийг шууд хохироох үйлдэл байгааг шүүх харгалзан үзсэнгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ЗТХЯ-, ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан  ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 322.934.167 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 161.467.083 төгрөг, нийт 484.401.250 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2, 345.3, 225 дугаар зүйлийн 225.4.4-т заасан зохицуулалтыг хариуцагчийн татгалзлын хууль зүйн үндэслэл гэж үзэн “...валютын ханш өссөн, энэ нь ...урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөлд хамаарна, ...захиалагчид мэдэгдсэн..., захиалагч гэрээг дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байна.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

ЗТН ОНӨААТҮГ нь Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын эрх залгамжлагч, энэ талаар зохигч маргаагүй болно.

Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ  цахилгаан тээврийн хэрэгсэл буюу дуобус угсрах сонгон шалгаруулалтын дагуу Зам тээврийн яамтай 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж 12 дуобус угсрах ажлыг 1.937.605.000 төгрөгийн өртөгт, 2011.05.18-ны өдрөөс 2012.12.20-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсоноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу захиалагч 1.852.613.000 төгрөг шилжүүлсэн, гүйцэтгэгч 10 дуобус угсарч, хүлээлгэн өгсөн үйл баримтад зохигч маргаагүй байна.

Хариуцагч, 2 дуобус угсарч, ажлын үр дүн хүлээлгэн өгөөгүй шалтгаанаа, “шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг гадаадаас оруулж ирсэн, валютын ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээсэн, энэ талаар захиалагчид мэдэгдсэн, захиалагч төсвийг дахин санхүүжүүлэх боломж бүрдүүлэхээр Засгийн газарт хүсэлт гаргаж байсан” гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ.

Давж заалдах шатны шүүх зохигчийн маргаанд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 345.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн байна.

Тус шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ “...валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж гэрээнд үнийн тохируулга хийх талаар талууд тохиролцоогүйгээс гадна талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авч нөхцөл байдалд нийцүүлэн үнийг өөрчилсөн нь тогтоогдоогүй, санхүүжилтийг захиалагч үе шаттайгаар төлөхөөр тохиролцсон нь ажил гүйцэтгэгч ажлыг зөвхөн захиалагчийн хөрөнгөөр 100 хувь гүйцэтгэхээр тохиролцоогүй, хариуцагч шилжүүлсэн санхүүжилтийн үнэ 10 ширхэг дуобусын үнэ болсныг нотлоогүй” гэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь сонгон шалгаруулалтын журмаар өөрөө санал гаргаж нийт 12 ширхэг дуобусыг 1.97.605.000 төгрөгт угсарч нийлүүлэх ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр үүрэг хүлээхдээ өөрийн эрсдлийг давхар тооцох үүрэг хүлээх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн бие даасан байдлын зарчимд нийцнэ.

Иймд гэрээгээр шилжүүлсэн үнээс 10 дуобусын үнийг хасч, зөрүү 237.942.166 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч буцаан шаардсан нь гэрээг хэсэгчлэн цуцлах агуулгатай, энэ тохиолдолд гэрээнээс татгалзсантай адил гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх гэрээг цуцалснаас алданги шаардах эрх үүсэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

“...1 дуобусын үнэ валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж өөр өөрөөр байсан, 1 дуобусын үнийг, гэрээний нийт өртөгийг 12-т хувааж тодорхойлсон нь буруу, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Талуудын байгуулсан гэрээний зүйл нь цахилгаан тээврийн хэрэгсэл-12 дуобус угсарч, нийлүүлэх ажлын үр дүн бөгөөд гэрээнд гэрээний нийт үнийг 1.937.605.000 төгрөг тохиролцсон нь нэг бүрийг үнийг 161.467.083 төгрөг гэж үзэх үндэслэлтэй ба ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд зааснаар дуобус нэг бүрийн угсрах төсвийг гарган хэлэлцэж байсан нь  тогтоогдсон байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.347.660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ