Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

          Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

          Улсын яллагч: Д.Алимаа,

          Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********гийн ********д холбогдох эрүүгийн 2127001500049 дугаар хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хужирт сумын ********д ******** ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ******** тоотод оршин суух хаягтай одоо Өвөрхангай аймгийн Хужирт сумын ********ын ********д оршин суудаг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, ******** овгийн ********гийн ******** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ********ын амрагчдад зориулсан боорцог, төмс чанадаг тогооны араа нь 2013 онд эвдэрснийг мэдсээр байж засаагүй буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус байгууллагад ажиллаж байсан ******** 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр амрагчдад зориулсан боорцог чанаж байх үед халуун тостой тогоо холбирч түлэгдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

          Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тогоог эвдсэнийг 2013 оноос хойш мэдэж байсан. Тогооч ******** болон тогооч нарт тогоог нам тогтоогоод өгье гэсэн чинь яахын юм асгаж баривал хэцүү гэж байхаар нь модоор тогоог эвсэн. Тухайн үед би ажил дээрээ байгаагүй. Улаанбаатар хотод ажлаар явж байсан. Манай захирал байсан. Харамсалтай юм болсон талаар хүний нөөцийн менежер ******** надад хэлэхээр би мэдсэн. Миний хариуцлагагүйгээр болсон байх. ********ээс уучлалт гуйсан. Хохирогч ******** надаас анх 50,000,000 төгрөг нэхэмжлэхэд би тийм боломж байхгүй гэж хэлээд өмгөөлөгчтэй нь ярилцаж байгаад 10,000,000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Ажилчдын аюулгүй байдлыг ажил олгогч хариуцах ёстой гэв.

 

          Хохирогч ********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 12 цагаас 12 цаг 20 минутын хооронд өөрийн ажил болох ******** сувиллын гал тогооны гурил зуурдаг, боорцог болон төмс шардаг өрөөнд боорцог хайрч байгаад гаргах болж байх үед гэнэт халуун тостой тогоо маань хөмрөөд тос нь асгарсан. Би хаалга руу шууд явсан тэр үед миний хоёр хөл шагайнаас доошоо түлэгдсэн мөн баруун хөлийн ар тал шилбэ түлэгдсэн.... Намайг анх орж байхад энэ тогоо байсан. Тогооны нэг тал нь халдаггүй учир байнга боорцгоо эргүүлдэг. Уг тогоог унагаахгүй тулд модоор тулдаг байсан. 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уг мод нь унаснаас тогоо хөмөрч миний биед гэмтэл учруулсан. Тогоог тогтоох зориулалттай араа шүд гэж байдаг тэр нь эвдэрсэн байсан. Би энэ тогоог янзлахгүй бол болохгүй байна гэж байнга хэлж, энэ талаараа олон удаа сануулж хэлж байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тухайн ******** сувилал надад хохирол төлбөр болох 10,000,000 төгрөгийг өгөхөөр болсон” гэсэн мэдүүлэг /хх 29-34 дүгээр хуудас/,

 

          Гэрч ********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг тогоо нь 2 дугаар хоолны тогоо байгаа юм. Уг тогоон дээр шарах, хайрах зүйлийг хийх зориулалттай тогоо юм. Тэр тогоонд манай амралтын 2 давхарт 2 дугаар хоолоо хийдэг байсан. Тэгээд 2013 онд 2 дугаар хоолны шинэ тогоо аваад хуучин тогоогоо доош нь 1 давхар руу оруулж байсан юм. Уг тогооны араа дамжуулагч нь 2013 онд нэг давхар руу буулгаж байх үед эвдэрсэн. Тэгээд нэг давхарт оруулаад тавихдаа модон хөл хийж тавьсан юм. Тэр даруйдаа би ******** захиралд хэлж тэр тогоонд модон хөл хийж өгсөн. Жилийн эцсийн тоног төхөөрөмжийн захиалгаар удаа дараа тогоогоо солих талаар саналаа хүргүүлдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх 38-39 дүгээр хуудас/,

         

          Гэрч ********ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчим сольсон. ******** сувиллын ******** ********ын хэлснээр сольсон. Ямар ч хөдөлгөөнгүй байдлаар хөл хийгээдэх гэж ******** захирал хэлсэн. Би тэгээд угольник 5-ын өргөнтэй төмрөөр араам зангидаж хөл хийсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 42 дугаар хуудас/,

 

          Гэрч ********ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг тогоон дээр би хааяа төмс шардаг юм. Уг тогооны араа нь эвдрээд эргүүлж болохгүй болчихсон тогооны доор 4 хөлтэй А маягийн мод эвдэг байсан” /хх 44 дүгээр хуудас/,

         

          Гэрч ********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг тогооны зориулалт нь хагас эргэж дотор чанаж, хайрсан боорцог, төмсөө авах зориулалттай тогоо. Араа шүд, маниул нь эвдэрснээс болж эргэхээ больсон, бид хэд уудалж авдаг байсан” /хх 46 дугаар хуудас/,

          Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10009 тоот дүгнэлтэд “1.********ийн биед баруун, зүүн тавхай, шилбэний доод хэсэг, баруун шилбэний дээд хэсгийн 3а, б зэргийн бүх биеийн 6-8 хувийг хамарсан түлэнхийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 62-63 дугаар хуудас/,

 

          Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаар дүгнэлтэд “...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна. ******** сувилал ХХК-ий гүйцэтгэх захирлын баталсан “******** сувилал ХХК-ий аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3 дахь хэсэгт “ажил олгогч таны ажлын байрны эрүүл ахуй аюулгүй орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй.” 14 дэх хэсэгт аюултай нөхцөлд байгаа болон ажиллаж байгаа ажилтныг зогсоох хэрэв боломжтой бол холбогдох албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасныг ажил олгогч зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /хх 71-75 дугаар хуудас/,

 

          Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №02 дугаар дүгнэлтэд “******** сувилал ХХК-ий хоол үйлдвэрлэлийн тасагт ашиглагдаж байсан 2 дугаар хоолны тогоог 2013 оноос боорцог чанаж, төмс шарах зориулалтаар ашиглаж байсан ба уг тогооны эргүүлэх механизм ажилладаггүй, хөдөлгөөнгүй суурилагдсан хөлгүй байсан тул модоор тулж /мод ивж/ ашиглаж байсан нь тоног төхөөрөмжийн аюулгүй байдал хангагдаагүй байна. Энэ нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байна”...   ” гэсэн дүгнэлт /хх 82-87 дугаар хуудас/,        

        

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 22 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 233 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” сувиллын амрагчдад зориулсан боорцог, төмс чанадаг тогооны араа нь 2013 онд эвдэрснийг мэдсээр байж засаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус байгууллагад ажиллаж байсан ******** 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр амрагчдад зориулсан боорцог чанаж байх үед халуун тостой тогоо холбирч түлэгдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ********, гэрч ********, ********, ********, ******** нарын мэдүүлэг, Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10009 тоот дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №02 дугаар дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

          Шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10009 тоот дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №02 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

         

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

         

          Шүүгдэгч ******** нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “******** сувилал” ХХК-ийн захирлын 72а дугаартай тушаалаар ХАБЭА хариуцсан зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********ыг  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

          Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

         

          Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч ********д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          Хохирогч ********т гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10,000,000 төгрөгийг аж ахуйн нэгж болон иргэний зүгээс төлж барагдуулсан, хохирогч хэргийн материалтай танилцахдаа болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

          Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

 

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч ********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** овгийн ********гийн ********ыг хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

          2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. . 

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ЭНХ-АМГАЛАН