| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ийн ********д холбогдох эрүүгийн 2127000680077 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар цэцэрлэгт сахиул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ийн ******** /РД: ********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр ********гийн эрх чөлөөнд халдаж 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим согтуугаар толгой тус газар нь цохиж, мөн сарын 29-ний өдрийн 13 цагийн орчим монгол гэрийн багана мөргүүлэн, нүүр рүү цохьж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр ******** 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Орхон баг, Өлзийт голд ******** гэх айлд 19 цагийн үед очсон юм. Манай нөхөр ********, ******** ахтай хоёр 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво, 0,75 литрийн Quality нэртэй архи, мөн хувааж уусан. ******** ах, нөхөр бид бэлэг болгож өгсөн хонийг барьж өгсөн. ******** ах бэлэгний хонь барьж өгсөн хоёрын найранд юм чинь жаахан сууж байгаад яв гэж хэлсэн тухайн үед би нөхөр ********д архи бага уугаарай гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд уурлаад байхаар нь чимээгүй хүлээж байгаад ууж байсан пиво, архийг нь дуусахаар нь гэр рүүгээ явсан. Замдаа манай нөхөр ******** нь миний толгой руу цохиод түмэнтэй ах дүүстэй хүн ийм байдаг юм гэж агсраад гэрийн гадаа ирсэн чинь чи муу наад хонио алдалгүй буулгаарай хонио алдсан байвал чамайг би ална шүү гээд орилоод байхаар нь би айгаад машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь машины хаалга онгойлгоод явах юм бол би чамайг ална шүү гээд би айсандаа төрсөн аав ********ынд хүүхдээ аваад очсон чинь араас ирээд аав, ээж бид гурвыг элдэв хараалын үгээр хэлж агсарсан. Би тухайн өдрөөс хойш очоогүй байж байгаад өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед манай нөхөр ******** манай ээж ******** болон намайг зодсон. Манай нөхөр ******** чи муу дандаа ээжийгээ дагуулж ирдэг гээд уурлаж эхэлсэн миний толгой руу цохиж хамраас цус гаргаж, хөл рүү өшиглөөд газар унагаагаад дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч О.********ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед гаднаас манай төрсөн охин ******** өөрийн хүүхэд ********ийг дагуулаад гэрт ороод ирсэн удалгүй манай хүргэн ******** араас согтуу орж ирээд манай охин ********г гичий янхнаар дуудаж байгаад дуудаад агсарч эхэлсэн би хөгшин хүмүүс амрах гэж байна, чи согтуу байна хүүхэд битгий зовоогоод бай гэсэн чинь муу хөгшин минь дуугүй бай дандаа бид хоёрыг салгаж байдаг юм гээд агсарч, агсарч гараад явсан. Хоёр хоног манай охин гэртээ харилгүй манайд байсан тэгсэн 06 дугаар сарын 29-ний өдөр манай хүргэн ******** миний утас руу залгаад ********тэй ярья гэсэн яриад удалгүй дахин мессеж явуулсан ирж хувцсаа ав гээд, тэгээд манай охин очвол зодуулна гээд явахгүй байхаар нь хамт явъя гээд охиноо дагуулаад гэрт нь ортол манай хүргэн ******** манай охиныг шууд барьж аваад гэрийн багана мөргүүлээд бас унагаж байгаад дээрээс нь өшиглөсөн. Би салгах гэтэл намайг түлхсэн. Тэгээд зугтаад гарах гэтэл гэрийнхээ хаалга хааж зогсоод гаргахгүй байсан. Манай охин ******** бид хоёр арай гэж түлхээд гарсан чинь манай охины үснээс зулгаагаад үлдсэн би гүйж гараад цагдаа дуудсан удалгүй манай охин ******** хамраас цус гаргачихсан араас гүйгээд ирсэн ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №280 дугаартай дүгнэлтэд“...********гийн биед дух, хамар, хүзүүнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 9-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр ********гийн эрх чөлөөнд халдаж 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим согтуугаар толгой тус газар нь цохиж, мөн сарын 29-ний өдрийн 13 цагийн орчим монгол гэрийн багана мөргүүлэн, нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ********гийн мэдүүлэг /хх 10-11-р хуудас/, гэрч О.********ын өгсөн мэдүүлэг (хх 14-15-р хуудас), шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №280 дугаартай дүгнэлт /хх 23-24-р хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 9-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч ********г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч ********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН