Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 
2021 08 19 2021/ШЦТ/114 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд, Шүүгдэгч П.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.От холбогдох эрүүгийн 2119000000150 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, “Arch idea” ХХК-д архитектур ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 50 дугаар байрны 6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тугч овогт П.О Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч П.О нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 6 дугаар хэсэг 40 дүгээр байрны гадна талын зогсоолд 2021 оны 07дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө хохирогч Л.Түвшинжаргалын эзэмшлийн Land cruiser Prado маркийн 06-30 ДГО улсын дугаартай автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас 440,000 төгрөгийн хохирол, хохирогч З.Дашнямын Бэрс финанс ББСБ-ын эзэмшлийн Toyota prius маркийн 15-52 ДГС улсын дугаартай автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас 140,000 төгрөгийн хохирол, машины зогсоолд байсан хохирогч С.Төрболдын эзэмшлийн С.Ариунболдын өмчлөлийн Toyota prius 30 маркийн 41-71 ДГО улсын дугаартай автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би түр хугацаанд эхнэрээсээ тусдаа амьдарч байсан. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эхнэрээ хохирогч Төрболдтой хамт явж байхыг харсан. Тэгээд байгаа газар нь очиход Төрболдын машин гадаа нь байсан. Би явчих байх гэж бодоод нэг хэсэг явж байгаад шөнө ирэхэд Төрболдын машин гадаа нь байж байсан. Тэгээд гар утас руу нь залгаад байхад утсаа авахгүй, орцных нь кодыг мэдэхгүй орж чадахгүй байсан болохоор тэр үедээ бухимдаад Төрболдын машиныг болон хажуу талынх нь машинуудыг гэмтээсэн. Тэгээд холбогдож чадаагүй болохоор гэр лүүгээ харьсан. Ямар нэгэн шалтгаангүйгээр хажууд нь байсан машинуудыг эвдсэн ...” гэв. Хохирогч Л.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 06-30 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү очиход хаалганы шил нь хагарсан, баруун талын толь хагарчихсан, урд салхины шил хагарсан, арын суудал дээр байсан хүүхдийн скүүтэр, эхнэрийн нүдний шил байхгүй болчихсон байсан. Мөн миний машины хажуу талд байсан 2 машины гадна тал нь гэмтчихсэн байсан. Миний машины үнэлгээ 440,000 төгрөг, хүүхдийн скүүтэр 87,000 төгрөг, эхнэрийн нүдний шил 180,000 төгрөг, нийт 707,000 төгрөг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Хохирогч З.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 05 цагийн үед манай эхнэр Энхжин хүүхэд хөхүүлчихээд, шил хагарах чимээ сонссон байсан. Тэгээд өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад машиндаа суух гэтэл миний эзэмшлийн 15-52 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толь хагарсан, шил арчигчны баруун талыг аваад хаячихсан байдалтай байсан. Мөн хажуу талын Прадо маркийн машины шилийг хагалчихсан байсан. Миний машины үнэлгээ 140,000 төгрөг, үнэлгээний хөлс 29,000 төгрөг, нийт 169,000 төгрөг болсон. Хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 91 дүгээр хуудас/, Хохирогч С.Төрболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд найз Эрдэнэтуяагийн гэрт байхад байрны гадна 41-71 ДГО улсын дугаартай машины эзэн байна уу гээд хайгаад байхаар нь гарсан. Намайг гарахад миний машины баруун талын толь хагарсан, зүүн талын толины гадна хамгаалалт байхгүй болчихсон, урд талын салхины шил хагарчихсан, арын баруун талын хаалган дээр зурчихсан, хаалганы шил нь зурчихсан байсан. Тэгээд урд зогсож байсан Прадогийн шил хагарчихсан байсан. Миний машины үнэлгээ 1,020,000 төгрөг болсон. Хохирлыг бүрэн төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 62-63 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Мөнх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... З.Дашням нь өөрийн өмчлөлийн 15-52 ДГС улсын дугаартай, Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан, 2,500,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 4,9 хувийн хүүтэй барьцаанд тавьсан. Түүнээс хойш тухайн тээврийн хэрэгслийг “Бэрс финанс” ББСБ-ын өмчлөлд шилжүүлэн, эзэмшлийг З.Дашням ашиглаж байгаа. Сарын төлөлтийг дор бүр төлдөг. Манай байгууллагын хувьд ямар нэгэн гомдол байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, Шүүгдэгч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Манай эхнэр Эрдэнэтуяа бид хоёр 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш бага зэрэг маргааны улмаас тусдаа байх талаар ярилцаад тохиролцсон. Тэгээд манай эхнэр Сайншанд сумын 3 дугаар баг, 43 дугаар байрны 3 давхарт байр түрээсэлж амьдарч байгаа. Тухайн өдөр гадуур явж байхад Төрөө гэх залуугийн машинд манай эхнэр сууж явж байхыг харсан. Тэгээд орой нь эхнэрийнхээ амьдардаг байрны хажуугаар явж байгаад Төрөөгийн унаж байсан 41-71 ДГО улсын дугаартай, Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл эхнэрийн байрны урд байхыг харсан. Тэгээд манай эхнэртэй хамт байгаа юм байна гэж бодсон. Тухайн үед удахгүй явчих байх гэж бодоод гэр рүүгээ харьсан. Тэгээд гэртээ ороод зурагт үзээд нойр хүрэхгүй байхаар нь эхнэрийнхээ 89112423 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд байр руу нь явъя гэж бодоод гарсан. Намайг эхнэрийн байр руу очиход шөнийн 3 цаг өнгөрч байсан. Тэнд очиход нөгөө машин гадаа нь байсан. Тэгээд энэ хоёр хамт байгаа юм байна, өмнө нь бас уулздаг байсан юм байна гэж бодоод уур хүрсэн. Тэгээд тэр машиных нь цонхыг хагалсан. Бас 2 толиных нь нэгийг нь хугалаад, нөгөөг нь хагалсан, бас жолоочийн ар талын хаалган дээр юмаар зурчихсан. Тэгээд хажуу талд нь байсан хоёр машиныг бас гэмтээсэн. Прадо маркийн машины жолоочийн цонх, урд салхины шил, толийг хагалсан. Приүс-20 маркийн машины толийг нь бас хагалсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41, 73-74 дүгээр хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 267 дугаартай “... С.Төрболдын эзэмшлийн 41-71 ДГО улсын дугаартай, Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ нийт 1,020,000 төгрөг ...” гэсэн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаартай “... З.Дашнямын эзэмшлийн 15-52 ДГС улсын дугаартай, Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ 140,000 төгрөг ...” гэсэн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаартай “... Л.Түвшинжаргалын эзэмшлийн 06-30 ДГО улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ 440,000 төгрөг ...” гэсэн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.О нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 6 дугаар хэсэг 40 дүгээр байрны гадна талын зогсоолд 2021 оны 07дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө хохирогч Л.Түвшинжаргалын эзэмшлийн Land cruiser Prado маркийн 06-30 ДГО улсын дугаартай автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас 440,000 төгрөгийн хохирол, хохирогч З.Дашнямын Бэрс финанс ББСБ-ын эзэмшлийн Toyota prius маркийн 15-52 ДГС улсын дугаартай автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас 140,000 төгрөгийн хохирол, машины зогсоолд байсан хохирогч С.Төрболдын эзэмшлийн, С.Ариунболдын өмчлөлийн Toyota prius 30 маркийн 41-71 ДГО улсын дугаартай автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд шүүгдэгч нь гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч байхдаа 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Эрдэнэтуяаг найз С.Төрболдын машинд суугаад явж байгааг харсан ба орой нь эхнэрийнхээ амьдарч байгаа байрны хажуугаар өнгөрөхдөө хохирогч С.Төрболдын машин зогсоолд байгааг харж хардах сэтгэгдэл төрж, улмаар 03 цагийн үед дахин ирэхэд Төрболдын машин байрны гадаа байхаар нь хардаж, бачуурахдаа С.Төрболдын машиныг эвдэлж гэмтээсэн ба уурандаа хажууд нь байсан хоёр машиныг гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл явдал болсон нь тогтоогдсон, шүүх хуралдаанд шүүгдэгч нь үйл явдлаас агуулгын хувьд зөрөөтэй мэдүүлэг өгөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор заасан ба шүүгдэгч П.Оийн үйлдлийн улмаас хохирогч Л.Түвшинжаргалд 440,000 төгрөгийн, хохирогч З.Дашнямд 140,000 төгрөгийн, хохирогч С.Төрболдод 1,020,000 төгрөгийн хохирол, нийт 1,600,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна. Шүүгдэгч П.Оийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч З.Дашням, С.Төрболд нар нь хохирлоо нөхөн төлүүлж авснаа мэдүүлсэн, хохирогч Л.Түвшинжаргалд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд Сэлэнгэ аймагт байгаа, хохирлоо нөхөн төлүүлсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хэргийн 77 дугаарт авагдсан дансны хуулгаар хохирогчид 707,000 төгрөг шилжүүлсэн нь давхар нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч П.О нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Тугч овогт П.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь торгуулийн ялыг зургаан /6/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА