Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

Хохирогч И.Г,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2119001250147 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хаалттай хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Өндөр шил суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 7-6-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

    Яллагдагч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч И.Гийг байнга буюу 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардсаны улмаас биеийн бөгсөн хэсэг болон баруун гуя, баруун хөл хэсэг рүү 5-6 удаа өшиглөж, толгой болон нүүр хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохиж зодсон, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шөнө 23:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардсаны улмаас толгой, нүүр, хамар, нуруу, хэвлий гээд биеийн хэсэг рүү нь өшиглөж, гараараа цохиж зодсон, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үсдэж толгой хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр байнга зодсон,

    мөн насанд хүрээгүй хохирогч 9 настай Г.Мийг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “дүүгээ сайн харахгүй яасан юм бэ чи” гэж хэлээд тоглож байсан дээсээр нь “хувцсаа тайл чи муу” гэж хэлээд нуруу хэсэгт нь удаа дараа ороолгож зодсон, мөн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “гэрээ цэвэрлэсэнгүй, яагаад дандаа ингэдэг юм бэ” гэж хэлээд зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өмсөж байсан гутлаараа нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би байнга хүүхдээ зоддог асуудал гаргадаггүй. Эцэг хүний хувьд хааяа нэг нудрах, харандаагаар толгой руу нь тогших, няслах асуудал байдаг. Би өөрийгөө зөвтгөхгүй. Миний хийсэн үйлдэл буруу гэдгийг ойлгож, гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

Хохирогч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... Найзтайгаа хамт архи уусан тохиолдол бий. Б.Б намайг гэрээс гарах болгонд хаачих гэж байгааг шалгааж, гаргадаггүй, зоддог. Б.Баас болж миний ааш зан эвдэрсэн. Б.Б миний түрээсэлж байгаа байранд 2-3 удаа согтуу ирж, байрны цонхыг хагална гэж сүрдүүлж, хашхирч байсан. Байнга айдастай байдаггүй. Гэхдээ Б.Б архи уусан, өөр хүнтэй муудсан, маргалдсан үедээ надад гар хүрдэг. Намайг өөр хүнтэй болсон, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэж харааж, зоддог. Ийм асуудал гаргаж байгаагүй. Би удаан уулзаагүй найзтайгаа уулзсан. Би архи согтууруулах ундааг байнга хэрэглэдэггүй, аль болох хэрэглэхгүй байхыг боддог. Мөн хүүхдүүдийнхээ ааш занг эвдэхгүйгээр сайн хүн болгож өсгөх талаар бодож, хичээж амьдардаг  ...” гэв.

          Хохирогч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Бтай 2011 онд гэр бүл болсон, гэрлэлтийн баталгаагүй. Бидний дундаас 9 настай охин М, 4 настай хүү Батцоож нар төрсөн ... 2021 оны 02 дугаар сард буюу шинийн 3-ны өдөр айлд очиж шинэлчихээд Быг согтчихоор нь унаж очсон мотоциклоо тэр айлын гэрийн гадаа нь үлдээчихээд би хүүгээ дагуулаад гэртээ ирсэн хойно Б араас залгаад “чи хаана байна” гэхээр нь “би хүүтэйгээ гэртээ ирчихсэн байна” гэсэн чинь “муу янхан хаагуур тэнээд банзалдаад байгаа юм, намайг ирж тос” гэхээр нь би өөдөөс нь очиж тосоход намайг гудамжинд 5-6 удаа бөгс, хөл, гуя руу өшиглөж, толгой, нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед гудамжаар явж байсан хүмүүс “чи эхнэрээ зодохоо болиоч” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд хүмүүс рүү агсараад байсан. Гэртээ ирэхэд хүү унтсан байхаар нь би Баас айгаад өөрийнх нь эгчийнд зугтаж очиж хоносон. Мөн 05 дугаар сарын 30-ны өдөр Б согтуу мотоцикль бариад цагдаад баригдаж, шүүхээс 7 хоногийн баривчилгаа авч дөнгөж гараад миний танихгүй, хамт баривчилгаад байсан гэх нэг эрэгтэй хүн дагуулж ирээд хамт архи уусан. Тэгсэн чинь шөнийн 23 цагийн орчим байх нөгөө дагуулж ирсэн хүн нь манай гэрийн зүүн орон дээр унтаад, би нөхөр хүүхдийн хамт газар унтаж байхад нөгөө танихгүй хүн нь намайг татаад байсан чинь Б сэрээд намайг тэр хүнтэй хардаад “чи муу хүнтэй банзалдах гэлээ” гээд миний толгой, нүүр, хамар, нуруу, хөл хэвлий гээд биеийн бүх хэсэг рүү алгадаж, цохиж, өшиглөж өчнөөн зодсон. Би айж уйлаад “та чинь яагаад байгаа юм” гэсэн чинь “чи энэ хүнтэй банзалдах гээд байна” гээд зодоод байсан. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гарсан. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөн архи ууж, өөрийн бага хүү 4 настай Батцоожид хүртэл 50 грамм шахуу архи өгч, нэг балгуулсан. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөн архи ууж байх үедээ мотоцикль барьж хүүгээ авч явна гээд байхаар нь би явуулахгүй гэхэд намайг алгадаж үсдэж өшиглөсөн. 2021 оны 05 дугаар сарын дундуур, яг өдрийг нь санахгүй байна, охин Мийг Б үгэнд орохгүй байна гээд галын дэгээгээр нуруу, толгой рүү нь цохиж, гарыг нь хөхрүүлсэн. Эмнэлгийн байгууллагад огт хандаагүй. Миний биед одоогоор учирсан гэмтэл бэртэл байхгүй. Харин охины маань баруун гар нэг хуруу эвгүй болчихсон ... Баас нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр маань уучлалт гуйгаад хамт амьдарч байгаа ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 47-49, 110  дугаар хуудас/,

         Бага насны хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу хүнсний талон авдаг өдөр манай аав Б намайг гэр цэвэрлэсэнгүй гээд өмсөж байсан түрийтэй гутлаараа миний өвдөгний доод тал руу өшиглөж цус гаргасан. Бас өмнө нь 03 дугаар сарын 20-ны өдөр манай дүү болон намайг хамаатны эгчтэй тоглож байхад манай дүү ойчсон. Тэгэхэд аав намайг “дүүгээ сайн харахгүй яасан юм, хувцасаа тайл, бөгсөө гарга” гээд тоглодог дээсээр шавхарч “муу тэнэг минь ахиж тэгэх үү чи” гээд зодоход би өөрийгөө хамгаалах гээд хөндий рүү орох гээд чадахгүй байсан. Аав миний гарыг барьж байгаад намайг хаа хамаагүй шавхуурдаж, зөндөө зодсон. Тэр үед миний зүүн гарын чигчий хуруу хөндүүрлээд хавдсан, их өвдөж байсан. Ер нь аав архи уусан үедээ байнга шахуу гэрийн ажил хийсэнгүй, дүүгээ харсангүй гээд муу муухай үгээр хэлж, галын дэгээ энэ тэрээр зоддог. Би ааваас их айдаг. Одоо ээж, дүүтэйгээ тусдаа байгаа, аавтай ахиж уулзмааргүй байна ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 54-55 дугаар хуудас/,

           Гэрч С.Чимэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эднийх Улаанбаатар хотод амьдарч байхдаа Б Гийг зодоод хэцүү байна гээд Г нууцаар шуудайлсан хувцас, 2 хүүхдээ аваад надтай хамт галт тэргээр Сайншанд руу ирж байсан. Сайншандад амьдрах хугацаандаа Гийг Б удаа дараа зодож байгаа талаар таньж мэдэх болон хажууд нь амьдардаг хүмүүс надад хэлдэг байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

          Гэрч Х.Алимаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хүүхдийн баярын өдөр 18 цагийн үед Б, Г, Батцоож, М нар ирсэн. Тухайн үед Б согтуу байсан ... Б нь хүү Батцоожийг авч явна гэхэд Г эсэргүүцээд явуулаагүй. Тэгсэн нөгөөдөх нь согтуудаа уурлаад Гийг үсдээд толгой руу нь цохих шиг болсон ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

          Гэрч С.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хүүхдийн баярын өдөр 18 цагийн үед Б, Г нар 2 хүүхдийн хамт ирсэн ... Б согтуудаа бага хүүхдээ мотоцикльтой авч явна гээд тэр хавиар нэг юм болоод байсан. Харин эхнэр Г эсэргүүцээд явуулаагүй. Тэгсэн нөгөөдөх нь согтуудаа агсраад Гийн үснээс зулгааж байснаа гараараа толгой руу нь цохих шиг болсон ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 02 дугаар сард Цацаа гээд айл шинэлээч гэхээр нь халамцуу очсон. Тэр айлд очоод 0,75 литрийн архийг Цацаатай хамт уусан. Тэгсэн чинь намайг согтсон байхад эхнэр маань хүүхдүүдээ аваад гэр рүүгээ явган явсан байсан. Тэгэхээр нь би араас нь хэсэг хугацааны дараа гарч яваад замдаа утсаар яриад “чи хаана байна, намайг ирээд аваадах” гэсэн чинь эхнэр удалгүй ганцаараа хүрээд ирсэн. Тэгэхээр нь миний хардах сэтгэл төрөөд Г руу агсарч, түүний өгзөг, гуя хэсэг рүү өшиглөсөн, толгой, нүүр хэсэг рүү нь алгадсан ... 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн баривчлах байрнаас гарсан Мөнхбаатар манай гэрт ирж надтай 0,5 литрийн 1 шил архи авч ирээд бид 2 хувааж уусан. Тэгээд манайд хонож, шөнө унтаж байхдаа манай эхнэр Г бид хоёрын дундуур орж ирсэн. Тэгээд би уурлаад айл доромжлоод байгаарай гээд хөөж явуулаад Гийг гар, хөлөөрөө бие рүү нь цохисон. Тэгсэн Гийн хамраас цус гарсан. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Анхаа гэх залуутай 21 цагийн орчим жижиг савлагаатай архийг ууж байхдаа миний хүү амсаад үз дээ гээд 4 настай хүү Батцоожийн ам руу хийх гэхэд миний хүү баба гээд уухгүй байсан. Энэ өдөр мөн Гтой муудаж, гарын араараа цохиод хамрынх нь цусыг гаргасан. Тэрнээс бол би архи уулгасан юм байхгүй. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би архи уугаад, эхнэр Г намайг архи уулаа гээд загнаад бид маргалдаж, би бага хүүгээ мотоцикльтой авч явна гэхэд эхнэр өгч явуулахгүй гээд над руу дайраад байхаар нь 1 алгадаад үсдчихсэн. Би охинтойгоо дотно харьцаж, эрхлүүлдэг. Хааяа үгэнд орохгүй болохоор нь 1-2 алгадсан. Өмнө бас 1 удаа нуруу руу маажигчаар нэг гар руу нь 1 удаа цохисон ... 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бага хүүхэд дугуйнаас уначихсан гээд уйлаад ороод ирэхээр нь эгчийг нь дуудаад “дүүгээ сайн харахгүй яасан юм” гээд тоглож байсан дээсээр нь ороолгосон. 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарч яваад ирэхэд гэрээ цэвэрлээгүй байхаар нь уур хүрээд өмсөж явсан түрийтэй гутлаараа 1 удаа хөл рүү өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 58-60, 101-102 дугаар хуудас/,

           Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

           Гэр бүлийн хчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 18-25 дугаар хуудас/,

          Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 26-31 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

     Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч И.Гийг байнга буюу 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардсаны улмаас биеийн өгзөг хэсэг болон баруун гуя, баруун хөл хэсэг рүү 5-6 удаа өшиглөж, толгой болон нүүр хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохиж зодсон, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шөнө 23:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардсаны улмаас толгой, нүүр, хамар, нуруу, хэвлий гээд биеийн хэсэг рүү нь өшиглөж, гараараа цохиж зодсон, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үсдэж толгой хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр байнга зодсон,

     мөн бага насны хохирогч 9 настай Г.Мийг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “дүүгээ сайн харахгүй яасан юм бэ чи” гэж хэлээд тоглож байсан дээсээр нь “хувцсаа тайл чи муу” гэж хэлээд нуруу хэсэгт нь удаа дараа ороолгож зодсон, мөн 2021 оны 05 дугаар сарын16-ны өдөр “гэрээ цэвэрлэсэнгүй, яагаад дандаа ингэдэг юм бэ” гэж хэлээд зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өмсөж байсан гутлаараа нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Шүүгдэгч Б.Бы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү хамаарна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Б.Б, И.Г нар нь хууль ёсоор гэр бүл болоогүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байгаа, тэдний дундаас охин Г.М, хүү Г.Батцоож нар төрсөн болох нь тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх үндэслэл болж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь хохирогч И.Г, бага насны хохирогч Г.М нарыг гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл давтагдаж даамжирсан, байнгын шинжтэй болсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.Бы үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч, бага насны хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон ба хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хохирогч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Г нь шүүгдэгч Б.Баас хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  үзэх боловч хохирогч И.Г нь хоёр хүүхдийнхээ хамт тусдаа амьдарч, дахин хамт амьдрах бодолгүй байгаа болохоор нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэрэгт авагдсан нотлох баримтыг өөр хооронд нь болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

           Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 14, 2021 оны 03 дугаар сарын 20, 2021 оны 05 дугаар сарын 16, 30,  2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон ба 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдахаар байна.

          Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА