| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0050/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-08-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч ********ын өмгөөлөгч С.Давааравдан,
Шүүгдэгч ********ы өмгөөлөгч З.Жадамба,
Хохирогч ********,
Шүүгдэгч ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ы ********,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********гийн ******** нарт холбогдох эрүүгийн 2027000550047 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 3 дугаар хэсэг ******** хотхон Зайсангийн ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ы ******** /РД:********/,
2. Монгол Улсын иргэн, 1952 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 69 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********гийн ******** /РД: ********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь Солонгос улс руу хүүхдүүдийг явуулж өгнө гэж хуурч 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт оршин суух ********гаас 6,800,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн ********оос 14,200,000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Хотонт суманд оршин суух хаягтай ********ээс 6,800,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
шүүгдэгч ******** нь 2019 оны 02 дугаар сард манай хүү ******** нь Солонгос улс руу хүүхэд явуулж өгнө шүү гэж иргэн ********ийн хадам аав, ээж, нарт хэлж тэдэнд итгэл үнэмшил төрүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ********ыг залилах гэмт хэрэг үйлдэхэд нь санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2,300,000 төгрөгийн барьцаанд тавьсан хашаа байшингаа чөлөөлүүлж зараад өөрийн хүү ********ын залилж авсан мөнгөтэй хамт буцааж өгье гэж хуурч мэхлэн 2,300,000 авсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээжийгээ энэ хэрэгт холбогдуулсан асуудал дээр ярих гэсэн юм. Хашаа байшинг барьцаанд тавьсан гэдгийг би ********ыг гуйгаад ээжийн хашаа байшинг барьцаанд тавиад өг би ээжээс зөвшөөрлийг нь авсан гэж хэлсэн. Тэгээд 2,300,000 төгрөгийн асуудал гарсан. 2,300,000 төгрөгийг би төлөх ёстой мөнгө байсан. Би ********т өрөндөө хашаа байшин авчих би ээжтэй тохиролцсон гэхэд тэгье гээд ******** худалдаж авсан. Сүүлдээ ******** авахаа болилоо бэлэн мөнгөө авъя гэхээр нь ээжийг хашаа байшин зарна гээд зар тавиад зараад өгчих би бэлэн мөнгөөр нь хохирлыг барагдуулахыг бодъё гэсэн. Ээж надад хашаа байшингаа зараад 15,000,000 төгрөгийг надад бүгдийг нь шилжүүлсэн. ********т мөнгө өгөөгүй. Ээж энэ хэрэгт холбоогүй. ********оос яагаад ээжийг энэ хэрэгт холбогдуулж байгаа юм гэхэд нутагтаа байгаа хүнээ барина гэж бодоо л ийм үйлдэл гаргасан. Ээжийг чинь буруутгая гэж анхнаасаа санаагүй гэж ийм зүйл ярьдаг” гэв.
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд хашаа байшин барьсан. Тэр хашаа байшинг ******** эхнэртэйгээ ирж худалдаж авна ********той тохирсон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь хашаа байшингийн бичиг баримт байхгүй. ********, ********ад өгсөн байх асуугаарай гэж хэлсэн. Манай хашаа байшинг худалдаж авах зорилгоор барьцаанаас чөлөөлж бичиг баримт авсан. Тэгээд чөлөөлж авсны дараа танай байшинг авахгүй гээд надад хашаа байшингийн бичиг баримт өгөөгүй. Би хоёр хөгшинд юм яриад явсан зүйл байхгүй. Хоёр хөгшин амьд байсан бол бид хэдийг эвлэрүүлэхийг бодно. Өдий наслахдаа би ийм зүйлд холбогдож үзээгүй. Удам угсаандаа муухай зүйл болж байна. ******** болон эхнэр нь ингэж худлаа ярьж болохгүй. ********ийн эхнэрийн ахыг би хашаа байшиндаа бүтэн жил амьдруулсан. Хужирт суманд ер нь бол байдаггүй байсан. Даралт их ихэсдэг бие муутай болохоор Улаанбаатар хотод хүүхдүүдийнхээ хажууд байдаг. Ломбарднаас хашаа байшингаа чөлөөлж авчхаад тэр дор нь ******** эгчээ миний нэр нь дээр болгоод өгчих гэсэн бол би үгүй гэхгүй. Би хоёр хөгшинд миний хүүхэд Солонгос гаргаж байгаа гэж хэлсэн зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хүүхэд Солонгос улс гаргана гэхээр нь утсаар яриад 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 6,800,000 төгрөгийг ********ын данс руу шилжүүлсэн. Одоо хүртэл хохирол барагдуулаагүй, хохирлоо гаргуулж авмаар байна” гэв.
Хохирогч ********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сард манай төрлийн /манай эхнэртэй төрөл гэх залуу/ ******** гэх залуу надтай утсаар яриад танай 3 хүүхдийг Солонгос гаргаад өгье. Ямар ч асуудал байхгүй. Визний хураамж хүн тус бүр 800,000 төгрөг 3 хүний 2,400,000 төгрөгийг 2 дугаар сарын сүүлээр шилжүүлсэн. Танай нэг хүүхдийг 6,000,000 төгрөгөөр 3 хүн нийлээд 18,000,000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь хэсэг хэсгээр нь шилжүүлсэн 14,200,000 төгрөг шилжүүлсэн....******** нь 2019 оны 08 дугаар сард холбогдсон түүнээс хойш яриагүй” гэсэн мэдүүлэг /1 хх 188-194 дүгээр хуудас/,
Хохирогч ********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн төрсөн дүү болох ********той уулзахад манай дүү надад хуучлахдаа “манай хоёр хүүхэд болох ********, ******** нарыг манай эхнэрийн талын хамаатан болох ******** гэх залуу нь Солонгос улс руу 3 жилийн гэрээгээр ажиллуулахаар гаргаж өгөхөөр болсон тэгээд эхний ээлжинд Солонгос улс руу визэнд хамрагдах нэрс бүртгэхэд 1 хүний 800,000 төгрөг хэрэгтэй гэж хуучилж байсан тэгэхээр нь тухайн хүнээс ямар учиртай зүйл болохыг тодруулах зорилгоор өөрийн дүүгээсээ ********ын дугаарыг авсан. ...Түүнээс 20 гаруй хоногийн дараа ******** нь над руу залгаад эхний ээлжинд хийгдэх бүртгүүлэх, шалгалт шүүлэг зохицуулсан, одоо визний мөнгө, нислэг өнөө маргаашгүй охин чинь Солонгос явахаар болсон. Тиймээс мөнгө яг одоо шилжүүлээдэх гэж ярьсан, тэгээд би түүнд үлдэгдэл болох 6,800,000 төгрөгийг явуулсан. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр би ******** руу залгаад өөрийн охины асуудал юу болж байгаа талаар тодруулахад эхний ээлжийн ажилчдын хариу 5 юм уу 6 сард Солонгос улсаас ирэхээр болсон хариуг нь ирэхээр л шууд гарна гэсэн түүнээс хойш би 5, 6 саруудад дахиж ярихад мөн л өмнөх шигээ хариу нь ирж байгаа хүлээж бай л гэж байсан. Тэгж байгаад 2019 оны 06 дугаар сарын сүүлээр түүний утас нь холбогдохгүй болж сураг тасарсан бөгөөд одоо болтол холбогдож чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Түүнд залилуулсан 6,800,000 төгрөгөө нэхэмжилж байна мөн гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /1 хх 227-231 дүгээр хуудас/,
Хохирогч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би маргааш өдөр нь тэр хүний дугаар руу залгаад Солонгос улс руу гаргаж байгаа юм уу гэж асуусан чинь болноо болно мөнгөө бэлдчих гэж надад хэлсэн. Тэгээд 4 дүгээр сарын 29-ний өдөр байх над руу залгаад маргаашийн дотор хурдан мөнгөө хий хоцрох гээд байна гээд ууртай залгасан. Тэр оройдоо би өөрийн ...тоот данснаас ... тоот данс руу 6,800,000 төгрөг явуулсан. ...08 дугаар сарын сүүлээр ******** дугаарын утас руу залгаж ярихад маргааш гэхэд хариу ирнэ болохгүй бол буцааж мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаа ч авахгүй холбоогүй болсоор өдийг хүрсэн” гэсэн мэдүүлэг /1 хх 37-44 дүгээр хуудас/,
Гэрч ********гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөхөр бид хоёр том охин ********гээ Солонгос улс руу гаргаж ажил хийлгүүлэх гээд эртнээс судалж байсан юм. Манай аав, ээж хоёр ч энэ талаар мэдэж байгаа тэгээд нэг өдөр манай аав, ээж хоёр гэртээ байж байхад нь ********ын ээж манай аав, ээжийн хоёрын гэрт очоод манай хүү ******** Солонгос улс руу хүүхэд гаргана шүү гэж хэлсэн гэж надад манай аав хэлсэн. Тэгэхээр нь ********ын ээжээс утсыг нь аваад түүнтэй холбогдсон. ...******** гэх хүн Хужирт суманд байхдаа манай аав, ээжийн гэрээр байнга орж гардаг байсан. Тэгээд нэг өдөр орохдоо л манай том охин Солонгос гарсан гэж манай аав, ээж хоёрт хэлсэн байсан. Тэгж хэлснийхээ дараа ******** гэх хүн манай аав, ээжийн гэрээр ороод гарахдаа манай хүү Солонгос улс руу 3 жилийн гэрээгээр хүн гаргаж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэрнээс л бүх зүйл эхэлж хүмүүс мөнгө төгрөгөө итгээд шилжүүлж эхэлсэн” гэсэн мэдүүлэг /1 хх 45 дугаар хуудас, 1 хх 195-196 дугаар хуудас/,
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Одоо бараг 2 жил болсон байх. Ямар ч байсан хашаа байшингийнхаа гэрчилгээг надад 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьж байсан. Тэгээд буцаагаад авахдаа ******** надаас барьцааных нь мөнгийг өгөөд гэрчилгээг нь аваад явсан....Үгүй би мөнгө зээлдэггүй, ******** гээд эгчтэй нэг хашаанд байдаг ******** гээд хүн гуйгаад байхаар нь зээлж байсан юм” гэсэн мэдүүлэг /1 хх 244 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 22 дугаар хуудас/,
- Хохирогч ********, ********, ******** нарын банкны дансны хуулгууд /1 хх 34, 198-202 дугаар хуудас/,
- Хаан банкны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 210 тоот албан бичиг /1 хх 224 дүгээр хуудас/,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/170 дугаар “Хэргийг буцаах тухай” захирамж /3 хх 41-43 дугаар хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 223, 226 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч ********, ******** нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******** нь Солонгос улс гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт оршин суух ********гаас 6,800,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн ********оос 14,200,000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын эхээр ********ээс 6,800,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан гэмт хэргийг,
шүүгдэгч ******** нь 2019 оны 02 дугаар сард манай хүү ******** нь Солонгос улс руу хүүхэд явуулж өгнө шүү гэж иргэн ********ийн хадам аав, ээж, нарт хэлж тэдэнд итгэл үнэмшил төрүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ********ыг залилах гэмт хэрэг үйлдэхэд нь санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2,300,000 төгрөгийн барьцаанд тавьсан хашаа байшингаа чөлөөлүүлж зараад өөрийн хүү ********ын залилж авсан мөнгөтэй хамт буцааж өгье гэж хуурч мэхлэн 2,300,000 авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ********ийн өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сард манай төрлийн /манай эхнэртэй төрөл гэх залуу/ ******** гэх залуу надтай утсаар яриад танай 3 хүүхдийг Солонгос гаргаад өгье. Ямар ч асуудал байхгүй. Визний хураамж хүн тус бүр 800,000 төгрөг 3 хүний 2,400,000 төгрөгийг 2 дугаар сарын сүүлээр шилжүүлсэн. Танай нэг хүүхдийг 6 сая төгрөгөөр 3 хүн нийлээд 18,000,000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь хэсэг хэсгээр нь шилжүүлсэн 14,200,000 төгрөг шилжүүлсэн....******** нь 2019 оны 08 дугаар сард холбогдсон түүнээс хойш яриагүй” гэсэн мэдүүлэг /1 хх 188-194 дүгээр хуудас/,
хохирогч ********ын өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн төрсөн дүү болох ********той уулзахад манай дүү надад хуучлахдаа “манай хоёр хүүхэд болох ********, ******** нарыг манай эхнэрийн талын хамаатан болох ******** гэх залуу нь Солонгос улс руу 3 жилийн гэрээрээ ажиллуулахаар гаргаж өгөхөөр болсон тэгээд эхний ээлжинд Солонгос улс руу визэнд хамрагдах нэрс бүртгэхэд 1 хүний 800,000 төгрөг хэрэгтэй гэж хуучилж байсан тэгэхээр нь тухайн хүнээс ямар учиртай зүйл болохыг тодруулах зорилгоор өөрийн дүүгээсээ ********ын дугаарыг авсан. ...Түүнээс 20 гаруй хоногийн дараа ******** нь над руу залгаад эхний ээлжинд хийгдэх бүртгүүлэх, шалгалт шүүлэг зохицуулсан, одоо визний мөнгө, нислэг өнөө маргаашгүй охин чинь Солонгос явахаар болсон. Тиймээс мөнгө яг одоо шилжүүлээдэх гэж ярьсан, тэгээд би түүнд үлдэгдэл болох 6,800,000 төгрөгийг явуулсан. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр би ******** руу залгаад өөрийн охины асуудал юу болж байгаа талаар тодруулахад эхний ээлжийн ажилчдын хариу 5 юм уу 6 сард Солонгос улсаас ирэхээр болсон хариуг нь ирэхээр л шууд гарна гэсэн түүнээс хойш би 5, 6 саруудад дахиж ярихад мөн л өмнөх шигээ хариу нь ирж байгаа хүлээж бай л гэж байсан. Тэгж байгаад 2019 оны 06 дугаар сарын сүүлээр түүний утас нь холбогдохгүй болж сураг тасарсан бөгөөд одоо болтол холбогдож чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Түүнд залилуулсан 6,800,000 төгрөгөө нэхэмжилж байна мөн гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /1 хх 227-231 дүгээр хуудас/, хохирогч ********гийн өгсөн: “...Би маргааш өдөр нь тэр хүний дугаар руу залгаад Солонгос улс руу гаргаж байгаа юм уу гэж асуусан чинь болноо болно мөнгөө бэлдчих гэж надад хэлсэн. Тэгээд 4 дүгээр сарын 29-ны өдөр байх над руу залгаад маргаашийн дотор хурдан мөнгөө хий хоцрох гээд байна гээд ууртай залгасан. Тэр оройдоо би өөрийн ...тоот данснаас ... тоот данс руу 6,800,000 төгрөг явуулсан. ...08 дугаар сарын сүүлээр ******** дугаарын утас руу залгаж ярихад маргааш гэхэд хариу ирнэ болохгүй бол буцааж мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаа ч авахгүй холбоогүй болсоор өдийг хүрсэн” гэсэн мэдүүлэг /1 хх 37-44 дүгээр хуудас/, гэрч ********гийн өгсөн: “...Нөхөр бид хоёр том охин ********гээ Солонгос улс руу гаргаж ажил хийлгүүлэх гээд эртнээс судалж байсан юм. Манай аав, ээж хоёр ч энэ талаар мэдэж байгаа тэгээд нэг өдөр манай аав, ээж хоёр гэртээ байж байхад нь ********ын ээж манай аав, ээжийн хоёрын гэрт очоод манай хүү ******** Солонгос улс руу хүүхэд гаргана шүү гэж хэлсэн гэж надад манай аав хэлсэн. Тэгэхээр нь ********ын ээжээс утсыг нь аваад түүнтэй холбогдсон. ...******** гэх хүн Хужирт суманд байхдаа манай аав, ээжийн гэрээр байнга орж гардаг байсан. Тэгээд нэг өдөр орохдоо л манай том охин Солонгос гарсан гэж манай аав, ээж хоёрт хэлсэн байсан. Тэгж хэлснийхээ дараа ******** гэх хүн манай аав, ээжийн гэрээр ороод гарахдаа манай хүү Солонгос улс руу 3 жилийн гэрээгээр хүн гаргаж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэрнээс л бүх зүйл эхэлж хүмүүс мөнгө төгрөгөө итгээд шилжүүлж эхэлсэн” гэсэн мэдүүлэг /1 хх 45 дугаар хуудас, 1 хх 195-196 дугаар хуудас/, гэрч Должингийн өгсөн: “Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Одоо бараг 2 жил болсон байх. Ямар ч байсан хашаа байшингийнхаа гэрчилгээг надад 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьж байсан. Тэгээд буцаагаад авахдаа ******** надаас барьцааных нь мөнгийг өгөөд гэрчилгээг нь аваад явсан....Үгүй би мөнгө зээлдэггүй, ******** гээд эгчтэй нэг хашаанд байдаг ******** гээд хүн гуйгаад байхаар нь зээлж байсан юм” гэсэн мэдүүлэг /1 хх 244 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 22 дугаар хуудас/, хохирогч ********, ********, ******** нарын банкны дансны хуулбарууд /1 хх 34, 198-202 дугаар хуудас/, Хаан банкны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 210 тоот албан бичиг /1 хх 224 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/170 дугаар “Хэргийг буцаах тухай” захирамж /3 хх 41-43 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 223, 226 дугаар хуудас// болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч ********, ******** нар нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдыг төөрөгдөлд оруулж, залилан авсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилаж хохирогч нарт зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч ******** нь Солонгос улс гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт оршин суух ********гаас 6,800,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн ********оос 14,200,000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын эхээр ********ээс 6,800,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******** нь 2019 оны 02 дугаар сард манай хүү ******** нь Солонгос улс руу хүүхэд явуулж өгнө шүү гэж иргэн ********ийн хадам аав, ээж, нарт хэлж тэдэнд итгэл үнэмшил төрүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ********ыг залилах гэмт хэрэг үйлдэхэд нь санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2,300,000 төгрөгийн барьцаанд тавьсан хашаа байшингаа чөлөөлүүлж зараад өөрийн хүү ********ын залилж авсан мөнгөтэй хамт буцааж өгье гэж хуурч мэхлэн 2,300,000 авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгч ******** нь “манай хүү ******** нь Солонгос улс руу хүүхэд явуулж өгнө шүү” гэж хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ********ыг залилах гэмт хэрэг үйлдэхэд нь санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн үйлдэлд шүүгдэгч ********ын хамтран оролцсон үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнийг шүүгдэгч ********ы үйлдэлд хамтран оролцсоноор журамлан зүйлчлэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********, ******** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ********, ******** нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч ********, ******** нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******** нь хохирогч ********т 600,000 төгрөг төлсөн, шүүгдэгч ********, ******** нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт төлөхөө илэрхийлж шүүхэд бичгээр баталгаа гаргасан болно.
Иймд шүүгдэгч ********оос 6,800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой баг, Сайрын 13-13 тоотод оршин суух ******** /РД: МА70031800/-д, 6,800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хотонт сумын Орхон багт оршин суух ******** /РД:АМ68060513/-д, 13,600,000 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багт оршин суух, ******** /РД: МА72112112/-т тус тус олгох,
шүүгдэгч ********аас 2,300,000 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багт оршин суух, ******** /РД: МА72112112/-т тус тус олгох нь зүйтэй.
Хохирогч ******** нь 100,000 төгрөгийн бензины баримт гаргаж өгсөн бөгөөд тус баримт /1 хх 191/ он, сар өдөр нь уншигдахгүй, хэдийд бензин авсан тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.********, ******** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Л.********, ******** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөр торгох ял оногдуулах,
шүүгдэгч ********ын өмгөөлөгч “миний үйлчлүүлэгч ******** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зохицуулалт байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг дүйцүүлэн хэрэглэхээр манай үйлчлүүлэгч ********ын эрх зүйн байдлыг дордуулж байна. ******** нь Сүхбаатар аймагт уул уурхай хариуцсан захирлаар ажиллаж цалин, урамшууллаа авч хүмүүсийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, эрх хязгаарлах ял оногдуулах юм бол Улаанбаатар хотоос гаргахгүй, хохирол төлөгдөхгүй эрсдэл үүсээд байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан ял тэнсэж, хохирол төлөх боломжийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Улсын яллагчийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, өршөөлийн хууль хэрэглэхгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар тодорхой ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэх боломжтой, гэж үзэж байна. Эрх зүйн байдлыг дордуулахгүй хуулийг хэрэглэж өгнө үү гэсэн ялын санал,
шүүгдэгч ********ы өмгөөлөгч “улсын яллагч 800,000 төгрөгөөр торгох ял санал болгосныг дэмжиж байна” гэсэн ялын саналыг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч ********, ******** нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан
шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ********ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,
шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч ********ыг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
шүүгдэгч ******** шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
шүүгдэгч ********, ******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дугаар хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ы ********, шүүгдэгч ******** овгийн ********гийн ******** нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ы ********ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********гийн ********ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч ********, ******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч ********т 600,000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********аас 2,300,000 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багт оршин суух, ******** /РД:МА72112112/-т олгох,
шүүгдэгч ********оос 6,800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Сайрын 13-13 тоотод оршин суух ******** /РД:МА70031800/-д,
шүүгдэгч ********оос 6,800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хотонт сумын Орхон багт оршин суух ******** /РД:АМ68060513/-д,
шүүгдэгч ********оос 13,600,000 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багт оршин суух, ******** /РД:АМ72112112/ нарт тус тус олгосугай.
10.Хохирогч ******** нь 100,000 төгрөгийн бензины баримт гаргаж өгсөн бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН