| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/118 |
| Огноо | 2021-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Э-т холбогдох эрүүгийн 2119000000142 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Бөөний бараа бааз гудамж, 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Б.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь насанд хүрээгүй М.Сэргэлэнбаатартай бүлэглэн, 2021 оны 06 дугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт УБТЗ-ын харьяа Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн саадан дотор хохирогч Т.Цэнд-Аюушийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Т.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ангийн найзуудтайгаа уулзаж, арын цэцэрлэгийн сааданд сууж байсан, шөнө 01 цагийн үед 5-6 танихгүй залуу бид нар дээр ирж “хэн сууж байгаа юм бэ” гэж хэлээд зогссон. Тухайн үед би “яах гэж яваа юм бэ, ахын дүү” гэсэн чинь Эбо гэх нэрээр дуудаж байсан залууг цаана байсан найз нар нь аваад явсан. Тухайн залуус хажуу талын саравчинд суухаар нь согтуу хүмүүсийн хажууд яахав гэж ярилцаад гэр рүүгээ явахаар сааднаас гарсан чинь Эбо гэх залуу араас дуудаж, тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь өөдөөс томорч, чамайг мэдэхгүй юм байна гэж хэлсэн. Эбо нь мөн ах нар гэх танихгүй 2 залууг дуудсан. Ах нар нь гэх 2 залуу нь бид нар дээр ирээд “юу болоод байгаа юм” гэж асуухаар нь би ирсэн ах нартай нь юм ярьж байхад Эбо гэх залуу хамт явсан залуус нь намайг тойрсон. Тэгээд Эбо гэх залуу нь миний баруун талын нүд орчим цохисон ба намайг нүдээ дараад доошоо тонгойход Эбогийн хажууд байсан дээгүүрээ шалдан, доогуураа хар шорттой, 170 орчим см өндөртэй бор залуу нь дух хэсэгт доороос өлгөж цохиод, дахин миний нүд хэсэг рүү цохиж, тэвэрч аваад газарт унагасан. Тэгтэл тэд нарын Хүслэн гэж дуудсан ах нь тэд нарыг надаас салгаж зодохыг болиулсан. Манай найз нар зодоонд оролцоогүй, хамт явсан эмэгтэйчүүдээ аваад цаашаа явсан байсан ... ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Сэргэлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 26-ны шөнө ... Э ах нэг өндөр залуутай маргалдаж байгаа харагдсан. Би тухайн үед юу болоод байгаа талаар асуух гэж очоод байж байтал нээх удалгүй Э ах Цэнд-Аюушийн нүүр хэсэгт цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. Тэгээд байж байтал нэг нь миний шанаа хэсэгт цохисон. Хэн цохисныг харж амжаагүй. Би бодохдоо Цэнд-Аюуш гэх залууг цохисон гэж бодоод нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна. Мөн зүүн талын хавирга хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн чинь Цэнд-Аюуш зугтаад цаашилсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 62-63 дугаар хуудас/,
Гэрч О.Цоглогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би өөрийн найз Мөнхбилэгтэй уулзаад байж байхад саадан дотор хүүхдүүд хоорондоо муудалцаад зодолдож эхэлсэн. Би яг хэн хэнийг цохисныг хараагүй. Цэнд-Аюушийн хамраас цус гараад доошоо тонгойсон байдалтай зогсож байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз Жамкагийн төрсөн өдөр болоод Хуягаа, Жамка, Билгүүн, Цоглог нарын хамт Депо байрны сааданд 2 том пиво уугаад арын саад руу явахаар болсон. Төв сааданд очиход хүмүүс дуугарах чимээ гараад байхаар нь бид нар очиж хэн явааг асуухад Цэнд-Аюуш гэх залуу “яасан бацаан минь, яах гэж байгаа юм” гээд босоод ирсэн. Би өөдөөс нь очиход манай найз Билгүүн намайг салгаад аваад явсан. Бид нар Цэнд-Аюушийн сууж байсан саадны эсрэг талын саравчинд суусан. Удалгүй Цэнд-Аюуш хамт явсан 2 залуу, 2 охины хамт явах гэж байгаа харагдсан. Тухайн үед манай найзуудын нэг нь саяын залууг Цэндээ гэдэг ш дээ гэж хэлсэн. Би хойноос нь очиж, тамхи асуухад “юу гэнээ, мангар бацаан минь” гэсэн. Тэгээд Цэнд-Аюуштай муудсан. Цэнд-Аюуш утсаараа хүмүүс дуудсан, хэнийг дуудсаныг нь мэдээгүй. Би Хүслэн ахыг дуудсан. Тэгээд удаагүй Хүслэн ах ирсэн. Би Цэнд-Аюуштай муудаж байгаад түүний нүүр хэсэгт 1 удаа цохисон ба цохихдоо шанаа хэсэгт цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 56-57 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02/0201 дугаартай “... Т.Цэнд-Аюушийн биед баруун нүдний дотор салстын цус харвалт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний ганхаа гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Учирсан баруун нүдний дотор салстын цус харвалт, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний ганхаа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Цэнд-Аюушийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Б.Э нь М.Сэргэлэнбаатартай бүлэглэн, 2021 оны 06 дугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт УБТЗ-ын харьяа Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн саадан дотор хохирогч Т.Цэнд-Аюушийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Өсвөр насны яллагдагч М.Сэргэлэнбаатар нь 2005 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, үйл явдал болсон 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15 нас 11 сар 18 хоногтой байсан болох М.Сэргэлэнбаатарын төрсний гэрчилгээ, мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэлээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл хамаарахгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан тул М.Сэргэлэнбаатар нь хуулийн энэ заалтад хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Хохирогч Т.Цэнд-Аюуш эрүүл мэндэд учирсан хохирол 500,000 төгрөгийг М.Сэргэлэнбаяр, шүүгдэгч Б.Э нараас хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 91 дүгээрт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан шинжлэн судалж дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг болон шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, болон түүний цаашид сурч боловсрох, мэргэжил эзэмшиж ажил хөдөлмөр эрхлэх хүсэл зоригийг дэмжих зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА