| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ын ********д холбогдох эрүүгийн 2127000000066 дугаар хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******** тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, ******** тоотод тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ын ******** /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хохирогч ******** нь АЗО маркийн гар утсаа гээгдүүлснийг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч ********т 607,050 төгрөгний буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч ********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт байх Хүнс барааны захад байх цайны газар орчхоод тэндээсээ гараад Эрдэнэ-Арвижих нэртэй хүнсний дэлгүүрээр ороод эд зүйл авчхаад шууд гэр рүүгээ харьсан. Гэртээ очиход өөрийн машинаа янзлаад дуусаад утсаа үзтэл утас байхгүй байсан. Би өөрийн дугаар руу залгасан чинь дуудлага хүлээн авах боломжтой байсан. 1 цаг орчмын дараа миний дугаар дуудлага хүлээн авах боломжгүй болсон. Би маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хархорин сум дахь Мобикомын салбар орж өөрийн сим картаа сэргээлгэх гэж орсон юм. Мобикомоос өөрийн дугаарын биллийг авч үзэхэд миний дугаараас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагт 5 удаа нэгж шилжүүлсэн байсан. ...Би өөрийн гар утсаа 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод байх гар утас худалдан борлуулдаг Тэди төвийн 2 давхрын 25 дугаар павилон 8 дугаар лангуунаас 630,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж аваад 3 хоноод алга болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Алдсан утсаа олоод авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ӨХЦ21-14 тоот дүгнэлтэд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны зах зээлийн үнэлгээгээр 607,050 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-36-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хохирогч ******** нь АЗО маркийн гар утсаа гээгдүүлснийг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч ********т 607,050 төгрөгний буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч ********ийн мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********гийн мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №ӨХЦ21-14 тоот дүгнэлт /хх-ийн 34-36-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5-р хуудас/ зэрэг яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********гийн 2021 оны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хохирогч ******** нь АЗО маркийн гар утсаа гээгдүүлснийг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч ********т 607,050 төгрөгний буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийн завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулж, өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч ********д 450,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч ********д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч ******** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн тул түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ********гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч ********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ын ********г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ын ********г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. .
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН