Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/470

 

 

 

 

 

 

 

 

 

2021           08          18                                   2020/ШЦТ/470  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ялгасан овогт Н.Б-д холбогдох эрүүгийн 2111 0019 10549 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 18-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, ахын хамт, Завхан аймаг, Улиастай 3 дугаар баг Чингэстэй цэцэгт хонхор 2 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Я овогт Н.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чимэг төв”-ийн 507 тоотод HG томъёотой “Mercury”, Азотын хүчил гэх нэршилтэй химийн хорт болон аюултай бодис хууль бусаар хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-14-р хуудас/,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 15-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 26-р хуудас/,

Хохирогч Ц.Батжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хэрэгт хураагдсан эд зүйлүүдийн шинжилгээ хийлгэсэн дүгнэлтүүдтэй танилцлаа. Үүнд: 1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 969 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Сэнгүр гэх бичиглэлтэй 1, 2 гэсэн дугаартай савтай шингэн зүйлийг /H2O/ шинж чанараараа устай ижил байна гэсэн байна. 2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 971 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Нийслэл гэх бичиглэлтэй савтай шингэн зүйлийн /H2O/ шинж чанараараа устай ижил байна гэсэн байна. 3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 970 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ““КАО АЗОТ” Кислота акотная чда ГОСТ4461-77с изм 1, 2 Нетто 1.3 кг Партия 4 Дата 04.02.2020г Срок хранения 6 месс” гэсэн бичигтэй цагаан өнгийн 1 ширхэг хуванцар саванд дээрх хаяг нь шинж чанар болон урвалаар хүчтэй Азотын хүчил байгаа нь сав дээрх хаягтай тохирч байна. Азотын хүчил нь химийн хорт болон аюултай ангиллын бодисын ангилалд хамаарна гэсэн байна. Азотын хүчил нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас химийн хорт болон хорт бодисын тусгай зөвшөөрөл авдаг бодис юм. Тусгай зөвшөөрлийг иргэн аж ахуйн нэгжид олгодог юм. Манай байгууллагаас одоогийн байдлаар иргэнд Азотын хүчил ашиглах тусгай зөвшөөрөл олгогдож байсан тохиолдлыг мэдэхгүй байна. 4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 976 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1, 2, 3 гэсэн дугаарласан шороо мэт зүйлд шинжилгээ хийх 1 гэж дугаарласан шороо мэт зүйл нь Терби /Tb-51.4%/, Европий /Eu-23.7%/, Неодим /Nd-7.4%/, Кобальт /Co-11%/, Төмөр /Fe-6.0%/, 2 гэж дугаарласан шороо мэт зүйл нь Терби /Tb-55.4%/, Европий /Eu-27.3%/, Кобальт /Co-11.6%/, Төмөр /Fe-5.4%/, 3 гэж дугаарласан шороо мэт зүйл нь Терби /Tb-42.3%/, Европий /Eu-19.0%/, Неодим /Nd-4.4%/, Кобальт /Co-8.6%/, Төмөр /Fe-6.4%/, Титан /TI 18.9%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна гэж дүгнэлт гарсан байна. Энэ нь байгалийн эрдэстэй хүдэртэй шорооны найрлага байхаа. Энэ бол химийн аюултай бодис биш. Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12/21 дугаар албан бичгээр гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцахад, Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан цагаан өнгийн савтай дээжүүдийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэж бодис болохыг тодорхойллоо гэсэн байна. Мөнгөн усны олон улсын нэршил нь Mercury гэдэг уг бодисыг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт, “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн ус багтдаг. Олон улсын бүртгэлийн дугаар нь 7439-97-6. Мөнгөн усыг Монгол Улсад ашиглах зөвшөөрлийг олгодоггүй, зөвхөн судалгаа шинжилгээний байгууллага, лабораторид тусгай зөвшөөрлийг олгодог. Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 12/23 дугаар албан бичгээр гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцахад Шинжилгээнд ирүүлсэн “yuwell” гэсэн бичигтэй 1-26 хүртэл дугаарласан 26 ширхэг халуун хэмжигчийг шалгаж үзэхэд 8, 10, 20, 25 гэсэн дугаар бүхий халуун хэмжигчдийг шалгаж үзэхэд 8, 10, 20, 25 гэсэн дугаар бүхий халуун хэмжигчдийн үзүүр хагарч гадна савандаа мөнгөлөг өнгийн химийн бодис асгарчээ. Шинжилгээнд зориулан №17 гэж дугаарласан халууны хэмжигчдийг хагалж үзэхэд дээрх хагарсан халууны шилнүүдтэй адил мөнгөлөг өнгийн химийн бодис агуулагдаж байгаа нь тогтоогдов. Дээрх дээжүүдэд агуулагдаж байгаа мөнгөлөг өнгийн химийн бодисын физик химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэж бодис болохыг тодорхойллоо гэж дүгнэлт гарсан байна. Халуун хэмжигчийг халуун хэмждэг зорилгоос өөр хууль бус зүйлд ашиглаж болохгүй. Учир нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодис юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36-р хуудас/,

Гэрч О.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Н.Б хамтран амьдрагч Улаанаагийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Чимэг төвийн 507 тоотыг 4 сар орчмын өмнөөс түрээслэн амьдарч байгаа. Н.Б бид 2 амралтын өдрөөр хааяа уулзаж юм ярьж суудаг найзууд байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би урьд өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон бүх зүйлийг үнэн зөвөөр хэлж ярьсан учраас надад нэмж хэлж ярих зүйл байхгүй. ...би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 161-162-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрийн ашигладаг Н.Б Цоож гэх нэртэй фэйсбүүк цахим эртний эдлэл хуучин эд зүйл сонирхогчдын групп гэсэн фэйсбүүк пэйж хуудас руу орж мэдээлэл авах гэж байтал саарал ус байна гэсэн бичвэр нийтлэгдсэн байхаар нь би сэтгэгдэл хэсэгт өөрийн утасны дугаарыг үлдээсэн. Ингээд 2-3 хоногийн дараа миний өөрийн 65113046 гэсэн утасны дугаар луу нууцалсан дугаар 15-16 цагийн хооронд эрэгтэй хүн залгасан. Залгаад саарал ус байна авах уу гэж асуусан. Би авна гэж хариулсан. Тэгтэл надад бэлэн 1.000.000 төгрөгөөр 1кг-г зарна гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн эрэгтэй хүн надад та хаягаа өгчих би өөрөө явж очоод өгье гэж хэлэхээр нь өөрийн амьдарч байгаа хаяг болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Чимэг төв”-ийн 507 тоотын хаягыг өгсөн. Үүнээс 2-3 хоногийн дараа өөрийн гэртээ байж байтал 14 цагийн орчим манай хаалгыг хүн тогшихоор нь би онгойлготол саарал сеткэн малгайтай саарал сөдөр куртка, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар ботинк өмссөн 45 орчим насны дунд зэрэг нуруутай эрэгтэй хүн зосгож байсан. Тухайн хүн би утсаар ярьсан хүн байна гэж манай гэрт орж ирээд куртикныхээ энгэрийн карманаас гялгар ууттай 29 ширхэг халуун хэмжигч шил, 2 ширхэг бөөрөнхий саванд хийсэн 1 кг мөнгө усыг би зөрүүнд нь 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд тухайн хүн явж би авч ирсэн 29 ширхэг халуун хэмжигч шилнээс 3 ширхэг шилийг хагалж дотроос нь бага хэмжээний мөнгөн ус гарган авч fohow гэсэн саарал өнгийн тагтай саванд хийж дээрээс нь ус нэмж хийсэн. ...Чулууны алт барих зорилгоор авсан. Чулууны алт гэдэг нь алтыг боловсруулж авах үед боловсруулж авах боломжгүй жижиг хэмжээний алт үлддэг. Уг алтнуудыг мөнгөн ус ашиглан соронзоор соруулан ялгаж авахыг ишлик гэдэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,

Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн №12/23 тоот албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн “yuwell” гэсэн бичигтэй, зориулалтын саванд савлагдсан 26 ширхэг халуун хэмжигчийг ирүүлсэн бөгөөд халуун хэмжигч тус бүрийг 1-26 хүртэл дугаараар дугаарласан байна. Халуун хэмжигчдийг шалгаж үзэхэд 8, 10, 20, 25 гэсэн дугаар бүхий халуун хэмжигчдийн үзүүр нь хагарч, гадна  савандаа мөнгөлөг өнгийн химийн бодис асгарчээ. Шинжилгээнд №17 гэж дугаарласан халууны хэмжигчийг хагалж үзэхэд дээрх хагарсан халууны шилнүүдтэй адил мөнгөлөг өнгийн химийн бодис агуулагдаж байгаа нь тогтоогдов. Улмаар дээрх дээжүүдэд агуулагдаж байгаа мөнгөлөг өнгийн химийн бодисын физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодисыг болохыг тодорхойллоо. ...Мөнгөн усны олон улсын нэршил нь “Mercury” химийн томъёо – Hg бөгөөд шинжлэх ухааны нэр томъёонд түүнийг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилдаггүй болно. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн усыг улан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилаагүй байна. ...Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон химийн бодис юм.” гэх /хавтаст хэргийн 55-57-р хуудас/,

Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №12/21 тоот албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. ... 1. Цагаан өнгийн тагтай, тунгалаг шилэн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй химийн бодис. Савны гадна талд “1” гэж бичсэн цаас наасан. Өөр бичиг, тэмдэглэгээ байхгүй байна. Бохир жин 505.5 гр, цэвэр жин 495.1 гр, найрлага мөнгөн ус, нягт 13.54 г/мл, агууламж Hg 95%, 2. Цагаан өнгийн тагтай, тунгалаг шилэн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй химийн бодис. Савны гадна талд “2” гэж бичсэн цаас наасан. Өөр бичиг, тэмдэглэгээ байхгүй байна. Бохир жин 510.5 гр, цэвэр жин 500.2 гр, найрлага мөнгөн ус, нягт 13.54 г/мл, агууламж Hg 98%, 3. Саарал өнгийн тагтай “fohow” хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шилэн саванд мөнгөлөг өнгөтэй химийн бодис хийсэн байх бөгөөд түүнийг ууршихаас сэргийлж ус нэмсэн байна. Савны гадна талд “3” гэж бичсэн цаас наасан. Бохир жин 80.4 гр, цэвэр жин 22.7 гр, найрлага мөнгөн ус, нягт 13.54 г/мл, агууламж Hg 98%,  ...Мөнгөн усны олон улсын нэршил нь “Mercury” химийн томъёо – Hg бөгөөд шинжлэх ухааны нэр томъёонд түүнийг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилдаггүй болно. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн усыг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилаагүй байна. ...Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон химийн бодис юм” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-67-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 976 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 71-72-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 969 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 83-84-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 971 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 87-88-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 970 тоот дүгнэлт “... 1.Шинжилгээнд ирүүлсэн хурц үнэртэй pH-2-3 хүчтэй хүчиллэг орчинтой нитрат ион агуулсан шингэн байна. Эдгээр үзүүлэлт шинж, чанараараа азотын хүчилтэй - HNO3 ижил байна. Азотын хүчил нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарна. 2. ““КАО АЗОТ” Кислота акотная чда ГОСТ4461-77с изм 1, 2 Нетто 1.3 кг Партия 4 Дата 04.02.2020г Срок хранения 6 месс” гэсэн бичигтэй цагаан өнгийн 1 ширхэг хуванцар саванд дээрх хаяг нь шинж чанар болон урвалаар хүчтэй Азотын хүчил байгаа нь сав дээрх хаягтай тохирч байна.” /хавтаст хэргийн 79-80-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 93-127-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чимэг төв”-ийн 507 тоотод химийн үелэх системд Hg (hydrargyrum) гэж томъёлогдсон  “Mercury” гэх нэршилтэй шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар цагаан өнгийн тагтай, тунгалаг шилэн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй химийн бодис, бохир жин 505.5 гр, цэвэр жин 495.1 гр, цагаан өнгийн тагтай, тунгалаг шилэн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй химийн бодис, бохир жин 510.5 гр, цэвэр жин 500.2 гр, саарал өнгийн тагтай “fohow” хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шилэн савтай бохир жин 80.4 гр, цэвэр жин 22.7 гр мөнгөн ус,  азотын хүчил гэх нэршилтэй химийн үелэх системд HNO3 гэж томъёологдсон шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар ““КАО АЗОТ” Кислота акотная чда ГОСТ4461-77с изм 1, 2 Нетто 1.3 кг Партия 4 Дата 04.02.2020г Срок хранения 6 месс” гэсэн бичигтэй цагаан өнгийн 1 ширхэг хуванцар савтай pH-2-3 хүчтэй хүчиллэг орчинтой нитрат ион агуулсан шингэн азотын хүчил зэргийг хууль бусаар хадгалсан, алт угаах зорилгоор зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлт, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирогч Ц.Батжаргал, гэрч О.Нямсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг,  шүүгдэгч Н.Бийн мэдүүлгүүд, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн №12/23 тоот албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №12/21 тоот албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 976 тоот дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 969 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 971 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 970 тоот дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. 

Прокуророос шүүгдэгч Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинж нь Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 6 дугаарт Онцгой хортой, хүний биед био хуримтлал  үүсгэнэ. Мэдрэлийн систем, үр хөврөлд муугаар нөлөөлөх тул ашиглахыг хязгаарласан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 970 тоот дүгнэлтэнд зааснаар ...хурц үнэртэй pH-2-3 хүчтэй хүчиллэг орчинтой нитрат ион агуулсан шингэн байна. Эдгээр үзүүлэлт шинж, чанараараа азотын хүчилтэй - HNO3 ижил байна. Азотын хүчил нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарна гэж заасан бодисыг хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр хадгалж, алт угаахад ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, зориулалтын бусаар ашигласан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, нэхэмжилсэн зүйлгүйг дурьдав.

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Б-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №12/21 тоот албан бичигт тусгагдсан цагаан өнгийн тагтай, тунгалаг шилэн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй химийн бодис. Савны гадна талд “1” гэж бичсэн цаас наасан. Өөр бичиг, тэмдэглэгээ байхгүй байна. Бохир жин 505.5 гр, цэвэр жин 495.1 гр, цагаан өнгийн тагтай, тунгалаг шилэн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй химийн бодис. Савны гадна талд “2” гэж бичсэн цаас наасан. Өөр бичиг, тэмдэглэгээ байхгүй байна. Бохир жин 510.5 гр, цэвэр жин 500.2 гр, саарал өнгийн тагтай “fohow” хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шилэн савтай бохир жин 80.4 гр, цэвэр жин 22.7 гр мөнгөн ус, ““КАО АЗОТ” Кислота акотная чда ГОСТ4461-77с изм 1, 2 Нетто 1.3 кг Партия 4 Дата 04.02.2020г Срок хранения 6 месс” гэсэн бичигтэй цагаан өнгийн 1 ширхэг хуванцар савтай азотын хүчил, 1, 2, 3 гэж дугаарласан хэргийн газраас хураан авсан байгалийн эрдэстэй, хүдэртэй шороо нь тус тус Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн саналыг харгалзан мөнгөн ус, азотын хүчил зэрэг нь физик, химийн шинж чанар, хортой чанарыг харгалзан устгах нь байгаль, хүн, орчинд хохирол учруулж болзошгүй байх тул хэрэгцээний дагуу ашиглуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж, хэрэгцээний дагуу ашиглуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Я овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, зориулалтын бусаар ашигласан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Б-д сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн тагтай, тунгалаг шилэн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй химийн бодис. Савны гадна талд “1” гэж бичсэн цаас наасан. Өөр бичиг, тэмдэглэгээ байхгүй байна. Бохир жин 505.5 гр, цэвэр жин 495.1 гр, цагаан өнгийн тагтай, тунгалаг шилэн саванд хийсэн мөнгөлөг өнгөтэй химийн бодис. Савны гадна талд “2” гэж бичсэн цаас наасан. Өөр бичиг, тэмдэглэгээ байхгүй байна. Бохир жин 510.5 гр, цэвэр жин 500.2 гр, саарал өнгийн тагтай “fohow” хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шилэн савтай бохир жин 80.4 гр, цэвэр жин 22.7 гр мөнгөн ус, ““КАО АЗОТ” Кислота акотная чда ГОСТ4461-77с изм 1, 2 Нетто 1.3 кг Партия 4 Дата 04.02.2020г Срок хранения 6 месс” гэсэн бичигтэй цагаан өнгийн 1 ширхэг хуванцар савтай азотын хүчил, 1, 2, 3 гэж дугаарласан хэргийн газраас хураан авсан байгалийн эрдэстэй, хүдэртэй шороо нь тус тус Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгцээний дагуу ашиглуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР