Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

 

 

 

 

                                     

  2021        08            19                                    2021/ШЦТ/115

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

         Шүүгдэгч У.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

        Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.А холбогдох эрүүгийн 2119000000141 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэв.

          Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны  оны 03 дугаар сарын 11-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой , мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг хашаатад оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сүрэн овогт Ундрахын  А,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 30-ны орой 21:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Цагдаагийн газрын Хөвсгөл сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Ганцолмон бусадтай маргалдсан зөрчлийг таслан зогсоож, хууль ёсны шаардлага тавихад буюу хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан Г.Ганцолмонгийн биед халдаж хүзүүнд нь зулгаралт, цээж, баруун, зүүн бугалгын цус хуралт гэмтэл буюу хохирол учруулалгүйгээр бие махбодод хүч хэрэглэн халдаж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч У.А  шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эрдэнэчимэг гэх залуу өмнө нь намайг гэртээ унтаж байхад зодолдъё гээд амраадаггүй байсан. Тэгээд нэг шөнө надтай зодолдоно гээд согтуу найз нартайгаа хамт ирэхээр нь би чамтай зодолдохгүй, уусан архиа шингээ гэж хэлээд эргээд явахад миний хувцаснаас татаад байсан. Би сумын цаг руу залгасан боловч ирээгүй. Үүнээс 10 гаран хоногийн дараа манай сумын жоохон хүүхдүүд явж байхад хурдан гүйцгээ, ундаанд яваад ир гэж хашхираад, загнаад байхаар нь битгий хүүхдүүд загнаад бай гэж хэлэхэд ирээд намайг 2-3 удаа цохиод зугтаасан. Тухайн үед хажууд олон хүмүүс байсан. Тэгээд огт уулзаагүй явж байгаад овоон дээр найзтайгаа хамт пиво уугаад байж байхад сумын төвд машинтайгаа явж байхаар нь уулзчихаад ирье гээд хойноос нь очоод дагуулж ирээд яагаад ахтайгаа уулзахгүй яваад байна, учир зүйгээ олохгүй гэж хэлээд маргалдаад байж байхад хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа хоёр ирээд бид нарыг тарцгаа гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэчимэг намайг 2 алгадчих тэгээд хоёулаа эвлэрээд салъя гэсэн. Тэгэхээр нь би Ганцолмонгоос энэ хүүхдийг 2 алгадчих уу гэхэд тэр залуугаас алгадуулах уу гэж асуухад тэгье гэж хэлсэн. Би 1 алгадаад, 2 дахь удаагаа алгадах гэж байхад гар  халтираад хэсгийн төлөөлөгчийн хүзүү рүү нь алгадсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч намайг алгадлаа гээд над руу дайрахаар нь би таныг албаар алгадаагүй, гар халтирчихлаа гэхэд төлөөлөгч намайг заамдаж аваад, боогоод байхаар нь  зөрүүлээд боосон ...” гэв.

          Хохирогч Г.Ганцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эрдэнэнямыг нэг залуу алгадчихсан, дараа нь дахиж алгадах гээд байхаар нь би хорьж болиулах гэтэл Эрдэнэнямыг гараараа хальт шүргээд намайг алгадчихсан. А нь хууль сахиулагчийн тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан болохоор тусгай мэх хэрэглэхээр барьж авахад албаны дүрэмт хувцасны захаас барьж хоолой боосон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

          Гэрч Э.Эрдэнэнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Овоон дээр очиход А гэх ах 3 залуутай хамт пиво уугаад сууж байсан, очоод уучлалт гуйсан, Баярчулуун ах ч гэсэн манай дүүтэй эвлэрчих гэж хэлтэл намайг зодох гэж дайрч хашхирч агсраад салаавч өгөөд байсан, тэгтэл сумын хэсгийн төлөөлөгч олон нийтийн цагдаа 2 ирсэн. Сумын цагдаа ирээд хэрүүл маргаан үүсгэхгүйгээр тар гэж хэлтэл А гэх ах цагдаагийн үгийг тоохгүй хоёр удаа алгадна гээд дайраад байсан, би тэгэхээр нь та намайг алгадаад зүгээр салах юм бол алгад гэж хэлтэл цагдаагийн үгийг тоолгүй хажуугаар нь ороод намайг алгадчихсан, дараа нь дахиж намайг алгадах гэж байгаад хальт цохиод хажууд байсан дэслэгч цолтой цагдааг алгадчихсан, цагдаа шаардлага биелүүлсэнгүй, миний эрх чөлөөнд халдлаа гэж хэлтэл цагдаа руу дайрч цагдаагийн хувцаснаас зуурч хоолойг нь боосон. А гэх ах цагдаатай зууралдаж хоолойг нь бооход хамт ирсэн олон нийтийн цагдаа, Баярчулуун ах хоёр салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,   

         Гэрч Н.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...А нь Эрдэнэнямыг дахиж алгадах гэж байгаад хажууд нь зогсож байсан хэсгийн төлөөлөгч дэслэгч Г.Ганцолмонг алгадчихсан, тэгтэл хэсгийн төлөөлөгч чи намайг цохиж миний эрх чөлөөнд халдаа гээд Аыг барьж авахад А нь хэсгийн төлөөлөгчийн хувцаснаас зуураад барилцаж аваад цамцных нь захаас бариад боохоор нь Баярчулуун бид хоёр салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,           

         Гэрч Э.Баярчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...Сумын хэсгийн төлөөлөгч ирээд хэрүүл маргаан үүсгэсэн байна ийм асуудал гаргаж болохгүй одоо тарцгаа гэж хэлтэл А би Эрдэнэнямыг хоёр алгадаад сална гэж хэсгийн төлөөлөгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан, тэгж байгаад Эрдэнэнямыг нэг алгадчихсан, хэсгийн төлөөлөгч дундуур нь ороод хорьтол Эрдэнэнямыг алгадах гэж байгаад хэсгийн төлөөлөгчийг алгадчихсан, энэ асуудлаас болоод хэсгийн төлөөлөгчтэй маргалдаад хэсгийн төлөөлөгчийн хувцаснаас нь зуурч боохоор нь олон нийтийн цагдаа бид 2 салгасан. Бага зэргийн л согтуу байсан болов уу, илтэд согтож ухаан мэдрэлээ алдсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,                    

       Гэрч М.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баярчулуун нэг залуугийн хамтаар ирсэн, Баярчулуунтай ирсэн залуутай А маргалдаад байсан, тэгж байтал сумын хэсгийн төлөөлөгч хүрч ирээд та нар хэрүүл маргаан үүсгэлээ гэж хэлэхэд А, Баярчулуунтай ирсэн залуутай маргалдаад байсан. Баярчулуунтай ирсэн залуу Атай маргалдаж байгаад намайг алгадчих тэгээд салъя гэж хэлж байгаа сонсогдсон, тэгтэл А тухайн залууг эхлээд нэг удаа алгадаад дараа нь дахиж алгадах гэж байгаад хэсгийн төлөөлөгчийг алгадчихсан, тэгтэл хэсгийн төлөөлөгч Аыг барьж аваад зууралдаж ноцолдоод байх шиг харагдсан, тухайн үед би Дашдаваа, Билгүүн нарын хамтаар нэлээн зайтай сууж байгаад яваад өгсөн, намайг явснаас хойш ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна. А пиво уусан байсан, бараг согтоогүй шахуу байсан, ямар асуудлаас болж маргасан талаар нь сайн мэдэхгүй байна, урьд өмнөх асуудлаа яриад маргаад байх шиг байсан, тэр хоёр маргалдаад удаагүй байхад хэсгийн төлөөлөгч олон нийтийн цагдаа хоёр ирсэн, төлөөлөгч ирээд машины цаана бид нарын сууж байсан газраас нэлээд зайтай тэд нартай уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

           Шүүгдэгч У.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би Дорноговь аймгийн Хөвсгөл суманд эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг би 2021 оны 06 дугаар сарын эхээр санаж байна тус суманд түр оршин сууж байгаа Эрдэнэням гэх залуутай маргалдсан байсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би танил Дашдаваа, Ууганбаяр, Билгүүнээ нартай пиво уусан юм. Тухайн өдөр надтай урьд нь маргалдаж байсан Эрдэнэням сумын төв дээр явж байгаа харагдахаар нь би очиж уулзаад, учир зүйгээ олохгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд сумын төвийн хойд овоон дээр сууж байтал Эрдэнэням, Баярчулууны хамтаар ирсэн. Эрдэнэням бид хоёр тухайн үед хоорондоо маргалдсан. Бид хоёр маргалдаж байхад сумын хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа хоёр ирсэн. Шаардлага тавьсан, Эрдэнэням тухайн үед уучлалт гуйгаад та намайг 2 алгадчих тэгээд хэн хэндээ юм саналгүй явъя гэж хэлэхээр нь би эхний удаа Эрдэнэнямыг алгадсан. Дараа нь дахиж алгадах гэж байгаад хажууд нь зогсож байсан хэсгийн төлөөлөгчийг алгадчихсан. Дараа нь хэсгийн төлөөлөгч намайг миний эрх чөлөөнд халдсан гэж барьж авахаар нь хэсгийн төлөөлөгчтэй барилцаж байгаад хоолойг нь боосон...” гэсэн мэдүүлэг /хх 6, 32 дугаар хуудас/,

          Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0206 дугаартай дүгнэлтэд “... Г.Ганцолмонгийн биед хүзүүний зулгаралт, цээж, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 30-ны орой 21:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Цагдаагийн газрын Хөвсгөл сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Ганцолмон бусадтай маргалдсан зөрчлийг таслан зогсоож, хууль ёсны шаардлага тавихад буюу хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан Г.Ганцолмонгийн биед халдаж хүзүүнд нь зулгаралт, цээж баруун, зүүн бугалгын цус хуралт гэмтэл буюу хохирол учруулалгүйгээр бие махбодод нь хүч хэрэглэн халдаж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон болох нь хохирогч Г.Ганцолмонгийн мэдүүлэг, гэрч Э.Эрдэнэням, гэрч Н.Мягмаржав, гэрч Э.Баярчулуун, гэрч М.Ууганбаярын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0206 дугаартай дүгнэлтэд “... Г.Ганцолмонгийн биед хүзүүний зулгаралт, цээж, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

          Шүүгдэгч У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 30-ны орой 21:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Цагдаагийн газрын Хөвсгөл сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Ганцолмон бусадтай маргалдсан зөрчлийг таслан зогсоож, хууль ёсны шаардлага тавихад хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан биед нь халдаж хүзүүнд нь зулгаралт, цээж баруун, зүүн бугалгын цус хуралт гэмтлийг хохирол учруулалгүйгээр бие махбодод хүч хэрэглэн халдаж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч Сүрэн овогт У.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.Ат оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

          4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч У.Ат оногдуулсан 1 жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.  

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.Ат оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасныг баримтлан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

          7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ат хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, шүүгдэгчид үүрэг хүлээлгэсэн, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

          8.Шүүгдэгч У.А нь шүүхээс хүлээлгэсэн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч У.Ат мэдэгдсүгэй.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч У.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА