| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/60 |
| Огноо | 2021-08-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/60
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ийн ********д холбогдох 2127000560060 тоот хэргийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ийн ******** /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Хойд агуйт" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 10 см урттай 14 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ******** улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Би 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аавдаа түлээ бэлдэж өгөх зорилгоор Бат-Өлзий сумын Агуйт гэх газраас мөчир ачиж явж байхад унасан мод байхаар нь ачсан” гэв.
Иргэний нэхэмжлэгч ********ын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...******** нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй... ******** нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан торгуулийн мөнгийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-р хуудас/,
Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №19 дугаартай дүгнэлтэд “.....Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 2 м 10 см урт 14 ширхэг мод нь “шинэс” төрлийн унанги хуурай мод байна... Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтанд заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоометр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 168,655 төгрөг, нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 333,936 төгрөг...” гэх /хх-ийн 17-18-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, модон үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-12-р хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын улсын байцаагчийн акт /хх-ийн 21-р хуудас/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас хуудас/,
-Хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 71-80-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Хойд агуйт" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 10 см урттай 14 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ******** улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч ********ын мэдүүлэг /хх 60 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №19 дугаартай дүгнэлт /хх 17-18 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, модон үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-12 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын улсын байцаагчийн акт /хх-ийн 21 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 71-80 дугаар хуудас/ шүүгдэгч ********ийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон улаан өнгийн төмөр бариултай гар хөрөөг хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 27, 56 дугаар хуудас/, Бат-Өлзий сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15/04/336/08 дугаартай “ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөн төлбөр ногдуулах тухай” акт /хх 21 дүгээр хуудас/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.
Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ******** зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 333,936х3=1,001,808 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч ********ээс 1,001,808 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын /100100351404/ дансанд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан байдаг. Шүүгдэгч ********ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл нь хөрөнгийн үнэлгээний газраар үнэлэгдэхдээ 1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нөхөн тооцож өгнө үү” гэж санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор заасан тул өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч ********ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** Портер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч ********ийн өмчлөлд байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******** Портер маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох,
шүүгдэгч ********ийн бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 14 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********ийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ийн ********ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч ********ийн эзэмшлийн ******** улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг улсын орлого болгох,
шүүгдэгчийн бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 14 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
5.Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ээс 1,001,808 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын /100100351404/ дансанд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН