Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0396

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Агийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 399 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 118/2022/0473/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатын шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхгүй зөвхөн нэхэмжлэл гаргагчийн тайлбарт үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.2. “Г” ХХК-ийн “Гк” хими цэвэрлэгээний газрын куртикийг хүлээн авсан баримт дээр согог гэмтэл, толботой хэсэгт тэмдэглэгээ хийгдээгүй буюу толбогүй, гэмтэлгүй гэсэн байдаг. Үүнээс харахад гэмтэл, согоггүй куртик анх хүлээж авсан гэдэг нь нотлогддог.

3.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1098 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шинжилгээнд дулаан илчийн үйлчлэлээр үүссэн өнгөц түлэгдэлт, үүссэн цоорол гэмтлүүд нь хатуу ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэхэд үүссэн болохыг дурдсан байдаг. Мөн тус компаниас ирүүлсэн бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр усан угаалгаар угаасан 55 хэмийн халуунаар хатаасан болох нь тогтоогддог.

3.4. Тус хими цэвэрлэгээний газраас цэвэрлэсэн гээд авчирч өгсөн өдөн куртикны өд нь бөөгнөрсөн, чийгтэй, нойтон байсан учир гомдол гарган дахин буцааж өгсөн нь хими цэвэрлэгээний газар нь анхнаасаа чанарын доголдолгүй үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйг харуулж байна.

3.5. “Г “ХХК-ийн “Гкг” хими цэвэрлэгээний газар нь зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь ...чанар..зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, ...хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Т-ээс ирүүлсэн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсаар “Г” ХХК нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Анхан шатны шүүхээс “... шийтгэлийн хуудсын үндэслэл хэсэг болсон зөрчлийг “Г “ХХК гаргасан болохыг нотлох баримтаар тогтоогоогүй ... гүйцэтгэгчийн үүрэг гэдэгт ямар үүргийг хамааруулан шалгасан нь эсэх нь тодорхойгүй, ... маргааны гол зүйл болох ... хохирлыг төлүүлэхтэй холбоотой байхад ..., гуравдагч этгээдэд бодит хохирол учирсан болохыг хуульд заасан журмын дагуу бүрэн шалгаагүй,... шинжээчийн дүгнэлтээр “ханцуйн дотор талын оёдлыг ханзалж, буцааж очсон эсэхийг тогтоох боломжгүй, ... өд гэх зүйл хими цэвэрлэгээнээс болж цувж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй ... гэсэн атал хими цэвэрлэгээний газрын үйл ажиллагаанаас гэмтэл үүссэн гэж шууд буруутгасан нь үндэслэлгүй ... куртикийг ямар аргаар хатаасан талаар баримт байхгүй...куртканд байх гэмтэл нь хэзээ, ямар байдлаар, хэрхэн үүссэн эсэх,... ямар буруутай үйл ажиллагаанаас бий болсон гэдгийг шалгаж, хөдөлбөргүй тогтоосон баримт байхгүй...байхад зөвхөн “гэмтлийг шалгаагүй” гэх үндэслэлээр хими цэвэрлэгээний газрыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгасан нь хуульд нийцээгүй” гэж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

3.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Гкг” хими цэвэрлэгээний газар нь Б.Т-гийн 1.298.000 төгрөгийн үнэ бүхий өдөн куртикийг анх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “гүйцэд хатаагүй, өд нь бөөгнөрсөн байна” гэх гомдлын дагуу дахин цэвэрлэхээр буцааж авч явсан үйл баримт тогтоогдож байна.

3.2. Г ХХК-ийн “Гк” хими цэвэрлэгээний газар нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Т-гийн 1.298.000 төгрөгийн үнэ бүхий өдөн куртикыг хими цэвэрлэгээ хийхээр дуудлагаар хүлээн авч явахдаа эдэлгээний байдал, согог гэмтэл, толботой эсэхийг шалгаж тэмдэглэл үйлдээгүй, мөн хэрхэн ямар аргаар цэвэрлэх талаар хэрэглэгчид тайлбарлаж, зөвшөөрлийг нь аваагүй, ангилан ялгах, цэвэрлэгээнд оруулахдаа куртикны дотор энгэрт байрлах цэвэрлэгээний заавартай танилцаагүй ... улмаар хэрэглэгчээс “өд нь бөөгнөрсөн байна” гэсэн гомдлын дагуу дахин цэвэрлэхээр авч явахдаа мөн ямар аргаар цэвэрлэх, эд зүйл гэмтэлтэй эсэхийг шалгаж, тэмдэглэл үйлдээгүй, мөн үйлчлүүлэгчид ямар аргаар бөөгнөрсөн өдийг тараах талаар танилцуулж зөвшөөрөл аваагүй нь, мөн бөөгнөрсөн өдийг тараах зорилгоор хатаагчид хүйтэн агаараар хатаасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан дүрс бичлэг, гуравдагч этгээд Б.Т-гийн “хүлээн авахдаа шалгаж аваагүй ... ямар тэмдэглэл үйлдээгүй ...” гэх зэрэг мэдүүлэг[1], куртикийг хүлээн авсан баримт дээр “гэмтэл байгаа эсэх дээр тэмдэглэгээ хийгдээгүй” байгаа зэргээр нотлогдсон, хими цэвэрлэгээний газрын  эдгээр үйлдэл нь Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 5353:2004 стандартын 3.1 “Энэхүү стандартыг хуурай хими цэвэрлэгээний үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө”, 3.2-т “хуурай хими цэвэрлэгээний үйл ажиллагаанд хяналт тавихад энэхүү стандартыг мөрдлөгө болгоно” 5.5.-д “хүлээн авах” гэдэг нь “бохир хувцас, эдлэлийн бохирдолт, гэмтлийн байдлыг шалган хүлээн авч, ямар бодисоор цэвэрлэж болох байдлаар нь төрөлжүүлэн ялгах, үйлчилгээний хуудсанд хувцас, эдлэлийн шинж чанар, үйлчлүүлэгчийн хүсэлтээр хувцас, эдлэлд тавигдсан цэвэрлэгээний таних тэмдгийн дагуу хийгдэх нэмэлт үйлчилгээний талаар тэмдэглэж бичих ажиллагааг хэлнэ”, “Гкг” угаалга, хими цэвэрлэгээний газрын дотоод журмын 7.1.1-д бүртгэл хяналтын ажилтан нь дараах дэс дарааллын дагуу ажлыг хийж гүйцэтгэнэ, 7.1.1.i)-д “хими цэвэрлэгээнд ирсэн хувцас эдлэлийн элэгдэл, гэмтэл, бөөгнөрөл, цэвэрлэгээнд хийх боломтой эсэхийг сайтар нягтлан шалгаж, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчид утсаар мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр хими цэвэрлэгээний ажилтанд хүлээлгэж өгнө, 7.2.б-д “хими цэвэрлэгээнд ирсэн хувцас эдлэлийн цэвэрлэгээний шошго, тэмдэглэгээг шалгаж, товч болон бусад жижиг хэрэгслийг гэмтэхээс хамгаалах хамгаалалт ашиглаж, цэвэрлэгээний горимыг үндэслэн цэвэрлэгээний машинд хийнэ”, 7.2.2-т “хими цэвэрлэгээнд хувцас эдлэлийн материалыг нягтлан шалгаж тохирсон цэвэрлэгээ, хатаалгыг хийх үүрэгтэй” гэж, “Угаалгын газрын хохирол барагдуулах, хариуцлага тооцох журам”-ын 2.7-д “хувцас эдлэлийн бохирдолт, гэмтлийг шалган хүлээн авч, цэвэрлэгээний горимоор нь төрөлжүүлэн ялгах, 3.2-т “компани нь үйлчлүүлэгчийн хувцас эдлэлийг хүлээн авахдаа элэгдэл, гэмтлийг шалгаж шаардлагатай тохиолдолд буцааж мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

3.3. Мөн хими цэвэрлэгээний газар нь дээр дурдсанчлан үйлчлүүлэгч Б.Т-гийн хувцсыг хими цэвэрлэгээний аргаар цэвэрлэхээр авч явахдаа, мөн дараа нь гомдлын дагуу хатаах, өдний бөөгнөрлийг арилгахаар авч явахдаа эд зүйл гэмтэл согогтой байсан эсэх талаар огт тэмдэглэл үйлдээгүй, хэрэглэгчтэй хэрхэн ямар аргаар цэвэрлэх, зөрчлөө арилгах талаар зөвшилцөөгүй,  шүүхэд эдгээрийг няцаахуйц  баримт нотолгоог гаргаагүй байх тул хариуцагчаас “... “Гкг” хими цэвэрлэгээний газар нь куртикийг хүлээн авсныхаа дараа хуурай хими цэвэрлэгээгээр биш усан угаалгаар угаасан, угаах болон хатаах явцад логоны өнгө өөрчлөгдөх, логоны төмөр нь барбантай хавирч хувцас эдлэлд гэмтэл үүсгэхээс сэргийлж цахилгааны товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээг аваагүй, анхнаасаа чанарын шаардлага хангаагүй үйлчилгээ үзүүлсэн” гэж буруутгасныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

3.4. Иймээс хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ...” гэж заасанд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.5. Дээрх үйл баримтыг нотолсон зөрчлийн хэрэгт авагдсан дүрс бичлэг, гуравдагч этгээд Б.Т-гийн “... куртикийг авчрахад ..өд нь бөөгнөрсөн нойтон байсан ...” гэсэн мэдүүлэг болон хими цэвэрлэгээ нь куртикийг буцаан авч хатааж өгсөн үйл баримт, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1098 дугаартай “... материалын гадаргуун өнгө өөрчлөгдөж цайрч, гялайсан...нь дулаан илчийн үйлчлэлээр үүссэн өнгөц түлэгдэлт ..., хэмжээтэй гэмтлүүд нь хатуу, ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн цооролтууд байна ...” гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд “Гкг” хими цэвэрлэгээний газар нь холбогдох хууль тогтоомж, стандарт, хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

3.6. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар шийтгэлийн хуудсаар ““Г” ХХК нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-гийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0002262 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БААТАРХҮҮ

       ШҮҮГЧ                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 42 дахь тал