Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0380

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.С

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/261 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0323 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Гуравдагч этгээд “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2022/0771/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/261 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0323 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/261 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Б.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

-Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн. Шүүх үйл баримтыг үнэлэхдээ “сонсох ажиллагаа явуулсан” гэж буруу дүгнэсэн.

-Нэхэмжлэгч талаас хариуцагчийг байлцуулан шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтэй байхад хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан зарчмыг зөрчсөн

-Нэхэмжлэгч  тал газрын төлбөрөө цаг тухайд нь төлж барагдуулж байсан болохоо нотолж газрын албанаас газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг шүүхэд өгсөн. Уг баримтаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 6.548.416 төгрөг байна гэдгийг шүүх буруу ойлгож дүгнэлт хийсэн,...мөн нэхэмжлэгч тал гарын үсэг зураагүй актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

-Шүүхийн шийдвэрт “Э” ХХК-ний эзэмшиж байсан газар нь хурдны замын трасс бүхий газартай давхцалтай болох нь...тогтоогдож байх тул ... газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэх боломжгүй...“ хэмээн талуудын хооронд маргаагүй, огт дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж, хариуцагч байгууллагын маргаан бүхий захирамжид байхгүй үндэслэлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшилд олгогдсон газрууд нь өөр хоорондоо давхцалгүй байхад шүүгч сайн дураараа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн.

-Шүүх маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т огт дүгнэлт хийгээгүй. Энэ хуулийн заалтад хамаарах зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байхыг ойлгох ба нэхэмжлэгчээс хуулийг удаа дараа, ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй.

-Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийн хавсралт дахь зөрүү нь “техникийн шинжтэй алдаа” гэж үзэхээр байна гэж илт хариуцагч талд ашигтайгаар шийдвэр гаргасан. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнх 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

              4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хүлээж авснаа хүлээн зөвшөөрсөн. Газрын төлбөрийн хувьд нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтаст хэргийн 37, 38 дугаар талд авагдсан гэрээний үүргээ зөрчиж 2018, 2019 оны газрын төлбөрөө төлөөгүй нь 2 дахь хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Сонсох ажиллагааны хувьд нэхэмжлэгч мэдэгдлийг гардаж авч байх хугацаанд газрын байцаагчаас “өөр газар зааж өгье” гээд 2 удаа явсан боловч “нүхтэй байна, шороотой байна” гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс эвлэрэх боломжтой, холбогдох эрх бүхий хүмүүстэй нь холбоод өгье гээд газар зохион байгуулагчтай нь холбож өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

5. Гуравдагч этгээд “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Я ХХК-ийн газар эзэмших эрх нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгагдсан. 5000 га газрыг манайх анх эзэмшиж байхад хурдны замын төлөвлөлтөд орсон үндэслэлээр 1.5 га газрыг хассан. Энэ талаар Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгчийн захирамж байгаа. Эвлэрэхдээ газрыг тухайн үед чөлөөлж өгөхөөр тохирсон тул бид өдийг хүртэл хашаалж ирсэн. 2021 онд нэхэмжлэгч талд газрыг эзэмшүүлэхээр болсныг мэдсэн. Ингээд бид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Үүний дагуу сонсох ажиллагаа явагдсан. 2021 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б, Л, нэхэмжлэгч О, миний бие оролцоод сонсох ажиллагаа явагдсан” гэв.

 

ХЯНАВАЛ

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэж, “Э” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/261 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/516 дугаар захирамжаар “Э” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн нутаг дэвсгэрт 14628 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон байх боловч мөн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд шүүх хүчингүй болгох үндэслэлгүй байна.

3.2. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон “Э” ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3-т “газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Улаанбаатар банкны *** тоот дансанд шилжүүлж байна”, 2.4-т “газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно, 4.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэж тус тус заасан, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 620200384 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “2018 оны 4 дүгээр улирлын гэрээгээр 803,935 төгрөг, 2019 оны гэрээгээр 5.232.886, 2021 оны гэрээгээр 5.232.886, нийт 4.910.703 төгрөгийн үлдэгдэлтэй” гэж дүгнэгдсэн байх тул анхан шатны шүүх “...  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 ... 40.1.6 ... заалтууд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тус тусдаа бие даасан үндэслэл тул аль нэг үндэслэл бий болсон нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болно ... хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд... байх тул анхан шатны шүүх “нэхэмжлэгч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдож байна“ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

3.3. Түүнчлэн анхан шатны шүүх “... “Э” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Э” ХХК нь эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл нь тус хуулийн этгээдээс үл хамаарсан буюу “Я” ХХК хашаалж газрыг чөлөөлөхөөс татгалзсан, мөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газраа ашиглах боломжгүй байсан байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл бүрдээгүй байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч энэ үндэслэл дангаараа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохооргүй байна.

              3.4. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Я” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 205 дугаар захирамжаар 50.000 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгосон байх боловч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/267 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг “Я” ХХК эс зөвшөөрч шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж маргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулснаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн  2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 42 дугаар захирамжаар “... 2020-2030 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шунхлай шатахуун агуулахын баруун талд орших  нэгж талбарын 1863130780**** дугаар бүхий 50.000 м.кв талбайтай, 2008 онд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгогдсон нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээгүүр дайран өнгөрөх 190м урт, 80м өргөн нийт 15.200 мкв хурдны зам барих талбайг тухайн үед чөлөөлөх үүрэг хүлээж” нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

              3.5. Гэтэл  хариуцагч нь тухайн үед хурдны зам барих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Я” ХХК-д эзэмшүүлэх боломжгүй хэмээн үзэж байсан газрыг нэхэмжлэгч “Э” ХХК-д 2018 онд эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан газрын талаар төрөөс баримтлах зарчимд нийцээгүй, анхан шатны шүүх “... 2013 онд хурдны зам барихаар төлөвлөгдсөн газарт хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь “Э” ХХК-д 2018 онд газар эзэмших эрх олгосон, улмаар 2022 онд хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан “зам баригдах тохиолдолд нөхөн олговор авах эрх үүснэ” гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байна.

              3.6. Хэдийгээр гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж буй газартай нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар давхцалтай гэж үзэх үндэслэлгүй байх боловч хариуцагч нь уг газрын анхны эзэмшигч болох “Я” ХХК-д “Нийслэл Улаанбаатар хотыг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх, батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан” гэсэн үндэслэлээр түүний эзэмшлийн ... нийт 15.200 мкв талбайг хурдны зам барих тухайн үед чөлөөлөх үүрэг хүлээлгэсэн, газрыг уг хэмжээгээр багасгаж эзэмшүүлсэн атлаа тус газрыг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/516 дугаар захирамжаар “Э” ХХК-д аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь  дээр дурдсан газрын талаар төрөөс баримтлах газрыг эзэмшүүлэхэд тэгш байдал, шударга ёсыг хангах зарчимд нийцээгүй, өмнө дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар өмнө нь “Я” ХХК-д 50000 м.кв газар эзэмшүүлж байсан, улмаар 15200 м.кв газрыг нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн дагуу хурдын зам баригдах үед чөлөөлж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх уг гэрээг баталсан, улмаар тус компанид хурдын зам төлөвлөгдсөн газрыг хасч эзэмшүүлсэн үйл баримт нь тус хэргийн үйл баримтад хамааралтай байх тул нэхэмжлэгчийн “... Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшилд олгогдсон газрууд нь өөр хоорондоо давхцалгүй байхад шүүгч сайн дураараа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн” гэсэн үндэслэлээр “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

              3.7. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “сонсох ажиллагааны хувьд нэхэмжлэгч мэдэгдлийг гардаж авч байхдаа газрын байцаагч нь өөр газар зааж өгье гээд 2 удаа явсан боловч “нүхтэй байна, шороотой байна” гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс эвлэрэх боломжтой, холбогдох эрх бүхий хүмүүстэй нь холбоод өгье гээд газар зохион байгуулагчтай нь холбож өгсөн” гэсэн тайлбар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ”... 2021 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б, Л нэхэмжлэгч О, миний бие оролцоод сонсох ажиллагаа явагдсан” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд “сонсох ажиллагаа явуулаагүй” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “... шүүх ... сонсох ажиллагаа явуулсан гэж буруу дүгнэсэн” гэж гомдсон нь үндэслэлгүй байна.

3.8.  Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Засаг даргын 2018 оны А/516 дугаар захирамж бүхий газрын Газар баталгаажилтын хувийн хэрэгт хадгалагдаж буй маргаан бүхий А/261 дүгээр захирамжийн хавсралт зөрүүтэй нь илэрхий, үг, үсгийн  алдаатай болох нь ямар нэгэн нэмэлт тайлбар, баримтын шаардлагагүйгээр тодорхой байх тул анхан шатны шүүх “техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүйн дээр хариуцагчаас уг алдааг засаж зөвтгөх боломжтой, мөн шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай” тухай саналыг хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасантай нийцсэн, маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон ч нэхэмжлэгчид хамаарах хавсралтад тодорхой хуулийн заалт тусгагдаагүй, хариуцагчийн тайлбарт үндэслэн шүүх нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байх тул эдгээр үндэслэлд хамаарах нэхэмжлэгч талын давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ