Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

 

 

 

                                     

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

         Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамаа овогт Б.Э-т холбогдох эрүүгийн 2119000000156 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чандмань илч” ОНӨХХК-д машинист ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзав гудамж, 2-58 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

         Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сар хорих ялаар,

         Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сар хорих ял шийтгүүлж байсан, Жамаа овогт Б.Э

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 24 цагийн цэцэрлэгийн баруун талд хохирогч Ц.Ганбаатарын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед танил айлдаа очих гээд такси барихад уг такси дотор нь 2-3 хүн байсан. Тэр таксины жолооч таксинд байсан хүмүүсээ буулгаад нэг айлаас юм авна гэхээр нь би тэг тэг гээд бид хоёр Холбооны байранд нэг айлын хашаанд ороход миний танил Э, Энхтүвшин, Дэлгэрсүрэн гээд эгчийн хамт миний сууж байсан таксинд суухад би Энхтүвшинтэй мэндлээд нээх зүйл яриагүй явсан. Тэгээд уг такси 24 дүгээр цэцэрлэгийн баруун талд айлын хашаанд зогсоход Э, Энхтүвшин хоёр намайг таксинаас буучих гэхээр нь би буухгүй гэсэн чинь миний гараас Энхтүвшин татаад миний араас Э нь түлхээд таксинаас буулгасан. Тэр үед хамт явсан Дэлгэрсүрэн гэх эмэгтэйд таксины жолооч машиныхаа багажнаас 1 шил архи аваад өгч байсан. Тэгээд Дэлгэрсүрэн тэр таксины жолооч эгчээс авсан 1 шил архиа аваад баруун тийшээ хашаанаас гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр хашаанаас зугтаагаад урд зүг рүү гүйхэд намайг Энхтүвшин бариад авсан. Тэгээд тэр хашааны зүүн талд хашаа налаад зогсож байхад Э намайг суу гэхээр нь би айгаад явган суусан. Тэгтэл Э миний баруун талд явган суугаад, Энхтүвшин миний зүүн талд суугаад хөдөлгөхгүй байсан. Тэгээд би намайг явуулчих гэхэд Э чамайг явуулахгүй байж бай гэсэн. Тэгээд Э миний баруун талд явган сууж байгаад баруун гараа зангидаж, миний 2 нүд рүү олон удаа цохисон, хэд цохисныг нь би сайн мэдэхгүй байна. Э босоод дахиад миний нүүр рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн ... Тэгээд тэр хашаанаас баруун зүгт яваад ногоон төмөр хашаатай гэрт ороход Дэлгэрсүрэн нэг ахтай архи уугаад сууж байсан. Дэлгэрсүрэн надаас нүүр амаа яасан юм бэ гэхээр нь би дуугараагүй. Тэгээд тэнд байсан архинаас тэр гэрт байсан ах Э, Энхтүвшин, Дэлгэрсүрэн бид дөрөвт аягалж өгсөн. Би тэр архинаас 2-3 удаа аягалж өгснийг нь уусан. Тэгээд архи дуусахад Дэлгэрсүрэн болон тэр гэрт байсан ах унтлаа гээд Э, Энхтүвшин нарын хамт гараад зүүн урагшаа 6 баатарын овооны зүг явсан. Тэгэхэд миний хамаг биений хөлс гараад жаахан байж байгаад бөөлжөөд байсан. Тэгтэл Э дахиад миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод суу гэсэн. Тэгэхээр нь би явган суусан. Тэгээд Э шээх гээд явахаар нь би босоод жаахан ухарч байгаад ойрхон байдаг найзынх руугаа зугтаад ороход Э миний араас хөөгөөд манай найзын гэр рүү ороход манай найз юу болоод байна гээд гэрлээ асаахад Э зугтаад явсан ... Б.Э миний эмчилгээний зардал 300,000 төгрөгийг өгсөн учир нэхэмжлэх зүйлгүй ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-11 дүгээр хуудас/,

         Гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ганбаатарыг Э ах явган суулгаад 2 гараараа ээлжлээд нүүрэнд нь 4-5 удаа цохисон. Тэгээд би Э ахад наад асуудлаа эрүүл болсон хойноо шийд гэхэд Цэцэгдэлгэр эгч Э ах руу залгасан. Тэгээд Ганбаатар Э ахад чи жаахан тайвшир гэхэд Э ах чи тэгвэл яах гэж гэр бүл үймүүлсэн юм бэ гэхэд Ганбаатар би дахиж тэгэхгүй гэж байсан ... тэгээд би гар утасны гэрлээ тусгаад Ганбаатарын сандаалыг олоод буцаад очиход Э ах Ганбаатарыг 4 хөллөөд нүүрээ дараад тонгойсон байхад нь дахиад нүүрэнд нь 2 гараараа ээлжлээд нэг нэг удаа цохиход Ганбаатарын нуруун дээр нь хөлөөрөө 1 удаа дэвсэхээр нь би Э ахаа боль л доо, учраа олж чадахгүй байгаа юмуу гээд уурлахад зүгээр болоод бид 3 Дэлгэрсүрэн эгчийн зааж өгсөн айлд очиход Дэлгэрсүрэн эгч нэг өвгөнтэй 1 шил, 0,75 литрийн Ерөөл архи гаргаж ирээд бид 4 хувааж уусан. Тэгээд Ганбаатар, Э ах бид 3 хамт гэрээс гараад зүүн урагш алхаж байхад Э ах Ганбаатартай маргалдаад байх шиг байсан. Тэр үед би архи нилээн уусан болохоор сайн мэдэхгүй байна  ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

           Гэрч А.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэртээ унтаж байхад манай гэрт нэгнийгээ хөөсөн хүмүүс гүйлдээд ороод ирэхээр нь манай нөхөр Энхбат хэн бэ юун хүмүүс вэ гэхэд Ганбаатар байна хөгшөөн энэ хүн намайг зодоод алах нь ээ амь авраарай гэсэн. Тэгэхэд нь манай нөхөр гэрэл асаахад Ганбаатар байсан  ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... гэнэт Ганбаатар хойшоо гараад гүйхээр нь Энхтүвшин араас нь гүйгээд бариад авахаар нь би араас нь гүйгээд очиход Ганбаатар хашаа налаад зогсож байсан ба баруун гараараа Ганбаатарын нүүрэн тус газарт нүд рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд би Ганбаатартай манай эхнэртэй битгий явалдаач гэхэд Ганбаатар би дахиад тэгэхгүй гэсэн. Тэгээд Дэлгэр эгч рүү залгахад гэрээс баруун урд айлд байна гэхээр нь заалгаад би Энхтүвшин, Ганбаатар нартай хамт очиход Дэлгэр эгч танихгүй ахтай хамт 1 шил архи задлаад сууж байсан. Тэгээд тэр 1 шил архийг бид нар хувааж ууж дуусгаад би Ганбаатар, Энхтүвшин нарын хамт харих гээд 23 цаг өнгөрч байхад тэндээс гараад хамт явж байгаад би Ганбаатараас миний эхнэртэй дахиж орооцолдохгүй биз дээ гэхэд Ганбаатар би дахиж уулзахгүй гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 49-51 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02/0225 дугаартай “... Ц.Ганбаатарын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлийн үүссэн цаг, хугацааг эмнэлгийн бичиг, баримтыг үндэслэн тогтоох боломжгүй. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинээр илэрсэн зүйлгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

          Хохирогч Ц.Ганбаатарын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 24 цагийн цэцэрлэгийн баруун талд хохирогч Ц.Ганбаатарын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд төлуудын шинжлэн судалсан, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтаар тогтоогдож байна.

           Хохирогч Ц.Ганбаатар нь шүүгдэгч Б.Эын эхнэр Цэцэгдэлгэртэй дотно харилцаа тогтоож, уулзаж учирдаг асуудлыг Б.Э мэддэг учраас энэ асуудлаа зогсоохыг Ц.Ганбаатарт хэлж байсан боловч энэхүү зохисгүй үйлдлээ зогсоогоогүй тул Б.Э 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундаа уусан үедээ Ц.Ганбаатартай санамсаргүй тааралдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон байна гэж шүүх үзэв.

           Хэдийгээр хохирогч Ц.Ганбаатар буруу зүйл хийснийг зөвтгөхгүй ч хүний эрүүл мэндэд хохирол учруулсан Б.Эыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хууль бус үйлдэл хийж байгааг анхааруулж, зогсоох үйлдэл хийж байгаа Б.Энхтүвшингийн шаардлагыг үл биелүүлж, хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, гэмт хэрэг хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 2 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Жамаа овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь 2 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА