Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/788

 

 

 

 

 

 

   2021        07         05                                 2021/ШЦТ/788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түвдээгийн Сайхансанаад холбогдох эрүүгийн 2039 00468 0127 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймаг Дадал суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хэнтий аймаг Дадал сум 2 дугаар баг Агац гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг Эрчих 40 дүгээр байрны 3 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

******* нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд А.Амарбатад бяруу зарна гэж итгүүлэн малын “А” дансгүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн болон Д.Дэжидмаа, Л.Түвшинбаяр, Н.Жавзандулам нарын дансаар дамжуулан 5 удаагийн үйлдлээр залилан авч иргэн А.Амарбатад нийт 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

           Хавтаст хэргээс

            Хохирогч А.Амарбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хувьдаа малтай болохоор шийдээд Хэнтий аймгийн Дадал сумаас мал авахаар шийдсэн. Хэнтий аймгийн Дадал сумын Д.Норов гэдэг хүнийг таньдаг байсан болохоор Дадалын зарын групп дээр “Бяруу авна” гэсэн зар тавиад өгөөч гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.Норов өөрийн 98611288 дугаарын утаснаас над руу яриад манай нутагт Түвдээ гэдэг мал сайтай, бас хүнийхээ хувьд сайн айл байдаг тэр айлын охин болох Сайхансанаа бяруу зарна гэж байна тэр хүнд чиний утсыг өгчихлөө, яриад өгөх тоогоор нь малыг нь аваад байгаарай гэж хэлсэн. Удалгүй ******* 96281025 дугаарын утаснаас залгаад 350.000 төгрөгт 1 эм бяруу өгье, хавар гол гэсэхээс өмнө аваарай гэж хэлсэн тэгээд бид хоёр тохиролцоод 350.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд би огт танихгүй хүн байна 2 уулаа уулзъя гэхэд би аймгийн эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Тэгээд 2 дугаар сарын 13-ны өдөр дахиад 1 бяруу заръя гэхэд нь данс руу нь 350.000 төгрөгийг шилжүүлсэн. 7 хоногийн дараа надтай ирж уулзаад би Дадалын Түвдээ гэдэг хүний хүүхэд, би өөрийн болон айлын мал маллаад тэрнийхээ төлөөр цалинждаг, тэгээд төлнөөсөө танд бяруу өгнө гэж хэлсэн. Тэгсэн чинь 2020 оны 02 дугаар сарын 17, 21, 28-ны өдрүүдэд 98301025 дугаарын утаснаас залгаад би дахиад бяруу зармаар байна гэсэн тэгэхээр нь нийт 1.050.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 11,13-нд 5937028539 ******* гэсэн өөрийнх нь данс руу, 02 дугаар сарын 17-нд 5059044546 Түвшинбаяр гэх хүний данс руу, 21-нд 5082010314 гэсэн Жавзандулам гэх хүний данс руу, 02 дугаар сарын 28-нд 5076222408 гэсэн Дэжидмаа гэх хүний данс руу нийт 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн. Ингээд малаа авах хугацаа дөхөөд 3 дугаар сарын дундуур Норов луу залгаад Түвдээ гэх айл руугаа залгаад хэзээ малаа өгөхөөр байна гэдгийг нь асуугаадах гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй залгаад за хоёулаа баларсан нөгөө Сайхансанаа нь Түвдээгийн өргөмөл хүүхэд болж таарсан, Сайхансанаа нь малгүй хүн байна хоёулаа хулхидуулсан бололтой гэж хэлсэн. Тэгээд Сайхансанаагийн 96281025, 98301025 дугаарын утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Би мөнгөө эхнэрийнхээ төрийн банкны 312600036811, өөрийн хаан банкны 5720149040 тоот данснуудаас шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

            Гэрч Ц.Дашноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хэнтий аймгийн Цагдаагийн газарт ажилладаг А.Амарбатыг би таньдаг. Уг хүн надад бяруу авна гэсэн зар тавиад өгөөч гэж хэлсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын групп дээр бяруу авна гэсэн зарын тавихад манай нутгийн Түвдээгийн охин гэх Сайхансанаа гэх эмэгтэй залгаж, бяруу зармаар байна гэж хэлсэн. Тухайн үед аав ээжийг нь нутгийн иргэдээсээ асуухад мал сайтай гэхээр нь итгээд Амарбат руу залгаад мал ихтэй айлын хүүхэд залгаж байна, хэлснийх нь тоогоор аваад байгаарай гэж хэлсэн юм. Амарбат нь Сайхансанаад 5 бярууны мөнгө буюу нэг бярууг 350.000 төгрөгөөр нийт 1.750.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Хавар малаа авах гээд Сайхансанаа руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь аав ээж ах дүүгээс нь асуухад “манай гэрээс яваад удаж байгаа, нөхрөөсөө салаад явчихсан, бид нарт хамааралгүй хүн, Сайхансанаа нь өөрийн гэсэн ямар ч малгүй хүн, айлын мал ч маллаж байгаагүй, Улаанбаатар хотод амьдраад удаж байгаа, хотод хаана байдаг эсэхийг нь мэдэхгүй” гэсэн зүйлүүдийг нь хэлсний дараа хулхидуулчихсан байна гэж бодсон. Амарбат руу залгаад энэ талаар хэлсэн, ба Амарбат нэг ч бяруу авч чадалгүй Сайхансанаа гэх эмэгтэйд залилуулсан. Одоо Сайхансанаа нь хаана байгаа нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй байна” /хх-ийн 47-48 хуудас/,

            Гэрч Н.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороонд оршин суудаг юм. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сайхансанаа гэх миний таньдаг эмэгтэй “надад карт байхгүй байна, данс руу чинь мөнгө шилжүүлээд авчихъя гэж хэлсэн” тэгээд хүн рүү яриад миний хаан банкны 5082010314 тоот данс руу 350.000 төгрөгийг шилжүүлэн өөрөө бэлнээр авсан” /хх-н 49-50 хуудас/,

            Гэрч Д.Дэжидмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байрлах “Цайз” захын ойролцоо хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 21:16 минутад 5720419040 тоот данснаас 350.000 төгрөг орж ирсэн нь үнэн. Манай дэлгүүрээр махлагдуу, 35-40 орчим насны эмэгтэй үйлчлүүлж байгаад тооцоо хийх гэтэл карт байхгүй гээд миний дансаар мөнгө хийлгээд бэлнээр авъя гэж хэлсэн юм. Тэгээд нэг хүн рүү утсаар яриад 350.000 төгрөгийг миний данс руу хийлгээд бэлнээр авсан, тэр мөнгөнөөсөө бас тооцоогоо хийсэн. Тэгээд л гараад явсан” /хх-ийн 51-52 хуудас/,

Гэрч Л.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т166-01 тоотод амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай хажууд амьдардаг байсан Сайхансанаа гэх эмэгтэй орой орж ирээд “чиний данс руу мөнгө хийлгээд бэлнээр авчихъя” гэж хэлсэн. Миний дансыг аваад хүн лүү яриад энэ данс руу хийчих гэж хэлсэн. Тэгээд 5720652688 тоот данснаас “Сайхансанаад бярууны мөнгө" гэсэн утгатайгаар орлогын гүйлгээ орж ирсэн. Тэгээд Сайхансанаад 350.000 төгрөгийг бэлнээр өгсөн” /хх-ийн 60-61 хуудас/,

*******гийн эзэмшлийн Хаан банкны 5937028539 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12 хуудас/,

            Л.Түвшинбаярын эзэмшлийн Хаан банкны 5059044546 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-18 хуудас/,

            Н.Жавзандуламын эзэмшлийн Хаан банкны 5082010314 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-22 хуудас/,

            Д.Дэжидмаагийн эзэмшлийн Хаан банкны 50762224088 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-30 хуудас/,

            Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 хуудас/,

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд өөрийн нэр дээр малгүй, малын А дансгүй атлаа хохирогч А.Амарбатад бяруу зарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.750.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

            - Хохирогч А.Амарбатын “Д.Норов манай нутагт Түвдээ гэдэг мал сайтай айл байдаг, бас хүнийхээ хувьд сайн айл байдаг, тэр айлын охин Сайхансанаа бяруу зарна гэж байна, тэр хүнд чиний утсыг өгчихлөө, яриад өгөх тоогоор нь малыг нь аваад байгаарай гэж хэлсэн. Удалгүй ******* 96281025 дугаарын утаснаас залгаад 350.000 төгрөгт 1 эм бяруу өгье, хавар гол гэсэхээс өмнө аваарай гэж хэлсэн тэгээд бид хоёр тохиролцоод 350.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд огт танихгүй хүн байна хоёулаа уулзъя гэхэд би аймагт эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Тэгээд 2 дугаар сарын 13-ны өдөр дахиад 1 бяруу заръя гэхэд нь данс руу нь 350.000 төгрөг шилжүүлсэн. 7 хоногийн дараа надтай ирж уулзаад би Дадалын Түвдээ гэдэг хүний хүүхэд, би өөрийн болон айлын мал маллаад тэрнийхээ төлөөр цалинждаг, тэгээд төлөөсөө танд бяруу өгнө гэж хэлсэн. Тэгсэн чинь 2020 оны 02 дугаар сарын 17, 21, 28-ны өдрүүдэд 98301025 дугаарын утаснаас залгаад би дахиад бяруу зармаар байна гэсэн тэгэхээр нь нийт 1.050.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 11,13-нд ******* гэсэн өөрийнх нь данс руу, 2020 оны 02 дугаар сарын 17-нд Түвшинбаяр гэх хүний данс руу, 21-нд Жавзандулам гэх хүний данс руу, 2020 оны 02 дугаар сарын 28-нд Дэжидмаа гэх хүний данс руу нийт 1.750.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд малаа авах хугацаа дөхөөд 3 дугаар сарын дундуур Норов луу залгаад Түвдээ гэх айл руугаа залгаад хэзээ малаа өгөхөөр байна гэдгийг нь асуугаадах гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй залгаад за хоёулаа баларсан, нөгөө Сайхансанаа нь Түвдээгийн өргөмөл хүүхэд болж таарсан, Сайхансанаа нь малгүй хүн байна хоёулаа хулхидуулсан бололтой гэж хэлсэн. Тэгээд Сайхансанаагийн 96281025, 98301025 дугаарын утас руу залгахад холбогдохгүй байсан. Би мөнгөө эхнэрийнхээ төрийн банкны 312600036811, өөрийн хаан банкны 5720149040 тоот данснуудаас шилжүүлж байсан ... хохирлоо авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 43-45, 46/,

            - Гэрч Ц.Дашноровын “А.Амарбатыг би таньдаг. Уг хүн надад бяруу авна гэсэн зар тавиад өгөөч гэж хэлсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын групп дээр бяруу авна гэсэн зарын тавихад манай нутгийн Түвдээгийн охин Сайхансанаа гэх эмэгтэй залгаж, бяруу зармаар байна гэж хэлсэн. Тухайн үед аав ээжийг нь нутгийн иргэдээс асуухад мал сайтай гэхээр нь итгээд Амарбат руу залгаад мал ихтэй айлын хүүхэд залгаж байна, хэлснийх нь тоогоор аваад байгаарай гэж хэлсэн. Амарбат нь Сайхансанаад 5 бярууны мөнгө 1.750.000 төгрөг шилжүүлсэн байсан. Хавар малаа авах гээд Сайхансанаа руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь аав ээж ах дүүгээс нь асуухад манай гэрээс яваад удаж байгаа, нөхрөөсөө салаад явчихсан, бид нарт хамааралгүй хүн, Сайхансанаа нь өөрийн гэсэн ямар ч малгүй хүн, айлын мал ч маллаж байгаагүй, Улаанбаатар хотод амьдраад удаж байгаа, хотод хаана байдаг эсэхийг нь мэдэхгүй гэсэн” /хх 47-48/,

            - Гэрч Н.Жавзандуламын “2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сайхансанаа гэх миний таньдаг эмэгтэй надад карт байхгүй байна, данс руу чинь мөнгө шилжүүлээд авчихъя гэж хэлсэн, тэгээд хүн рүү яриад миний хаан банкны 5082010314 тоот данс руу 350.000 төгрөгийг шилжүүлэн өөрөө бэлнээр авсан” гэх мэдүүлэг /хх 49-50/,

            - Гэрч Д.Дэжидмаагийн “2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5720419040 тоот данснаас 350.000 төгрөг орж ирсэн нь үнэн. Манай дэлгүүрээр махлагдуу, 35-40 орчим насны эмэгтэй үйлчлүүлж байгаад тооцоо хийх гэтэл карт байхгүй гээд миний дансаар мөнгө хийлгээд бэлнээр авъя гэж хэлсэн. Тэгээд нэг хүн рүү утсаар яриад 350.000 төгрөгийг миний данс руу хийлгээд бэлнээр авсан, тэр мөнгөнөөсөө бас тооцоогоо хийсэн” гэх мэдүүлэг /хх 51-52/,

- Гэрч Л.Түвшинбаярын “2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай хажууд амьдардаг байсан Сайхансанаа гэх эмэгтэй орой орж ирээд чиний данс руу мөнгө хийлгээд бэлнээр авчихъя гэж хэлсэн. Миний дансыг аваад хүн лүү яриад энэ данс руу хийчих гэж хэлсэн. Тэгээд 5720652688 тоот данснаас Сайхансанаад бярууны мөнгө гэсэн утгатай орлогын гүйлгээ орж ирсэн. Тэгээд Сайхансанаад 350.000 төгрөгийг бэлнээр өгсөн” /хх 60-61/,

            - А.Амарбат, *******, Л.Түвшинбаяр, Н.Жавзандулам, Д.Дэжидмаа нарын эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-12, 13-18, 19-22, 23-30, 31-32/,

            - Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын “******* нь тус багт тоолуулсан “Малын А данс”-гүй болно” гэсэн тодорхойлолт /хх 30/,

               - Яллагдагч *******гийн “Би цахим орчинд бяруу авна гэсэн зарын дагуу иргэн А.Амарбат гэгчээс 1.750.000 төгрөгийг ... дансаар авсан нь үнэн. Тухайн үед эмнэлэгт үзүүлэх мөнгөгүй байсан учир мөнгө олох зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн. Хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх 71-72/

              ******* нь хялбар аргаар мөнгө олгох зорилгоор өөрийн нэр дээр мал тоолуулж бүртгүүлээгүй атлаа олон тооны малтай, захиран зарцуулах эрхтэй мэтээр худал хэлж итгүүлэн, ирээдүй цагт буюу хавар болохоор худалдсан малаа хүлээлгэн өгөх, зах зээлийн ханшнаас доогуур хямд үнэ санал болгох, нэмж бяруу зарна гэж дахин ярих, биелэгдэх боломжгүй амлалт өгөх зэргээр төөрөгдөлд оруулан өөрийн болон бусдын дансаар удаа дараа мөнгө шилжүүлэн авчээ.

              Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул *******гийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

              Бусдын өмчлөх эрхэд хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах аргаар халдан эд хөрөнгө шилжүүлэн авсан байх залилах гэмт хэргийн шинжийг хангажээ.

              Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа утсаар ярих, биеэр уулзах зэргээр харьцаж худал үгээр итгүүлэн үнэмшүүлсэн, уг үйлдлийн улмаас бодит хохирол учирсан бөгөөд үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

              Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч *******г “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Уг гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас *******гийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, нөгөө талаас А.Амарбатын нөхцөл байдлыг нягтлан шалгах дадал хэвшээгүй байдал зэрэг гэмт гарахад нөлөөлжээ. 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Амарбатад учирсан 1.750.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тул *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь 38 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч *******гаас улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэснийг тэмдэглэвэл зохино.

Хэргийг шийдвэрлэхэд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг албан ёсоор хэрэглэх нөхцөл боломж бүрдээгүй байсныг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай, хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

******* нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт өмнөх байр сууриа илэрхийлэн мэдүүлэг өгөхөөс татгалзаж оролцсон байдал зэргээс үзэхэд түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хохирогч А.Амарбатын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******гийн эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол бага, хор уршгийн шинж чанар байхгүй, өрх толгойлсон ганц бие эх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******-г “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ